Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 226/МА2021/00015

 

 

 

 

 

2021 оны 07 сарын 28-ны өдөр            226/МА2021/00015                                    Хэрлэн сум

 

 

 

 

О-ийн нэхэмжлэлтэй,

НЭт холбогдох

иргэний хэргийн талаар

 

226/2021/00015/И

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Б.Дэнсмаа, Я.Алтаннавч нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд нээлттэйгээр,  

Нэхэмжлэгч О-, түүний өмгөөлөгч Д.Оюунцэцэг,

Хариуцагч НЭ-н дарга Д.О-,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Хонгорзул нарыг оролцуулан

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 156/ШШ2021/00212 дугаар шийдвэртэй О-ийн нэхэмжлэлтэй, НЭт холбогдох “урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй хүлээлгэсэн хугацааны цалин 5548750 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх” тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Оюунцэцэгийн давж заалдах гомдлоор 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Я.Алтаннавчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч О- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би 2007 оноос эхлэн НЭт дотрын тасгийн эрхлэгч, ахмадын кабинетийн эмч, өдрийн эмчилгээний эмчээр тус тус ажиллаж байгаад 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс НЭдаргын Б/82 тоот тушаалаар Зөвлөх поликлиникт настны эмчээр томилогдон ажилласан. Миний бие 2021 оны 02 дугаар сарын 02-ний өдрийн Б/51 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд уг тушаалыг хуульд нийцээгүй гэж үзэж нэхэмжлэл гаргаж байна. Учир нь би 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн М- эмчийн ажлыг хавсарч хийж байхад 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр эмнэлгийн хүлээн авахын диспечер “хүлээн авахад хүн ирээд үзүүлье гэж байна” гэхээр нь би “эмч нь амбулаторио үзэж дуусаагүй байна, тасгийн эмчийгээ дуудаж үзүүл” гэж хэлсэн. Тэгээд маргааш нь 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр дотрын зөвлөлийн хурал хийж “хүлээн авахад ирсэн хүнийг үзэх ёстой талаар хэлэлцэж, намайг саналаа хэл” гэхээр нь би “амбулатори хавсарч байгаа учраас хүлээн авахад ирсэн хүнийг үзэх боломжгүй” гэж хэлсэн. Хурал үр дүнгүй, ямар нэг шийдвэр гараагүй бөгөөд эмч нар тарсан. Энэ хурлын дараа буюу 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр М- эмчийн ажлыг 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг дуустал надад хавсруулах тухай тушаал гарсан байсан. Тэгэхээр нь эмчилгээ эрхэлсэн орлогч дарга К-д “цалингийн хувьд гол нь биш, өчигдөр дотрын зөвлөлийн хурал дээр би саналаа хэлсэн” гэж хэлэхэд хэдэн минутын дараа К- дарга утасдаад “энд гомдол ирлээ, эмч нарыг гуйна гэж юу байхав, Улаанхүүхэн эмчид ажлаа хүлээлгэж өг” гэхээр нь тэр дороо ажлаа хүлээлгэж өгсөн. Дараа нь 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр захиргааны зөвлөлийн хуралтай гэж хүний нөөцөөс мэдэгдэл ирүүлсэн ба очиж оролцоход миний тайлбарыг сонсоогүй, “зөвлөлийн гишүүдийн 100 хувийн саналаар ажлаас халлаа” гэж танилцуулаад чухам ямар ноцтой зөрчил гаргасан, тэр нь хэрхэн тогтоогдсон талаар тодорхой зүйл тайлбарлаагүй. Иймээс настны эмч надад М- эмчийн ажлыг давхар хариуцуулсан атлаа үүнээс гадна хүлээн авахад ирсэн хүнийг үзэх ёстой гэж надад ачаалал нэмэх гэж тулгаж, тайлбарыг минь сонсолгүй сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж ажлаас шууд халах арга хэмжээ авсанд гомдолтой байна. 

Иймд Хэнтий аймгийн НЭдаргын 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/51 тоот тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан настны эмчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар сүүлийн 3 сарын цалингийн дундаж цалин 5548750 төгрөгийг гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэж өгнө үү” гэжээ. 

Хариуцагч Хэнтий аймгийн НЭдарга Д.О- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “О- нь байгууллагын даргын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/82 тоот тушаалаар Поликлиникийн тасгийн настны эмчийн албан тушаалд томилогдсон. 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр ажил олгогч болон ажилтан нарын хооронд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан.

