Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2021/01651

 

                               

 

 

 

                        

 

              

 

2021 оны 06 сарын 28 өдөр                   Дугаар 102/ШШ2021/01651                               Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,  

Нэхэмжлэгч: Г ,

Нэхэмжлэгч: О нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:, Бт холбогдох,  

Ажлаас хууль бусаар халагдсаныг тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ж.Г, Х.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Билгүүн, нарийн бичгийн дарга Ш.Лхамсүрэн нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ж.Г 2019.05.01-ээс, Х.О 2017.03.21-ний өдрөөс тус тус БГД-ийн 18 дугаар хороонд Хэсгийн ахлагчийн ажил хийж, гэрээнд заасны дагуу удирлагуудаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь сайн гүйцэтгэж ирсэн. Орон нутгийн хөгжлийн санал асуулга болон Ковидын үед хөл хорио өндөржүүлсэн бэлэн байдлын үед хамгийн анхан шатны нэгжид амралтгүй илүү цагаар ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа Х.О нь Дүүргийн жуух, Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнуулж байсан. Ж.Г нь 2020 онд Төрийн албаны шалгалт өгч тэнцээд нөөцөд орсон. Ж.Г нь 2022 онд тэтгэвэрт гарах тул нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал тасарч, хөл хорионы үед орлогогүй, ажилгүй /зээлтэй/ болж хүнд байдалд орлоо. Баянгол дүүрэгт 1992 оноос ажиллаж амьдарч ирсэн өрх толгойлсон эмэгтэй байна. Х.О нь Баянгол дүүрэгт 4 жил тасралтгүй ажилласан, ажлын туршлагатай хөдөлмөрийн ид насны хүн байна. Иймд Монгол Улсын Үндсэн Хуулиар олгосон Иргэний эрх, Эрх чөлөө зөрчигдсөн гэж үзэж, гэрээний хугацаа дуусаагүй байхад ажлаас хууль бусаар халагдсаныг тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэл гаргаж байна. Ажлаас халах мэдэгдэл сарын өмнө өгөх ёстой байсан өгөөгүй, гэнэт тушаал гарсан, ажлаас халах тушаал нь үндэслэлгүй, ойлгомжгүй, тодорхойгүй, маш олон хүнийг хоморголон халсан. 04 сарын 02-нд халагдах тушаал гарсан тул 04 сарын 26-нд 2 хоногийн цалин орж, сайн дурын нийгмийн даатгал төлөх боломжгүй болж маш ихээр хохироолоо. Ж.Г нь тус хороонд жил 11 сар гаран ажилласан тул сүүлийн 24 сар нийгмийн даатгал төлсөн байх ёстой учир ажилгүйдлийн тэтгэмжид хамрагдаж чадсангүй гэв.

 

Хариуцагчаас шүүхэд болон төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нарыг тус газрын даргын 2020.04.20-ны өдрийн тушаалаар 18 дугаар хорооны хэсгийн ахлагчаар томилон, хөлсөөр ажиллуулах гэрээ байгуулан ажиллуулж байсан бөгөөд 2021.04.02-ны өдрийн Б/406 дугаар тушаалаар хөлсөөр ажиллах гэрээг дуусгавар болгож хорооны хэсгийн ахлагчаас чөлөөлсөн. 2020.04.21-ний өдөр талуудын хооронд байгуулагдсан 18/03, 18/10 дугаар хөлсөөр ажиллах гэрээний хугацааг 2020.04.20-ны өдрөөс 2021.04.15-ны өдрийг хүртэлх хугацаагаар тогтоож, гэрээг дуусгавар болгох үндэслэлүүдийг тусгайлан зааж, талууд гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан. Дүүргийн Засаг даргын тамгын газрын даргын 2018 оны Б/63 дугаар тушаалаар батлагдсан “Хорооны хэсгийн ахлагчийг сонгон шалгаруулах журам”-д хэсгийн ахлагчийг сонгон шалгаруулах ажлыг “нэгдүгээр улиралд багтаан зохион байгуулж” үр дүнг танилцуулах үүрэгтэй гэж тусгаж өгсөн бөгөөд дээрх журмын дагуу Засаг даргын тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнгөнхуяг 2021.03.16-ны өдрийн 01/495 дугаар албан бичгээр “хорооны хэсгийн ахлагчийн сонгон шалгаруулалтыг 2021.04.02-ны өдөр авах тул хэсгийн ахлагчаар ажиллах хүсэлтэй иргэний материалыг 2021.03.30-ны өдөр цаасаар болон албан бичгээр ирүүлнэ үү” гэж 25 хорооны Засаг дарга нарт мэдэгдсэн ба Засаг даргын Тамгын газрын даргын 2021.03.26-ны өдрийн 01/585 дугаар албан бичгээр “2021.04.02-ны өдрийн хэсгийн ахлагчийн сонгон шалгаруулалтад хөлсөөр ажиллах гэрээ дуусгавар болоогүй, одоо ажиллаж байгаа хэсгийн ахлагчдыг бүрэн хамруулна уу” гэж хороодын Засаг дарга нарт мэдэгдэл хүргүүлсэн. Дээрх албан бичиг, мэдэгдлийн дагуу шинээр шалгалтад орох иргэд болон хөлсөөр ажиллах гэрээ дуусгавар болоогүй байгаа хэсгийн ахлагч нарыг оролцуулан ажлын хэсэг 2021.04.02-ны өдөр шалгалтыг хороо тус бүрээр зохион байгуулж, шалгалтад гэнцсэн иргэдтэй хөлсөөр ажиллах гэрээ байгуулан, хэсгийн ахлагчаар томилсон. Хорооны хэсгийн ахлагчийг сонгон шалгаруулах журмын 5.2-т “Тестийн шалгалтад 36 буюу түүнээс дээш оноо, ярилцлагын шалгалтад 24 буюу түүнээс дээш оноо тус тус авсан оролцогчийг тэнцсэн гэж үзэж, тухайн сонгосон хорооны онооны дарааллаар жагсаалт гаргана” гэж заасан бөгөөд чэхэмжлэгч Х.О 60 онооны тестийн шалгалтаас 42, 40 онооны ярилцлагын шалгалтаас 17 оноо, нэхэмжлэгч Ж.Г нь 60 онооны тестийн шалгалтаас 42 оноо, 40 онооны ярилцлагын жалгалтаас 16 оноо авсан бөгөөд нэхэмжлэгч нарын авсан оноо нь шалгалтын босго оноонд хүрээгүй буюу нийт оноогоороо шалгалтад тэнцээгүй. Иймд хэсгийн ахлагчийг сонгон шалгаруулах журам болон нэхэмжлэгч нарын шалгалтын дүнг үндэслэн хөлсөөр ажиллах гэрээг дуусгавар болгосон нь хууль зүйн үндэслэлтэй юм. Иргэний хуулийн 364.1-д “хөлсөөр ажиллах гэрээ тохирсон хугацаа дууссанаар дуусгавар болно” гэж заасан бөгөөд дээрх хуулийн 367 дугаар зүйлд гэрээний хугацаа дуусахаас өмнө гэрээг цуцлах үндэслэлүүдийг заасан байдаг. Тус үндэслэлүүдээс дурдвал 367.1-д “Энэ хуулийн 221 дүгээр зүйлд заасан хүндэтгэн үзэх үндэслэлээр гэрээг цуцалсан тохиолдолд ажиллагч нь гэрээ цуцлах хүртэл хугацаанд гүйцэтгэсэн ажлынхаа хөлсийг шаардах эрхтэй” гэж заажээ. Хорооны хэсгийн ахлагчийн сонгон шалгаруулалтыг 2021.04.02-ны өдөр явуулах талаар хороодын ажлын албанд мэдэгдэж, гэрээний хугацаа дуусаагүй байгаа хэсгийн ахлагч нарыг бүрэн хамруулах чиглэл өгсний дагуу нэхэмжлэгч нар шалгалтад оролцсон ба тэнцсэн иргэдтэй хөлсөөр ажиллах гэрээ байгуулан, хэсгийн ахлагчаар томилсон. Шалгалт явуулахаас өмнө оролцогч нарыг бэлдэх, шалгалтад бүрэн хамрагдах боломжоор хангаж 14 хоногийн өмнө шалгалтын зарыг хүргэсэн, мөн шалгалт эхлэхээс өмнө оноо дүгнэх журмыг оролцогчдод танилцуулж, заавар зөвлөгөө өгсөн бөгөөд хууль болон журамд заасны дагуу шалгалтыг зохион байгуулсан ба шалгалтад тэнцээгүй нэхэмжлэгч нарын хөлсөөр ажиллах гэрээг дуусгавар болгохдоо ажилласан хугацаанд ногдох цалин хөлсийг тооцож олгосон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Ж.Г, Х.О нар нь Бт холбогдуулан ажлаас хууль бусаар халагдсаныг тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэхийг хүссэн нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ ажлаас хууль бусаар халсан гэж тайлбарлав.

