Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 183/ШШ2021/01298

 

 

 

 

 

 

 

2021 оны 06 сарын 14 өдөр

    Дугаар 183/ШШ2021/01298

Улаанбаатар хот

 

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн ХХ дүгээр хороо, О гудамж, ХХ дугаар байранд байрлах, Р Р СӨХ-ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн ХХ дугаар хороо, О таун, ХХ байрны ХХ тоотод оршин суух, 19ХХ онд төрсөн, 31 настай, эрэгтэй, Т овогт Т-ын Т /рд:ШУ00000000/-д холбогдох,

 

Дундын өмчлөлийн эд хөрөнгө ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрт 7 604 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.З нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Р Р СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тус СӨХ нь 2011 онд байгуулагдсан бөгөөд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны 16 дугаар байрны дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээ, ашиглалтын найдвартай байдлыг хангаж оршин суугч, түрээслэгчдийн тав тухтай амьдрах боломжоор хангах зорилготой ажиллаж байна. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээтэй зардалд 125 000 төгрөг төлөхөөр шийдвэрлэсэн. Гэтэл тус байрны ХХ6 тоотод оршин суугч Э.Т нь 2011 оноос амьдарч байгаа дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт засвар үйлчилгээний зардлыг СӨХ-д төлөх үүргээ биелүүлэхгүй хохироож байна. Э.Т нь тус байрыг үл хөдлөх хөрөнгө зуучлалын RЕМАХ компанитай гэрээ хийж бусдад түрээсэлсэн байна. Удаа дараа СӨХ-ийн зардлыг шаардахад бага багаар төлнө гэдэг байсан ба сүүлдээ утсаа авахгүй, утсаа авахаар тийм хүн энэ дугаар дээр байхгүй гэж хэлдэг болсон. Түрээсэлсэн айлтай нь уулзахад би өр төлбөргүй гэж худлаа ярьдаг. Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13  дугаар зүйлийн 13.2.6-д орон сууцаа бусдад эзэмшүүлж, ашиглуулж байгаа бол эзэмшигч ашиглагчийн гүйцэтгээгүй үүргийг гүйцэтгэнэ гэж заасан байх тул тус байрны ХХ6 тоотын өмчлөгч Э.Т-ээс 2011 оны үлдэгдэл төлбөр 625 000 төгрөг, 2012 оны үлдэгдэл төлбөр 632 000 төгрөг, 2013 оны үлдэгдэл төлбөр 569 000 төгрөг, 2014 оны үлдэгдэл төлбөр 818 000 төгрөг, 2015 оны үлдэгдэл төлбөр1 060 000 төгрөг, 2016 оны үлдэгдэл төлбөр 900 000 төгрөг, 2017 оны үлдэгдэл төлбөр 1 500 000 төгрөг, 2018 оны үлдэгдэл төлбөр 500 000 төгрөг, 2019 оны үлдэгдэл төлбөр 1 375 000 төгрөг, 2020 оны үлдэгдэл төлбөр 750 000 төгрөг, нийтдээ 7 604 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4 дэх хэсэгт Орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч бусад этгээд заавал тухайн холбооны гишүүн байна гэсэн байдгийн дагуу тухайн орон сууцанд оршин сууж байгаа оршин суугч нь тус холбооны гишүүн байх үүргээ биелүүлэх ёстой гэж үзэж байна. Мөн Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт Өмчлөгч дангаар болон дундын өмчлөлийн зүйлийг ашиглаагүй буюу ашиглахаас татгалзсан нь түүнийг дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлаас бүрэн буюу хэсэгчлэн чөлөөлөх үндэслэл болохгүй гэсэн байдагчлан хариуцагч нь байраа өөрөө ашиглаагүй бусдад хөлслүүлж байгаа ч гэсэн дундын өмчлөлийн засвар, үйлчилгээний ашиглалтын төлбөрийг СӨХ-д зайлшгүй төлөх ёстой гэж үзэж байна” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар агуулгын хувьд сууц өмчлөгч нь тухайн орон сууцны ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдон үүссэн зардлыг төлөх үүрэгтэй гэсэн байдаг. Гэтэл хариуцагч нь хэрэгт авагдсан баримтад тухайн орон сууцны өмчлөгч биш гэдэг нь харагддаг бөгөөд нэгэнт өмчлөгч нь биш учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн хэрэгт авагдсан мессеж явуулсан гэх баримтуудад тухайн мессежийг Н.Э гэдэг хүн рүү явуулсан байгаа. Н.Э хэдийгээр хариуцагчийн ээж ч гэсэн хүүхдээс нь төлбөрийг гаргуулах нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна” гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

           

Нэхэмжлэгч Р Р СӨХ нь хариуцагч Т.Т-д холбогдуулан дундын өмчлөлийн эд хөрөнгө ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрт 7 604 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрчээ. 

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-д “Нийтийн зориулалттай орон сууцны нэг байшинд хоёр буюу түүнээс дээш өрх сууц өмчлөгч болсон тохиолдолд дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор сууц өмчлөгчдийн холбоог байгуулна” гэж заасан.

 

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Холбооны эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал байна” гэж заасан байх бөгөөд Сүхбаатар дүүргийн Засаг даргаас Р Р СӨХ-ийг Сүхбаатар дүүргийн Сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэн 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр гэрчилгээ олгож, тус СӨХ-ийн Удирдах зөвлөлийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 28 дугаар тогтоолоор Д.Ц-г гүйцэтгэх захирлаар томилсон байх тул тэрээр тус СӨХ-ийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна. 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ “...Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээтэй зардалд 125 000 төгрөг төлөхөөр шийдвэрлэсэн. Гэтэл тус байрны ХХ6 тоотод оршин суугч Э.Т нь 2011 оноос амьдарч байгаа дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт засвар үйлчилгээний зардлыг СӨХ-д төлөх үүргээ биелүүлэхгүй хохироож байна” гэж тайлбарласан.

 

Хариуцагч “...Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар агуулгын хувьд сууц өмчлөгч нь тухайн орон сууцны ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдон үүссэн зардлыг төлөх үүрэгтэй гэсэн байдаг. Гэтэл хариуцагч нь хэрэгт авагдсан баримтад тухайн орон сууцны өмчлөгч биш гэдэг нь харагддаг бөгөөд нэгэнт өмчлөгч нь биш учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна” гэж маргасан. 

 

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-т сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад төлөх үүрэгтэй гэж заажээ.

 

Нэхэмжлэгч Р Р СӨХ нь нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн хэвийн үйл ажиллагааг хангаж, засвар үйлчилгээний санг бүрдүүлэх үүргийнхээ хүрээнд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 16 дугаар байрны дундын өмчлөлийн эд хөрөнгийн хэвийн үйл ажиллагааг хангах ажлыг нэхэмжлэлийн шаардлагад хамаарах хугацаанд гүйцэтгэж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул хуульд заасны дагуу сууц өмчлөгчөөс ашиглалтын төлбөр шаардах эрхтэй юм.

 

Гэвч хэрэгт авагдсан 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн Эд хөрөнгөтэй эсэх лавлагаа болон зохигчдын тайлбараар Т.Т нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Олимпын гудамж, 16 дугаар байрны ХХ6 тоотын өмчлөгч биш болох нь тогтоогдож байх тул дундын өмчлөлийн эд хөрөнгө ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрт 7 604 000 төгрөгийг Т.Т-ээс шаардах эрхгүй байна.

 

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 136 614 төгрөгийг улсын орлогод үлдээх зүйтэй гэж үзэв.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116,118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч Т.Т-ээс дундын өмчлөлийн эд хөрөнгө ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрт 7 604 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Р Р СӨХ-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,  60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  136 614 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.МӨНГӨНТУУЛ