Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2022/02074

 

 

 

 

 

 

 

 

 

2022 12 05 210/МА2022/02074

 

 

 

 

Р.Р.С.Ө.Х

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 183/ШШ2022/02656 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Р.Р.С.Ө.Х нэхэмжлэлтэй, хариуцагч Т.Тд холбогдох дундын өмчлөлийн эд хөрөнгө ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрт 4,125,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхтөвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Р.Р.С.Ө.Х хариуцдаг 16 дугаар байрны 406 тоот хаягт байрлах орон сууцны өмчлөгчөөр 2011 оноос эхлэн О.Э, 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Б.У, 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Т.Т нар тус тус бүртгэгдсэн байна. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т орон сууц худалдан авагч нь тус орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэхээс өмнө орон сууцтай холбоотой биелэгдээгүй үүрэг байгаа эсэхийг худалдагч болон холбогдох байгууллагаас магадлах үүрэгтэй гэж заасан. Энэ үүргээ биелүүлээгүйгээс үүсэх үр дагаврыг хариуцагч Т.Т бүрэн хариуцах тул Т.Тгээс 2011-2020 оны үлдэгдэл төлбөрт нийт 7,604,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул 2011-2017 он хүртэлх хугацааны төлбөр 3,469,000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 2017 оны төлбөр 1,500,000 төгрөг, 2018 оны төлбөр 500,000 төгрөг, 2019 оны төлбөр 1,375,000 төгрөг, 2020 оны төлбөр 750,000 төгрөг, нийт 4,125,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлд зааснаар бүх гишүүдийн хурлаар удирдах зөвлөлийг сонгож, тус зөвлөлөөс гүйцэтгэх захирлаа томилдог. Гэвч хэрэгт бүх гишүүдийн хурлын тэмдэглэл байхгүй, удирдах зөвлөлийг хэрхэн яаж сонгосон нь тодорхойгүй тул гүйцэтгэх захирлыг удирдах зөвлөлөөс томилсон нь хуульд нийцэж байгаа эсэхийг зайлшгүй шалгах шаардлагатай. Реженси ресиденси сууц өмчлөгчдийн холбоо төлбөр шаардах эрхтэй эсэх нь тодорхойгүй байна. Мөн сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг бүх гишүүдийн хурлаар тогтоох ёстой байтал удирдах зөвлөлөөс тогтоосон байдаг. Хэрэгт үүнтэй холбоотой хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан баримт байхгүй, давж заалдах шатны шүүхээс энэ үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүх рүү буцаасан. Гэтэл өнөөдрийг хүртэл нэхэмжлэгчээс дээрх баримтыг гаргаагүй, шинээр гаргасан баримтууд нь маргааны үйл баримтаас хойш буюу 2022 онд бүх гишүүдийн хурал хийсэн баримт байна. Иймд Реженси ресиденси сууц өмчлөгчдийн холбоо нь бүх гишүүдийн хурлаар сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг тогтоогоогүй, удирдах зөвлөлөө хуульд зааснаар томилоогүй, төлбөр шаардах эрхгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3, 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.Тгээс 1,312,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Р.Р.С.Ө.Х-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,812,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 136,614 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35,942 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Р.Р.С.Ө.Х-д олгож шийдвэрлэсэн.

 

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.а. Шүүхээс хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэх үндэслэлээр 2018 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс өмнөх хугацааны төлбөрийг шаардах эрхгүй гэсэн үндэслэлээр 2017 оны үлдэгдэл төлбөр 1,500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой. Учир нь шүүхэд анх 2020 онд нэхэмжлэл гаргаж байсан тул хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй.

4.б. Хариуцагч нь Удирдах зөвлөлд сууц өмчлөгчдийн холбооны зардал 125,000 төгрөгөөс 62,500 төгрөг төлөх хүсэлтийг гаргасан хариуцагчийг зөвшөөрсөн гэсэн үндэслэлээр 2018, 2019, 2020 оны үлдэгдэл төлбөр 1,312,500 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 2,812,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

4.в. Хариуцагчийн ээж О.Э нь 2011 оноос эхлэн сууц өмчлөгчдийн холбоонд сар бүр 125,000 төгрөгийг төлж байгаад 2017 оноос эхлэн төлөхөө больсон. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч тус сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг хариуцах үүрэгтэй, энэ талаар хариуцагч маргаагүй гэж шүүхээс зөв дүгнэсэн мөртлөө төлбөрөөс хассан нь үндэслэлгүй.

