Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2021/01326

 

 

 

 

 

2021 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2021/01326

 

 

 

 

ЮП ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо, даргалж, шүүгч Э.Золзаяа, шүүгч Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2021/01375 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч ЮП ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагчХ ХХК-д холбогдуулан гаргасан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 1 842 500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хулан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: ЮПХХК нь 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр У.А Хин дахь 50хххххх дугаар дансанд 1 842 500 төгрөгийг шилжүүлэх гэж байгаад данс андуурч, Хин дахь 50хххххххдугаар данстай Д.А гэх хүний дансанд 1 842 500 төгрөгийн гүйлгээг хийсэн. Андууран хийсэн гүйлгээний талаар хариуцагч Хинд мэдэгдэхэд данс эзэмшигчийн зөвшөөрлийн дагуу гүйлгээ хийх боломжтой бөгөөд уг иргэн нас барсан байх тул өвлөх эрхийн гэрчилгээг үндэслэн өвлүүлэгчийн зөвшөөрлөөр гүйлгээ хийх хуулийн зохицуулалттай гэж хариу өгсөн. Банкны харилцагч Д.А нас барснаар Х ХХК,Д.А нарын хооронд харилцан хүлээсэн үүрэг дуусгавар болсон. Данс андууран хийгдсэн 1 842 500 төгрөг нь Д.А-тэй ямар ч хамааралгүй. Андууран хийгдсэн гүйлгээг буцаахад Д.А-н зөвшөөрөл шаардлагагүй.

Банкны харилцагч Д.А нь нэгэнт нас барсан байх тул хариуцагчХ ХХК-ийн татгалзал үндэслэлгүй. ЮПХХК-ийн өмчөөс буюу түүний эзэмшдэг данснаас 1 842 500 төгрөг гарч, мөнгөн хөрөнгийг бодитоорХ ХХК нь өөртөө олж авсан байх тул хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн. Д.А 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдөр нас барснаас хойш 2 сарын дараа түүнийХин дахь 50хххххх тоот дансанд андуурагдан шилжсэн 1 842 500 төгрөг нь ЮПХХК-ийн мөнгөн хөрөнгө тул өв залгамжлалтай холбоогүй. Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 1 842 500 төгрөгийгХ ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Банк тухайн төлбөр хүлээн авсан харилцагчийн данснаас гүйлгээг буцаахдаа 5058202335 тоот данстай Д.А-ийн зөвшөөрлөөр гүйлгээг хийх хуулийн зохицуулалттай. Нас барсан харилцагчийн банканд байгаа мөнгөн хөрөнгө нь нас барсан буюу өвлүүлэгч этгээдийн өв хөрөнгө бөгөөд Иргэний хуульд заасны дагуу өв залгамжлалаар зохицуулагддаг. Банк харилцагчийн данснаас түүний өгсөн үүрэг буюу зөвшөөрлийн үндсэн дээр гүйлгээ хийх үүрэгтэй. ИймдХ ХХК хариуцагч биш. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.-д заасныг баримтланХ ХХК-д холбогдох 1,842,500 төгрөг гаргуулах ЮПХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгчийн 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр төлсөн 44,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: .Д.А нь 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдөр нас барсан ба тэр үеээс Д.А-ийн Хинд данс эзэмших эрх дуусгавар болсон. Мөн ЮП ХХК болон Д.А нарын хооронд ямар нэгэн үүрэг үүсээгүй бөгөөд ЮПХХК-аасХин дахь Д.А-ийн дансанд үндэслэлгүйгээр шилжүүлсэн 1 842 500 төгрөг нь Д.А-ийн мөнгөн хөрөнгө биш, өв залгамжлагдах эд хөрөнгө биш тул Иргэний хуульд заасан өв залгамжлалтай холбоотой эрх зүйн зохицуулалт үйлчлэхгүй, өвлөгч нараас зөвшөөрөл авах шаардлагагүй.

Иргэний хуулийн 240 дугаар зүйлийн 240.1.3-т зааснаар банкны харилцагч Д.А нас барснаарХ ХХК болон Д.А нарын хооронд харилцан хүлээсэн үүрэг, харилцах данс, төлбөр тооцооны үүрэг дуусгавар болсон.Хин дахь 5058202335 тоод дансны эзэмшигч Д.А байсан боловч, уг дансны өмчлөгч ньХ ХХК бөгөөд андуурагдсан гүйлгээ болох 1 842 500 төгрөг бодитоорХ ХХК-ийн өмчлөлд шилжсэн. Д.Аийн дансанд мөнгө орсон гэх үндэслэлгүй шалтгаанаарХ нь 1 842 500 төгрөгийг өөрийн өмчлөлдөө авч, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч ЮПХХК нь хариуцагч Х ХХК-д холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх 1 842 500 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх 1-3, 21/

 

ЮПХХК нь 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Д.А*ийн Х дах 50ххххххх дугаарын харилцах дансанд тойг годон авав гэсэн гүйлгээний утгаар 1 842 500 төгрөгийг шилжүүлсэн үйл баримтын тухайд талууд маргаангүй. /хх 10,11, 27/

 

Нэхэмжлэгч ЮПХХК нь 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр иргэн У.А-ийн Х дах 50ххххххх тоот дансанд 1 842 500 төгрөгийг шилжүүлэх гэж байгаад данс андуурч, 50хххххх тоот Д.А гэх хүний дансанд уг мөнгөн хөрөнгийг шижүүлсэн гэж тайлбарласан. /хх 34/

 

Хэдийгээр хэрэгт нас барсан тухай гэрчилгээ авагдаагүй боловч талууд данс эзэмшигч Д.А нас барсан гэж тайлбарлаж байна. /хх 1-2, 21,34-35/ Мөн Д.А-ийн дансанд нэхэмжлэгчийн шилжүүлсэн 1 842 563 төгрөг зарлага хийгдээгүй хадгалагдаж байгаа үйл баримт талуудын тайлбар, дансны лавлагаагаар тогтоогджээ./хх 10/

Хариуцагч банк нь дээрх гүйлгээг залруулах гэсэн боловч данс эзэмшигч Д.А нас барсан тул зөвшөөрлийг авах боломжгүй болсон, нэхэмжлэгч нас барагчийн өв залгамжлагч нарт хандах шаардлагатай гэж маргаж байна.

Нэхэмжлэгчийн хувьд данс эзэмшигч нас барснаар данс банкны эзэмшилд үлдсэн, андуурч шилжүүлсэн мөнгөн хөрөнгө нь өвлөгдөх хөрөнгөд хамаарахгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч ЮПХХК болон хариуцагчХ ХХК нар нь Иргэний хуулийн 445 дугаар зүйлийн 445.1 дэх хэсэгт заасан төлбөр тооцооны гэрээний харилцаатай байсан. Иргэний хуулийн 445 дугаар зүйлийн 445.1 дэх хэсэгт заасан төлбөр тооцооны гэрээгээр банк, эрх бүхий бусад хуулийн этгээд /цаашид төлбөр тооцоо гүйцэтгэгч гэх/ нь иргэн болон хуулийн этгээд /цаашид харилцагч гэх/-ийн бэлэн бусаар хийх төлбөр тооцоог гүйцэтгэх үүрэг хүлээнэ.

 

Иргэний хуулийн 445 дугаар зүйлийн 445.3 дах хэсэгт зааснаар бэлэн бусаар хийх төлбөр тооцоог төлбөрийн даалгавар, аккредитив, инкасс, чек, вексель, төлбөрийн карт, электрон төлбөр тооцоо, зээлжих эрх, зээлээр хийх төлбөр тооцоо болон төлбөр тооцооны бусад хэрэгслээр гүйцэтгэж болох бөгөөд банк нь харилцагчийн өгсөн үүрэг буюу зөвшөөрлийн үндсэн дээр гэрээнд заасны дагуу төлбөр тооцоог гүйцэтгэнэ. Иргэний хуулийн 445 дугаар зүйлд зааснаар банк, эрх бүхий хуулийн этгээд нь харилцагчийн төлбөр тооцооны баримтын бүрдүүлбэрийг шалгах эрхтэйгээс гадна харилцагчаа хамгаалах, алдаатай хийсэн мөнгөн төлбөрийн гүйлгээг залруулж, харилцагчийг хохиролгүй болгох үүрэгтэй. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.8 дах хэсэгт банк, эрх бүхий хуулийн этгээд өөрийн алдаатай хийсэн аливаа шилжүүлгийг залруулж, харилцагчийг хохиролгүй болгоно гэж заасан.

 

Хэргийн баримтаас үзэхэд банкны зүгээс урьдчилан харж, сэргийлэх боломжтой төлбөр тооцооны алдаатай үйлдэл, учрах боломжтой хохирлыг харилцагчид мэдэгдээгүй гэх байдал тогтоогдоогүй. Харилцагч гүйлгээ хийх даалгавар өгөхдөө хөнгөмсөг хандаж, алдаатай гүйлгээ хийж байгааг нь банкны зүгээс мэдсэн боловч хэлж өгөөгүй, харилцагчийн ашиг сонирхлыг хамгаалах үүргээ хэрэгжүүлээгүй гэх байдал тогтоогдоогүй гэж үзнэ. Учир нь нэхэмжлэгч нь дансны дугаарыг өөрөө андуурсан талаар тайлбарласан байна.

 

Хөрөнгийн эрх зөвхөн өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрлийн үндсэн дээр бусдад шилжих бөгөөд тухайн тохиолдолд ЮПХХК өөрөө Д.А-ийн 50хххххх тоот дансанд мөнгөн хөрөнгийг шилжүүлжээ.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй хөрөнгөжих гэдэг ойлголтод талуудын хооронд үүрэг үүсээгүй байхад нэхэмжлэгчийн хөрөнгийг хариуцагч олж авсан байхыг ойлгох юм. Хэргийн баримтаар 1 842 563 төгрөг Д.Аийн 50ххххх тоот дансанд байршиж байна. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг,зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан үндэслэлээр банк нь харилцагчид нээсэн дансыг хааж болох бөгөөд дээрх дансыгХ ХХК хаагаагүй, хүчингүй болгоогүй байна.

 

Нэхэмжлэгчийн андуурч шилжүүлсэн гэх мөнгөн хөрөнгийгХ ХХК хууль болон гэрээнд заасан үндэслэлгүйгээр өөрийн өмчлөл, эзэмшилд шилжүүлэн авсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэл тогтоогдоогүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

 

Иймд Д.А-д, хэрэв нас барсан бол түүний өв залгамжлагч нарт холбогдуулан андуурч шилжүүлсэн гэх 1 842 563 төгрөгөө буцаан шаардах эрх нэхэмжлэгчид нээлттэй бөгөөд энэ шийдвэр саад болохгүй юм.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2021/01375 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44 430 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Ш.ОЮУНХАНД