Эмч О- нь ажиллаж байх хугацаандаа удаа дараа ёс зүйн алдаа зөрчил гаргадаг, үйлчлүүлэгчдээс гомдол байнга ирдэг, ажлын байрны тодорхойлолтод заасан үндсэн чиг үүрэг болон тусламж үйлчилгээтэй холбоотой удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлээгүй, яаралтай түргэн тусламж үйлчилгээг үзүүлэхээс татгалзсан, хэвтэн эмчлүүлэгчид тусламж үйлчилгээг оройтуулж үзүүлсэн, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд заасан эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ шалтгаангүйгээр биелүүлээгүй зэрэг зөрчлүүд нь хавсралт нотлох баримтуудаар нотлогдож байгаа тул ажлаас чөлөөлсөн.

Ахмадын тасгийн их эмч М- нь 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс ээлжийн амралт авсан бөгөөд түүнийг ээлжийн амралттай байх хугацаанд “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 5.1.7.А заасны дагуу ахмадын эмч О-ийг тасгийн эмчээр хавсруулан ажиллуулахаар тохиролцож, тушаалаар баталгаажуулж танилцуулсан.

Яаралтай тусламжийн тасаг дээр Бор-Өндөр сумаас түргэн тусламжаар хүргэгдсэн ирсэн 74 настай өвчтөнг нарийн мэргэжлийн эмчийн үзлэг шаардлагатай болсны дагуу яаралтай тусламжийн эмч Сүхбаатар 11 цаг 40 минутад ахмад настны эмч О-ийг дуудсан боловч “би чадахгүй, хүн үзэж байна” гэж өндөр настай, биеийн байдал хүндэвтэр, онош тодорхойгүй иргэнд тусламж үйлчилгээ үзүүлэхээс татгалзсан. Яаралтай түргэн тусламжийн эмч нар арга буюу дуудах ёсгүй байсан амбулаторийн мэдрэлийн эмчээр үзлэг хийлгэж ахмад настны тасагт хэвтүүлэхээр шийдвэрлэсэн боловч О- эмч тасгийнхаа үүднээс хөөж буцаасан үйлдэл гаргасан. Хэдийгээр тухайн иргэнд бусад эмч нар шаардлагатай тусламжийг үзүүлсэн боловч ахмад настны эмч О- үзлэг хийхгүй 10 цаг хүлээлгэсэнд үйлчлүүлэгчийн ар гэр болон хүргэж ирсэн Бор-Өндөр сумын эмч маш их бухимдалтай буцсан. Тухайн үед ахмадын эмч ачаалал ихтэй байхад дуудлаа гэсэн тайлбар өгч байгаа ч ахмадын эмч О-ийн ажлын ачаалал амбулаторит нэг үйлчлүүлэгчийг 15 минутын зайтай өдөрт 32 хүн үзэхээс 20 хүн байсан ба 11 цаг 06 минутад ирсэн өвчтөнг 10 цаг хүлээлгэж тусламж үйлчилгээ үзүүлэхгүй чирэгдэл учруулсан нь ажлын байрны тодорхойлолтод заасан үндсэн чиг үүрэг “яаралтай тусламжийн үзлэгийн цаг харгалзахгүй үзүүлэх” журмыг, Эрүүл мэндийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх “Анагаах ухааны боловсрол болгох тусгай зөвшөөрөл бүхий их, дээд сургуулийг их эмчийн мэргэжлээр төгссөн хүн бүр “Эмч би, эмчийн ёс зүй, төрийн хуулийг чандлан сахиж, эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийн төлөө эрдэм чадал, энэрэх сэтгэлээ харамгүй зориулахаа тангараглая, тангараглая” гэсэн заалтыг зөрчин тусламж үйлчилгээг үзүүлэхээс татгалзсан. Мөн энэхүү хуулийн 28.4.1 дахь заалт “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг биелүүлж, хүнлэг, энэрэнгүй үзлийг эрхэмлэн, мэргэжлээ хүний эрүүл мэндийн эсрэг ашиглахгүй байх”, 28.4.2 дахь заалт “Гэнэтийн өвчин, осол гэмтлээс амь насанд нь аюултай байдал бий болсон иргэн, төрөх гэж байгаа эхэд энэ хуулийн 28.1.3-т зааснаас бусад тохиолдолд эмнэлгийн тусламжийг ямар ч нөхцөлд үзүүлэх”, 28.4.3 дахь заалт “Үйл ажиллагаандаа Эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх ажлын стандарт, технилоги,  эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх удирдамжийг мөрдөж ажиллах” зэрэг заалтуудыг тус тус зөрчсөн. Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх заалт “Мэргэшсэн эмч нь Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан эмнэлгийн мэргэжилтний эрх, үүргээс гадна дараах эрх эдэлж, үүрэг хүлээнэ”, 22.1.1 дэх “Үзлэг, шинжилгээ, оношилгоо хийх, зөвлөгөө өгөх, эмчилгээ, мэс засал, ажилбар хийх”, Байгууллагын дотоод журам”-ын 5.1.7А “Улирлын өвчлөл, улирлаас шалтгаалсан ээлжийн амралтын хугацаанд зайлшгүй шаардлагатай эмч, тусгай мэргэжилтэн, эрүүл мэндийн бусад ажилтанг байгууллага дотор сэлгүүлэн ажиллуулах буюу мөн түр хугацаанд гаднаас холбогдох мэргэжилтэнг ажиллуулна”, 5.4.2 “Ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилт, үндсэн болон байгууллагын үйл ажиллагаатай холбоотой удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь чанартай бүрэн биелүүлэх”, 5.4.3 “Удирдах албан тушаалтны хууль тогтоомж, дүрэм, журамд нийцүүлэн гаргасан тушаал шийдвэр, үүрэг даалгавар, шаардлагыг биелүүлэх” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн.