4.г. 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр тус орон сууц хариуцагчийн өмчлөлд бүртгэгдсэн үеэс буюу 2021 оны 08 сараас одоог хүртэл сар бүрийн төлбөр 125,000 төгрөгөөр хүлээн зөвшөөрч төлж байгаа баримтыг шүүхэд өгсөн байхад 62,500 төгрөг болгон багасгах үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

5.Давж заалдах гомдолд хариуцагч тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2.Нэхэмжлэгч Реженси ресиденси сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч Т.Тд холбогдуулан 2017-2020 онуудын орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардал 4,125,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, бүх гишүүдийн хурлаар сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг тогтоогоогүй, төлбөр шаардах эрхгүй гэх үндэслэл заан маргасан байна.

 

3.Орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардлын хэмжээ талуудын маргааны зүйл болжээ.

 

4.Р.Р.С.Ө.Х Удирдах зөвлөлөөс дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд төлөх сарын төлбөрийг 125,000 төгрөгөөр баталсан Айл өрхөөс авах үйлчилгээний хураамж баримт, мөн сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хурлаар төлбөрийн хэмжээг 130,000 төгрөгөөр тогтоосон шийдвэр, түүнчлэн маргааны зүйл болох 16 дугаар байрны 406 тоот орон сууцны өмчлөгчөөс 2019 онд 250,000 төгрөг, 2020 онд 750,000 төгрөг, 2021 онд 1,344,800 төгрөг, 2022 оны эхний 3 сард 375,000 төгрөг тус тус төлсөн бүртгэлийн баримт зэрэг нотлох баримтуудыг харьцуулж үзэхэд нэхэмжлэлд дурдсан хугацаанд дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд сард төлөх төлбөр 125,000 төгрөг байсан гэж үзнэ. (хэргийн 16, 99-105, 107 дахь тал)

Сууц өмчлөгч нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3, 13.1.4-д зааснаар хурлын тогтоол, тэмдэглэлтэй танилцах, үнэн зөв эсэхийг хянах, түүнчлэн засвар, үйлчилгээний хөлс, зардал үндэслэлтэй эсэхийг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх эрхтэй тул сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг бүх гишүүдийн хурлаар тогтоогоогүй, төлбөр шаардах эрхгүй гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.

 

5.Анхан шатны шүүх хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээнд гэж дүгнэн сарын төлбөрийг 62,500 төгрөгөөр тооцсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцээгүйг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн дүгнэх боломжтой.

 

6.Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол 1, Олимпийн гудамж 16 дугаар байрны 406 тоот хаягт байрлах орон сууцны өмчлөгчөөр анх 2011 онд О.Э, 2017 онд Б.У, 2021 онд Т.Т тус тус бүртгэгдсэн, эцсийн өмчлөгч Т.Т нь өмнөх өмчлөгчийн гүйцэтгээгүй үүргийн үр дагаврыг хариуцах үүрэгтэй талаар анхан шатны шүүх Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсгийн зохицуулалтад нийцүүлэн зөв дүгнэсэн байна. (хэргийн 93 дахь тал)

7.Мөн 2017 оны 01 дүгээр сараас 2018 оны 03 дугаар сарыг хүртэл хугацааны төлбөрийг шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн талаарх дүгнэлт нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3 дахь хэсгийн зохицуулалтыг зөрчөөгүй.

Нэхэмжлэгч шүүхэд 2020 онд нэхэмжлэл гаргасан талаар хэрэгт баримт авагдаагүй тул энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

8.Нэхэмжлэгчийн тооцооллоор 2018 оны 03-12 дугаар саруудын төлбөр 1,250,000 төгрөг, 2019 оны жилийн төлбөр 1,500,000 төгрөг, 2020 оны жилийн төлбөр 1,500,000 төгрөг, нийт 4,125,000 төгрөг төлөхөөс 2018 оны 11 дүгээр сард төлсөн 2,000,000 төгрөг, 2019 оны 03, 12 дугаар сард төлсөн 250,000 төгрөг, 2020 оны 05, 12 дугаар сард төлсөн 750,000 төгрөг, нийт төлсөн 3,000,000 төгрөгийг хасахад төлөгдөөгүй зөрүү 1,125,000 төгрөг байна.

Гэвч анхан шатны шүүх нэхэмжлэлийг 1,312,500 төгрөгийн хэмжээнд хангаж шийдвэрлэсэн, үүнд хариуцагч гомдол гаргаагүй тул уг үнийн дүнд өөрчлөлт оруулахгүй байх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан талуудын зарчимд нийцнэ.

 

9.Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-т заасныг баримталсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт заасанд нийцээгүй, мөн нэхэмжлэгч байгууллагын нэрийг Ресинденси гэж техникийн шинжтэй алдаа гаргасныг тус тус залруулан шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 183/ШШ2022/02656 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 75 дугаар зүйлийн 75.2.3, гэснийг хасаж, Ресинденси гэснийг ресиденси гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч Реженси ресиденси сууц өмчлөгчдийн холбооноос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Д.ЗОЛЗАЯА