Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 183/ШШ2021/01373

 

 

 

2021 оны 06 сарын 22 өдөр Дугаар 183/ШШ2021/01373 Улаанбаатар хот

  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 0 хэсэг, стадион оргил 00а байр тоот, 0000 Salem Walk, art2, Northbrook, IL60062 USA-д оршин суух Т овогт Б.А/РД:ХЛ00000000/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 00 дугаар хороо, 0 байр, 00 тоотод оршин суух, Х.М овогт М.Н /РД:ЧТ00000000/;

Хариуцагч: Баянгол дүүрэг, 00 дүгээр хороо, 0 дугаар хороолол, 00 дугаар байр 000 тоотод оршин суух, А овогт Э.М /РД:ХН000000000/ нарт холбогдох,

85,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т, хариуцагч М.Н, түүний өмгөөлөгч Д.Д хариуцагч Э.М-ийн өмгөөлөгч Д.О нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Б.А нь М.Н-т өөрийн өмч болох Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 00 дугаар хороолол, 0 дугаар байрны 000 тоот, эрхийн улсын бүртгэлийн V-0000000000 дугаартай, 30 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг бусдад худалдах эрхийг итгэмжлэлээр олгосон. 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдөр нь хариуцагч нь уг орон сууцыг иргэн Э.М 85,000,000 төгрөгөөр худалдсан. Э.М нь орон сууцны үнэ болох 85,000,000 төгрөгийг хариуцагчийн дансанд шилжүүлсэн. Гэтэл хариуцагч нь орон сууц худалдсан 85,000,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл Б.А-т өгөөгүй буюу өгөхгүй байна. Иймд хариуцагчаас орон сууц худалдсаны үнэ наян таван сая төгрөгийг гаргуулж өгнө үү ... гэжээ.

Хариуцагч М.Н нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... 2018 оны 3 дугаар сард Б.А нь Америкийн нэгдсэн улсаас надтай утсаар яриад 13 дугаар хороололд байдаг 2 өрөө байраа зарах зар тавиад авах хүн олоод зуучлаад өгөөч гэж хэлж, би дүү шигээ бодоод тусалсан. Ингээд Б.А-ийн нөхөр Э намайг авч яваад байраа зааж өгөөд байрны түлхүүрээ өгсөн. 2018 оны 3 дугаар сард шуурхай зар, зар мэдээ сонинд зар өгсөн. Зар өгсний дагуу Э.М гэдэг эмэгтэй үзэж, тохироод 85,000,000 төгрөгөөр авахаар болсон. Тухайн байран доторх эд зүйлсийг 3,000,000 төгрөгөөр үнэлнэ гэж хэлээд Э.М-тай хоорондоо утсаар ярьж тохиролцсон. Миний хөл өвдөөд таягтай муу явж байсан учраас Б.А Э.М хоёрыг хооронд нь зуучилж өгөөд, хоорондоо утсаар ярьж байгаараа гээд орхисон. Байрны мөнгийг А манай Америкт хамт амьдардаг дүү Н.Г дансаар М.Д авсан. Байрны мөнгө шилжүүлсний маргааш Б.А өөрөө над руу байрны мөнгө шилжээд ирчихсэн байна гэж хэлсэн. Үүнээс хойш хэд хоногийн дараа Э.М над руу утасдаад авсан байрны тог, гэрэл, ус ирэхгүй байна. Орон сууцны конторт хэлсэн чинь цахилгаан тог болон СӨХ-ны мөнгө олон сараар төлөөгүй өртэй байна гэж хэлж ярьсан. Байрны ашиглалтын зардал 3,000,000 төгрөгийн өрнөөс 2,000,000 төгрөгийн өрийг нь барагдуулаад нэг саяыг Б.А бид хоёр хоорондоо тохирчихсон гэж хэлсэн. Үүний дараа Б.А бас над руу яриад овоо хүүхэн байна лээ нэг сая төгрөгөө над руу шилжүүлсэн байна лээ гэж ярьсан. Ингээд би энэ явдлаас хойш 2019 оны 02 дугаар сард өөрөөр хэлбэл 10 сарын дараа өвөл нэг сард нөхөртэйгөө америк явсан. Тэнд цагаан сарыг өнгөрөөгөөд ирсэн. Тэгэхэд Б.А манай дүүгийнд байсан. Тухайн үедээ надтай нүүрээрээ уулзсан. Мөнгө төгрөгний асуудлын талаар надтай ямар нэгэн зүйл яриагүй. Харин ч М.Н эгчээ таньд баярласан шүү гэж хэлсэн. Б.Аийн нөхөр болох Эрхэмээ мөнгө төгрөг авсан аваагүй гээд 2020 оны 7 дугаар сард ирээд надтай уулзаад явсан. Б.А нь манай дүүг байхгүй хойгуур юмаа аваад юу ч хэлэлгүй явсан байсан. Одоо өөр хотод амьдарч байгаа гэсэн. Харин Алтанцэцэг 2018 оны 5 дугаар сард намайг хагалгаанд ороход 3,000,000 төгрөг шилжүүлж өгсөн. Тухайн үед нь би маш их баярлаад авсан. Алтанцэцэг нь анхнаасаа байраа зарах итгэмжлэл хийж өгөөгүй. Би зөвхөн зар тавьж зуучилж өгсөн гэж өөрийгөө бодож байгаа. Америкаас Б.А нь факсаар Баянзүрх дүүргийн У гэх наториатчид байрныхаа зарах итгэмжлэхээ хийлгэсэн. Мөнхдалай өөрөө шууд Америкийн нэгдсэн улс руу мөнгөө Худалдаа хөгжлийн банкаар шилжүүлсэн тул миний гар дээр болон дансанд мөнгө хийгээгүй. Иймд миний бие Б.А-ийн нэхэмжилж байгаа 85,000,000 төгрөгийг аваагүй тул хүлээн зөвшөөрөхгүй... гэв.

Хариуцагч Э.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... 2018 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн шуурхай зар сонины дугаарт орон сууц худалдана гэх зарын дагуу М.Н гэх эмэгтэйдээ утсаар холбогдож асуухад 87,000,000 төгрөгөөр зарна гэсэн. Нэг сарын дараа М.Н-тэй дахин холбогдож нөхрийнхөө хамт байрыг нь үзэж уулзахад ....манай төрсөн дүүгийн найз Б.А гэж хүний байр юмаа, өөрөө АНУ-д манай дүүтэй нэг гэрт амьдардаг, мөнгө маш их хэрэгтэй байгаа учраас 87,000,000 төгрөгөөр зарна гэсэн. Улмаар миний зүгээс 85,000,000 төгрөгөөр худалдаж авах санал гаргахад АНУ-д байгаа Б.А дүүтэйгээ яриад, чамтай холбож өгье гээд салсан ба тэр орой нь АНУ-с Б.А гэх хүн над руу утсаар холбогдож байрны өмнөх эзэн нь надаас зээлсэн мөнгөө өгч чадаагүй тул би өрөндөө авсан, түрээслүүлж байгаа ч түрээсийн төлбөрөө авч чадахгүй хэцүү юмаа, энд хамт амьдардаг найзын маань төрсөн эгч М.Н-т байрны гэрчилгээ, түлхүүр, итгэмжлэл өгчихсөн, 85,000,000 төгрөгөөр худалдахыг зөвшөөрч байгаагаа илэрхийлж, би банкны зээл хөөцөлдөж мөнгөө бүрдүүлэхээр тохиролцсон. Мөн доторх эд зүйлийг зөөх хүн байхгүй байна. Хог болох гээд байна эд хогшлыг 3 сая төгрөг аваач гэснийг би зөвшөөрсөн.

Худалдаа Хөгжлийн Банкнаас 55,000,000 төгрөгийн зээл авч ээжийнхээ орон сууцыг барьцаалуулж. өөрийн хуримтлуулсан, бусдаас зээлж олсон 30,000,000 төгрөг нийт 85,000,000 төгрөгийг бүрдүүлэн төлөөлөгч М.Н эгчтэй 2018 оны 5 дугаар сарын 04-ны өдөр холбогдож түүний саналаар Баянзүрх дүүргийн нотариат н.Уранбилэгийн ажлын байранд очиход ...Б.А надтай АНУ-с утсаар ярьсан, бид биенээ таньж мэдэх хүмүүс, надад факсаар Наранцэцэгт олгосон итгэмжлэл ирсэн гээд тухайн итгэмжлэлийг үндэслэн орон сууц худалдах худалдан авах гэрээг байгуулан гэрчилж өгсөн.