Мөн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 09 цаг 28 минутад ахмадын тасагт хэвтэн эмчлүүлэхээр хэвтсэн Г-, А- нарыг бүтэн 24 цаг үзлэг хийж, өвчний түүхийг нээгээгүй, эмчилгээ хийлгүй өнжсөн нь “НЭүйл ажиллагааны дотоод журам”-ын 2.1-т “Шинээр ирсэн өвчтөнг эмчлэгч эмч 2 цагийн дотор үзэж өвчний түүхийг нээж, эмчилгээнд оруулна” гэж заасныг зөрчсөн, үйлчлүүлэгч Г-ийн цахим дээр өвчний түүх нээлгэсэн 01 дүгээр сарын 25-ны өдрийг 26 болгон засварласан нь Эрүүл мэндийн сайдын “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрэм батлах тухай” А/406 бдугаар тушаалын нэгдүгээр хавсралтын Эмнэлгийн мэргэжилтний баримтлах ёс зүйн түгээмэл хэм хэмжээний 4.1 “Эмнэлгийн мэргэжилтэн нь шинжлэх ухааны мэдлэгт тулгуурлан хүний амь нас, эрүүл мэндийн төлөө мэдлэг, ур чадвар, туршлага, энэрэх сэтгэлээ зориулан ажиллах”, 4.14 дэх “Эмнэлгийн мэргэжилтэн нь өвчний түүх, карт, эрүүл мэнд, эмчилгээ, үйлчилгээний талаарх тодорхойлолтыг хуурамчаар үйлдэх, эсхүл хуурамч бичиг баримтад гарын үсэг зурах, үйлчлүүлэгчийн эрүүл мэндтэй холбоотой бичиг баримтыг нөхөж бичих, засварлах, устгах, хуудас солихгүй байх” заалтыг зөрчсөн.

Эмнэлгийн мэргэжилтэн нь Эрүүл мэндийн сайдын “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрэм батлах тухай” А/406 дугаар тушаал, Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолоор баталсан “Төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн журам”-ийг мөрдөж ажиллах үүрэгтэй байдаг. Гэвч О- эмч нь дээрх тушаал шийдвэрийг мөрдөж ажилладаггүй, үйлчлүүлэгчдээс удаа дараа гомдол ирсэн бөгөөд энэ талаар удирдлагын зүгээс болон тасгийн эрхлэгч, орлогч дарга нар танилцуулж ёс зүйн харьцаа хандлага дээрээ анхаарч ажиллах талаар зөвлөдөг боловч хүлээж авдаггүй удаа дараа давтагддаг. Энэ байдал нь мөн “Захиргааны зөвлөл”-ийн хурал дээр давтагдаж зөвлөлийн  гишүүдтэй ёс зүйгүй харьцаж, мэргэжил мэдлэгээр хүнийг ялгаварлан гадуурхах үйлдэл гаргасан болно. Дээрх зөрчлүүдийн нотлох баримтуудаар нотолж “Хөдөлмөрийн гэрээ”-ний 7.4.1, 7.4.2-т заасан “Ноцтой зөрчил” гаргасан тул “Захиргааны зөвлөл”-ийн хурлаар хэлэлцэж гишүүд 100 хувийн саналтай, ажил олгогчийн санаачлагаар ажлаас чөлөөлөх шийдвэрийг гаргасан. Иймд О-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 212 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар О-ийн нэхэмжлэлтэй, НЭт холбогдох “ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах” тухай  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар хөдөлмөрийн маргаан нь гомдлоор авч хэлэлцэх маргаан тул улсын тэмдэгтийн хураамжаас нэхэмжлэгч чөлөөлөгдөхийг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40571 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч О-д буцаан олгохоор тус тус заан шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Оюунцэцэг давж заалдах гомдолдоо: Хэнтий аймгийн НЭдарга О- нь 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн захиргааны зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэж 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/51 тоот тушаал гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131-р зүйлийн 131.1.3-т зааснаар Зөвлөх поликлиникийн настны эмч О-ийг “ажлын байрны тодорхойлолтод заасан үндсэн чиг үүрэг болон тусламж үйлчилгээтэй холбоотой удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлээгүй, яаралтай тусламж үйлчилгээг үзүүлэхээс татгалзсан, хэвтэн эмчлүүлэгчид тусламж үйлчилгээг оройтуулсан, эмчийн мэргэжилтний ёс зүй, байгууллагын дотоод журам, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд заасан эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ шалтгаангүйгээр биелүүлээгүй зэрэг ноцтой зөрчил гаргасан” гэж хөдөлмөрийн гэрээг цуцалсан.

