Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2021/01629

 

 

 

 

 

2021 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2021/01629

 

Ү.Мгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Ч.Цэнд, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2021/01493 дугаар шийдвэртэй

Ү.Мгийн нэхэмжлэлтэй хариуцагч Өнд холбогдох

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд К ХХК дахь банкны эрх хүлээн авагч

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгч Ү.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн №183/ШШ2017/01253 тоот шүүгчийн захирамжаар 57 794 384 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 223 460 төгрөгийн хамт гаргуулан К ХХК-д олгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар захирамжилсан. Төлбөр авагч К ХХК нь дээрхи шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлж, Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газрын Ө шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулж байна. Миний өмчлөлийн Хан-Уул дүүргийн 3-р хороо, Үйлдвэр гудамж 9 дүгээр байрны 00 тоот хаягт байрлалтай, 41,1м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг битүүмжлэн, хураасан бөгөөд 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн №4/47 тоот Шинжээч томилох тухай тогтоол гарган Мөнх Оргил Трейд ХХК-ийг шинжээчээр томилсон. Шинжээч Мөнх Оргил Трейд ХХК нь миний өмчлөлийн Хан-Уул дүүргийн 3-р хороо, Үйлдвэр гудамж 9 дүгээр байрны 00 тоот хаягт байрлалтай, 41,1 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 67 500 000 төгрөгөөр үнэлсэн, үнэлгээг өмчлөгчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ талаар би нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасны дагуу Өнд гомдол гаргасан боловч Тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч, хошууч А.О нь 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр дуудан, уулзахад гомдлыг хүлээн авах боломжгүй, мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасны дагуу шүүхэд гомдлоо гаргана гэсэн тайлбар өгсөн. Би тухайн байрыг К ХХК-тай 2013 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн №237 тоот Орон сууцны ипотекийн зээлийн гэрээ-г байгуулан 1 м.кв-ийг 1 850 000 төгрөгөөр буюу 76 035 000 төгрөгөөр худалдан авсан. Гэтэл Мөнх Оргил Трейд ХХК-ийн үнэлгээ нь зах зээл дээр байгаа бодит үнээс хэт доогуур үнэлсэн тул хөрөнгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. шүүхэд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2017/01253 дугаар захирамжаар Ү.М, М.Х Нс 58 017 844 төгрөгийг гаргуулж К ХХК-д олгохоор захирамжилсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Ү.Мгийн өмчлөлийн, К ХХК-д барьцаатай Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо Үйлдвэр /17060/, Үйлдвэр гудамж 9 дүгээр байр 00 тоот орон сууцыг битүүмжлэн, хураах тогтоол үйлдэж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу өмчлөгч болон талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул шинжээч томилж, орон сууцыг 67 500 000 төгрөгөөр үнэлэгдсэн үнэлгээг талуудад мэдэгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно бөгөөд 55.3 дахь хэсэгт талуудад үнэлгээг мэдэгдэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С, Д.Н нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 01253 дугаар шүүхийн шийдвэрээр Ү.Мгаас 58 017 844 төгрөгийг гаргуулж, К ХХК-д олгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэсэн. Мөнх Оргил Трейд ХХК-ийн гаргасан үнэлгээтэй танилцахад хөрөнгийн үнэлгээг олон улсын үнэлгээний стандартын дагуу орлогын өртөгийн зээлийн хандлагаар үнэлэн, жишиг үнийн хандлагаар үнийг тогтоосон байна. Тухайн үнэлгээний тайлан дээр жишиж үзсэн үнэлгээнийхээ эх сурвалжуудыг үнэгүй.мн сайтаас авч тайлангынхаа хавсралтад дурджээ. 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр анх Өнаас Ү.Мд үнэлгээний мэдэгдэл хүргүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасны дагуу талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо уг хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу мэдэгдсэн өдрөөс 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно гэсэн заалтыг зөрчиж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэгч Ү.М нь 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Иймд нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах хуульд заасан хугацаа хэтрүүлсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ШҮҮХ: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар 55.7. дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Өнд холбогдох эрхийн улсын бүртгэлийн Ү-2206028356 дугаартай, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр гудамж 9 дүгээр байрны 00 тоот орон сууцыг 67 500 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэгч Ү.Мгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Ү.М давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад бүрэн дүүрэн дүгнэлт өгч хэргийг шийдвэрлээгүй. Шүүхээс үнэлсэн 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр шинжээчид эрх, үүрэг тайлбарласан баримт нь шинжээчид эрх үүрэг тайлбарласан баримт биш бөгөөд харин шинжээч дүгнэлт гаргахад оролцож болохгүй нөхцөл байдал байгаа эсэхийг тодруулсан баримт бөгөөд шүүх уг баримтыг эрх үүрэг тайлбарласан баримт хэмээн буруу дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн. 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээлэл оруулсан тэмдэглэл гэх баримтын доод хэсэгт шинжээчид эрх, үүрэг тайлбарласан баримт нь уг баримтын хавсралтаар тодорхойлогдохоор заасан байгааг шүүх анхаарч үзээгүй байна. Иймд Мөнх оргил трейд ХХК-аар үнэлгээ гаргуулахдаа шинжээчид эрх, үүргийг тайлбарлаж өгөөгүй бөгөөд энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, дүгнэлт гаргахдаа хууль зөрчсөн гэж үзэж байна. Шинжээчийн дүгнэлтийг 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 4/3369 дугаар мэдэгдлийг Ү.Мд 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр мэдэгдсэн гэж дүгнэсэн. Бодит байдал дээр дээрх мэдэгдлийг 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр төлбөр төлөгчид мэдэгдэж, шийдвэр гүйцэтгэгчийн хувьд 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөр гарын үсэг зуруулж авсан нь нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж үзэхээр байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Ү.М нь Өнд холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /1хх.3, 146-147/

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШЗ2017/01253 дугаар хүчин төгөлдөр захирамжаар хариуцагч Ү.М, М.Х нар нэхэмжлэгч К ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт шаардсан 57 794 384 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /хх.16/

Хариуцагч Ү.М, М.Х нар дээрх шүүгчийн захирамжийг биелүүлж төлбөрийг төлж барагдуулаагүй байх тул 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 183/ГХ2018/01271 дугаар Шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэж, 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 18250182/03 дугаар тогтоолоор Ү.Мгийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр гудамж 9 дүгээр байрны 00 тоот орон сууцыг битүүмжилж, 2019 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 18250182/3-31 дугаар тогтоолоор эд хөрөнгийг хураасан үйл баримт тогтоогджээ. /хх.13-15/

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах үнийн санал авахад төлбөр төлөгч Ү.М Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр гудамж 9 дүгээр байрны 00 тоот орон сууцны үнийг 140 000 000 төгрөг гэж тодорхойлж /хх.19/, төлбөр төлөгч М.Х үнийн санал өгөхөөс татгалзаж /хх.18/, төлбөр авагч уг үнэлгээг эс зөвшөөрч эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор санал /хх.20/ гаргасан байх тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 4/47 дугаар тогтоолоор барьцаа хөрөнгөд үнэлгээ тогтоолгохоор Мөнх-Оргил трейд ХХК-ийг шинжээчээр томилсон, 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 46/Ш дугаар хөрөнгийн үнэлгээний тайлангаар барьцаа хөрөнгийг 67 500 000 төгрөгөөр үнэлсэн нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт нийцсэн байна. /хх.23-35/

Мөнх-Оргил трейд ХХК-ийн 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 46/Ш тоот хөрөнгийн үнэлгээний тайланг зах зээлийн хандлага, орлогын хандлага, өртгийн хандлагуудын аргаар дүгнэлт хийсэн, дээрх ажиллагаа нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлд нийцсэн байна. Анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт өгчээ.

Өнаас төлбөр төлөгч Ү.Мд 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 4/3369 тоот албан бичгээр ...төлбөр төлөгч Ү.Мгийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206028356 дугаарт бүртгэлтэй Хан-уул дүүргийн 3 дугаар хороо Үйлдвэр гудамж 9 дүгээр байрны 00 тоот орон сууцыг шинжээч 67 500 000 төгрөгөөр үнэлсэн гэж мэдэгдсэн, Ү.М үнэлгээний тайланг хүлээн авлаа 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр гэж гарын үсгээ зуржээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо ...мэдэгдлийг 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр төлбөр төлөгчид мэдэгдэж, шийдвэр гүйцэтгэгчийн хувьд 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөр гарын үсэг зуруулж авсан гэж заасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт зааснаар өөрийн тайлбараа нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

Мөн ...шинжээчид эрх үүргийг нь тайлбарласан баримт хэрэгт авагдаагүй, дүгнэлт гаргахдаа хууль зөрчсөн гэсэн байгаа боловч хэргийн 93 дугаар талд 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Банк, хадгаламж, зээлийн хоршооны төлбөр барагдуулах ажлын алба шинжээч Б.Эрдэнэбаатарт эрх, үүрэг танилцуулж, гарын үсэг зуруулсан баримт авагджээ. Иймд нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна. /хх.93/

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан, барьцаа хөрөнгийн үнэ тогтоох ажиллагаа хууль зөрчөөгүй, төлбөр төлөгчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2021/01493 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Ц.ИЧИНХОРЛОО