Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 156/шш2021/00212

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

156/2021/00128/И

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын О.О-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Нэгдсэн холбогдох

Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/51 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 5.548.750 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: О.О

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.О 

Харицагч: Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн дарга Д.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.У. нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч О.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2007 оноос эхлэн Хэнтий аймгийн Нэгдсэн дотрын тасгийн эрхлэгч, ахмадын кабинетын эмч, өдрийн эмчилгээний эмчээр тус тус ажиллаж байгаад 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс Нэгдсэн эмнэлгийн даргын Б/82 тоот тушаалаар Зөвлөх поликлиникт настны эмчээр томилогдон ажилласан. Ингээд 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/51 тоот тушаалаар чөлөөлөгдсөн бөгөөд уг тушаалыг хуульд нийцээгүй гэж үзэн нэхэмжлэл гаргаж байна. Учир нь намайг амбулторын настны эмчээр ажиллаж байхад сэргээн засах, ахмад, хавдар хөнгөвчлөх тасгийн ахмадын эмч Х.М нь 2021 оны 01 дүгээр сарын 22-ны орой яриад би ээлжийн амралтаа авах гэж байгаа, даргатай уулзахад чамд ажлаа хүлээлгэж өг гэж байна гэсэн. Тэгэхээр нь би Даргатай уулзаж байгаад больё гэж хариу өгөөд даргатай уулзаж М эмч амарч байгаа юм байна, надад цалин хөлсний хувь өгөх үү гэхэд үгүй, чи өөрөө ажлаа зохицуул гэсэн. 1 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн Х.М эмчийн ажлыг хавсарч хийж байхад 1 дүгээр сарын 27-ны өдөр эмнэлгийн хүлээн авахын диспетчер хүлээн авахад хүн ирээд үзүүлье гэж байна гэхээр нь би эмч нь амбулаторио үзэж дуусаагүй байна тиймээс дотрын тасгийн эмч А эмчийгээ дуудаж үзүүл гэж хэлээд өрөөндөө ажлаа хийж байгаад доор үзгээ мартсан байж байгаад гартал доороос хүмүүс насилк дээр хүн аваад орж ирж байсан. Түүний араас Э эмч ирсэн тэгэхээр нь энэ юу болж байгаа юм бэ, А эмчдээ үзүүлсэн юм уу гэж гэсэн. Түүнээс өмнө үзлэгийн дундуур К дарга Э эмч хоёр залгасан байсан. Тэгэхээр нь К дарга руу залгаад диспетчер эмч залгасан тухай хэлэхэд Э эмчтэй ярь гэж хэлсэн. Тэгээд үзгээ авах гээд гартал өрөөний үүдэнд хүн аваад ирж байсан. Би Э эмчид энэ юу болж байгаа юм бэ, гэхэд А эмч үзэхгүй гэсэн үзэх хүн олдохгүй байгаа юм чинь танай тасаг л авах байх гэж хэлсэн. Тэгээд даргатай ярьж шийдье гээд дарга руу очиход байгаагүй. К даргатай уулзаад өдөр тантай яриад Э эмчтэй ярихад энэ хүнийг үзээгүй байна. Би амбулаторио үзээд 14, 15 цаг гэж дуусаж байна. Би өөрийнхөө хийх ёстой ажлыг хийж амжихгүй байна. Чиг үүргийнхээ дагуу тасгийн эмч А үзэх ёстой би амбулатори хавсарч үзэж байгаа болохоор үнэхээр амжихгүй байна гэж хэлэхэд К дарга тийм зүйл байхгүй настай хүн байвал яаралтай тусламжийн тасаг үзээд танай тасагт ирж хэвтүүлнэ гэж хэлсэн. Тэгээд маргааш нь 1 дүгээр сарын 28-ны өдөр дотрын зөвлөлийн хурал хийж Хүлээн авахад ирсэн хүнийг хэн үзэх ёстой талаар хэлэлцэж, намайг саналаа хэл гэхээр нь би амбулатороо хавсарч байгаа учраас хүлээн авахад ирсэн хүнийг үзэх боломжгүй гэсэн. Хурал үр дүнгүй ямар нэг шийдвэр гараагүй бөгөөд эмч нар тарсан. Энэ хурлын дараа 1 дүгээр сарын 29-ны өдөр Х.М эмчийн ажлыг 1 сарын 25-ны өдрөөс 3 дугаар сарын 01-нийг дуустал надад хавсруулан хийлгэх тушаал гаргасан байна. Тэгэхээр Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга К.К-д цалингийн хувьдаа гол нь биш, өчигдөр дотрын зөвлөлийн хурал дээр би саналаа хэлсэн гэхэд хэдэн минутын дараа К.К дарга утасдаад энд гомдол ирлээ, эмч нарыг гуйна гэж юу байхав, У эмчид ажлаа өг гэхээр нь тэр дороо ажлаа хүлээлгэж өгсөн.Дараа нь 2 сарын 03-нд захиргааны зөвлөлийн хуралтай гэж хүний нөөцөөс мэдэгдэл ирүүлсэн. Тэгээд очиж оролцсон бөгөөд миний тайлбарыг тодорхой хэлүүлэхгүй зогсоож, хурлаас гаргаад хэсэг хугацааны дараа хэсэг хугацааны дараа дуудаж зөвлөлийн хурлын гишүүдийн 100 хувийн саналаар ажлаас халлаа гэж танилцуулаад чухам ямар ямар ноцтой зөрчил гаргасан, тэр хэрхэн тогтоогдсон талаар тайлбарлаагүй. Иймээс настны эмч надад Х.М эмчийн ажлыг давхар хариуцуулсан атлаа үүнээс гадна хүлээн авахад ирсэн хүнийг үзэх ёстой гэж надад ачаалал нэмэх гэж тулгаж, тайлбарыг минь сонсолгүй сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж ажлаас шууд халах арга хэмжээ авсан гомдолтой байна. Иймд Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/51 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан настны эмчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 5.548.750 төгрөгийг гаргуулах, эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хууль зүйн дүгнэлтдээ: Нэхэмжлэгч О.О хууль бусаар ажлаас халагдсан гэж үзэж хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлд заасны дагуу гомдлоо шүүхэд гаргасан. Шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбарыг сонсоход ээлжийн амралтаа авсан эмчийн оронд хийх ёстой ажлаа хийгээгүй учир ажлаас халсан асуудал яригдаж байна. М нь 2021 оны 1 дүгээр сарын 22-ны орой яриад би ээлжийн амралтаа авах гэж байна даргатай уулзахад чамд ажлаа


