Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2024/00005

 

 ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батчимэг, Н.Баярмаа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 148/ШШ2023/00240 дүгээр шийдвэр, 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 208/МА2023/00039 дүгээр магадлалтай,

А ХХК-ийн нэхэмжлэлтэй,

У  ХХК-д холбогдох

 

1,143,262,604.88 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл,  

1,749,940 тонн улаан буудайг буцаан гаргуулж, ажилчдын цалин, тээврийн зардалд 99,277,184 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Халиунаа, Х.Тулга, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Болд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Сэлэнгэ, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Цэрэнжээ, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь: 

1.Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч У ХХК-д холбогдуулан 1,143,262,604.88 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, 1,749,940 тонн улаан буудайг буцаан гаргуулж, ажилчдын цалин, тээврийн зардалд 99,277,184 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

2. Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 148/ШШ2023/00240 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасныг баримтлан У ХХК-аас 922,553,752 төгрөгийг гаргаж А ХХК-д олгож, үлдэх 110,354,426.07 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, А ХХК-аас 858,048,100 төгрөг гаргуулан У ХХК-д олгож, үлдэх 378,690,094 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн А ХХК-ийн 5,874,264 төгрөг, У ХХК-ийн 6,560,744 төгрөгийг тус тус орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, У ХХК-аас 4,770,719 төгрөг гаргуулан А ХХК-д, А ХХК-аас 4,448,190 төгрөг гаргуулан У ХХК-д тус тус олгож шийдвэрлэжээ. 

3. Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 208/МА2023/00039 дүгээр магадлалаар: Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 148/ШШ2023/00240 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 219 дугаар зүйлийн 219.1, 222 дугаар зүйлийн 222.7, 227 дугаар зүйлийн 227.3, 243 дугаар зүйлийн 243.1-т тус тус зааснаар У ХХК-аас гэрээний үүрэг хохирлын хамт /765,138,950+78,707,401/ 843,846,351 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 299,416,253 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчаас нийлүүлсэн улаан буудайн үнийн зөрүү 14,653,649 төгрөгийг нэхэмжлэгч А ХХК-аас гаргуулж хариуцагч У ХХК-д олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. гэж,

2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн А ХХК-ийн 5,874,264 төгрөг, У ХХК-ийн 6,560,744 төгрөгийг тус тус орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, У ХХК-аас тэмдэгтийн хураамж 4,377,182 төгрөг гаргуулан А ХХК-д олгосугай. гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.  

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Сэлэнгийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.10.12-ны өдрийн 208/МА2023/00039 тоот магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Нэг: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчлийн талаар: Нэхэмжлэл гаргах эрхгүй, итгэмжлэл олгогдоогүй, итгэмжлэлгүйгээр компанийг төлөөлөх эрхгүй этгээдийн гаргасан нэхэмжлэлийг анхан шатны шүүх хүлээн авч хэргийг шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх итгэмжлэлгүй, эрх олгогдоогүй этгээд нэхэмжлэл гаргасан нь тогтоогдсоор байхад иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг баримтуудыг итгэмжлэлийг орлоно гэсэн агуулга бүхий дүгнэлт хийж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргалаа. Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгохгүй, А ХХК-д найр тавьж, давуу байдал олгож, хууль зөрчсөн.

А ХХК-ийн нэхэмжлэлийн бараа, материалын үнэ 765.1 сая төгрөгийг У ХХК төлөх бөгөөд ямар нэг маргаан хийгээгүй. Харин буудайн ачилт, буулгалт, хатаалтын зардалд 157.4 сая төгрөг, арилжааны банк, зээл хадгаламжийн дундаж хүү 110.3 сая төгрөгийг хүлээн зөвшөөрөөгүй маргасан юм. Учир нь У ХХК нь буудайг талбай дээрээ хатааж, өөрийн машинаар А ХХК-ийн хашаанд заасан цэг буюу бүүнкерт замд буулгасан бөгөөд талууд энэ талаар маргаан байхгүй. Гэтэл А" ХХК нь төлбөрийн хүү, ачилт, буулгалт, хатаалтын зардал гэж бодит болон хуулийн үндэслэлгүй ... төгрөг нэхэмжилсэн нь анхан болон давж заалдах шатны шүүх хурал хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар үгүйсгэгдсэн. Гэтэл давж заалдах шатны шүүх хадгалалт, хатаалтын зардал 78,7 сая төгрөгийг У ХХК-аас гаргуулж А ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч хадгалалтын зардал гаргуулах нэхэмжлэлийн шаардлага анхан болон давж заалдах шатны шүүх хурал, хавтаст хэрэгт энэ талаар ямар нэг баримт байхгүй, мэтгэлцээн явагдаагүй юм. Гэтэл давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хальж хадгалалтын зардал гэсэн шинэ шаардлага зохион төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн. ИХШХШТХ-ийн 167-р зүйлд давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээг заасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх эрх хуулиар олгогдоогүй.