 

Хариуцагч нь гэрээний хугацаа дууссан, сонгон шалгаруулалтад тэнцээгүй тул тушаал үндэслэлтэй гэж маргалаа.

 

Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газрын дарга нь 2018 оны Б/63 дугаар тушаалаар “Хорооны хэсгийн ахлагчийг сонгон шалгаруулах журам”-ыг баталсан байх бөгөөд энэхүү журмын дагуу нэхэмжлэгч нар сонгон шалгаруулалтад оролцон тэнцэж, зохигч 2020.04.21-ний өдөр “Хөлсөөр ажиллах гэрээ” байгуулж, нэхэмжлэгч нарыг Б/121 дугаар тушаалаар 18 дугаар хорооны хэсгийн ахлагчаар томилжээ.

 

Нэхэмжлэгч тал дээрх гэрээг хөдөлмөрийн гэрээ гэж тодорхойлж маргаж байгаа боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасан хөдөлмөрийн гэрээгээр гол нөхцөл тохирсон байхыг шаардах бөгөөд тухайн тохиолдолд ажлын байрны тодорхойлолтгүйгээс гадна үндсэн цалингийн хэмжээ, хөдөлмөрийн нөхцлийг тодорхойлоогүй байна.

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасанд нийцсэн, талууд хүсэл зоригоо илэрхийлж, гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болсон, гэрээний агуулга, нөхцөл, хүлээх үүргийг авч үзвэл Иргэний хуульд заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна.

 

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээхээр заасан ба гэрээний дагуу нэхэмжлэгч нар нь хууль тогтоомж, төрийн байгууллагын үндсэн үйл ажиллагааны чиглэлээр гаргасан шийдвэрийг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад хөнгөн шуурхай хүргэх, мэдээлэх, сурталчлах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, төр иргэний хамтын ажиллагааг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх үүргийг, хариуцагч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээжээ. 

 

Талууд гэрээний хугацааг 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл гэж заасан байхад хариуцагч нь 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Б/406 тоот тушаалаар гэрээний хугацаа дууссан үндэслэл заан гэрээг дуусгавар болгосон нь Иргэний хуулийн 364 дүгээр зүйлийн 364.1-д хөлсөөр ажиллах гэрээ тохирсон хугацаа дууссанаар дуусгавар болохоор заасанд нийцэхгүй байна.

 

Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газрын дарга нь хэсгийн ахлагчийг сонгон шалгаруулах ажлыг журамд заасны дагуу зохион байгуулж, нэхэмжлэгч нар нь хүсэлтээ гаргаснаар оролцсон, үнэлгээгээр тэнцээгүй байх бөгөөд энэхүү үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй талаар тайлбар гаргаж байгаа боловч эрх бүхий этгээдэд хуульд заасан хугацаанд гомдлоо гаргасан нь нотлогдохгүй байна.

 

Иргэний хуулийн 360 дугаар зүйлийн 360.1-д гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэсний хөлсийг ажил үйлчилгээг хийж гүйцэтгэсний дараа төлөхөөр заасан ба хариуцагч нь нэхэмжлэгч нарт сар бүр 630,000 төгрөгийн ажлын хөлс олгосон, энэ талаар талууд маргахгүй байна.

 

Иймд 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх 14 хоногийн хөлсөө нэхэмжлэгч нар нь шаардах эрхтэй тул тус бүр 315,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч нарт олгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч нарыг гэрээний дагуу ажиллах хугацаанд ажиллуулагч нь нэхэмжлэгч нарын эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг төлж байсан, хариуцагч нь энэ талаар маргаагүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар 2021.04.02-ны өдрөөс 2021.04.15-ны өдрийн хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нарын эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 359 дугаар зүйлийн 359.1, 361 дүгээр зүйлийн 361.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б даргын 2021.04.02-ны өдрийн Б/406 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоож, хариуцагчаас хөлсөөр ажиллах гэрээний үүргийн гүйцэтгэлд 630,000 төгрөг гаргуулан,  Гт 315,000 төгрөгийг, Од 315,000 төгрөгийг тус тус олгосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгч нарын эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг 2021.04.02-ны өдрөөс 2021.04.15-ны өдрийн хүртэлх хугацаанд нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.  

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Ж.ЭРДЭНЭЧИМЭГ