хүлээлгэж өг гэж хэлсэн гэж нэхэмжлэгч рүү ярьсан. 1 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн М эмчийн ажлыг хавсарч хийсэн. Энэ үед Нэгдсэн эмнэлгийн дарга Д.О нь О.О эмчийг М эмчийн ажлыг хавсран гүйцэтгэх талаар албан ёсны тушаал шийдвэр гаргаагүй байж 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Б/406 дугаартай тушаалыг 26.1-д заасныг үндэслэн тушаал гарган сэргээн засах, ахмад, хавдар хөнгөвчлөх тасгийн ахмадын эмчийг үүргийг хавсран гүйцэтгэхээр томилсон. Энэ зөрчил гэж яригдаад байгаа зүйл нь 01 дүгээр сарын 29-ний өдрөөс өмнө болсон асуудал юм. 01 дүгээр сарын 25-ны өдөр хэвтэх ёстой өвчтөнд тусламж үйлчилгээ үзүүлээгүй 10 цаг өнгөрсөн гэж яригдаж байна. 01 дүгээр сарын 29-ний өдөр гаргасан тушаал нь 29-ний өдрөөс хойш үйлчлэх ёстой юм. Захиргааны зөвлөлийн хурал хуралдсан хурал болохын өмнө хурлын тов мэдэгдсэн мэдэгдэл хэрэгт авагдсан байгаа. Тушаалдаа Д.О дарга, О.О эмчийн гаргасан ноцтой зөрчлийг шалган тогтоосны дараа Захиргааны зөвлөлийн хурал хийсэн өөрөөр хэлбэл хурал болохоос өмнө зөрчлийг шалган тогтоосон байдал харагдаж байна. Захиргааны зөвлөлийн хурлын тэмдэглэлийг харахад ямар ч баримт нотолгоо байхгүй хурал явагдсан. Тэгээд 100 хувийн саналаар О.О эмчийг ажлаас халсан ямар баримтад үндэслэн ноцтой зөрчил гаргасан эсэхийг тогтоосон зүйл байхгүй байна. Энэ нь урьдчилан бэлдэж, О.О эмчийг ажлаас халах зорилгоор дүр үзүүлсэн хурал болсныг илтгэж байна. Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргасан гэж үзэж байгаа бол зөрчил гаргасан эсэхийг шалган тогтоох шаардлагатай. Гэтэл зөрчил гаргасан гэдэг нь ямар баримтаар тогтоогдсон, ямар гомдол ирсэн нь тодорхойгүй байна. Хариуцагчийн тайлбарыг сонсохоор зөрчлийг тогтоосон баримт байхгүй амаараа зөрчил гаргасан гэж яриад байна. Ингээд Нэгдсэн эмнэлгийн даргын 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/51 тоот тушаалаар О.О эмчийг ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Энэхүү тушаалын агуулга нь О.О эмчийг М эмчийг ажлыг хавсран гүйцэтгээгүй учир ажлаас чөлөөлсөн байгаа. О.О эмчийг 01 дүгээр сарын 29-ний өдөр ажлыг хавсран гүйцэтгүүлэх тушаал гарсан боловч хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 26.1-д ажилтан хэд хэдэн ажлыг зэрэг гүйцэтгэх тохиолдолд ажилтан хөдөлмөрийн гэрээгээр өөр ажил албан тушаалыг хавсран гүйцэтгэнэ гэж заасан байгаа. Өөрийн байгууллагад өөр ажлыг хавсран гүйцэтгэх болон ажил олгогчид эзгүй байгаа ажилтны үүргийг түр гүйцэтгэх буюу түүний ажлын ачааллыг нэмэгдүүлэн ажиллуулж болно. Улсын дээд шүүх хавсран ажил эрхэлж буй ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулан харилцан тохиролцоно гэж тайлбарласан. Мөн хөдөлмөрийн тухай хуулийн зорилтод хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр хөдөлмөрийн харилцаанд оролцогч харилцан тохиролцсон байдлаар явагдана, хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-д заасан байгаа иймд Д.О дарга би О.О эмчтэй амаараа тохирсон гэж яриад байгаа нь үндэслэлгүй юм. Мөн тушаалын ажлаас халсан гол үндэслэл нь хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 131.1.3 дахь заалтыг үндэслэсэн. 40.1.4-д ноцтой зөрчил гаргасан гэж үзсэн. Гэтэл тушаалд ажилтан хөдөлмөрийн гэрээнд заасан ямар ноцтой зөрчлийг гаргасан нь тодорхойгүй байна. О.О эмчийн байгуулсан хөдөлмөрийн гэрээний ямар заалтыг зөрчсөн зөрчлийг ноцтой зөрчил гэж үзэж байгааг тушаалд заасан байх боловч тодорхойгүй ерөнхий зүйлийг бичсэн нь ойлгомжгүй байна. Хөдөлмөрийн гэрээний 7.4.1, 7.4.2 гэж яриад байна. Энэхүү заалт нь уншаад үзэхээр учир дутагдалтай ажилтныг тодорхойгүй, ерөнхий байдлаар буруутгаж болохоор харагдаж байна. 7.4.2


