Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 1811

 

2018 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2018/01811

 

 

 “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Г.Даваадорж, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2018/01013 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.М-, З.Я- нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 351 682 884 төгрөг гаргуулах, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг

           

Зохигчдын давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Энхсүрэн

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.Гантөмөр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.М- нь 2006 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Монголшуудан банктай ЗГ/546 дугаартай зээлийн гэрээ байгуулж 29 000 ам.долларыг эргэлтийн хөрөнгө худалдан авах, вакум цонх, чулууны үйлдвэр байгуулах зориулалтаар сарын 2.45 жилийн 29.4 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зээлийн барьцааны гэрээг байгуулж гэрээгээр Сүхбаатар дүүрэг 11 дүгээр хороо, Рашаантын 8 дугаар гудамж, 13 тоотод байрлах вакум цонхны үйлдвэрийн тоног төхөөрөмж чулуун эдлэлийн үйлдвэрийн тоног төхөөрөмжүүдийг барьцаалуулсан.

Үүний дараа 2006 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр нэмэлт зээлийн гэрээ байгуулан гэрээгээр 1 000 ам.долларыг сарын 2.45 хувь, жилийн 29.4 хувийн хүүтэйгээр 12 сарын хугацаатайгаар нэмж зээлэн авсан. Уг гэрээний үүргийг хангуулахаар ЗБГ/570 дугаартай нэмэлт зээлийн барьцааны гэрээг байгуулж уг гэрээгээр дээр дурдсан барьцааны гэрээгээр барьцаалуулсан зүйлсийг давхар барьцаалуулсан.

Зээлийн мөнгөөр “Кончцонх” ХХК-ийн байранд байгаа вакум цонхны үйлдвэрийн тоног төхөөрөмж, гантиг чулууны үйлдвэрийн тоног төхөөрөмж худалдан авсан. Хадгаламж банк болон Монголшуудан банкны хооронд 2010 оны 03 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан 01 дугаартай Монголшуудан банкны актив пассив, хөрөнгө, тэдгээрийг шаардах эрх шилжүүлэх гэрээгээр Монголшуудан банкны шаардах эрхүүдийг Хадгаламж банкинд шилжүүлсэн. Монголбанкны ерөнхийлөгчийн 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А/153 дугаартай тушаалаар “Хадгаламж банк” ХХК-д банкны эрх хүлээн авах арга хэмжээ авч Хадгаламж банкны эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх болон банкны хөрөнгийг захиран зарцуулах эрх нь банкны эрх хүлээн авагчид шилжсэн.

Зээлдэгч Б Мөнхбат 199,78 ам.доллар, 2 865 ам.долларыг төлөөд өөр төлбөр хийгээгүй. Банкнаас Мөнхбатыг зээлээ төлөхийг шаардсан. Тухайн үед Мөнхбат нь энэ зээлийг миний нэр дээр З.Я- зээл авахуулсан надад хамаагүй гэж тайлбар өгсөн. З.Я-той уулзахад Б.М-аар дамжуулан зээл авснаа хүлээн зөвшөөрсөн.

Уг зээлийг өөрийн цонхны үйлдвэрт тоног төхөөрөмж авахад ашигласан бөгөөд үйлдвэр үйл ажиллагаагаа эхэлсэн учир ашиг орлогоосоо болон бусад боломжит аргаар зээлийг хуваарийн дагуу төлнө гэсэн хариу өгсөн боловч төлөөгүй.

2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн байдлаар зээлдэгч Б.М-ын зээлийн өр төлбөрийн үндсэн зээл 29 800.22 ам.доллар, зээлийн үндсэнхүү 96 902.52 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 18 193.82 ам.доллар, нийт 144 860.60 ам.доллар буюу 351 682 884.7 төгрөгийн үлдэгдэлтэй ба З.Я-, Б.М- нараас нийт 351 682 884,7 төгрөг гаргуулах, хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: Б.М- нь Хадгаламж банктай зээлийн гэрээ байгуулж, 2 гэрээгээр нийтдээ 20 000 ам.долларын зээл авсан. Зээлийн гэрээний үүргийн дагуу Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь иргэн Б.М-аас зээлийн гэрээний үүргээ биөлүүлэхийг шаардах эрхтэй боловч Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан "гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байх тухай хөөн хэлэлцэх тусгай хугацаа хэтэрсэн гэж үзэж байна. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт хөөн хэлэлцэх хугацаа шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно гэж заасан.

Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлийг үл маргах журмаар зээлдүүлэгчид шилжүүлэхээр гэрээнд заасан бол тухайн барьцааны зүйлийг гэрээний хугацаа дууссан өдрөөс эхлэн зээлдүүлэгч захиран зарцуулах эрхтэй. Энэ заалт нь зөвхөн хөдлөх эд хөрөнгөнд хамаарна гэж заасан. Энэ тухай зээлийн гэрээний 5.1.7 болон зээлийн барьцааны гэрээний 1.3-т заасан. Гэтэл банк дээрх үйлдлийг хийгээгүй. 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх мөн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргаж байгаа нь ойлгомжгүй.

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн. Зээлдүүлэгчийн хувьд Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасан үндэслэлээр барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсон, мөн хуулийн 160.1.6-т зааснаар хуульд заасан бусад үндэслэлээр барьцааны эрх нь мөн адил дуусгавар болсон.

Зээлийн гэрээний 6.2-т банк дараах нөхцлүүд үүссэн, үүсэх боломжтой болсон нь нотлогдсон тохиолдолд энэхүү гэрээг хугацаанаас нь өмнө нэг талын санаачлага гарган цуцалж, зээлдэгчийг зээлийн үндсэн үүрэг түүний төлбөрийг хугацаанаас нь өмнө төлөхийг шаардна. Үүнд 6.2.2-т гэрээний заалтуудыг ноцтой зөрчиж байгаа талаар зээлдэгчид мэдэгдэл хүргүүлсэн боловч зохих арга хэмжээг аваагүй бол гэж заасан. Зээлдэгч нь 2016 оны 11 дүгээр сард 749 ам.доллар, 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 1470 ам.доллар, 2017 оны 4 дүгээр сард 646 ам.доллар, нийт 2865 ам.доллар зээл, зээлийн хүүг төлсөн. Банкны шаардах эрхээр Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.4 дэх хэсэгт заасны дагуу шаардах эрх нь нэхэмжлэгчийн үйлдлээс шалтгаалах бол хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч уг үйлдлийг хийх ёстой байсан үеэс эхлэн тоолно гэж заасан.

Шаардах эрх нь 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр буюу зээлийн гэрээний 6.2.2-т заасан хамгийн сүүлд зээл, зээл хүү төлснөөс хойш 30 хоногийн дараа үүснэ. Банкны шаардах эрх нь 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр үүссэн байсан.

“Хадгаламж банк” ХХК-ийн банкны эрх хүлээн авагч нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 76 дугаар зүйлийн 76.1, 76.2, 76.4, 77 дугаар зүйлийн 77.1, 82 дугаар зүйлийн 82.1 дэхь хэсгийг баримтлаагүй бөгөөд Иргэний хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэлээс татгалзах эрхтэй гэж заасны дагуу зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой зээлдүүлэгч банкны хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул зээлдэгч Б.М- нь үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй. Иймд Б.М-ад холбогдох нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

З.Я- нь Хадгаламж банкнаас зээл аваагүй бөгөөд түүний хувьд Хадгаламж банк, “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн хувьд үүрэг хүлээх үндэслэлгүй, тэдгээрийн хооронд эрх зүйн харилцаа үүсээгүй юм.

