Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 183/ШШ2021/01493

 

 

 

2021 оны 07 сарын 07 өдөр Дугаар 183/ШШ2021/01493 Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

    Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэрий гудамж 0 дүгээр байрны 00 тоот оршин суух Х овогт Ү.М /РД:ПЭ00000000/-ийн нэхэмжлэлтэй,

     Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж 0, өөрийн байранд оршин суух Б.Х.З.Х.Т.Б.А.А холбогдох,

      Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Э гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, Н.С нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Нэхэмжлэгч Ү.М түүний өмгөөлөгч Ц.Э нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн №183/ШШ2017/00000 тоот шүүгчийн захирамжаар 57,794,384 төгрөг, Улсын тэмдэгтийн хураамж 223,460 төгрөгийн хамт гаргуулан К.Б ХХК-д олгохоор шийдвэрлэсэн ба барьцаа хөрөнгөөр гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар захирамжилсан. Төлбөр авагч К.Б ХХК нь дээрхи шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлж, Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газрын Банк, Хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулж байна. Миний өмчлөлийн Хан-Уул дүүргийн 3-р хороо, Үйлдвэр гудамж 0 дүгээр байрны 00 тоот хаягт байрлалтай Эрхийн Улсын Бүртгэлийн Ү- 0000000000 дугаарт бүртгэлтэй, 41,1м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг битүүмжлэн, хураасан бөгөөд 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн №0/00 тоот Шинжээч томилох тухай тогтоол гарган Мөнх Оргил Трейд ХХК-ийг шинжээчээр томилсон. Шинжээч "Мөнх Оргил Трейд ХХК нь миний өмчлөлийн Хан-Уул дүүргийн 3-р хороо, Үйлдвэр гудамж 0 дүгээр байрны 00 тоот хаягт байрлалтай Эрхийн Улсын Бүртгэлийн Ү-0000000000дугаарт бүртгэлтэй, 41,1 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 67,500,000 төгрөгөөр үнэлсэн,үнэлгээг өмчлөгчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ талаар миний бие нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасны дагуу Б.Х.З.Х.Т.Б.А.А гомдол гаргасан боловч Тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч, хошууч А.О нь 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр дуудан, уулзахад гомдлыг хүлээн авах боломжгүй, мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу шүүхэд гомдлоо гарга гэсэн тайлбар өгсөн. Миний бие нь тухай байрыг К.БХХК-тай 2013оны 08 дугаар сарын 23-ны өдрийн №000 тоот Орон сууцны ипотекийн зээлийн гэрээ -г байгуулан 1м.кв-ийг 1,850,000 төгрөгөөр буюу 76,035,000 төгрөгөөр худалдан авсан.Гэтэл Мөнх Оргил Трейд ХХК-ийн үнэлгээ нь зах зээл дээр байгаа бодит үнээс хэт доогуур үнэлсэн тул хөрөнгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү ... гэв.

   Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О шүүхэд гаргасан гаргасан хариу тайлбартаа: ... Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2017/00000 дугаар захирамжаар Ү.М М.Х нараас 58,017,844 төгрөгийг гаргуулж К.Б ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Ү.М өмчлөлийн, К.Б ХХК-д барьцаатай Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо Үйлдвэр /17060/, Үйлдвэр гудамж 0 дүгээр байр 00 тоот орон сууцыг битүүмжлэн, хураах тогтоол үйлдэж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу өмчлөгч болон талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул шинжээч томилж, орон сууцыг 67,500,000 төгрөгөөр үнэлэгдсэн үнэлгээг талуудад мэдэгдсэн.

   Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-д заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно бөгөөд 55.3-д талуудад үнэлгээг мэдэгдэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Миний бие 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрийг дуустал ээлжийн амралттай байгаа тул шүүх хурлыг шийдвэр гүйцэтгэгчийг байлцуулалгүйгээр хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэж өгнө үү ... гэв

  Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С Д.Н нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 00000 дугаар шүүхийн шийдвэрээр Ү.М 58,017,844 төгрөгийг гаргуулж, К.Б ХХК-д олгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэсэн. Үүний дагуу нэхэмжлэгч Ү.М өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, үйлдвэрийн гудамж, 9 дүгээр байрны 51 тоот орон сууцыг 67,500,000 төгрөгөөр ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор Мөнх оргил трейд ХХК нь 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр үнэлгээний тайланг шийдвэр гүйцэтгэх байгууллага болон банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах албанд хүргүүлсэн. Мөнх оргил трейд ХХК-ийн гаргасан үнэлгээтэй танилцахад хөрөнгийн үнэлгээг олон улсын үнэлгээний стандартын дагуу орлогын өртөгийн зээлийн хандлагаар үнэлэн, жишиг үнийн хандлагаар үнийг тогтоосон. Тухайн үнэлгээний тайлан дээр жишиж үзсэн үнэлгээнийхээ эх сурвалжуудыг үнэгүй.мн сайтаас авч тайлангынхаа хавсралтад дурдсан байгаа. 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр анх банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас ү.м үнэлгээний мэдэгдэл хүргүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасны дагуу талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо уг хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу мэдэгдсэн өдрөөс 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно гэсэн заалтыг зөрчиж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэгч Ү.М нь 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Иймд нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах хуульд заасан хугацаа хэтрүүлсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