дахь заалтад заагдсан 2013 оны 446 дугаар тушаал хүчингүй болсон тушаал байгаа. Ингээд эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрмийг зөрчсөн гээд байгаа үйлдэл нь Нэгдсэн эмнэлгийн ёс зүйн хороогоор орох ёстой байтал ёс зүйн хороогоор оруулаагүй шууд ажлаас чөлөөлсөн асуудал гарсан. Хариуцагч Нэгдсэн ёс зүйн хороо байдаг гэж хэлсэн. Ёс зүйн зөрчил гаргасан ажилтныг ёс зүйн хороогоор оруулан гаргасан зөрчилд нь тохирсон арга хэмжээг авах ёстой. Гэтэл хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчил гэж оруулж ирээд байгаа нь хууль бус юм. Эдгээр үндэслэлээр Нэгдсэн эмнэлгийн даргын гаргасан тушаал нь хөдөлмөрийн тухай хуульд нийцэхгүй байна. Дараагийн асуудал яаралтай тусламжийн тасагт ирсэн Л гэх өвчтөнийг үзээгүй ажлын байрны тодорхойлолт заасан журмыг зөрчсөн гэж үзсэн. 2018 онд өмнө ажиллаж байсан М эмчийн ажлын байрны тодорхойлолт хэрэгт авагдсан. О.О эмчийн ажлын байрны тодорхойлолтыг хэрэгт өгөөгүй. М эмчийн оронд ажиллахдаа гаргасан зөрчлийг тухайлан заасан байж О.О эмчийн үндсэн ажлын байрны тодорхойлолтыг яриад байгаа нь хоорондоо зөрчилдөж байна. М эмчийн ажлын байрны тодорхойлолтыг харахаар яаралтай тусламжийн үйлчилгээ үзүүлэх гэж байгаа үүнд амь тэмцсэн болон сэхээн амьдруулах анхны арга хэмжээ авах тохиолдолд яаралтай тусламжийг үзүүлнэ гэж байгаа. О.О болон М эмчийн ажлын байрны тодорхойлолт тус тусдаа өөр байтал хариуцагч ажлын байрны тодорхойлолт адилхан гэж байгаа нь үндэслэлгүй юм. Нэгдсэн амбулаторийн болон хэвтэн эмчлүүлэх тусламж үйлчилгээ гэсэн 2 төрөл байгаа. Тийм ч учраас тасгийн эмч, амбулаторийн эмч тус тусдаа гэрээ байгуулан ажиллаж байгаа. Тэгэхлээр О.О эмчийн үндсэн ажлын байрны тодорхойлолтыг яриад байгаа нь М эмчийн ажил үүрэгтэй ямар ч холбоогүй ойлголт гэж үзэж байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харахад нэхэмжлэгч 2020 онд амбулаторийн эмчээр томилогдон ажиллаж байгаад ажлаас чөлөөлөгдсөн гэдгийг нотлох хангалттай баримтууд байна. Хэрэгт нэмэлт гэрээ хийсэн тухай баримтууд авагдаагүй. Г, А нарын өвчний түүхтэй холбоотой асуудлыг нэхэмжлэгч тайлбарласан. Захиргааны зөвлөлийн хурал дээр өвчний түүхийг Э эмч оройтуулж хүргэсэн гэж яриад байна. Гэтэл үүний учрыг олоогүй байж О.О эмчийг шууд ажлаас халах нь үндэслэлгүй юм. Хариуцагч талаас энэ хэрэгт ач холбогдолгүй нотлох баримтын шаардлага хангахгүй фэсбүүк хэрэглэгчийн бичсэн комментын канондсан хуулбар, мөн Эрдэнэцэцэг гэх овог нь тодорхойгүй нотариатаар батлуулаагүй өргөдөл зэрэг нь О.О эмчийг ажлаас халахад хамааралгүй баримт юм. Мөн 02 дугаар сарын 03-ны өдрөөр бичсэн илтгэх хуудас байна. Үүнд зөрчлүүдийг жагсаан бичсэн боловч ямар баримтыг үндэслэн бичсэн нь тодорхойгүй байна. Мөн гэрч Э-ээс хариуцагч асуулт асуухдаа дандаа хөтөлсөн асуултыг тавьсан байсан. Энэ нь тухайн зөрчил гаргасан гэдгийг шууд нотлох санааг агуулсан үйлдэл байна. Иймд Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/51 тоот тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан настны эмчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар сүүлийн 3 сарын цалингийн дундаж цалин 5,548,750 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах хүсэлтэй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү
гэв.

Хариуцагч: Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Д.О шүүхэд гаргасан тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 25 жил удирдах албан