Б.М- нь зээлээр авсан мөнгөө З.Я-д өгсөн гэх боловч энэ нь Хадгаламж банк болон Хадгаламж банк ХХК банкны эрх хүлээн авагчийн өмнө З.Я- үүрэг хүлээж хариуцлага хүлээх ёстой гэснийг нотлох хууль зүйн үндэслэл болохгүй. Иймд З.Я-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банкны тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д зааснаар хариуцагч Б.М-аас 190 180 732 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 161 502 152 төгрөг болон хариуцагч З.Я-д холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Сүхбаатар дүүрэг 11 дүгээр хороо Рашаантын 8 дугаар гудамж 13 тоотод орших вакум цонхны үйлдвэрийн тоног төхөөрөмж, чулуун эдлэлийн үйлдвэрийн тоног төхөөрөмжүүдийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулсан дүнгээр хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.12, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 1 108 854 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагаас 161 502 152,5 төгрөг болон З.Я-д холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Нэхэмжлэлийн шаардлагаас 161 502 152 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо “нэхэмжлэгч өдий хүртэл зээлдэгчид үүргийн гүйцэтгэлийг хуульд нийцүүлэн барьцаа хөрөнгөөс хангуулах, 2010 онд зээлдэгчийг банкинд хүрэлцэн ирсэн үед бусад боломжит арга хэрэгслээр гэрээний үүргийг тооцон барагдуулах арга хэмжээг аваагүй хугацаа алдсан зохих буруутай байх тул хүүгийн хэмжээг багасган нийт гүйцэтгэвэл зохих үүргийн дүнг 78 356 ам.доллар болгож хариуцуулах үндэстэй..." гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Хадгаламж банкнаас анх Б.М-ад холбогдуулан 76 267,80 ам.доллар гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн шүүхэд гаргасныг тус шүүхээс 2011 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэж байсан бөгөөд нэхэмжлэгчээс шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авах хүсэлтийг гаргасныг шүүх хангаж, тус шүүхийн шүүгчийн 2011 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 490 дугаартай "шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамжаар нэхэмжлэлийн үнийн дүнгээр тоног төхөөрөмжүүдийг битүүмжлэхээр шийдвэрлэж байсан. Үүний дараа нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагыг эрэн сурвалжлах болгон өөрчилснөөр мөн шүүхийн 2011 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 367 дугаартай шийдвэрээр Б.М-ыг эрэн сурвалжлахаар шийдвэрлэсэн байдаг. Иймд шүүгчийн захирамжаар битүүмжилсэн барьцааны хөрөнгийг тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар нэхэмжлэгчээс захиран зарцуулах, үүргийн гүйцэтгэлийг хангах боломжгүй байсан.

Б.М- нь эрэн сурвалжлагдаж олдохгүй болсон, зээлийн мөнгийг З.Я-д өгсөн, З.Я- нь зээлийн мөнгийг авч ашигласан нь үнэн гэх тайлбарыг өгч байсан бөгөөд Б.М-ыг эрэн сурвалжлагдаж байх хугацаанд барьцаа хөрөнгө бодит байдлаар З.Я-гийн эзэмшилд байсан. Б.М-ын эрэн сурвалжлагдахаасаа өмнө зээлийн мөнгийг З.Я-д өгсөн З.Я- төлнө гэх тайлбарын дагуу З.Я-той уулзахад тэрээр "би Б.М-аар зээл авхуулж хэрэглэсэн нь үнэн, зээлийг цонхны үйлдвэрийн тоног төхөөрөмж авахад хэрэглэсэн. Зээлийг үйлдвэрийн орлогоос болон өөрийн боломжоороо сар бүр график гарган төлж эхлэх саналтай байна" гэх тайлбарыг амаар болон бичгээр өгч байсан тул З.Я- нь нэхэмжлэлийн шаардлагыг хамтран хариуцах этгээд мөн гэж үзэн нэхэмжлэл гаргасан байдлыг шүүх анхааран үзсэнгүй түүнд холбогдох нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт зааснаар зээлдэгч зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө үүрэгтэй байхаар заасан байхад шүүгч хуулийн энэ зохицуулалтыг хэрэглэсэнгүй. Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Шүүх зээлийн гэрээний үндсэн хугацаа 2007 оны 08 дугаар сарын 30-ны өдөр дууссанаас хойш Б.М- нь 2010 оны 07 дугаар сарын 15-ны өдөр өөрийн гараар баталгаа бичиж төлбөр төлөх баталгаа гаргасан нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасны дагуу дээрх өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан байна гэж дүгнэсэн нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна. Учир нь Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно гэж заасан. Мөн Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2, 76.4 дэх хэсэг, зээлийн гэрээний 6.2.2-т зааснаас үзэхэд банк нь Б.М-ын хамгийн сүүлд зээл төлсөн 2007 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 646 ам.доллар төлсөн хугацаанаас хойш 30 хоногийн дараа шаардах эрхээ хэрэгжүүлэх учиртай.

Иймд 2007 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн Банкны шаардах эрх нь үүсэж байгаа ба Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасны дагуу гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна гэсний дагуу 2010 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөр энэхүү маргааны гол үндэслэл болоод байгаа зээлийн гэрээний хувьд шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрч дуусгавар болсон болно.