Эмнэлгийн захиргааны зөвлөлийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр болсон хурлын тэмдэглэлээс харахад хурлыг дарга О- нээж, Б/51 тоот тушаалд бичсэн үндэслэлүүдийг дурдаж “...ноцтой зөрчил гаргасан” тул хэлэлцэнэ гээд эмч О-ийг “зөрчил гаргаснаа тайлбарла” гэж тайлбарыг нь сонсож, гишүүд бүгд буруутгаж шүүмжлэн, эцэст нь зөвлөлийн гишүүдийн 100 хувийн саналаар ажлаас чөлөөлөхөөр шийдвэрлэсэн байна. Үүнээс үзэхэд ажлаас халах тушаалаа урьдчилаад төлөвлөчихсөн, чухам ямар ноцтой зөрчил хэзээ гаргасан, хэрхэн тогтоогдсон гэж Хөдөлмөрийн тухай хуулийн аль заалтаар чөлөөлж байгаа талаар тодорхой тайлбарлаагүй, тушаалд бичсэн үндэслэлээсээ арай өөр буюу “Захиргааны зөвлөлийн гишүүдийг үл хүндэтгэсэн, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээний заалтууд, сайдын болон байгууллагын даргын тушаал шийдвэрийг зөрчсөн зэргээр зөрчил гаргасан тул ажлаас чөлөөлөх саналтай” гэж танилцуулсан байдаг.

1. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ НЭдаргын 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/51 тоот тушаалд заасан үндэслэл дараах байдлаар тогтоогдож байна гээд: “Настны эмч О- нь ахмад настан Л-д 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр мэдсээр байж яаралтай тусламж үзүүлээгүй нь Эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл мэндийн сайдын тушаал, журам, НЭүйл ажиллагааны дотоод журам зөрчсөн гэж дүгнэсэн.

Хэрэгт авагдсан ажлын байрны тодорхойлолтод: “1. Үйлчлэх хүрээний ахмадуудад амбулаторийн үзлэг оношилгоо хийх зорилтын хүрээнд “...ахмадуудад амбулаторийн үзлэг хийх, карт, эрүүл мэндийн дэвтэр, өвчний түүх, холбогдох маягт бичгийг стандартын дагуу хөтлөх...”, 3. “Яаралтай тусламжийн үйлчилгээ үзүүлэх зорилтын хүрээнд ”..амь тэнссэн болон яаралтай сэхээн амьдруулах анхны арга хэмжээ авах...” гэж тус тус заасан. Амь тэнссэн болон сэхээн амьдруулах тохиолдолд анхны арга хэмжээг авах үүрэгтэй гэсэн нь тухайн эмчид тулгарсан үед зайлшгүй авах арга хэмжээ болохоос яаралтай тусламжийн тасагт ирсэн өвчтөнд очиж үйлчлэх үүрэг биш юм. 

Бор-өндөр сумаас ирсэн өвчтөн Л- нь яаралтай тусламжийн тасгийн эмч Сүхбаатар 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 11 цаг 06 минутад үзүүлсэн, “биеийн байдал хүнд”, “онош тодруулах” гэсэн оноштой, мөн дусал тариа эмчилгээ, шинжилгээ хийгдсэн тухай, 13 цаг 45 минутад “ахмадын эмчид үзүүлэх”, 14 цаг 20 минутад мэдрэлийн эмчийн үзлэгийн тэмдэглэл бичигдсэн, Сүхбаатар гэсэн гарын үсэгтэй “яаралтай тусламжийн хуудас”-аас үзэхэд тухайн өвчтөн яаралтай тусламжийн тасгийн тусламж үйлчилгээ авсан байдаг.

Тухайн цаг хугацаанд нэхэмжлэгч амбулаторийн үзлэгээ хийж байсан тухай тайлбарласан, мөн хэрэгт авагдсан 2021 оны 01 дүгээр сарын 27-ны “Амбулаторын үзлэгийн бүртгэл”-ээр анх 17, давтан 9, нийт 30 хүнд үзлэг хийсэн.

Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Эмнэлгийн яаралтай тусламжийг ...эрүүл мэндийн төв, ...нэгдсэн эмнэлэг ....үзүүлэх бөгөөд өрхийн эрүүл мэндийн төвөөс бусад байгууллага яаралтай тусламжийн нэгжтэй байна” гэж, Эрүүл мэнддийн сайдын 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/293 дугаар тушаалаар “эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх үлгэрчилсэн журам”-ыг баталж, тушаалын хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг бүх шатны эмнэлгийн дарга, захиралд даалгасан байна. Уг журмын “нийтлэг үндэслэл”-ийн 2-т “Эмнэлгийн тусламж гэж хүний амь насанд аюултай цочмог өвчин, эмгэгийг оношлох, эмчлэх, сэхээн амьдруулах, хүндрэлээс сэргийлэх зорилгоор хойшлуулшгүй үзүүлэх тусламж үйлчилгээг хэлнэ” гэж, 5.9-д “үйлчлүүлэгчийн өвчний оношийг богино хугацаанд тогтоох боломжгүй нөхцөлд хяналт, эмчилгээний хэсэгт шилжүүлж, холбогдох шиинжилгээг шуурхай хийж, эмчлэгч эмч болон төрөлжсөн мэргэжлийн эмч нарын хамтарсан зөвлөгөөнөөр асуудлыг шийдвэрлэнэ” гэж, 5.10-д “Ажлын цагаар төрөлжсөн мэргэжлийн эмч, зөвлөх эмч, эмч нарын багийг ...дуудаж зөвлөгөө авах болон хамтарсан зөвлөгөөн хийж шийдвэрлэнэ” гэж, Эрүүл мэндийн сайдын 2018 оны А/485 дугаар тушаалаар баталсан “Эмнэлгийн мэргэшсэн тусламж үйлчилгээ үзүүлэх журам”-ын 5.3-т “...хүнд, маш хүнд өвчтний оношилгоо, эмчилгээний асуудлыг шийдвэрлэхэд үндсэн болон төрөлжсөн мэргэжлийн зөвлөх эмч нарын хамтарсан үзлэг хийх...” гэх мэтээр төрөлжсөн мэргэшлийн эмч нарын зөвлөгөөн хийж шийдвэрлэхээр зохицуулсан байхад амбулаторийн үзлэг хийж байгаа эмчийг дуудаж үзүүлэх, тасгийн эмчгүй байгаа ахмадын тасагт хэвтүүлэх гэж тухайн өвчтнийг чирэгдүүлсэн, дээрх журмуудыг зөрчсөн эмнэлгийн удирдлага, яаралтай тусламжийн тасгийн зохион байгуулалтгүй, буруутай үйлдэл байхад нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй. Яаралтай тусламжийн тасаг тухайн хойшлуулшгүй тусламжийг үзүүлэх ёстойг дээрх журмаар зохицуулсан.  Мөн Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч Эрдэнэцэцэгийн өгсөн мэдүүлгээс үзэхэд хариуцагч өөрөө хөтөлж чиглүүлж асуулт тавьсан байхад тухайн гэрчийн мэдүүлгийг үнэлсэн.

2. НЭдаргын 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Б/34 тоот ажил хавсруулахаар томилсон тушаалыг биелүүлээгүй нь эмнэлгийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээний заалт, хөдөлмөрийн дотоод журам гэх дүгнэлтийн тухайд: 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/51 тоот тушаалд дурдсан нэг үндэслэл нь “ажлын байрны тодорхойлолт” заасан чиг үүрэг болон тусламж үйлчилгээтэй холбоотой удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлээгүй” гэсэн, үүнийг хариуцагч тайлбарлахдаа “эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрмийг мөрдөж ажиллах үүрэгтэй атал дээрх тушаал шийдвэрийг мөрдөж ажиллаагүй” гэснээс бус Б/34 тоот тушаалыг биелүүлээгүй нь ноцтой зөрчил гэж тайлбарлаагүй болно.

