Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2021/01615

 

 

 

 

 

 

2021 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2021/01615

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: нэхэмжлэлтэй,

Хариуцагч: холбогдох,

6 500 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч , хариуцагчийн өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баяржаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Би ... харилцан тохиролцож 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Худалдах худалдан авах тухай гэрээ байгуулан Япон улсад үйлдвэрлэсэн Toyota Aqua авто машиныг 10 500 000 төгрөгөөр худалдан авсан бөгөөд ... нь уг авто машины төлбөрийг 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр бүрэн төлж барагдуулах үүрэгтэй байсан.Уг гэрээний дагуу ... нь авто машины нийт үнийн дүнгээс 4 000 000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлэхгүй байсан ба төлбөр төлөх асуудал сунжирч, улмаар ...т авлага үүссээр өнөөг хүрсэн. ... зүгээс төлбөрийг барагдуулах талаар .д мэдэгдсэн боловч ямар ч үр дүн гарсангүй.Иймээс ...-иас гэрээнд заасан авто машины үлдэгдэл төлбөр болох 6 500 000 төгрөгийг гаргуулан өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ... нь ...-тай харилцан тохиролцож 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр худалдах худалдан авах тухай гэрээ байгуулан Япон улсад үйлдвэрлэсэн Toyota Aqua авто машиныг 10 500 000 төгрөгөөр худалдсан бөгөөд ... нь уг машины төлбөрөөс 4 000 000 төгрөгийг төлөөд үлдэгдэл төлбөрийг төлөхгүй байна. ... машины төлбөрийн мөнгийг ...-ын дансанд л хийх ёстой байхад өөр хүний дансанд хийсэн мөнгийг машины мөнгийг төлсөн гэж байгааг зөвшөөрөхгүй, тэр мөнгийг ... хүлээж аваагүй тул 6 500 000 төгрөгийг ...-иас гаргуулна гэв.

Хариуцагч ... шүүхэд гаргасан тайлбартаа:Би 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр иргэн ...-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулан 2014 онд Япон улсад үйлдвэрлэгдсэн, цагаан өнгийн Toyota aqua маркийн авто машиныг 10 500 000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон. Мөн өдөр буюу гэрээ байгуулагдсан 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр төлбөрийг би бүрэн төлж барагдуулахаар тохиролцсон байдаг. Би төлбөрийг дараах байдлаар худалдагч талд гэрээнд заасан хугацаанд бүрэн төлж барагдуулсан байдаг. Үүнд.2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр миний 2 хүүхдийн эцэг болох ... нь өөрийн Худалдаа хөгжлийн банкны ... тоот данснаас 6 500 000 төгрөгийг ...-ын Хаан банкин дахь ... тоот данс руу бэлэн бусаар, 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 4 000 000 төгрөгийг ...-ын Хаан банкин дахь ... тоот данс руу бэлэн бусаар тус тус төлж, зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн. Иймд дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч ... шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр иргэн ...-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулан 2014 онд Япон улсад үйлдвэрлэгдсэн, цагаан өнгийн Toyota aqua маркийн авто машиныг 10 500 000 төгрөгөөр худалдан авч, 4 сая төгрөгийг нь би ...-аас зээл авч төлөөд, үлдсэн 6 500 000 төгрөгийг нь миний 2 хүүхдийн эцэг болох ... нь Солонгос улсаас ...-ын өгсөн /дансанд 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 4 удаагийн гүйлгээгээр шилжүүлж машины үнийг бүрэн төлж дуусгасан байгаа, тэр өдөр ... надад ч 500 000 төгрөг шилжүүлсэн байдаг. ... энэ дансыг надад өгснийг би ...-т өгсөн байгаа, ... надаас машины үнийн үлдэгдэл гэж нэхэж байгаагүй, үүнийг би шүүхээс нэхэмжлэл гардаж аваад мэдсэн гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ... нь авто машин худалдсан гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 6 500 000 төгрөгийг хариуцагч ...-иас гаргуулах тухай шаардлагыг шүүхэд гаргажээ.

... нь ...-тай 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байх бөгөөд уг гэрээгээр ... нь Япон улсад 2014 онд үйлдвэрлэсэн Toyota aqua маркийн авто машиныг ...-ийн өмчлөлд шилжүүлэх, ... нь уг авто машины үнэ 10 500 000 төгрөг ...-т төлөх үүрэг хүлээж тохиролцсон хэлцэл нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан үндэслэлд нийцэж байна./хх-4/

Талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар болон уг гэрээний үүргээс ... нь 4 000 000 төгрөгийг 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдөр төлсөн, улмаар ... нь тухайн тээврийн хэрэгслийг өөрийн өмчлөлдөө шилжүүлэн авч эзэмшиж байгаа үйл баримтад талууд маргахгүй байна.

Харин дээрх 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр байгуулагдсан гэрээний үүргээс ... нь 6 500 000 төгрөгийг төлөөгүй гэж ... шаардаж байхад, Б.Байгаль төлөөд дууссан гэж маргаж байна.

Хариуцагч ... нь тухайн авто машины үнийн үлдэгдэл 6 500 000 төгрөгийг 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр миний 2 хүүхдийн эцэг ... нь өөрийн Худалдаа хөгжлийн банкны ... тоот данснаас О.Төрбаярын өгсөн данс руу бэлэн бусаар шилжүүлж төлсөн гэж тайлбарлаж байна.

... нар нь гэрлэлтээ цуцлуулж, хоёр хүүхдийг ...-ийн асрамжид үлдээж шийдвэрлэсэн болох нь тус шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ... дугаар шийдвэрээр нотлогдож байна.

... нь өөрийн Худалдаа хөгжлийн банкны ... данснаас ...-ын ...-д өгсөн гэх ...ын Худалдаа хөгжлийн банкны ... дансанд 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 4 удаагийн гүйлгээгээр, машины төлбөр утгатай 6 500 000 төгрөгийг шилжүүлсэн болох нь Худалдаа Хөгжлийн банкнаас ирүүлсэн дансны хуулгын баримтаар нотлогдож байна./хх- 25, 26/

Өөрөө хэлбэл ...-аас 4 удаагийн гүйлгээгээр, машины төлбөр утгатай 6 500 000 төгрөгийг шилжүүлсэн үйлдэл нь ...-ийн ...-тай 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан өдөртэй давхцаж байх бөгөөд ... нь 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс хойш машины үнийн үлдэгдэл төлбөр гэж ...-иас нэхэж байгаагүй гэх үйл баримтаас үзэхэд ...-иас машины үлдэгдэл төлбөрийг ... авсан байна гэж үзэхээр байх тул нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан ...-иас 6 500 000 /зургаан сая таван зуун мянган/ төгрөг гаргуулах тухай ...-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 118 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид, тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл, гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН