Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 183/ШШ2021/01375

 

 

2021 оны 06 сарын 22 өдөр Дугаар 183/ШШ2021/01375 Улаанбаатар хот

  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

  Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

   Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 00 дугаар хороо, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж 000 тоотод байрлах, Ю.П ХХК /РД:0000000/-ын нэхэмжлэлтэй

  Хариуцагч: Хан-Уул дүүрэг, Стадион оргил-0, Чингисийн өргөн чөлөө-0, өөрийн байранд байрлах Х.Б ХХК /РД:0000000/-д холбогдох,

  1,842,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв

  Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Нэхэмжлэгч Ю.П ХХК нь 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр иргэн У.А Х.Б-ны 0000000000 дугаар данс руу 1,842,500 төгрөгийг шилжүүлэх гэж байгаад данс андуурч, Х.Б-ны 0000000000 дугаар данстай Д.А гэх хүний данс руу 1,842,500 төгрөгийн гүйлгээг хийсэн байдаг. Андууран хийсэн гүйлгээний талаар хариуцагч Х.Б-нд мэдэгдэхэд данс эзэмшигчийн зөвшөөрлийн дагуу гүйлгээ хийх боломжтой бөгөөд уг иргэн нас барсан байх тул өвлөх эрхийн гэрчилгээг үндэслэн өвлүүлэгчийн зөвшөөрлөөр гүйлгээ хийх хуулийн зохицуулалттай гэж хариу өгсөн байдаг. Гэвч Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.3-т үүргийн гүйцэтгэл нь гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгчид хамааралтай тохиолдолд үүрэг гүйцэтгэгч иргэний эрх зүйн чадамжгүй, эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон, түүнчлэн нас барсан бол үүрэг дуусгавар болох бөгөөд банкны харилцагч Д.А нас барснаар Х.Б ХХК болон Д.А нарын хооронд харилцан хүлээсэн үүрэг дуусгавар болсон байна. Данс эзэмшигч Д.А-ийг нас барснаас хойш түүний дансанд шилжин орсон, данс андууран хийгдсэн гүйлгээний мөнгө болох 1,842,500 төгрөг нь Д.А-тэй ямар ч хамааралгүй бөгөөд өөр этгээдийн хөрөнгө бөгөөд данс андууран хийгдсэн гүйлгээг буцаах, андууран шилжүүлсэн хөрөнгөө буцаан авахад Д.Аийн зөвшөөрөл шаардлагагүй. Банкны харилцагч Д.А нь нэгэнт нас барсан байх тул хариуцагч Х.Б ХХК-ийн татгалзал үндэслэлгүй юм. Ю.П ХХК-ийн өмчөөс буюу түүний эзэмшдэг данснаас 1,842,500 төгрөг гарч, мөнгөн хөрөнгийг бодитоор Х.Б ХХК нь өөртөө олж авсан байх тул хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй. Д.А 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдөр барснаас хойш 2 сарын дараа түүний Х.Б-ны 0000000000 тоот данс руу андуурагдан шилжсэн 1,842,500 төгрөг нь Ю.П ХХК-ийн мөнгөн хөрөнгө тул өв залгамжлалтай холбоотой эрх зүйн зохицуулалтын дагуу зохицуулагдахгүй. Иймд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 1,842,500 төгрөгийг Х.Б ХХК-аас гаргуулж өгнө үү ... гэв.

Хариуцагч Х.Б ХХК нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр иргэн У.А Х.Б-ны 0000000000тоот данс руу 1,842,500 төгрөгийг шилжүүлэх гэж байгаад данс андуурч Х.Б-ны 0000000000 тоот данстай Д.А гэх хүний данс руу гүйлгээ хийсэн талаар дурджээ. Банк тухайн төлбөр хүлээн авсан харилцагчийн данснаас гүйлгээг буцаахдаа 0000000000 тоот данстай Д.А-ийн зөвшөөрлөөр гүйлгээг хийх хуулийн зохицуулалттай. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан Д.А нас барснаас хойш түүний дансанд шилжин орсон, данс андууран хийгдсэн гүйлгээний мөнгө болох 1,842,500 төгрөг нь Д.А-тэй ямар ч хамааралгүй бөгөөд өөр этгээдийн хөрөнгө бөгөөд данс андуурсан гүйлгээг буцаах, андууран шилжүүлсэн хөрөнгөө буцаан авахад Д.А-ийн зөвшөөрөл шаардлагагүй гэж дурдсан нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд нас барсан харилцагчийн банканд байгаа мөнгөн хөрөнгө нь нас барсан буюу өвлүүлэгч этгээдийн өв хөрөнгө бөгөөд Иргэний хуульд заасны дагуу өв залгамжлалаар зохицуулагддаг харилцаа болно.