тушаалыг эрхэлж байна. О.О эмчтэй урьд нь хамт ажиллаж байгаагүй. Гэтэл О эмчийн талаарх гомдол тасардаггүй ахмадууд миний өрөөнд зарим нь уйлаад орж ирэх жишээний байдаг. О эмчийг ёс зүй харилцаа хандлага муутай гэдэг нь олон баримтаар тогтоогдож байгаа. О.О эмч нь эрүүл мэндийн салбарт 18 жил ажиллах хугацаандаа 3 удаа ажлаасаа гарч орж, нэг байгууллагадаа тогтвор суурьшилгүй ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа удаа дараа ёс зүйн зөрчил гаргаж, үйлчлүүлэгчдээс ирэх гомдол тасардаггүй байсан. Ажлын байрны тодорхойлолтод заасан үндсэн чиг үүрэг болон тусламж үйлчилгээтэй холбоотой удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлээгүй, яаралтай тусламж үйлчилгээг үзүүлэхээс татгалзсан, хэвтэн эмчлүүлэгчид тусламж үйлчилгээг оройтуулж үзүүлсэн, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд заасан эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ шалтгаангүйгээр биелүүлээгүй зэрэг зөрчлүүдийг гаргасан. Жишээ нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумаас ирсэн 74 настай Л өвчтөнийг 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр нарийн мэргэжлийн эмч нь яаралтай тусламжийн тасаг дээр 11 цаг 05 минутад авчирсан. Тушаал шийдвэр дээр яаралтай тусламжийн эмч үзээд яаралтай тохиолдолд назиологийн дагуу нарийн мэргэжлийн эмчийг дуудаж үзүүлэх үүрэгтэй учир тухайн үед тасгийн эмчийг хавсран үзэж байсан О.О эмчийг 103-ын диспетчер эмчээр дуудуулсан боловч Би чадахгүй, хүн үзэж байна гэж өндөр настай биеийн байдал хүндэвтэр, онош тодорхойгүй иргэнд тусламж, үйлчилгээ үзүүлэхээс татгалзсан байна. Яаралтай тусламжийн тасгийн эмч нарыг дуудах ёсгүй байсан Н амбулаторийн мэдрэлийн эмчээр үзлэг хийлгэж ахмад настны тасагт хэвтүүлэхээр шийдвэрлэсэн боловч О.О эмч ор байхгүй, надад үзүүлээгүй учир энэ хүнийг авахгүй гэж үйлчлүүлэгч Л-ийг яаралтай тусламж дээр очиж тусламж үзүүлээгүй мөртлөө тасгийнхаа үүднээс хөөж буцаасан үйлдэл гаргасан. Тухайн иргэнийг жижүүр эмч бусад эмч нар шинжилгээ аван, эмчилгээ хийж шаардлагатай тусламжийг үзүүлэн 22 цаг хүртэл байлгасан тухайн өвчтөн нилээн хүнд хүн байсан. Би ажлаа тараад 09 цаг гээд ажлаас гарахад тухайн өвчтөнийг авчирсан Бор-Өндөрийн эмч энэ өвчтөнд тусламж үзүүлэхгүй өчнөөн цаг хүлээлээ арай дэндүү байна аа гэж хэлсэн. Тэгээд компьютер томографикын зураг авахуулсан тэгтэл ар гэрийнхэн бид оношоо тодруулчихлаа хэвтэж чадахгүй юм байна буцъя гэсэн. Ажлын байрны тодорхойлолт дээр заасан үндсэн чиг үүрэг яаралтай тусламжийн үзлэгийг цаг харгалзахгүй үзүүлэх журам байгаа мөн Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагааны дотоод журмын 2.5-д өвчтөнийг яаралтай тусламжийн эмч үзэж, урьдчилсан онош тавьж шаардлагатай тохиолдолд назиологийн дагуу тасгийн нарийн мэргэжлийн эмчид үзүүлнэ гэж заасан. Тухайн үед ахмадын тасгийн эмчээр О.О ажиллаж байсан учир дуудах нь зөв юм. Мөн журмын 2.7-д шаардлагатай үед дуудсан эмч ирэхгүй утсаа авахгүй бол хариуцлага хүлээлгэнэ гэж заасан байгаа. Эдгээр журмыг зөрчсөн. Эрүүл мэндийн тухай хууль, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрэмд заасан байгаа. Мөн Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.2-т гэнэтийн өвчин, осол гэмтлээс амь насанд нь аюултай байдал бий болсон иргэн, төрөх гэж байгаа эхэд энэ хуулийн 28.1.3-т зааснаас бусад тохиолдолд эмнэлгийн тусламжийг ямар ч нөхцөлд үзүүлэх гэж заасан. Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 5.1.7А улирлын өвчлөл улирлаас шалтгаалсан ээлжийн амралтын хугацаанд зайлшгүй шаардлагатай эмч, тусгай мэргэжилтэн, эрүүл мэндийн бусад ажилтныг байгууллага дотор сэлгүүлэн ажиллуулах буюу мөн түр хугацаанд гаднаас холбогдох мэргэжилтнийг ажиллуулна. 5.4.2 ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилт үндсэн үүрэг болон байгууллагын үйл ажиллагаатай холбоотой удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь чанартай бүрэн биелүүлэх 5.4.3 удирдах албан тушаалтны хууль тогтоомж, дүрэм журамд нийцүүлэн гаргасан тушаал шийдвэр, үүрэг даалгавар, шаардлагыг биелүүлэх гэсэн заалтуудыг зөрчсөн. Мөн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 09:28 цагт ахмадын тасагт хэвтэн эмчлүүлэхээр хэвтсэн Д.Г, Д.А нарыг бүтэн 24 цаг үзлэг хийж, өвчний түүхийг нээгээгүй, эмчилгээ хийлгүй өнжсөн нь Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагааны дотоод журам-ын 2.1-т Шинээр ирсэн өвчтөнийг эмчлэгч эмч 2 цагийн дотор үзэж өвчний түүхийг нээж, эмчилгээнд оруулна гэж заасныг зөрчсөн, үйлчлүүлэгч Г цахим дээр өвчний түүх нээлгэсэн 01 дүгээр сарын 25-ны өдрийг 26 болгон засварласан нь Эрүүл мэндийн сайдын Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрэм батлах тухай А/406 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтын Эмнэлгийн мэргэжилтний баримтлах ёс зүйн түгээмэл хэм хэмжээний 4.1 дэх Эмнэлгийн мэргэжилтэн нь шинжлэх ухааны мэдлэгт тулгуурлан хүний амь нас, эрүүл мэндийн төлөө мэдлэг, чадвар, туршлага, энэрэх сэтгэлгээ зориулан ажиллах, 4.14-д Эмнэлгийн мэргэжилтэн нь өвчний түүх, карт, эрүүл мэнд эмчилгээ, үйлчилгээний талаарх тодорхойлолтыг хуурамчаар үйлдэх, эсвэл хуурамч бичиг баримтад гарын үсэг зурах, үйлчлүүлэгчийн эрүүл мэндтэй холбоотой бичиг баримтад гарын үсэг зурах, үйлчлүүлэгчийн эрүүл мэндтэй холбоотой бичиг баримтыг нөхөж бичих, засварлах, устгах, хуудас солихгүй байх заалтыг зөрчсөн. Эмнэлгийн мэргэжилтэн нь Эрүүл мэндийн сайдын Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрэм батлах тухай А/406 дугаар тушаал, Засгийн газрын 2019 оны 33 тогтоолоор баталсан Төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийг мөрдөж ажиллах үүрэгтэй байдаг. Гэвч О.О эмч нь дээрх тушаал шийдвэрийг мөрдөж ажилладаггүй, үйлчлүүлэгчдээс удаа дараа гомдол ирсэн бөгөөд энэ талаар удирдлагын зүгээс болон тасгийн эрхлэгч, орлогч дарга нар танилцуулж ёс зүй харьцаа хандлага дээрээ анхаарч ажиллах талаар зөвлөдөг боловч хүлээж авдаггүй алдаа давтагддаг. Дээрх зөрчлүүдийг нотлох баримтуудаар нотолж гаргасан учир хөдөлмөрийн гэрээний 7.4.1, 7.4.2 заасан ноцтой зөрчил гаргасан тул Захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцэж гишүүд 100 хувийн саналтай, ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлөх шийдвэрийг гаргасан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Шүүх  зохигчдын тайлбар хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч О.О нь Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/51 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 5.548.750 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Зохигчдын хооронд хөдөлмөрийн харилцаа үүсэж, хөдөлмөрийн гэрээ байгуулсан, гэрээ хүчин төгөлдөр эсэх талаар маргаагүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж заасны дагуу гомдол гаргагч О.О нь хөдөлмөрийн гэрээг цуцалсан тухай ажил олгогчийн гаргасан 2021 оны 02 дугаар сарын 04ий өдрийн Б/51 тоот тушаалтай холбогдох нэхэмжлэлийг 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд гаргасан болох нь түүний нэхэмжлэлийг хүлээн авсан дардас тэмдгээр нотлогдож байх тул дээрх хуулийн шаардлагыг хангасан гэж үзлээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт ажил олгогчийн санаачлагаар ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай ажилтны гомдол маргааныг шүүхээр хянан шийдвэрлүүлнэ гэж хуульд заасны дагуу шүүхээр хянан шийдвэрлэгдэх, шүүхэд харъяалах маргаан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.1 дэхь хэсэгт ...хуулиар өөр харъяалал тогтоогоогүй бол шийдвэр гаргасан буюу үйл ажиллагаа явуулсан аж ахуйн нэгж, байгууллага, тэдгээрийн албан тушаалтны оршин байгаа газрын шүүхэд  гаргана... гэж заасны дагуу гомдлыг тус шүүх харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцсэн болно.

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ ...намайг сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж үзсэн, нотлох баримтгүйгээр ажлаас халсан Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсгийг баримтлан ажлаас халсан буруу шийдвэр гаргасан. Өөр эмчийн ажлыг давхардуулан хариуцуулсан атлаа Яаралтай түргэн тусламжаар хүлээн авахад ирсэн хүнийг үзэх ёстой гэж надад ачаалал нэмж тулгаж, сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж ажлаас халсан, ямар сахилгын ноцтой зөрчил гаргасан гэдгийг тайлбарлаагүй, ямар зөрчил гаргаснаа ойлгохгүй байна, иймд ажилд эргүүлэн тогтоолгох хүсэлттэй.. байгаа гэж,

Хариуцагч эс зөвшөөрч .. нэхэмжлэгч О.О нь ёс зүйн алдаа зөрчил гаргадаг, үйлчлүүлэгчдээс байнга санал гомдол ирдэг, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд заасан чиг үүрэг болон тусламж үйлчилгээтэй холбоотой удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, яаралтай тусламж үйлчилгээг үзүүлэхээс татгалзсан, хэвтэн эмчлүүлэгчид тусламж үйлчилгээг оройтуулж үзүүлсэн, эмчийн ёс зүйг зөрчсөн учраас сахилгын ноцтой зөрчил гаргасан тул ажлаас халах тушаал гарсан нь үндэслэлтэй... гэж маргажээ.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч О.О нь Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/82 дугаар тушаалаар тус эмнэлгийн Зөвлөх Поликлиникт настны эмчийн албан тушаалд туршилтын хугацаагаар томилогдож, 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Б/188 дугаар тушаалаар үндсэн ажилтнаар буюу Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн Зөвлөх поликлиникт настны эмчийн албан тушаалд томилогдон, мөн 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/51 дүгээр тушаалаар ажлаас чөлөөлөгдсөнөөс үзвэл талуудын хооронд үүссэн харилцаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1-д заасан хөдөлмөрийн ганцаарчилсан маргаан байх тул нэхэмжлэгчийн шаардах эрх үүссэн байна.

 

Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/51 дүгээр тушаалаар нэхэмжлэгч О.О-ийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Эрүүл мэндийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 28.4.1, 28.4.2, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1, Эрүүл мэндийн сайдын Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрэм батлах тухай А/406 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтын 4.1, 4.14, 5.6, Эрүүл мэндийн сайдын 2019 оны 293 дугаар тушаалаар Журам заавар батлах тухай тушаалын нэгдүгээр хавсралтын 5.10, Хөдөлмөрийн гэрээний 6.2.2, 6.2.3, 7.4.1, 7.4.2, Хөдөлмөрийн дотоод журам-ын 3.1.4, 5.1.7А, 5.4.2, 5.4.3, Ажлын байрны тодорхойлолт үндсэн зорилт-3, Захиргааны зөвлөлийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 02 дугаар хурлын тэмдэглэл зэргийг үндэслэн нэхэмжлэгчийг ажлын байрны тодорхойлолтод заасан үндсэн чиг үүрэг болон тусламж үйлчилгээтэй холбоотой удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлээгүй, яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэхээс татгалзсан, хэвтэн эмчлүүлэгчид тусламж үйлчилгээг оройтуулж үзүүлсэн, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд заасан эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ шалтгаангүйгээр биелүүлээгүй зэрэг ноцтой зөрчил гаргасан гэж үзэн ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан байна.

 

Шүүхээс Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/51 дүгээр тушаалд заагдсан үндэслэл тогтоогдсон эсэх, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн ажилтны үүрэг, албан тушаалын чиг үүрэг, ямар баримтад үндэслэсэн уг шийдвэрийг гаргасан эсэхийг нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, зохигчдын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааны үйл баримтын талаар дараах дүгнэлтийг хийсэн болно.

 

Эмч, эрүүл мэндийн ажилтан ажлын чиг үүргийн хүрээнд Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.1-д Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг биелүүлж, хүнлэг, энэрэнгүй үзлийг эрхэмлэн, мэргэжлээ хүний эрүүл мэндийн эсрэг ашиглахгүй байх, 28.4.2-т Гэнэтийн өвчин, осол, гэмтлээс амь насанд нь аюултай байдал бий болсон иргэн, төрөх гэж байгаа эхэд энэ хуулийн 28.1.З-т зааснаас бусад тохиолдолд эмнэлгийн тусламжийг ямар ч нөхцөлд үзүүлэх, 28.1.3-т Эмнэлгийн мэргэжилтний эрх, үүрэг болон өвчтөний амь насанд харш үйлдэл хийлгэхээр шаардсан тохиолдолд эмчлэх, үйлчлэхээс татгалзах, Эрүүл мэндийн сайдын 2019 оны 406 дугаар тушаалаар баталсан Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрэм-ийн 5.5 Эмнэлгийн мэргэжилтэн нь үйлчлүүлэгчийн биеийн байдлыг сайжруулах, сэтгэл санааны дэм үзүүлэх, зовлон зүдгүүрийг багасгах, хөнгөвчлөх, аливаа нэмэлт  зовиур шаналгаа үүсгэхгүй, оновчтой тусламж, үйлчилгээ үзүүлэхийг хичээж ажиллана, 5.6-д Эмнэлгийн мэргэжилтэн нь тусламж үйлчилгээ үзүүлэхдээ яаралтай тусламжаас бусад тохиолдолд цаг товлол, ирсэн дарааллаар үйлчлэх буюу тэгш байдлыг хангасан зарчмыг баримтална гэж, Эрүүл мэндийн сайдын 2019 оны 293 дугаар тушаалаар баталсан Журам, заавар батлах тухай тушаалын нэгдүгээр хавсралтын 5.10-д Ажлын цагаар төрөлжсөн мэргэшлийн эмч, зөвлөх эмч, эмч нарын багийг, ажлын бус цагаар жижүүр эмч дуудаж зөвлөгөө авах болон хамтарсан зөвлөгөөн хийж шийдвэрлэнэ гэж, Зохигчдын хооронд байгуулсан