Хоёр: Хууль хэрэглээний талаар: У ХХК хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд гэрээнээс татгалзаж, тушаасан улаан буудайг буцаан авах сөрөг нэхэмжлэл гаргасан. Гэрээнээс татгалзах эрх зөвхөн гэрээний аль нэг талд /Иргэний хуулийн 225 дугаар зүйл/ байх бөгөөд хэн ч хөндлөнгөөс оролцох эрх байхгүй юм. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэлийг шийдвэрлэлгүй орхисон бол давж заалдах шатны шүүх тодорхой үндэслэл заалгүй нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. А ХХК нь монопол байдлаа ашиглан газар тариалангийн компаниудаас тушааж байгаа улаан буудайг үзэмжээрээ тогтоосон үнэнд бариулахын тулд өөрийн компанийн лабораториор чанарыг зориуд бууруулан хүнсний буудайг малын тэжээл болгон ангилж үнийг тогтоодог нь нотлогдсон. У ХХК-ийн тушаасан 1,749,940 тонн улаан буудайны 1,017,440 тонныг тэжээлийн буудай гэж ангилан чанарыг бууруулж үнэлсэн. Энэ үнээр танай компанид өгөх боломжгүй буудайгаа буцааж авъя гэхээр өгдөггүй. Энэ нь А ХХК ангилал, үнийн зөрүүнээс асар их ашиг олсноо нуух гэсний нотолгоо юм. А ХХК зөвхөн өөрийн тогтоосон үнэ, ангиллаар буудай авсныг Иргэний эрх зүйн харилцаа гэж үзэж болохгүй. Нэг талын хүсэл зорилго, дангаар ноёрхол илт байгаа нь талуудын хооронд харилцан эрх тэгш харилцаа явагдаагүй нь тогтоогдсон. Хоёр шатны шүүх энэ байдалд дүгнэлт хийхээс санаатай зайлсхийж, А ХХК-д хохирол учирсан нь тогтоогдохгүй байхад тодорхой хэмжээний хохирол учирсан гэж үзэхээр байна гэсэн хийсвэр дүгнэлт хийж, 78.7 сая төгрөг, тэмдэгтийн хураамж гэх 4.3 сая төгрөгийг У ХХК-аас гаргуулж А ХХК-д олгох шийдвэрийг гаргасан. Талуудын хооронд харилцан эрх тэгш, харилцаа явагдаагүй байхад давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийг хэрэглэсэн нь хууль хэрэглээний алдаа юм. Цаашдаа зөвхөн худалдан авагч А ХХК-ийн өөрийн үзэмжээр тогтоосон үнэ, ангиллаар гэрээ байгуулахыг тариалан эрхлэгч компаниудад тулгадаг, асар их ашиг олдог үйлдлийг зөвтгөж хэрхэвч болохгүй. Хуулийг энэ агуулгаар хэрэглэсэн Иргэний хууль мөн 243 дугаар зүйлийн агуулгатай зөрчилдөж байна. А ХХК-ийн эрх, ашиг сонирхол хуулиас дээгүүр байх ёсгүй. У ХХК нь нэг талбайгаас ачсан буудайг Улсын нөөц, гурилын компаниудад ХХААҮЯ-ны сайдын тогтоосон жишиг үнэ, ангиллаар нийлүүлдэг. Энд маргаан байхгүй. Гэтэл зөвхөн А ХХК нь зөвхөн захирлынхаа тушаалаар тогтоосон үнэ, лабораторийн ангиллаар буудайг авна гэх нь дэндүү дураараа, дээрэнгүй ажиллагаа юм. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг үндэслэн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

5. Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2023.12.12-ны өдрийн хуралдааны 001/ШХТ2023/01440 тогтоолоор хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Сэлэнгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ХЯНАВАЛ:

