Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2021/01212

 

 

 

 

 

2021 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2021/01212

 

Ж.Г, Х.О нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2021/01651 дугаар шийдвэртэй

Ж.Г, Х.О нарын нэхэмжлэлтэй хариуцагч Б газарт холбогдох

Ажлаас хууль бусаар халагдсаныг тогтоолгож, ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

Нэхэмжлэгч Ж.Г, Х.О нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Г 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс, Х.О 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс тус тус БГД-ийн 18 дугаар хороонд хэсгийн ахлагчийн ажил хийсэн. Орон нутгийн хөгжлийн санал асуулга болон ковидын үед хөл хорио өндөржүүлсэн бэлэн байдлын үед анхан шатны нэгжид амралтгүй илүү цагаар ажиллаж байсан. Ж.Г нь 2022 онд тэтгэвэрт гарах тул нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал тасарч, хөл хорионы үед орлогогүй, ажилгүй /зээлтэй/ болж хүнд байдалд орлоо. Баянгол дүүрэгт 1992 оноос ажиллаж амьдарч ирсэн өрх толгойлсон эмэгтэй байна. Х.О нь Баянгол дүүрэгт 4 жил тасралтгүй ажилласан, ажлын туршлагатай хөдөлмөрийн ид насны хүн байна. Иймд Үндсэн хуулиар олгосон иргэний эрх, эрх чөлөө зөрчигдсөн гэж үзэж, гэрээний хугацаа дуусаагүй байхад ажлаас хууль бусаар халагдсаныг тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэл гаргаж байна. Ажлаас халах мэдэгдэл сарын өмнө өгөх ёстой байсан өгөөгүй, гэнэт тушаал гарсан, ажлаас халах тушаал нь үндэслэлгүй байна. 4 дүгээр сарын 02-ны өдөр халагдах тушаал гарсан тул 4 дүгээр сарын 26-ны өдөр 2 хоногийн цалин орж, сайн дурын нийгмийн даатгал төлөх боломжгүй болж маш ихээр хохироолоо. Ж.Г нь тус хороонд жил 11 сар гаран ажилласан тул сүүлийн 24 сар нийгмийн даатгал төлсөн байх ёстой учир ажилгүйдлийн тэтгэмжид хамрагдаж чадсангүй гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тэргэл шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нарыг тус газрын даргын 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн тушаалаар 18 дугаар хорооны хэсгийн ахлагчаар томилон, хөлсөөр ажиллуулах гэрээ байгуулан ажиллуулж байсан бөгөөд 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Б/406 дугаар тушаалаар хөлсөөр ажиллах гэрээг дуусгавар болгож хорооны хэсгийн ахлагчаас чөлөөлсөн. 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр талуудын хооронд байгуулагдсан 18/03, 18/10 дугаар хөлсөөр ажиллах гэрээний хугацааг 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаагаар тогтоож, гэрээг дуусгавар болгох үндэслэлүүдийг тусгайлан зааж, талууд гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан. Дүүргийн Засаг даргын тамгын газрын даргын 2018 оны Б/63 дугаар тушаалаар батлагдсан Хорооны хэсгийн ахлагчийг сонгон шалгаруулах журам-д хэсгийн ахлагчийг сонгон шалгаруулах ажлыг нэгдүгээр улиралд багтаан зохион байгуулж үр дүнг танилцуулах үүрэгтэй гэж тусгасан. Дээрх журмын дагуу Засаг даргын тамгын газрын төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнгөнхуяг 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 01/495 дугаар албан бичгээр хорооны хэсгийн ахлагчийн сонгон шалгаруулалтыг 25 хорооны Засаг дарга нарт мэдэгдсэн. Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 01/585 дугаар албан бичгээр 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн хэсгийн ахлагчийн сонгон шалгаруулалтад хөлсөөр ажиллах гэрээ дуусгавар болоогүй, одоо ажиллаж байгаа хэсгийн ахлагчдыг бүрэн хамруулах талаар хороодын Засаг дарга нарт мэдэгдэл хүргүүлсэн. Дээрх албан бичиг, мэдэгдлийн дагуу шинээр шалгалтад орох иргэд болон хөлсөөр ажиллах гэрээ дуусгавар болоогүй байгаа хэсгийн ахлагч нарыг оролцуулан ажлын хэсэг 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр шалгалтыг хороо тус бүрээр зохион байгуулж, шалгалтад тэнцсэн иргэдтэй хөлсөөр ажиллах гэрээ байгуулан, хэсгийн ахлагчаар томилсон. Хорооны хэсгийн ахлагчийг сонгон шалгаруулах журмын 5.2-т Тестийн шалгалтад 36 буюу түүнээс дээш оноо, ярилцлагын шалгалтад 24 буюу түүнээс дээш оноо тус тус авсан оролцогчийг тэнцсэн гэж үзэж, тухайн сонгосон хорооны онооны дарааллаар жагсаалт гаргана гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Х.О 60 онооны тестийн шалгалтаас 42, 40 онооны ярилцлагын шалгалтаас 17 оноо, нэхэмжлэгч Ж.Г нь 60 онооны тестийн шалгалтаас 42 оноо, 40 онооны ярилцлагын шалгалтаас 16 оноо авсан бөгөөд нэхэмжлэгч нарын авсан оноо нь шалгалтын босго оноонд хүрээгүй буюу нийт оноогоороо шалгалтад тэнцээгүй. Иймд хэсгийн ахлагчийг сонгон шалгаруулах журам болон нэхэмжлэгч нарын шалгалтын дүнг үндэслэн хөлсөөр ажиллах гэрээг дуусгавар болгосон нь хууль зүйн үндэслэлтэй юм. Иргэний хуулийн 364 дүгээр зүйлийн 364.1 дэх хэсэгт хөлсөөр ажиллах гэрээ тохирсон хугацаа дууссанаар дуусгавар болно гэж заасан бөгөөд дээрх хуулийн 367 дугаар зүйлд гэрээний хугацаа дуусахаас өмнө гэрээг цуцлах үндэслэлүүдийг заасан байдаг. Тус үндэслэлүүдээс дурдвал 367.1 дэх хэсэгт Энэ хуулийн 221 дүгээр зүйлд заасан хүндэтгэн үзэх үндэслэлээр гэрээг цуцалсан тохиолдолд ажиллагч нь гэрээ цуцлах хүртэл хугацаанд гүйцэтгэсэн ажлынхаа хөлсийг шаардах эрхтэй гэж заажээ. Хорооны хэсгийн ахлагчийн сонгон шалгаруулалтыг 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр явуулах талаар хороодын ажлын албанд мэдэгдэж, гэрээний хугацаа дуусаагүй байгаа хэсгийн ахлагч нарыг бүрэн хамруулах чиглэл өгсний дагуу нэхэмжлэгч нар шалгалтад оролцсон ба тэнцсэн иргэдтэй хөлсөөр ажиллах гэрээ байгуулан, хэсгийн ахлагчаар томилсон. Шалгалт явуулахаас өмнө оролцогч нарыг бэлдэх, шалгалтад бүрэн хамрагдах боломжоор хангаж 14 хоногийн өмнө шалгалтын зарыг хүргэсэн, мөн шалгалт эхлэхээс өмнө оноо дүгнэх журмыг оролцогчдод танилцуулж, заавар зөвлөгөө өгсөн бөгөөд хууль болон журамд заасны дагуу шалгалтыг зохион байгуулсан ба шалгалтад тэнцээгүй нэхэмжлэгч нарын хөлсөөр ажиллах гэрээг дуусгавар болгохдоо ажилласан хугацаанд ногдох цалин хөлсийг тооцож олгосон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ШҮҮХ: Иргэний хуулийн 359 дугаар зүйлийн 359.1, 361 дүгээр зүйлийн 361.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б газрын даргын 2021.04.02-ны өдрийн Б/406 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоож, хариуцагчаас хөлсөөр ажиллах гэрээний үүргийн гүйцэтгэлд 630 000 төгрөг гаргуулан, /РД:ХЕ66010969/ Аш овогтой Жигжидсүрэнгийн Гт 315 000 төгрөгийг, /РД:ЧГ73010467/ Цагаан овогтой Хумбадайн Од 315 000 төгрөгийг тус тус олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгч нарын эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг 2021.04.02-ны өдрөөс 2021.04.15-ны өдрийн хүртэлх хугацаанд нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тэргэл давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны Б/63 дугаар тушаалаар батлагдсан Хорооны хэсгийн ахлагчийг сонгон шалгаруулах журам-д хэсгийн ахлагчийг сонгон шалгаруулах ажлыг нэгдүгээр улиралд багтаан зохион байгуулж үр дүнг танилцуулах үүрэгтэй гэж тусгаж өгсөн бөгөөд дээрх журмын дагуу Засаг даргын тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнгөнхуяг 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 01/495 дугаартай албан бичгээр хорооны хэсгийн ахлагчийн сонгон шалгаруулалтыг 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр авах тул хэсгийн ахлагчаар ажиллах хүсэлтэй иргэний материалыг 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр цаасаар болон албан бичгээр ирүүлнэ үү гэж 25 хорооны засаг дарга нарт мэдэгдсэн. Дээрх албан бичиг, мэдэгдлийн дагуу шинээр шалгалтад орох иргэд болон хөлсөөр ажиллах гэрээ дуусгавар болоогүй байгаа хэсгийн ахлагч нарыг оролцуулан ажлын хэсэг 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр шалгалтыг хороо тус бүрээр зохион байгуулж, шалгалтад тэнцсэн иргэдтэй хөлсөөр ажиллах гэрээ байгуулан, хэсгийн ахлагчаар томилсон. Хорооны хэсгийн ахлагчийг сонгон шалгаруулах журмын 5.2-т Тестийн шалгалтад 36 буюу түүнээс дээш оноо, ярилцлагын шалгалтад 24 буюу түүнээс дээш оноо тус тус авсан оролцогчийг тэнцсэн гэж үзэж, тухайн сонгосон хорооны онооны дарааллаар жагсаалт гаргана гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Х.О 60 онооны тестийн шалгалтаас 42, 40 онооны ярилцлагын шалгалтаас 17 оноо, нэхэмжлэгч Ж.Г нь 60 онооны тестийн шалгалтаас 42 оноо, 40 онооны ярилцлагын шалгалтаас 16 оноо авсан бөгөөд нэхэмжлэгч нарын авсан оноо нь шалгалтын босго оноонд хүрээгүй буюу нийт оноогоороо шалгалтад тэнцээгүй. Иймд хариуцагчийн зүгээс хэсгийн ахлагчийг сонгон шалгаруулах журам болон нэхэмжлэгч нарын шалгалтын дүнг үндэслэн хөлсөөр ажиллах гэрээг дуусгавар болгосон нь хууль зүйн үндэслэлтэй юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлийг тусгаж өгсөн бөгөөд тус гол нөхцөлд ажлын байрны буюу албан тушаалын нэр, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүрэг, үндсэн цалин буюу албан тушаалын цалингийн хэмжээ, хөдөлмөрийн нөхцөл зэрэг багтах бөгөөд нэхэмжлэгч нарын зүгээс талуудын хооронд байгуулагдсан хөлсөөр ажиллах гэрээнд хөдөлмөрийн гэрээний гол нөхцөл, заалтууд орсон учраас хөдөлмөрийн гэрээ гэж үзэн, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгч нараар хэсгийн ахлагчийн ажлыг тодорхой хөлстэйгөөр гүйцэтгүүлж байсан тул дээрх гэрээг хөдөлмөрийн гэрээтэй адилтгаж үзэх боломжгүй, цалин нөхөж олгохоор шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна. Түүнчлэн Иргэний хуулийн хуулийн 367 дугаар зүйлд гэрээний хугацаа дуусахаас өмнө гэрээг цуцлах үндэслэлүүдийг заасан бөгөөд тус үндэслэлүүдээс дурдвал 367.1 дэх хэсэгт Энэ хуулийн 221 дүгээр зүйлд заасан хүндэтгэн үзэх үндэслэлээр гэрээг цуцалсан тохиолдолд ажиллагч нь гэрээ цуцлах хүртэл хугацаанд гүйцэтгэсэн ажлынхаа хөлсийг шаардах эрхтэй гэж заажээ. Шалгалт явуулахаас өмнө оролцогч нарыг бэлдэх, шалгалтад бүрэн хамрагдах боломжоор хангаж 14 хоногийн өмнө шалгалтын зарыг хүргэсэн, мөн шалгалт эхлэхээс өмнө оноо дүгнэх журмыг оролцогчдод танилцуулж, заавар зөвлөгөө өгсөн бөгөөд хууль болон журамд заасны дагуу шалгалтыг зохион байгуулсан ба шалгалтад тэнцээгүй нэхэмжлэгч нарын хөлсөөр ажиллах гэрээг дуусгавар болгохдоо ажилласан хугацаанд ногдох цалин хөлсийг тооцож олгосон болно. Гэтэл шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэн зөв дүгнэхгүйгээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хөлсөөр ажиллах гэрээний дагуу нэхэмжлэгч тус бүрт 300 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасны дагуу хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, зохигчийн хооронд үүссэн маргаанд хэрэглэвэл зохих хуулийн зохицуулалтыг зөв тайлбарласан байна.

Нэхэмжлэгч Ж.Г, Х.О нар нь хариуцагч Б газарт холбогдуулан ажлаас хууль бусаар халагдсаныг тогтоолгож, ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Зохигчид талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг нэхэмжлэгч нар хөдөлмөрийн харилцаа гэж, хариуцагч хөлсөөр ажиллах гэрээний харилцаа гэж өөр өөрөөр тайлбарлан маргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хариуцагч Б газар нь нэхэмжлэгч Х.Отэй 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 18/10 дугаар, нэхэмжлэгч Ж.Гтэй 18/03 дугаартай Хөлсөөр ажиллах гэрээ тус тус байгуулсан байх бөгөөд анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаа хөлсөөр ажиллах гэрээний харилцаа гэж тодорхойлсон нь зөв болжээ. /хх.5-8/

Хариуцагч Нийслэлийн Б газрын даргын 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Б/406 дугаар тушаалаар Х.О, Ж.Г нартай байгуулсан Хөлсөөр ажиллах гэрээ-г дуусгавар болгохдоо ...Хэсгийн ахлагчийг сонгон шалгаруулах журам болон нэхэмжлэгч нарын шалгалтын дүнг үндэслэн хөлсөөр ажиллах гэрээг дуусгавар болгосон гэсэн үндэслэл заажээ. /хх.9-12/

Талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасны дагуу байгуулагдсан хөлсөөр ажиллах гэрээ нь мөн хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1 дэх хэсэгт заасан хүндэтгэн үзэх шалтгааны улмаас цуцлагдсан гэж үзэх үндэслэлгүй байна. Учир нь, Иргэний хуулийн 364 дүгээр зүйлийн 364.1 дэх хэсэгт Хөлсөөр ажиллах гэрээ тохирсон хугацаа дууссанаар дуусгавар болно гэж заасан бөгөөд талууд тохиролцоогүй тохиолдолд Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1 дэх хэсэгт заасан урт хугацааны гэрээг цуцлах хуулийн зохицуулалт үйлчлэх юм.

Хөлсөөр ажиллах гэрээнд ...Иргэний хуулийн 359-368 дугаар зүйл, Б газрын даргын 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Б/121 тушаал болон холбогдох бусад дүрэм, журмыг баримтлан дор дурдсан нөхцөлөөр хэлэлцэн тохирч, 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаатайгаар гэрээг байгуулав гэжээ.

Хариуцагч нь 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Б/406 тоот тушаалд гэрээний хугацаа дууссан үндэслэл заан гэрээг дуусгавар болгосон нь Иргэний хуулийн 364 дүгээр зүйлийн 364.1 дэх хэсгийн Хөлсөөр ажиллах гэрээ тохирсон хугацаа дууссанаар дуусгавар болно гэж заасанд болон гэрээний хугацааг 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл гэж заасанд нийцэхгүй байна. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 360 дугаар зүйлийн 360.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх 14 хоногийн хөлсөө нэхэмжлэгч нар нь шаардах эрхтэй гэж дүгнэн хариуцагч Б газраас нэхэмжлэгч Х.О, Ж.Г нарт тус бүр 315 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нарыг гэрээний дагуу ажиллах хугацаанд ажиллуулагч нь нэхэмжлэгч нарын эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг төлж байсан, хариуцагч нь энэ талаар маргаагүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт зааснаар 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нарын эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй болно.

Анхан шатны шүүх шийдвэрийн удиртгал хэсэгт шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогчийн нэрийг бичсэн техникийн алдаа гаргасан байгааг дурдаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулахаар гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2021/01651 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч Б газар нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ОТГОНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

Ц.ИЧИНХОРЛОО