Тэндээс гараад мөнгөө өгч, авалцахаар М.Н эгч, нөхөр, бид 3 Худалдаа хөгжлийн банкны Занабазар салбарт ирэхэд М.Н нь байрны гэрчилгээг, түлхүүрийг гартаа атгачихаад яг мөнгөө шилжүүлсний дараа ордероо өгнө гэж хэлээд түрийвчнээсээ дансны дугаар тэмдэглэсэн цаас гаргаж ирээд энэ данс руу шилжүүлчих гэсэн. Өгсөн дансны эзэмшигчийг шалгахад М.Н, Б.А нарын аль ч биш байсан тул нөхөр бид хоёр эргэлзэж тодруулахад Наранцэцэг эгч...миний төрсөн дуу М.Н данс, Би та 2 хэлж байсан даа Алтанцэцэг АНУ-д манай дүүгийн гэрт хамт амьдардаг найзууд, А энэ данс руу шилжүүлээрэй гэж надад хэлсэн, асуудал үүсэхгүй гэж хэлсэн. Үүнийг Б.Аээс тодруулмаар байна гэж Н хэлэхэд Б.А нь Н эгчээр дамжуулан надтай холбогдож Н бид АНУ-д нэг гэрт хамт амьдардаг, надад байрны түрээсийн зардлаас эхлээд мөнгөний хэрэг гарсан тул надтай хамт амьдардаг Н данс руу шилжүүлчих, Би энд түрээсийн төлбөр төлөх, ажлын виз гаргуулах, бичиг баримт орчуулж бүрдүүлэх гээд мөнгөний хэрэгтэй байгаа, би эндээс нь авчихна гэж хэлэхээр нь данс эзэмшигчийн овог М.Н эгчийн овогтой ижил байсан тул итгээд 85,000,000 төгрөгийг М.Н худалдаа хөгжлийн банкны 000000000 тоот дансанд Н худалдаж авсан Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо 13 дугаар хороолол 0-000 тоот байрны төлбөр гэх утгатайгаар шилжүүлж худалдагчийн зүгээс мөнгөө хүлээн авснаа хэлээд, Наранцэцэг эгч гэрчилгээ, түлхүүрээ өгөөд явсан.

Энэ явдлаас хойш хэд хоногийн дараа орон сууцандаа нүүж орох болоход цахилгаан, ус тасарсан байсан тул М.Н эгчтэй утсаар холбогдож хэлэхэд тэрээр Б.А-т хэлээд холбож өгье гэсний дараа удалгүй Б.А нь АНУ-с над руу залгаж олон cap хэрэглээний төлбөр төлөөгүйгээс үүдэж 2 сая орчим төгрөгийн зардал үүссэнийг мэдлээ, урьдны эзэн н.Хоролжав төлөх ёстой, н.Хоролжав энэ байрыг түрээслүүлж ашиг олж байсан. Чи залгаад ярь гээд надад Хоролжавын утасны дугаарыг өгсөн ба Хоролжавтай ярихад 2 сая төгрөгийг өгч чадахгүй гэсэн.

Энэ талаар М.Н эгчид хэлэхэд Б.А над руу холбогдож байранд байгаа эд хогшлын үнэ 3,000,000 төгрөг надад өгөх ёстой түүнээсээ 2 сая төгрөгөө хасаад үлдэх 1,000,000 төгрөгийг надад өгөөрэй гэснийг би зөвшөөрсөн. Тохирсны дагуу Алтанцэцэгийн өгсөн дансанд 1,000,000 төгрөгийг шилжүүлсэн ба тэр үед Б.А нь 1,000,000 төгрөг болон, байрны төлбөр 85,000,000 төгрөгийг өөрийн гар дээр хүлээж авсан гэдгээ хэлж, хэлсэн ярьсандаа хүн байна баярлалаа, авсан өгсөндөө өлзийтэй байг гээд утсаар салгасан.

Энэ бүхнийг дараа ч би М.Н эгчтэй холбогдож Б.Атэй тохирсноо, мөнгөө шилжүүлснээ хэлж байсан. Харин одоо Б.А нь намайг М.Н-тэй нийлж залилан хийсэн мэтээр хамтран хариуцагчаар татаж шүүхэд өгснийг зөвшөөрөхгүй. Би тохирсон мөнгийг төлөөд шударгаар өмчлөгч болсон. Бусдад төлөх орон сууцны үлдэгдэл төлбөргүй учир надад холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү ... гэжээ

                                                                                                                ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б.А 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Орон сууц худалдах, худалдан авах гэрээний үнэ 85,000,000 төгрөгийг хариуцагч М.Н, Э.М нараас аваагүй гэж шүүхэд нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж, орон сууцны үнэ 85,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна.

Хэрэгт авагдсан баримтаар Б.А нь 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүрэг 15 дугаар хороо, 00 дугаар хороолол 0 байр, 000 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000дугаартай, 00000000 дугаар гэрчилгээтэй орон сууцыг бусдад худалдах, гэрээнд төлөөлөн гарын үсэг зурах, лавлагаа авах эрхийг 3 жилийн хугацаатай М.Н-т итгэмжлэл олгосон болох нь тус шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 00000дугаар захирамжийн дагуу нотариатчаас ирүүлсэн итгэмжлэлээр тогтоогдож байна. /х.х-ийн 33-35 хуудас/

М.Н дээрх итгэмжлэлийг үндэслэн Баянзүрх дүүрэг 15 дугаар хороо, 00 дугаар хороолол 0 байр, 000 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000дугаартай, 00000000 дугаар гэрчилгээтэй орон сууцыг 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулан, 85,000,000 төгрөгөөр Э.М худалдсан болох нь Баянзүрх дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсээс шүүхэд ирүүлсэн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 0/0000 дугаар тоот албан бичиг, холбогдох баримтын хуулбараар тогтоогдож байна. /х.х-ийн 36-41 хуудас/

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээн, мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-д Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх..., мөн хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж заасантай 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээ нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байна.

Ннэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т ...Б.Аээс 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр М.Нт итгэмжлэл олгоогүй, уг цаг хугацаанд Б.А Америкийн нэгдсэн улсад амьдарч байсан... гэж шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарладаг. Уг итгэмжлэлтэй холбогдуулан нэхэмжлэгч шүүхэд шаардлага гаргаагүй, шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс тодруулахад орон сууцны үнэ 85,000,000 төгрөг гаргуулах гэж шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж, дэмжин оролцож байх тул 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн итгэмжлэл буюу гаргаагүй нэхэмжлэлийн шаардлагад шүүх хууль зүйн дүгнэлт хийх үндэслэлгүй, шүүх уг итгэмжлэлтэй холбоотой нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар бүрдүүлэх эрхгүй юм.

Тус шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШЗ2021/00000 дугаар захирамжаар Ү.Г-Эгэрчийн мэдүүлэг авхуулахаар шийдвэрлэсэн байна. /х.х-ийн 55-58 хуудас/

Нэхэмжлэгч Б.А 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Орон сууц худалдах, худалдан авах гэрээний үнэ 85,000,000 төгрөгийг хариуцагч Э.М-гаас аваагүй гэх нэхэмжлэгчийн тайлбар гэрч Ү.Г-Эмэдүүлгээр няцаагдаж байна.

Өөрөөр хэлбэл гэрч Ү.Г-Э шүүхэд өгсөн мэдүүлэгтээ ... тухайн үед байр худалдаж авсан төлбөрөө шилжүүлэх болтол данс нь М.Н гэх хүний данс байсан. Тэгээд М.Н эгчид хэлээд Б.А эгчтэй холбогдсон. Гэтэл Б.А нь вайбраар залгаад М.Н данс руу шилжүүлчих, би хамт амьдардаг, эндээс нь авчихна асуудалгүй гэж хэлсэн. Үүний дагуу гүйлгээний утга дээр нь М.Н-ээс авсан байр гэж бичээд шилжүүлсэн., Өөрөө Б.А гэж хэлсэн. Зураг нь иргэний үнэмлэхний зурагтай нь адилхан байсан, Итгэмжлэл хийж өгсөн байсан тул иргэний үнэмлэхний зурагтай царай зүс нь утсаар ярьж байгаа Б.А-тэй таарч байсан. Мөнгө шилжүүлэхэд өөр хүний данс өгсөн учраас би нягталж үзэж, өөртөө нь буюу Б.А-тэй утсаар ярьсан гэж мэдүүлсэн байх тул нэхэмжлэгчийн шаардлага үгүйсгэгдэж байна./х.х-ийн 104, 105 хуудас/

Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2-т үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн ... нөхцөлд үүргийг гүйцэтгэсэнд тооцно гэж заасан байх тул худалдагч Б.А орон сууц худалдсан үнэ 85,000,000 төгрөгийг Н дансаар авахыг зөвшөөрсөн нь хариуцагч нарын тайлбар, гэрчийн мэдүүлгээр давхар тогтоогдож байна.

Иймд худалдагч Б.А худалдан авагч Э.М-гаас орон сууцны үнэ 85,000,000 төгрөг авсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Б.А-ээс 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүрэг 15 дугаар хороо, 13 дугаар хороолол 0 байр, 000 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000дугаартай үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулсны үнэ болох 85 сая төгрөг гаргуулахаар намайг төлөөлж, шүүхэд нэхэмжлэл гаргах, гарын үсэг зурах, тайлбар гаргах, ... энэхүү үйл ажиллагаатай холбогдуулан төрийн эрх бүхий байгууллагуудад хүсэлт гаргах, лавлагаа авах, ... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээх бүрэн эрхийг 3 жилийн хугацаатай С.Т олгож, уг итгэмжлэлийн дагуу нэхэмжлэгчийн эрх, үүргийг хэрэгжүүлж байгаа итгэмлэгдсэн төлөөлөгч С.Т хамтран хариуцагчаар Э.Мг татан оролцуулах хүсэлтийг шүүхэд гаргах эрхтэй байх тул шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болохыг дурдвал зохино.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь 

  1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан М.Н, Э.М нараас 85,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Б.А-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгчийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр төлсөн 582,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг тайлбарласугай.

 

 

ШҮҮГЧ                       Ц.ОЮУНБИЛЭГ