3. Г-, А- нарт эмнэлгийн тусламж үйлчилгээг оройтуулж хүргэсэн нь НЭүйл ажиллагааны дотоод журмыг зөрчсөн гэх дүгнэлтийг тухайд: Тасгийн эмчээр хавсран ажиллуулахаар томилоогүй, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй тул хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэх, мөн амбулаторийн үзлэг өглөөнөөс үд өнгөртөл хийж ажиллаж байгаа эмчийг 2 цагийн дотор өвчтөнд өвчний түүх нээж, эмчлэх ёстой гэх нь зүйд нийцэхгүй.

Ийнхүү хөдөлмөрийн гэрээний 7.4.1, 7.4.2, 7.4.5-д заасан ноцтой зөрчил гаргасан гэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, мөн нотлох баримтыг буруу үнэлж, дүгнэсэн. Үүнд: Шийдвэрийн агуулгаас үзэхэд нэхэмжлэгчийг 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс ахмадын тасгийн эмчээр хавсарч ажиллахдаа хөдөлмөрийн гэрээнд заасан зөрчил гаргасан гэж үзсэн.

Хөдөлмөрийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д /хэд, хэдэн ажил үүргийг зэрэг гүйцэтгэх/ ажилтан хөдөлмөрийн гэрээгээр өөр ажил хавсран гүйцэтгэх, хослон гүйцэтгэх болог ажил олгогч ажилтантай тохиролцсоноор эзгүй байгаа ажилтны үүргийг түр орлон гүйцэтгүүлэх буюу ажлын ачааллыг нэмэгдүүлж болохоор заасан /”тохиролцсон” гэдгийг Улсын дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолд тусад нь гэрээ байгуулах буюу хөдөлмөрийн гэрээнд нэмэлт оруулах зэргээр баталгаажуулахыг ойлгоно гэж тайлбарласан/ байгаагаас үзэхэд хөдөлмөрийн гэрээ заавал байгуулахыг хуульд заасан байна. Гэтэл шүүх амбулаторийн эмчээр томилогдохдоо байгуулсан нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээ, 2018 онд боловсруулсан, ахмадын эмчийн ажлын байрны тодорхойлолтыг тасгийн эмчийн ажил үүргийг хавсран гүйцэтгэхэд хамааралтай гэж үзэн Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 “...байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно”, 35 дугаар зүйлийн 35.1.2-т “...ээлжийн амралттай байгаа хугацаанд ажил албан тушаалыг хэвээр хадгалах” -аар зохицуулсан зэргээр байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээ дахин байгуулахыг хуулиар хориглосон тул эмч О-ийг тасгийн эмчээр ажил хавсруулахдаа дахин гэрээ байгуулах шаардлагагүй” гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх заалт нь ажлын байранд зөвхөн хөдөлмөрийн гэрээ байгуулна гэсэн утга санаа, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д хэд хэдэн ажил зэрэг гүйцэтгүүлэхэд хөдөлмөрийн гэрээ, нэмэлт гэрээ тохиролцож байгуулах нь өөр төрлийн гэрээ байгуулах тухай заалт биш, 35 дугаар зүйлийн 35.1.2-т “ээлжийн амралттай байгаа үед албан тушаалыг хэвээр хадгална” гэсэн нь тухайн ажилтан ээлжийн амралтын хугацаа дуусахад ажилдаа эргэн орох хүсэлт гаргавал ажил олгогч нь тухайн ажил, албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй гэсэн ойлголт, харин эзгүй үед нь ажил үүргийг нь гэрээгээр тохиролцон өөр этгээдээр гүйцэтгүүлж болохыг 26.1-д зааснаар зохицуулсан.

Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д “...хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан сахилгын ноцтой зөрчил гаргасан” тохиолдолд хөдөлмөрийн гэрээг цуцлахаар зааснаас үзэхэд ноцтой зөрчилд ямар зөрчлүүдийг оруулан тооцохыг талууд тохиролцож, хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байхыг заавал шаардсан байна. Гэтэл нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээний 7.4-д сахилгын ноцтой зөрчлүүдийг жагсаасан байх боловч 7.4.1 “...хууль, стандарт, удирдамж, дүрэм, журам, зааврыг зөрчсөн үйлдэл гаргасан” гэж ерөнхийд нь тусгасан, чухам аль эрх зүйн актын ямар зүйл заалтыг нь зөрчвөл ноцтой зөрчил болохыг нэрлэн тодорхой заагаагүй нь хуульд нийцээгүй, 7.4.2-т “Эрүүл мэндийн сайдын 2013 оны 446 дугаар тушаалаар баталсан Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн...” бол ноцтой зөрчилд тооцохоор заасан байгаа ч тухайн тушаал хүчингүй, 2019 оны  09 дүгээр сарын 04-ний өдрийн А/406 дугаар тушаал мөрдөгдөж байхад шүүх энэ тал дээр дүгнэлт хийгээгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т “шийдвэрийн тодорхойлох хэсэгт зөвхөн нэхэмжлэлийн шаардлага, тайлбар, хариуцагчийн татгалзал, тайлбар, зохигчийн төлөөлөгч, гуравдагч этгээд, түүний төлөөлөгчийн тайлбарын агуулгыг заана” гэсэн байхад өмгөөлөгчийн тайлбар, хууль зүйн дүгнэлтийг хуралдааны тэмдэглэлээс бүхэлд нь хуулах байдлаар оруулсан нь шийдвэрийн агуулгад тавигдах хуулийн шаардлагад нийцээгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч О- нь “Хэнтий аймгийн НЭдаргын 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/51 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй хүлээлгэсэн хугацааны цалин 5548750 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаа шүүхэд гаргасан байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “намайг сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж үзэж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар ажлаас буруу халсан. Өөр эмчийн ажлыг давхардуулан хариуцуулсан атлаа яаралтай түргэн тусламжаар хүлээн авахад ирсэн хүнийг үзэх ёстой гэж ачаалал нэмж сахилгын ноцтой зөрчил гаргасан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй ямар зөрчил гаргаснаа мэдэхгүй байна. Үндэслэлгүйгээр ажлаас халсан тул ажилд эгүүлэн тогтоож өгнө үү” гэж тайлбарлажээ.

Хариуцагч Хэнтий аймгийн НЭдарга Д.О- “ О- эмч нь ёс зүйн алдаа зөрчил гаргадаг, хөдөлмөрийн гэрээнд заасан чиг үүрэг болон удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй, яаралтай тусламж үйлчилгээг үзүүлэхээс татгалзсан, сахилгын ноцтой зөрчил гаргасан тул ажлаас чөлөөлөгдсөн” гэж маргажээ.

Хэнтий аймгийн НЭдаргын 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн тушаалд нэхэмжлэгч О-ийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Эрүүл мэндийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 28.4.1, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1, Хөдөлмөрийн гэрээний 6.2.2, 6.2.3, 7.4.1,7.4.2, Хөдөлмөрийн дотоод журмын 3.1.4, 5.1.7А, 5.4.2, 5.4.3, Захиргааны зөвлөлийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 02 дугаар тэмдэглэлийг тус тус үндэслэн настны эмч О-ийг ажлын байрны тодорхойлолтод заасан үндсэн чиг үүрэг болон тусламж үйлчилгээтэй холбоотой удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлээгүй, яаралтай тусламж үйлчилгээг үзүүлэхээс татгалзсан, хэвтэн эмчлүүлэгчид тусламж үйлчилгээг оройтуулж үзүүлсэн, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд заасан эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ шалтгаангүйгээр биелүүлээгүй зэрэг ноцтой зөрчил гаргасан гэж үзэж үүрэгт ажлаас чөлөөлжээ /хх-16х/.

Ажил олгогч, ажилтан нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 7.4.1-д “Эрүүл мэндийн тухай хууль, эмчилгээ үйлчилгээний стандарт, технилоги удирдамж, Эрүүл мэндийн яам, эрүүл мэндийн төрийн захиргааны төв байгууллага, эрүүл мэндийн газар, НЭзахиргаанаас баталсан дүрэм, журам, зааврыг зөрчсөн үйлдэл гаргасан”, 7.4.2-д “Эрүүл мэндийн сайдын 2013 оны 446 дугаар тушаалаар баталсан “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ”-ний гурав. Эмнэлгийн мэргэжилтний баримтлах ёс зүйн хэм хэмжээ, дөрөв. Эмнэлгийн мэргэжилтэн үйлчлүүлэгчтэй харилцах горим, тав. Эмнэлгийн мэргэжилтэн хоорондын харилцааны горим зэргийг зөрчсөн зөрчлийг ноцтой гэж үзэж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д зааснаар ажлаас чөлөөлөхөөр заасан байна.