    Шүүх зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

  Нэхэмжлэгч Ү.М Б.Х.З.Х.Т.Б.А.А холбогдуулан эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000дугаартай, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр гудамж 0 дүгээр байрны 00 тоот орон сууцыг 67,500,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

  Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2017/00000 дугаар захирамжаар Ү.М М.Х нараас 58,017,844 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч К.Б ХХК-д олгохоор шийдвэрлэжээ. /х.х-ийн 16 хуудас/

  Нэхэмжлэгч Ү.М орон сууц үнэлсэн үнэлгээг 2020 оны 4 дүгээр сарын 16-нд мэдэгдээгүй, 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 0/000 дугаар мэдэгдлийг 2020.04.16-ны өдөр гардаж аваагүй, 2020.04.16-ны өдөр гэж он сарыг шийдвэр гүйцэтгэгч хэлж, гарын үсэг зуруулж авсан, мөн үл хөдлөх эд хөрөнгийг 67,500,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй, шинжээч зах зээлийн үнээс хэт доогуур, жишиг үнэд нийцээгүй бага үнээр үнэлсэн гэж шаардлага, үндэслэлээ тайлбарладаг.

   Хариуцагч Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг

   Шаардлага гаргаагүй гуравдагч этгээд К.Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэгч үнэлгээний талаар шүүхэд гомдол гаргах хуульд хугацаа хэтрүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж хариуцагчийг дэмжиж тайлбар өгч, хэрэг хянан шийдвэрлэхэд ажиллагаанд оролцож байна.

   Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас төлбөр төлөгч Ү.М өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр гудамж 0 дүгээр байрны 00 тоот орон сууцыг 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 00000000/00 тоот тогтоолоор битүүмжилж, 2019 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 00000000/0-00 тоот тогтоолоор хураажээ. /х.х-ийн 14-15 хуудас

   Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар төлбөр төлөгч Ү.М дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 200,000,000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч К.Б ХХК эс зөвшөөрч, улмаар шийдвэр гүйцэтгэх байгууллагад үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор төлбөр авагч хүсэлт гаргасан үйл баримт тогтоогдож байна. /х.х-ийн 19-20, 94 хуудас/

  Ийнхүү төлбөр төлөгч, төлбөр авагч нар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг харилцан тохиролцоогүй учир шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 0/00 тоот тогтоолоор Мөнх оргил трейд ХХК-ийг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно гэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-д үнэлгээг талууд өмчлөгч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө ... эд хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ гэж заасантай нийцжээ.

   Мөнх оргил трейд ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийн зэх зээлийн үнэлгээг нийт 67,500,000 төгрөгөөр тогтоосон байх ба үнэлгээг тодорхойлсон арга, аргачлал зэргийг дүгнэлтдээ тодорхой дурдаж, холбогдох фото зургуудыг хавсаргажээ. /х.х-ийн 23-35 хуудас/

  Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Мөнх оргил трейд ХХК буюу шинжээчид эрх, үүргийг хуульд зааснаар тайлбарлаагүй, эрх үүрэгтэй танилцаагүй шинжээч дүгнэлт гаргасан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд нийцээгүй гэж тайлбарлаж шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцсэн бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр шинжээчид эрх, үүрэг тайлбарласан баримтаар няцаагдаж байна. /х.х-ийн 93 хуудас/

   Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаарх 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 0/000дугаар мэдэгдлийг төлбөр төлөгч ү.м 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр мэдэгдсэн байна. /х.х-ийн 92 хуудас/

   Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж журамлажээ.

   Нэхэмжлэгч Ү.М 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд заасан хугацааг хэтрүүлж, хуулиар тогтоосон журмыг баримтлаагүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ./х.х-ийн 111-112 хуудас/

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

   1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар 55.7. дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Б.Х.З.Х.Т.Б.А.А холбогдох эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр гудамж 0 дүгээр байрны 00 тоот орон сууцыг 67,500,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэгч Ү.М нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ШҮҮГЧ                  Ц.ОЮУНБИЛЭГ