Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2021/01301

 

2021 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2021/01301

 

 

О.Т-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2021/01615 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч О.Т-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Б-д холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 6 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганзориг, хариуцагч Б.Б-, түүний өмгөөлөгч С.Батнасан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгч О.Т- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Б-тай 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулж Тоёота Акуа маркийн автомашиныг 10 500 000 төгрөгөөр худалдан авсан бөгөөд Б.Б- нь уг автомашины төлбөрийг 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр бүрэн төлж барагдуулах үүрэгтэй байсан. Б.Б- нь автомашины үнэд 4 000 000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл төлбөрөөр төлөөгүй. Иймээс Б.Б-иас автомашины үлдэгдэл төлбөр болох 6 500 000 төгрөгийг гаргуулан өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Б- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр О.Т-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулан 2014 онд Тоёота Акуа маркийн автомашиныг 10 500 000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон. Мөн өдөр буюу 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр төлбөрийг бүрэн төлж барагдуулахаар тохиролцсон. Миний бие төлбөрийг дараах байдлаар бүрэн төлж барагдуулсан. Үүнд: 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр миний 2 хүүхдийн эцэг болох Т.М-Худалдаа хөгжлийн банк дахь өөрийн эзэмшлийн 452558144 тоот данснаас 6 500 000 төгрөгийг ХААН банк ХХК дахь О.Т-ын 5939009331 тоот данс руу бэлэн бусаар, 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 4 000 000 төгрөгийг ХААН банк ХХК дахь О.Т-ын 5939009331 тоот данс руу тус тус шилжүүлсэн. Иймд нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баярмагнайн Байгалиас 6 500 000 /зургаан сая таван зуун мянган/ төгрөг гаргуулах тухай Оюунболдын Төрбаярын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 118 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. О.Т- нь Б.Б-тай 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр худалдах, худалдан авах гэрээг байгуулж автомашиныг 10 500 000 төгрөгөөр худалдсан. Уг гэрээний дагуу Б.Б- нь автомашины үнээс нийт 4 000 000 төгрөг төлсөн үлдэгдэл төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй. Гэтэл шүүх автомашины үлдэгдэл төлбөрийг Т.М-нь Б.Эрдэнэбаярт төлсөн тул гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, Б.Эрдэнэбаярын дансанд О.Т-ын худалсан автомашины төлбөр шилжих үндэслэлгүй юм. О.Т- нь уг төлбөрийг Б.Эрдэнэбаярын дансанд төлөх талаар хэлээгүй бөгөөд худалдах, худалдан авах гэрээнд тусгаагүй болно. Шүүх худалдах, худалдан авах гэрээний талууд биш хоёр этгээдийн дансны хуулгыг үндэслэн автомашины төлбөрийг төлсөн гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр үнэлнэ гэж заасныг зөрчсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт тус тус зааснаар үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч О.Т- нь хариуцагч Б.Б-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэг буюу автомашины үлдэгдэл төлбөр 6 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч ... уг төлбөрийг бусдаар дамжуулан төлсөн... гэж маргажээ.

 

Талуудын хооронд 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, энэхүү гэрээгээр худалдагч О.Т- нь цагаан өнгөтэй, 2014 онд үйлдвэрлэсэн Тоёота Акуа маркийн автомашиныг худалдан авагч Б.Б-д шилжүүлэх, худалдан авагч Б.Б- нь автомашины үнэд 10 500 000 төгрөг төлөхөөр тохиролцсноос дүгнэвэл тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ. /хх-4-х/

Худалдагч О.Т- нь дээрх гэрээний дагуу цагаан өнгөтэй, 2014 онд үйлдвэрлэсэн Тоёота Акуа маркийн автомашиныг худалдан авагч Б.Б-д шилжүүлэн өгсөн, худалдан авагч нь автомашины үнэд 4 000 000 төгрөг төлсөн талаар талууд маргаагүй. Хариуцагч Б.Б- Автомашины үлдэгдэл 6 500 000 төгрөгийг 2 хүүхдийн эцэг Т.М-өөрийн данснаас О.Т-ын дансанд шилжүүлж төлсөнөөр үүргээ биелүүлсэн гэж маргажээ. Өөрөөр хэлбэл, худалдан авагч тал автомашины төлбөрийн үлдэгдэл 6 500 000 төгрөг төлсөн эсэх нь маргааны зүйл болжээ.

Анхан шатны шүүх автомашины үлдэгдэл төлбөр 6 500 000 төгрөгийг Т.М-Худалдаа хөгжлийн банк дахь өөрийн эзэмшлийн 452558144 тоот данснаас тус банк дахь Б.Эрдэнэбаярын эзэмшлийн 408048016 тоот дансанд 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 4 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэнээр Б.Б-иас автомашины үлдэгдэл төлбөрийг О.Т- авсан гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Учир нь Т.Майдараас Б.Эрдэнэбаярт ... машины төлбөр... гэх агуулгаар шилжүүлсэн 6 500 000 төгрөгийг О.Т- болон Б.Б- нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт тооцох үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй болно. Иймд нэхэмжлэгч О.Т- нь уг автомашины үлдэгдэл төлбөрийг хариуцагчаас гаргуулахаар Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй. Тиймээс хариуцагч Б.Б-иас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 6 500 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцнэ гэж үзэв.

Дээрх дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2021/01615 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Б-иас 6 500 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Т-т олгосугай гэж,

2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 118 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-иас 118 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Т-т олгосугай гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 118 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

Д.БАЙГАЛМАА