Банк харилцагчийн данснаас түүний өгсөн үүрэг буюу зөвшөөрлийн үндсэн дээр гүйлгээ хийх нь хуулиар төлбөр тооцоо гүйцэтгэгч буюу банканд үүрэгжүүлсэн зохицуулалт болно.Иймд нэхэмжлэгч Ю.П ХХК нэхэмжлэлтэй 1,842,500 төгрөгийг Х.Б ХХК-д завшсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэхгүй бөгөөд тус андуурч хийсэн гүйлгээ нь Д.А-ийн дансанд байрших хөрөнгө тул нэхэмжлэлийн шаардлагыг Х.Б хариуцах хариуцагч биш тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү ... гэв.

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

  Нэхэмжлэгч Ю.П ХХК нь хариуцагч Х.Б ХХК -нд холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 1,842,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

  Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

  Хэрэгт авагдсан баримтаар 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөрЮ.П ХХКиас Д овогт А Х.Б дах эзэмшлийн 0000000000 дугаарын харилцах дансанд нь тойг годон авав гэсэн гүйлгээний утгаар 1,842,500 төгрөгийн гүйлгээг хийсэн үйл баримт Д.Аийн депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байх бөгөөд уг үйл баримтын талаар зохигчид маргаагүй байна. /х.х-ийн 10,11, 27 хуудас/

  Иргэний хуулийн 445 дугаар зүйлийн 445.1-д Төлбөр тооцооны гэрээгээр банк, эрх бүхий бусад хуулийн этгээд нь иргэн болон хуулийн этгээдийн бэлэн бусаар хийх төлбөр тооцоог гүйцэтгэх үүрэг хүлээнэ, 446 дугаар зүйлийн 446.1.3-д Харилцагчийн данснаас түүний өгсөн үүрэг буюу зөвшөөрлийн үндсэн дээр гүйлгээ хийх, Банкны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т Банк харилцагчийн даалгавраар түүний харилцах дансны үлдэгдэлд багтааж мөнгөн хөрөнгийг шилжүүлэх гүйлгээ хийх бөгөөд шүүх болон банкны эрх хүлээн авагчийн шийдвэр, эсхүл үл маргах журмаар төлөх тухай харилцагчийн гарын үсэг бүхий гэрээ, төлбөрийн баримтыг үндэслэн гүйлгээ хийснийг харилцагчийн даалгавраар гүйлгээ хийсэнд тооцно гэж тус тус заажээ.

  Нэхэмжлэгч Ю.П ХХК-ийн гүйлгээний захиалгын дагуу Х.Б ХХК Д.А-ийн харилцах дансанд мөнгөн хөрөнгийн гүйлгээ хийх үүргээ хуульд заасан дагуу гүйцэтгэсэн байх бөгөөд уг мөнгөн хөрөнгө буюу 1,842,500 төгрөг Д.А-ийн эзэмшдэг харилцах дансанд хадгалагдаж байна. Тиймээс уг мөнгөн хөрөнгийн эзэмшигч нь Х.Б биш Д.А болсон байх тул данс эзэмшигч Д.А-ийн зөвшөөрлөөр, уг иргэн нас барсан бол өвлөгчөөс нэхэмжлэгч шаардах эрхтэй.

  Иймд хариуцагч Х.Б ХХК нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлснээс өөртөө 1,842,500 төгрөгийн хөрөнгийг олж аваагүй байх тул хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлгүй учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна 

  Нөгөөтээгүүр нэхэмжлэгч уг мөнгөн хөрөнгийн гүйлгээг данс андуурч шилжүүлсэн гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаар данс эзэмшигч Д.А, уг иргэн нас барсан бол өвлөгч нар Д.Аийн дансанд байгаа мөнгөн хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй тул холбогдох этгээдүүдэд нэхэмжлэл гаргахад уг шийдвэр саад болохгүй болохыг дурдвал зохино.

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь: 

  1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.-д заасныг баримтлан Х.Б ХХК-д холбогдох 1,842,500 төгрөг гаргуулах Ю.П ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай

  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгчийн 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр төлсөн 44,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ШҮҮГЧ                         Ц.ОЮУНБИЛЭГ