Хэнтий аймгийн НЭдарга 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр “их эмч О-ийг сэргээн засах, ахмад, хавдар, хөнгөвчлөх тасгийн ахмадын эмч Х.М-ын ээлжийн амралттай байх хугацаанд 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс мөн оны 03 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд хавсран ажиллуулахаар” тушаал гаргажээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар зохицуулжээ.

Ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг “ноцтой” гэж тооцохыг гэрээний талууд харилцан тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заах учиртай юм.

Ажилтан О- нь хөдөлмөрийн гэрээний 7.4.1, 7.4.2-т заасан хөдөлмөрийн сахилгын  ноцтой зөрчлийг гаргасан болох нь 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр тус эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн тасагт өндөр настан Д.Л- гэдэг хүн үзүүлэхээр ирсэн, түүнийг ахмадын тасагт үзүүлэхээр яаралтай түргэн тусламжийн эмч Х.Сүхбаатар шилжүүлсэн атал ахмадын эмч О- нь “ажлын ачаалалтай, Алтантуул эмчийг дуудаж үзүүл” гэдэг шалтгаанаар Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3, 28.4.2 заасныг зөрчиж эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ биелүүлээгүй болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, яаралтай тусламжийн хуудас, эрүүл мэндийн тусламж үйлчилгээнээс татгалзсан тухай мэдүүлэг зэргээр нотлох баримтуудаар тогтоогдсон /хх 61-65/.

Мөн өвчтөн Д.Г-, Д.А- нарт өвчтний түүх нээсэн огноо 2021 оны 01 дүгээр сарын 25, 2021 оны 01 дүгээр сарын 28 гэсний маргааш буюу 2021 оны 01 дүгээр сарын 26, 2021 оны 01 дүгээр сарын 29 өдөр клиникийн урьдчилсан онош бичиж эмнэлгийн тусламж үйлчилгээг оройтуулж өвчтөний түүх нээсэн нь Хэнтий аймгийн НЭүйл ажиллагааны дотоод журмын 2.1-д заасан “шинээр ирсэн өвчтнийг эмчлэгч эмч 2 цагийн дотор үзэж, өвчтний түүх нээж эмчилгээнд оруулна гэснийг зөрчсөн нь тогтоогдсон /хх 73-78/.

Хэнтий аймгийн НЭзахиргааны зөвлөлийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 02 дугаар хурлын тэмдэглэлд “О- нь ажлын байрны тодорхойлолтод заасан үндсэн чиг үүрэг болон тусламж үйлчилгээтэй холбоотой удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлээгүй, яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэхээс татгалзсан, хэвтэн эмчлүүлэгчид тусламж үйлчилгээг оройтуулж үзүүлсэн, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд заасан эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ шалтгаангүйгээр биелүүлээгүй зэрэг ноцтой зөрчил гаргасан тул ажлаас чөлөөлөхөөр шийдвэр гаргажээ.

Нэхэмжлэгч О- нь ахмад настан Д.Л-д 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр мэдсээр байж яаралтай тусламж үзүүлээгүй, өвчтөн Д.Г-, Д.А- нарт оройтож тусламж үйлчилгээ үзүүлсэн нь Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.1, 28.4.2, 28.1.3, Эрүүл мэндийн сайдын 2019 оны 406 дугаар тушаалаар баталсан “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрэм-ийн” 5.5, 5.6 дахь заалт, Эрүүл мэндийн сайдын 2019 оны 293 дугаар тушаалаар баталсан “журам батлах тухай” нэгдүгээр хавсралтын 5.10 дэх заалт, “Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлийн үйл ажиллагааны дотоод журам-ын” 2.5 заалт, Хэнтий аймгийн НЭдаргын 2021 оны 01 дүгээр сарын 29 ний өдрийн “Х.М- эмчийн ажил үүргийг хавсран гүйцэтгүүлэхээр гаргасан Б/34 дүгээр тушаалыг биелүүлээгүй  нь хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.4.1, 7.4.2 –д нэрлэн заасан хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчлийг гаргасан болох нь тогтоогдсон гэж дүгнэж  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг байхад нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 103730 төгрөгийг төлсөн байх тул шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн  156/ШШ2021/00212 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

 

2 . Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 103730 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.БОЛОРМАА

                                  ШҮҮГЧИД                                         Б.ДЭНСМАА

                                                                                                                         

                                                                                                       Я.АЛТАННАВЧ