6. Нэхэмжлэгч А" ХХК нь хариуцагч У ХХК-д холбогдуулан 1,143,262,604.88 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба тус компани 2021.02.27-ны өдрөөс 2021.12.27-ны өдөр хүртэл үнэ бүхий нийлмэл бордоо, түлш, хүнс зэрэг бараа материал бүтээгдэхүүнийг У ХХК-д шилжүүлэн өгсөн, У ХХК нь 2021.09-11 сард нийт 1,749,940 тонн үр тариа нийлүүлсэн боловч түүний нийлүүлсэн улаан буудайны зарим хэсэг нь стандарт хангаагүйгээс маргаан үүссэн тул урьдчилан нийлүүлсэн бараа, бүтээгдэхүүний үнэ 765,138,950 төгрөг, хариуцагч үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс чанарын шаардлагад тэнцэхгүй буудайны ачилт, буулгалт, хатаалтын зардал гарсан гэж 157,414,802.74 төгрөг, түүнчлэн 765,138,950 төгрөгийг төлөх үүргээ гүйцэтгээгүйгээс хадгаламжийн жигнэсэн хүүгээр хохирлоо тооцож 110,354,426.07 төгрөгийг шаардах эрхтэй гэж үндэслэлээ тайлбарлажээ.

Хариуцагч 765,138,950 төгрөгийн шаардлагаас бусдыг эс зөвшөөрч, 2021 оны 9-11 сард нийлүүлсэн 1,749,940 тонн улаан буудай болон тээвэрлэлтийн зардал 99,277,184 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан ба үндэслэлээ тайлбарлахдаа ... нэхэмжлэгч компани нь өөрийн лабораторийн шинжилгээгээр манай компаниас нийлүүлсэн улаан буудайны ихэнх хэсгийг хүнсний чанарын стандартад хангахгүй гэсэн шалтгаанаар тэжээлийн буудайн ангилалд оруулж, үнийг буулгасан учир 1,749,940 тонн улаан буудайг буцаан гаргуулна, буудайг А " ХХК-д хүргэхэд жолооч нарын цалинд 14,884,672 төгрөг, түлш 34,753,920 төгрөгийн зардал гарсан тул хүргэлтийн болон буцаан тээвэрлэх зардал 99,277,184 төгрөгийг нэхэмжлэгч хариуцах ёстой гэжээ.  

7. Хэргийн баримт, зохигчийн тайлбараас үзэхэд 2021.02.27-ны өдрөөс 2021.12.27-ны өдөр хүртэл У " ХХК-д нийт 765,138,950.88 төгрөгийн нийлмэл бордоо, тэжээлийн хивэг, үрийн буудай, түлш, хүнс зэрэг бараа материал бүтээгдэхүүнийг шилжүүлэх, уг бараа бүтээгдэхүүний үнийг У ХХК нь 2021 онд тариалсан хүнсний улаан буудайг нийлүүлж төлбөрийг барагдуулахаар талууд харилцан тохиролцсон, нэхэмжлэгч нь 765,138,950.88 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг У ХХК-д нийлүүлсэн, хариуцагч нь 1,749,940 тонн улаан буудайг А " ХХК-д хүлээлгэн өгсөн үйл баримтын тухайд талууд маргаагүй. 

Нэхэмжлэгч А " ХХК нь хариуцагч У ХХК-ийн нийлүүлсэн 1,749,940 тонн улаан буудайг өөрийн компанийн лабораторид шинжилж, II-IV ангилалд тэнцэх буудай 493,680 кг, овьёос 238,820 кг, тэжээлийн буудай 1,017,440 кг гэж ангилснаар талуудын хооронд маргаан үүссэн байна.  

8. Анхан шатны шүүх ... талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, ... энэ гэрээг бичгээр хийх хуулийн шаардлагыг зөрчсөн боловч хүчингүйд тооцох үндэслэл болохгүй, хариуцагч У ХХК бараа бүтээгдэхүүний үнэ 765,138,950.88 төгрөгийг төлөх үүрэгтэй, ... Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7-д зааснаар буудайны ачилт буулгалтын зардлыг үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал гэж үзэж, хариуцагчаас 157,414,802.74 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж дүгнэн, хариуцагч У ХХК-аас 922,553,752 төгрөгийг гаргуулан А ХХК-д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 110,354,426 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ У ХХК-ийн 1,749,940 тонн улаан буудай нь лабораторийн шинжилгээгээр 2-4 дүгээр ангилалд тэнцэх буудай 493,680 кг, овьёос 238,820 кг, тэжээлийн буудай 1,017,440 кг ангилагдсаныг А ХХК-ийн захирлын 2021.10.04-ний өдрийн улаан буудайнд үнэлгээ тогтоон худалдан авах тухай тушаалд заасан үнээр тооцож, нийт нийлүүлсэн буудайны үнэ 858,048,100 төгрөгийг А " ХХК-аас гаргуулан "У " ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байна.

