Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2021/01404

 

2021 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2021/01404

 

 

Б.А-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2021/01373 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.А-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.Н, Э.М нарт холбогдох орон сууцны үнэ 85 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Төгс, хариуцагч М.Нийн өмгөөлөгч Ж.Дорж, хариуцагч Э.Мгийн өмгөөлөгч Д.Очирваань шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.А- нь 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр М.Нт Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 6 дугаар байрны 146 тоот, эрхийн улсын бүртгэлийн V-2204000084 дугаартай, 30 м.кв талбай бүхий өөрийн өмчлөлийн 2 өрөө орон сууцыг бусдад худалдах эрхийг итгэмжлэлээр олгосон. 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдөр М.Н нь уг орон сууцыг Э.Мд 85 000 000 төгрөгөөр худалдсан. Э.М орон сууцны үнэ болох 85 000 000 төгрөгийг хариуцагчийн дансанд шилжүүлсэн. Гэтэл 85 000 000 төгрөгийг Б.А-т өгөөгүй. Иймд М.Нээс 85 000 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч М.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.А- 2018 оны 3 дугаар сард Америкийн нэгдсэн улсаас надтай утсаар холбогдож ...13 дугаар хороололд байрлах 2 өрөө орон сууцаа зарах зар тавиад авах хүн олоод зуучлаад өгөөч... гэсэн тул миний бие тусалсан. 2018 оны 3 дугаар сард Шуурхай зар сонинд зар нийтлүүлсний дагуу Э.Мд 85 000 000 төгрөгөөр зарсан. Э.М тухайн орон сууцны доторх эд зүйлсийг 3 000 000 төгрөгөөр авахаар хоорондоо утсаар ярьж тохиролцсон. Б.А- орон сууцны үнийг Америкт хамт амьдардаг манай дүү н.Нарангэрэлийн дансаар Э.Мгаас авсан. Орон сууцны мөнгө шилжүүлсний маргааш Б.А- орон сууцны үнэ шилжээд ирсэн гэж хэлсэн. 2019 оны 02 дугаар сард Америкт очиход Б.А- нь дүүгийнд байсан. Энэ үед орон сууцны төлбөрийн талаар ямар нэгэн асуудал яриагүй. Миний бие зөвхөн зар тавьж зуучилж өгсөн. Америкаас Б.А- нь факсаар нотариатч н.Урнаагаар орон сууцаа зарах итгэмжлэхээ хийлгэсэн. Э.М орон сууцны төлбөрийг Худалдаа хөгжлийн банкаар шилжүүлсэн. Иймд Б.А-ийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч Э.М шүүхэд гаргасан тайлбартаа: Шуурхай зар сонины зарын дагуу М.Нтэй холбогдоход орон сууцыг 87 000 000 төгрөгөөр зарна гэсэн. Улмаар миний бие 85 000 000 төгрөгөөр худалдаж авах санал гаргахад АНУ-д байгаа Б.А-тэй ярихад ... М.Нт байрны гэрчилгээ, түлхүүр, итгэмжлэл өгчихсөн, 85 000 000 төгрөгөөр худалдана... гэсэн тул худалдаж авсан. 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Б.А- нь Америкийн нэгдсэн улсаас М.Нт итгэмжлэл олгосны дагуу нотариат н.Уранбилэгээр орон сууц худалдах, худалдан авах гэрээг гэрчлүүлсэн. М.Нийн өгсөн дансанд орон сууцны төлбөрийг шилжүүлэх гэхэд биш Б.А- болон М.Нийн данс биш байсан тул энэ талаар тодруулахад М.Н ...миний төрсөн дүү М.Нарангэрэлийн данс, Б.А- АНУ-д манай дүүгийн гэрт хамт амьдардаг найзууд, Б.А- энэ данс руу шилжүүлээрэй гэж хэлсэн... гэсэн тул орон сууцны үнэ 85 000 000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банк дахь М.Нарангэрэлийн эзэмшлийн 405051660 тоот дансанд шилжүүлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан М.Н, Э.М нараас 85 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Б.А-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгчийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр төлсөн 582 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Төгс давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Б.А- нь М.Нт итгэмжлэл олгоогүй. Энэ талаар М.Н нь тайлбартаа тусгасан. Итгэмжлэл олгох үед Б.А- нь Монгол улсад байгаагүй. Мөн Э.Мд М.Нийн төрсөн дүү М.Нарангэрэлийн дансанд шилжүүлэх итгэмжлэл олгоогүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Б.А- нь хариуцагч М.Н, Э.М нарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт орон сууцны үнэ 85 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч Э.М ... орон сууцны үнийг М.Нийн өгсөн дансанд шилжүүлсэн... гэж, хариуцагч М.Н ... Б.А- нь орон сууцны үнийг М.Нарангэрэлийн дансаар авахыг хүссэн тул уг дансанд төлбөрийг шилжүүлүүлсэн... гэж маргажээ.

Хариуцагч Э.М нь 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Худалдаа хөгжлийн банк дахь М.Нарангэрэлийн эзэмшлийн 405051660 тоот дансанд Наранцэцэг-с ХУ/авсан УБ, БЗД 15-р хор, 13-р хор-л 6-146 тоот байрны төлбөр гэх агуулгаар 85 000 000 төгрөгийг шилжүүлсэн гэж маргасан боловч нэхэмжлэгч уг мөнгөн хөрөнгийг М.Нарангэрэлээс аваагүй гэж тайлбарласан.

Хариуцагч Э.М М.Нарангэрэлийн дансанд 85 000 000 төгрөг шилжүүлсэн баримт хэрэгт авагдсан байх боловч М.Нарангэрэл нь Б.А-т орон сууцны үнэ 85 000 000 төгрөгийг шилжүүлэн өгсөн эсэхийг тодруулах нь талуудын хооронд маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой байж болохоор байна.

Түүнчлэн, нэхэмжлэгч Б.А- нь хариуцагч М.Нт Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 6 дугаар байр, 146 тоот, 30 м.кв талбай бүхий орон сууцыг бусдад худалдаж, гэрээнд төлөөлж гарын үсэг зурах, лавлагаа авах итгэмжлэл олгосон байх боловч тухайн үед Б.А- нь Америкийн нэгдсэн улсад байсан талаар хариуцагч М.Н шүүх хуралдаанд тайлбарласнаас үзвэл уг итгэмжлэлийг хуульд заасан зохих журмын дагуу олгосон эсэхийг тодруулах шаардлагатай. /хх-33, 102-108/

Дээрх нөхцөл байдлыг тодруулснаар нэхэмжлэлийг шаардлага түүний үндэслэл тодорхой болохоос гадна уг ажиллагааг давж заалдах шатны шүүх нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2021/01373 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 582 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

Д.БАЙГАЛМАА