Хариуцагч Б.М- нь өнөөдрийг хүртэл зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэхээс татгалзаж байгаа бөгөөд 2010 оны 07 дугаар сарын 15-ны өдөр ч хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байсныг мэдэж байсан болно. Банк иргэн Б.М-ад нэг ч удаа шаардах эрхээ хэрэгжүүлж мэдэгдэл хүргүүлэх болон бусад хэлбэрээр зээлээ төлөхийг шаардсан баримт хөөн хэлэлцэх хугацааны дотор болон дараа нь нэг ч байхгүй.

Нэгэнт зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа банкны хувьд 2010 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөр дууссан тул Б.М-ын 2010 оны 07 дугаар сарын 15-ны өдөр банкинд бичиж өгсөн тодорхойлолт болон Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 367 дугаар шийдвэр, мөн 2012 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн түүний Хадгаламжбанк дахь хүний хөгжил сангийн данснаас 199.78 ам.доллар буюу 269 500 төгрөгийг суутган авсан зэрэг нь эрх зүйн үр дагавар үүсгэхгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь хариуцагч Б.М-, З.Я- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 351 682 884 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

            Монголбанкны Ерөнхийлөгчийн 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А-153 дугаар “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээ авах тухай тушаалаар “Хадгаламж банк” ХХК-д албадлагын арга хэмжээ авсан, уг тушаалын хугацааг 4 удаа сунгасан, Хадгаламж банкны хувь нийлүүлэгчдийн хурал, Монголшуудан банкны нэгдэх ажлын бүрэн эрхт комиссын тогтоол, Монголшуудан банкны нэгдэх ажлын бүрэн эрхт комиссын хооронд байгуулагдсан 01 дугаартай “Монголшуудан” банкны актив пассив, хөрөнгө, тэдгээрийг шаардах эрх шилжүүлэх гэрээгээр Монголшуудан банкинд шилжүүлсэн үйл баримтуудыг анхан шатны шүүх зөв тогтоосон.

 

            Монголшуудан банк нь хариуцагч Б.М-ад 2006 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 29 000 ам.долларыг сарын 2,45, жилийн 29,4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдүүлэхээр зээлийн гэрээ байгуулсан, 2006 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 1 000 ам.долларыг дээрх нөхцөлөөр зээлж, зээлийн нэмэлт гэрээ байгуулсан, дээрх 2 гэрээний үүргийн гүйцэтгэлийг Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, Рашаантын 8 дугаар гудамж, 13 тоотод байрлах вакум цонхны үйлдвэрийн тоног төхөөрөмж, чулуун эдлэлийн тоног төхөөрөмжүүдээр хангуулахаар тус тус харилцан тохиролцож барьцааны гэрээ байгуулжээ.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээнүүд нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт нийцсэн талаар зөв дүгнэжээ.

 

            Зээлдэгч Б.М- нь зээлийн мөнгөн хөрөнгийг З.Я-д шилжүүлсэн гэх боловч нэхэмжлэгч нь З.Я-той гэрээ байгуулаагүй тул зээлийн гэрээний үүргийг шаардах эрхгүй юм.

 

            Хариуцагч Б.М- нь зээлийн гэрээний хугацаанд 2006 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 749 ам.доллар, 2006 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 1470 ам.доллар, 2007 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 646 ам.долларын төлөлт хийсэн талаар талууд маргаагүй.

 

Харин зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш буюу 2012 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Хадгаламж банк нь Б.М-ын данснаас 269 500 төгрөгийг татаж, зээлийн гэрээний үүргээс 199,78 ам.долларыг хассан нь Хадгаламж банкны балансын гадуурх дансны хуулга /хх 110 дахь тал/-аар тогтоогдож байх бөгөөд зээлдэгчийн данснаас нь зөвшөөрөлгүй авсан гэж хариуцагч маргасан ч 2012 оноос одоог хүртэл шаардлага гаргаж байгаагүй учраас нэхэмжлэгчийн тооцоолсноор үндсэн зээлийн төлөлт гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй.  

 

            Үндсэн гэрээний хугацаа 2007 оны 08 дугаар сарын 30-ны өдөр, нэмэлт гэрээний  хугацаа 2007 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр тус тус дууссан ба 2010 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Б.М- нь төлбөр барагдуулах тухай баталгаа /хх 37 дахь тал/ бичиж өгсөн нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж анхан шатны шүүх дүгнэснийг буруутгах үндэслэлгүй.

 

Нэхэмжлэгч нь гэрээний хугацаа дууссанаас хойш зээлийн гэрээний үүргийг  шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан бөгөөд хариуцагч Б.М-ын оршин суух хаяг тодорхойгүй үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, Б.М-ыг эрэн сурвалжлах хүсэлт гаргасныг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 367 дугаар шийдвэрээр хүсэлтийг хангаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийг эрэн сурвалжлах ажиллагаа хийснээс хойш 7 жилийн хугацаанд хэрхэн, ямар ажиллагаа хийсэн нь хэргийн баримтаар тогтоогдоогүй учраас, түүнчлэн зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш хэтэрхий их хугацаа өнгөрсөн байдлыг харгалзан үзэж хариуцагчийн төлөх зээлийн гэрээний үүргийг 2011 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөр тодорхойлох нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3, 221.4 дэх хэсэгт заасан гэрээг цуцлах эрхийг хэрэгжүүлэхээр хуулиар тогтоосон хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэж, уг эрхээ хэрэгжүүлээгүйгээс хариуцагчийн төлөх зээлийн үүрэг нь үндсэн зээлийн хэмжээнээс 3-4 дахин хэтэрсэн хэмжээтэй зээлийн хүү, нэмэгдүүлсэн /үндсэн зээл 29 800 ам.доллар, зээлийн хүү 96 902 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 18 193 ам.доллар/ шаардаж байгаа нь мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.2 дахь хэсэгт заасан эрх, үүрэг хэрэгжүүлэхтэй холбоотой шударгаар эрх үүрэгт хандах зарчимд нийцэхгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Давж заалдах шатны шүүхээс зээлийн тооцоололд дараах байдлаар өөрчлөлт оруулав. 2006 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 29 000 ам.долларын зээлийн хүүг 2006 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл тооцвол 710 ам.доллар /29 000Ч2,45%/ болно. 2006 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 1 000 ам.доллар нэмж зээлж, нэмэлт гэрээ байгуулснаар зээлийн үндсэн үүрэг 30 000 ам.доллар болж, үүнээс 2007 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэлх 1 жилийн хүүг тооцвол 8 820 ам.доллар /30 000Ч29.4%/-н зээлийн хүү төлөх үүрэгтэй байсан. Үндсэн зээл болон зээлийн хүү 39 530 ам.доллар /30 000+ 710+8 820/-оос зээлийн гэрээний хугацаанд төлөгсдөн 2 865 ам.долларыг хасвал 36 665 ам.долларын зээлийн гэрээний үүргийг хариуцагч биелүүлээгүй. 

 

            Зээлдэгч нь зээлийн гэрээний хугацаанд төлөх үүрэг нь 36 665 ам.доллар, 2007 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 2011 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаа хэтрүүлсэн 3 жил 5 сарын хугацааны зээлийн хүүд 30 110 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүд 7 355 ам.доллар, нийт 74 130 ам.доллар /36 665+30 110+7 355/ төлөхөөс төлөгдсөн 199,78 ам.долларыг хасч тооцвол 73 930,22 ам.доллар төлөгдөөгүй байна.

 

            Гүйцэтгэвэл зохих үүргийн үнийн дүн 73 930,22 ам.долларыг нэхэмжлэл гаргасан өдрийн Монголбанкны валютын ханшаар тооцвол 179 438 254 төгрөг /73 930,22ам.доллар Ч2427,13төгрөг/-ийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 172 244 630 төгрөг гаргуулах болон З.Я-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй юм.

 

            Хариуцагч нь зээлийн гэрээний үүргийг сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсэгт зааснаар хөдлөх эд хөрөнгө болох вакум цонхны үйлдвэрийн тоног төхөөрөмж, чулуун эдлэлийн тоног төхөөрөмжүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй. Анхан шатны шүүхийн дүгнэлт зөв боловч хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүйг залруулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах үүргийн хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хөөн хэлэлцэх хугацааны талаарх гомдлыг хангаагүй тул улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2018/01013 дугаар шийдвэрийн

1 дэх заалтын “190 180 732,2 төгрөг” гэснийг “179 438 254 төгрөг”, “161 502 152,5 төгрөг” гэснийг “172 244 630 төгрөг” гэж,

2 дахь заалтын “453 дугаар зүйлийн 453.2-т” гэснийг “158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсэгт” гэж,

3 дахь заалтын “1 108 854 төгрөг” гэснийг “1 055 141 төгрөг” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 1 108 854 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД                                                           Г.ДАВААДОРЖ

 

                                                                            Э.ЗОЛЗАЯА