9. Давж заалдах шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ ...зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээгээр А ХХК нь бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, У ХХК нь бүтээгдэхүүний үнийг хүнсний улаан буудай нийлүүлэх хэлбэрээр төлж барагдуулахаар тохиролцсон нь харилцан шаардлага бүхий үүргээ тооцож үүргийг дуусгавар болгохоор талууд тохиролцсон гэж үзэхээр байна гэж дүгнээд хариуцагчаас нийлүүлсэн буудайн үнэ 858,048,100 төгрөгөөс нэхэмжлэгчид төлөх бараа бүтээгдэхүүний үнэ 765,138,950 төгрөгийг хасаж, зөрүү 93,361,050 төгрөгийг нэхэмжлэгч А ХХК-аас гаргуулахаар, хариуцагч У ХХК нь талуудын хооронд байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгчид тодорхой хэмжээний хохирол учирсан, ...буудайн чанарын талаар маргаантай гэсэн шалтгаанаар эдийн засгийн эргэлтэд оруулж чадаагүй гэсэн тайлбар болон буудайн хадгалалт, хатаалтын зардлын тооцоолол зэрэг хэрэгт авагдсан баримтыг үндэслэн дээрх зардалд 78,707,401 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор, харин мөнгөн төлбөрийн үүргээ гүйцэтгээгүй хугацааны хүү гэж 110,354,426 төгрөг гаргуулах тухай шаардлагаа нэхэмжлэгч нотлоогүй, хүүг хэрхэн тооцсон тухай тооцооллыг шүүхэд ирүүлээгүй гэсэн үндэслэлээр уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд ... нийлүүлсэн улаан буудайн чанар, ангиллыг үндэслэлгүйгээр бууруулж, үнийг зах зээлийн ханшнаас бууруулсан гэж улаан буудайг буцаан гаргуулах буюу гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах агуулгаар гаргасан гэж үзэхээр байна, У ХХК нь 2021.10.04-ний өдрөөс 11 сарын 12-ны хооронд нийлүүлсэн улаан буудайн чанарын талаар буюу эд хөрөнгийн доголдолтой холбоотой гэрээг цуцлах шаардлага эсхүл улаан буудай нийлүүлэх гэрээнээсээ татгалзах тухай саналаа нөгөө талдаа мэдэгдсэн эсэх нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна, ...хариуцагчаас эд хөрөнгийн доголдолтой холбоотой гэрээнээс татгалзах болон гэрээ цуцлах талаар шаардлага гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн байна.

10. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Хоёр шатны шүүх зохигчийн хооронд үүссэн харилцааны эрх зүйн үндэслэлийг өөр өөрөөр тодорхойлж, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хууль хэрэглээний зөрүүтэй дүгнэлт хийснийг хяналтын шатны шүүхээс залруулах боломжгүй байна.

Хэргийн баримт, зохигчийн тайлбар зэргээс үзэхэд хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг бүрэн тодруулаагүй, талууд ач холбогдол бүхий үйл баримтуудын хүрээнд бүрэн мэтгэлцээгүйгээс хоёр шатны шүүх өөр өөр дүгнэлт хийсэн. Сөрөг нэхэмжлэлд заасан нийлүүлсэн улаан буудайг буцаан гаргуулах шаардлагыг нэхэмжлэгч зарим талаар зөвшөөрсөн тайлбар өгсөн хэдий ч бусад нийлүүлэгчийн буудайтай холилдсон гэж татгалзсан нь төрлийн шинжээр тодорхойлогдох хөрөнгийн хувьд боломжгүй, түүнчлэн маргааны гол шалтгаан болох улаан буудайны чанар, ангиллыг хэрхэн тогтоодог болон нийлүүлсэн буудайнд ангилал хийсэн байдлын талаар тухайн үед хариуцагчид хэрхэн мэдэгдсэн нь тодорхой бус буюу хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байна.  

Иймээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалын удиртгал хэсэгт үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бичсэн боловч сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бичээгүй орхигдуулсныг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 148/ШШ2023/00240 дүгээр шийдвэр, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 208/МА2023/00039 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр төлсөн 624,755.25 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ              П.ЗОЛЗАЯА  

ТАНХИМЫН ТЭРГҮҮН           Г.АЛТАНЧИМЭГ 

ШҮҮГЧИД                                 Н.БАТЧИМЭГ  

                                                  Н.БАЯРМАА

                                     Д.ЦОЛМОН