Хөдөлмөрийн гэрээний 6.2.1-д ....Эрүүл мэндийн тухай хууль, .... хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ажиллах.., 6.2.2-т Удирдлагаас өгсөн хууль ёсны үүрэг даалгаврыг цаг тухайд нь чанартай гүйцэтгэж, өөртөө болон бусдад өндөр шаардлага тавьж хөдөлмөрийн хариуцлага сахилга батыг чанд сахин ажиллах, Зөвлөх Поликлиникийн Ахмадын эмчийн ажлын байрны тодорхойлолтын Ажлын байрны үндсэн зорилт-3 Яаралтай түргэн тусламж үзүүлэх, Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хөдөлмөрийн дотоод журам-ын
5.4.2-т Ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилт, үндсэн үүрэг болон байгууллагын үйл ажиллагаатай холбоотой удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь чанартай бүрэн биелүүлэх, 5.4.3-т Удирдах албан тушаалтны хууль, тогтоомж, дүрэм, журамд нийцүүлэн гаргасан тушаал шийдвэр, үүрэг даалгавар, шаардлагыг биелүүлэх, Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагааны дотоод журам-ын 2.1-д Шинээр ирсэн өвчтөнийг эмчлэгч эмч 2 цагийн дотор үзэж, өвчтөний түүхийг нээж, эмчилгээнд оруулна, 2.5-д Яаралтай тусламжийн тасагт ирсэн өвчтөнг назологийн дагуу жижүүрийн хугацаанд жижүүрийн эмч үзэж, өвчтөний түүх нээж, эмчилгээ заан эмчлэгч эмчийн үүрэг гүйцэтгэнэ. Ажлын цагаар ирсэн өвчтөнг яаралтай тусламжийн эмч үзэж урьдчилсан онош тавьж, шинжилгээ бүрдүүлэн шаардлагатай тохиолдолд назологийн дагуу тасгийн нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх талаар тус тус зохицуулжээ.

 

Зохигчдын маргаж буй үйл баримтын тухайд:

 

Нэг. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр тус эмнэлгийн Яаралтай түргэн тусламжийн тасагт өндөр настан Д.Л гэдэг хүн үзүүлэхээр ирсэн /хх-61-62 тал/, түүнийг ахмадын тасагт шилжүүлсэн талаар зохигчид маргадаггүй бөгөөд энэ нь хавтаст хэргийн 61-62 дугаар хуудсанд авагдсан Яаралтай тусламжийн хуудас-315 дугаар баримтаар болон уг өвчтөнг ахмадын эмчид үзүүлэхээр шилжүүлсэн болох Яаралтай түргэн тусламжийн эмч Х.С гэх гарын үсэг бүхий баримтаар тогтоогдож байна.

 

Хариуцагч ахмадын эмч О.О дээрх өвчтөнд яаралтай тусламж үзүүлэх үүргээ биелүүлээгүй.... Би ажлаа тараад орой 09 цаг гээд ажлаас гарахад тухайн өвчтөнийг авчирсан Бор-Өндөр сумын эмч энэ өвчтөнд тусламж үзүүлэхгүй өчнөөн цаг хүлээлээ, арай дэндүү байна аа гэж хэлсэн... гэж, нэхэмжлэгч О.О ...2021 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр эмнэлгийн хүлээн авахын диспетчер ..хүлээн авахад хүн ирээд үзүүлье гэж байна гэхээр нь би эмч нь амбулаторио үзэж дуусаагүй байна тиймээс дотрын тасгийн эмч эмчийгээ дуудаж үзүүл гэж хэлээд өрөөндөө ажлаа хийж байгаад доор үзгээ мартсан байж байгаад гартал доороос хүмүүс насилькан дээр хүн аваад орж ирж байсан. Тэр үед Эрдэнэцэцэг эмч цуг явж байсан бөгөөд би түүнд ...энэ юу болж байгаа юм бэ, гэхэд эмч үзэхгүй гэсэн үзэх хүн олдохгүй байгаа юм чинь танай тасаг л авах байх гэж хэлсэн... гэж тайлбарладаг бөгөөд нэхэмжлэгч тухайн цаг хугацаанд Яаралтай түргэн тусламжаас өвчтөн ахмадын тасагт насильктай хүргэгдэн ирж байгааг мэдсэн болох нь зохигчдын хэн алины тайлбар, гэрч Ц.Э-ийн мэдүүлэг /хх-ийн 117 дугаар тал/ зэргээр нотлогдож байна.

 

 

Өөрөөр хэлбэл өвчтөн ахмад настан Д.Л-г ахмадын тасагруу эмчид үзүүлэхээр шилжүүлсэн, уг өвчтөнг Ахмадын тасагт ирснийг настны эмч О.О мэдсэн боловч ажлын ачаалалтай..., А эмчийг дуудаж үзүүл.. гэх шалтгаанаар тусламж үзүүлээгүй нь нэхэмжлэгч хариуцагч, гэрч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэргийн 62 дугаар хуудсан дахь Ахмадын эмчид үзүүлэх гэж шилжүүлсэн баримтаар, мөн 65 дугаар хуудсан дахь Эрүүл мэндийн тусламж үйлчилгээнээс татгалзсан тухай мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Энэ тухай нэхэмжлэгч О.О нь тайлбарлахдаа ... би амбулаторын эмч, тасгийн эмч биш, сэргээн засах, ахмад, хавдар, хөнгөвчлөх тасгийн эмч Х.М-ын ажлыг хавсарч хариуцуулсан атлаа хүлээн авахад ирсэн хүнийг үзэх ёстой гэж надад ачаалал нэмэх гэж тулгаж, тайлбарыг сонсолгүй ажлаас чөлөөлсөн... гэж тайлбарлахаас гадна нэхэмжлэгчийн өмгөөлөгч хавтаст хэрэг /хх-34-35 дугаар тал/-т авагдсан ажлын байрны тодорхойлолт нь нэхэмжлэгч О.О эмчийн ажлын байрны тодорхойлолт биш, түүнд танилцуулж гарын үсэг зуруулаагүй гэж маргадаг.

Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 03 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан Албан тушаалын тодорхойлолт боловсруулах нийтлэг журам-ын 1.2-т Ажлын байрны тодорхойлолт гэж тухайн албан тушаалын чиг үүрэг, түүнийг хэрэгжүүлэх албан хаагчид тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадварын тусгай шаардлагыг баталгаажуулсан баримт бичгийг ойлгоно гэж зааснаас гадна зохигчдын хооронд байгуулсан 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээ, 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Хөдөлмөрийн гэрээнд нэмэлт оруулах тухай гэрээ /хх-30-34 дүгээр тал/ болон түүнийг ажил албан тушаалд томилсон Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Б/188 дугаар тушаалд түүний албан тушаалыг ...Настны эмчийн албан тушаалд... гэж томилсон, түүний ажлын чиг үүргийг хөдөлмөрийн гэрээнд , ажлын байрны тодорхойлолтод ...Дотрын / настны эмч... ээр гэж томилсноос биш ...ахмадын амбулаторын эмч, эсхүл ахмадын тасгийн эмч хэмээн.. нэр заан томилоогүй, албан тушаалын буюу ажлын байрны тодорхойлолт нь тухайн хувь этгээдэд биш тухайн албан тушаалд хамааралтай баримт тул нэхэмжлэгчийн дээрх тайлбар нь үндэслэлгүй юм.

Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ....Хөдөлмөрийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д ажилтан хэд хэдэн ажлыг зэрэг гүйцэтгэх тохиолдолд ажилтан хөдөлмөрийн гэрээгээр өөр ажил албан тушаалыг хавсран гүйцэтгэнэ гэж заасан, ... О.О эмчийг Х.М эмчийн ажлыг 01 дүгээр сарын 29-ний өдөр ажлыг хавсран гүйцэтгүүлэх тушаал гарсан боловч хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, Улсын дээд шүүх хавсран ажил эрхэлж буй ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулан харилцан тохиролцоно гэж тайлбарласан. ...ноцтой зөрчил гаргасан гэдгийг тогтоогдохгүй, ...Захиргааны зөвлөл ямар ч нотолгоогүй шийдвэрийг гаргасан, ...ёс зүйн хороогоор асуудлыг шийдвэрлүүлээгүй.. гэж мэтгэлцэж байгаа боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15байнгын ажлын байр гэж ажил олгогчийн заасан ажлын байранд, тогтоосон горимын дагуу түүнээс олгосон хөдөлмөрийн багаж хэрэгслээр, ажил олгогч, эсхүл түүний төлөөлөгчийн удирдлагын дор баталсан норм, үнэлгээ, сүлжээгээр цалин хөлс авч, ажлын өдөр, ээлжийн давтамжтайгаар гүйцэтгэх ажил, үүргийг, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй. Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно гэж, 35 дугаар зүйлийн 35.1.2-т ээлжийн амралттай байгаа байх хугацаанд ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг хэвээр хадгалахаар тус тус зохицуулжээ.

Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Б/34 дүгээр тушаалаар ..сэргээн засах, ахмад, хавдар хөнгөвчлөх тасгийн ахмадын эмч Х.М-ыг ээлжийн амралттай байх хугацаанд ахмадын настны эмч О.О-ээр тасагт эмчлэгч эмчээр хавсран ажиллуулсан нь байнгын ажлын байр буюу ээлжийн амралттай хугацаанд чиг үүргийг хавсран гүйцэтгүүлэхээр тушаал гарсан нь байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээ дахин байгуулах нь хуулиар хориглосон байх тул О.О-тэй дахин хөдөлмөрийн гэрээ байгуулах шаардлагагүй юм.

Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/37 дугаар тушаалаар баталсан Захиргааны зөвлөлийн ажиллах журам, бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай журмын 3.6-д Сахилгын шийтгэл ногдуулах, шагнал урамшуулалд тодорхойлох, тэтгэвэр тэтгэмж олгохтой холбоотой асуудлыг хэлэлцэх гэж тус зөвлөлийн эрх хэмжээ, хэлэлцэх асуудлыг зохицуулсан байх ба тус зөвлөлийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 02 дугаар тэмдэглэл /хх-ийн 56 дугаар тал/-д Дарга: зөвлөлийн хурлаар О.О-д холбогдох гаргасан зөрчил, асуудлыг танилцуулсан, маргаж буй үйл явдал нь цаг хугацааны хувьд зөвлөлийн хурлаас өмнө болсон байх тул нэхэмжлэгч талын баримт нотолгоогүйгээр сахилгын шийтгэл ногдуулах шийдвэр гаргасан гэдгийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймд ахмад настны эмч О.О-ийг 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр өвчтөн Л-д яаралтай тусламж үзүүлээгүй нь Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.1, 28.4.2, 28.1.3, Эрүүл мэндийн сайдын 2019 оны 406 дугаар Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрэм-ийн 5.5, 5.6, Зохигчдын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 6.2.1, 6.2.2 дахь заалт, Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагааны дотоод журам-ын 2.5-дахь заалтыг зөрчсөн байна гэж дүгнэв.

Хоёр. Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Б/34 дүгээр тушаал /хх-ийн 41/-аар Зөвлөх поликлиникийн тасгийн настны эмч О.О-ийг Сэргээн засах, ахмад, хавдар, хөнгөвчлөх тасгийн ахмадын эмч Х.М-ын ээлжийн амралттай байх хугацаанд буюу 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 03 дугаар сарын 01-ний өдрийг дуустал тасагт эмчлэгч эмчийн ажлыг хавсран ажиллуулхаар шийдвэрлэжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1Ажилтан ажлын цагтаа багтаан өөрийн буюу бусад байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр өөр ажил, албан тушаал хавсран гүйцэтгэх, өөрийн байгууллагад өөр ажил хослон гүйцэтгэх болон ажил олгогч ажилтантай тохиролцсоноор эзгүй байгаа ажилтны үүргийг түр орлон гүйцэтгүүлэх буюу түүний ажлын ачааллыг нэмэгдүүлэн ажиллуулж болно гэж заасны дагуу эмч Х.М-ыг ээлжийн амралттай байх хугацаанд О.О-ийг түүний чиг үүргийг хэрэгжүүлэхээр тушаал гарсан байна.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ уг үйл баримтын талаар тайлбарлахдаа: ...1 дүгээр сарын 29-ний өдөр эмчийн ажлыг надад хавсруулан хийлгэхээр тушаал гарсан байсан, тэгэхээр нь би эмчилгээ эрхэлсэн
орлогч дарга К.К-д цалингийн хувьдаа гол нь биш, би дотрын зөвлөлийн хурал дээр хэлсэн
гэхэд надад энд гомдол ирлээ, эмч нарыг гуйна гэж юу байхав, Улаанхүүхэн эмчид ажлаа хүлээлгэн өг гэхээр нь тэр дороо ажлаа хүлээлгэж өгсөн гэж тайлбарладаг.

Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хөдөлмөрийн дотоод журам-ын /хх-ийн 43-54 дүгээр тал/ 5.1.7-д Ажил олгогч ажлын зайлшгүй шаардлагаар хуульд заасан үндэслэлээр дараах тохиолдолд ажилтныг өөр ажилд шилжүүлэн томилох, сэлгүүлэн ажиллуулах, албан тушаал дэвшүүлэх, бууруулах асуудлыг шийдвэрлэж тушаал гаргана. Үүнд: А/Улирлын өвчлөл, улирлаас шалтгаалсан ээлжийн амралттай байх хугацаанд..., 5.4.2-т Ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилт, үндсэн үүрэг болон байгууллагын үйл ажиллагаатай холбоотой удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь чанартай бүрэн биелүүлэх, 5.4.3-т Удирдах албан тушаалтны хууль, тогтоомж, дүрэм, журамд нийцүүлэн гаргасан тушаал шийдвэр, үүрэг даалгавар, шаардлагыг биелүүлэх талаар зохицуулсан боловч нэхэмжлэгч О.О нь Х.М эмчийн ажлыг хавсран гүйцэтгүүлэхээр гаргасан тушаал шийдвэрийг биелүүлээгүй, ажлаа өг гэхээр нь ажлаа өгсөн гэж тайлбарлаж байгааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т Хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар...зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно гэж заасны дагуу түүний тайлбараас үзвэл уг тушаалыг биелүүлээгүй, өөр эмчид /Улаанхүүхэн/ ажлыг хүлээлгэн өгсөн нь удирдлагаас гаргасан тушаалыг хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.

Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Б/34 дүгээр тушаалыг биелүүлээгүй нь Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хөдөлмөрийн дотоод журам-ын 5.4.2, 5.4.3 дэх заалт, Зохигчдын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 6.2.1, 6.2.2 дахь заалтыг тус тус зөрчсөн байна.

 

Гурав. Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагааны дотоод журам-ын 2.1-д Шинээр ирсэн өвчтөнийг эмчлэгч эмч 2 цагийн дотор үзэж, өвчтөний түүхийг нээж, эмчилгээнд оруулна гэж заасан боловч хэргийн 73-78 дугаар хуудсанд авагдсан өвчтөн Д.Г, Д.А нарт Өвчтөний түүх нээсэн огноо 2021.01.25, 2021.01.28 гэсний маргааш буюу 2021.01.26, 2021.01.29-ний өдөр Клиникийн урьдчилсан онош бичиж, О.О хэмээн гарын үсэг зурсан, нэхэмжлэгч түүнийг үгүйсгэн нотлоогүй тул дээр журмын холбогдох заалтыг зөрчсөн байна гэж үзлээ.

 

Нөгөөтэйгүүр хариуцагч талаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан үүргийнхээ хүрээнд хавтаст хэргийн 67-69 дүгээр хуудсанд ахмад настны эмч О.О-д холбогдуулан иргэн Э-ээс гомдол ирсэн, бусад иргэдээс ирсэн гомдлыг Поликлиникийн эрхлэгчийн илтгэх хуудсаар нотлон ирүүлсэн байх бөгөөд үүнийг мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан өөрийн татгалзлын үндэслэл болгож байгаа баримт хэмээн үнэлсэн болно.

 

Настны эмч О.О- нь өвчтөн Д.Г, Д.А нарт тусламж үйлчилгээ үзүүлэхдээ оройтуулж өвчтөний түүх нээсэн нь Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагааны дотоод журам-ын 2.1-д чиг үүргээ зөрчсөн гэж дүгнэлээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлахаар, "ноцтой зөрчил" гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаварыг буй   болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байна гэж ойлговол зохино. Гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байна гэж ойлгохоор Улсын дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолд заасан байх бөгөөд зохигчдын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлд 7.4.1, 7.4.2, 7.4.5-д заасан зөрчлүүд нь ноцтой зөрчилд тооцохоор зохицуулсан байна.

Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/51 дүгээр тушаалд заасан үндэслэл дараах байдлаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Настны эмч О.О ахмад настан Д.Л-д 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр мэдсээр байж яаралтай тусламж үзүүлээгүй нь Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.1, 28.4.2, 28.1.3, Эрүүл мэндийн сайдын 2019 оны 406 дугаар тушаалаар баталсан Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрэм-ийн 5.5, 5.6 дахь заалт, Эрүүл мэндийн сайдын 2019 оны 293 дугаар тушаалаар баталсан Журам заавар батлах тухай нэгдүгээр хавсралтын 5.10 дахь заалт, , Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагааны дотоод журам-ын 2.5 дахь заалт, Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Б/34 дүгээр Х.М-ын ажил үүргийг хавсран гүйцэтгүүлэхээр гаргасан тушаалыг биелүүлээгүй нь Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хөдөлмөрийн дотоод журам-ын 5.4.2, 5.4.3 дэх заалт, Зохигчдын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 6.2.1, 6.2.2 дахь заалт, Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлгийн Хөдөлмөрийн дотоод журам-ын 5.4.2, 5.4.3 дахь заалт, өвчтөн Д.Г, Д.А нарт оройтож тусламж үйлчилгээ үзүүлсэн нь Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагааны дотоод журам-ын 2.1 дэх заалтыг тус тус зөрчсөн байна гэж шүүх дүгнэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар хөдөлмөрийн маргаан нь гомдлоор авч хэлэлцэх нэхэмжлэл байх тул нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар О.О-н нэхэмжлэлтэй Хэнтий аймгийн Нэгдсэн холбогдох Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/51 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 5.548.750 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 14.1.5-д зааснаар нэхэмжлэгч О.О нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

3. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40.571 төгрөгийг төрийн сангийн орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРАНЗАЯА