Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2019/00118

 

ХБ ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2018/01013 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 1811 дугаар магадлалтай,

ХБ ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй

Б.М, З.Я нарт холбогдох, 

Зээлийн гэрээний үүрэгт 351.682.884 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг

Зохигчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, өмгөөлөгч Д.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, өмгөөлөгч Д.Ц, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Б.М нь 2006 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Монгол шуудан банктай ЗГ/546 дугаартай зээлийн гэрээ байгуулж 29.000 ам.долларыг эргэлтийн хөрөнгө худалдан авах, вакум цонх, чулууны үйлдвэр байгуулах зориулалтаар сарын 2.45 жилийн 29.4 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зээлийн барьцааны гэрээг байгуулж гэрээгээр Сүхбаатар дүүрэг 11 дүгээр хороо, Рашаантын 8 дугаар гудамж, 13 тоотод байрлах вакум цонхны үйлдвэрийн тоног төхөөрөмж чулуун эдлэлийн үйлдвэрийн тоног төхөөрөмжүүдийг барьцаалуулсан. Үүний дараа 2006 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр нэмэлт зээлийн гэрээ байгуулан гэрээгээр 1.000 ам.долларыг сарын 2.45 хувь, жилийн 29.4 хувийн хүүтэйгээр 12 сарын хугацаатайгаар нэмж зээлэн авсан. Уг гэрээний үүргийг хангуулахаар ЗБГ/570 дугаартай нэмэлт зээлийн барьцааны гэрээг байгуулж уг гэрээгээр дээр дурдсан барьцааны гэрээгээр барьцаалуулсан зүйлсийг давхар барьцаалуулсан. Зээлийн мөнгөөр Кончцонх ХХК-ийн байранд байгаа вакум цонхны үйлдвэрийн тоног төхөөрөмж, гантиг чулууны үйлдвэрийн тоног төхөөрөмж худалдан авсан. ХБ болон Монголшуудан банкны хооронд 2010 оны 03 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан 01 дугаартай Монголшуудан банкны актив пассив, хөрөнгө, тэдгээрийг шаардах эрх шилжүүлэх гэрээгээр Монголшуудан банкны шаардах эрхүүдийг ХБинд шилжүүлсэн. Монголбанкны ерөнхийлөгчийн 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн А/153 дугаартай тушаалаар ХБ ХХК-д банкны эрх хүлээн авах арга хэмжээ авч ХБны эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх болон банкны хөрөнгийг захиран зарцуулах эрх нь банкны эрх хүлээн авагчид шилжсэн. Зээлдэгч Б.М 199,78 ам.доллар, 2 865 ам.долларыг төлөөд өөр төлбөр хийгээгүй. Банкнаас Б.Мыг зээлээ төлөхийг шаардсан. Тухайн үед Мөнхбат нь энэ зээлийг миний нэр дээр З.Я зээл авахуулсан надад хамаагүй гэж тайлбар өгсөн. З.Ятой уулзахад Б.Маар дамжуулан зээл авснаа хүлээн зөвшөөрсөн. Уг зээлийг өөрийн цонхны үйлдвэрт тоног төхөөрөмж авахад ашигласан бөгөөд үйлдвэр үйл ажиллагаагаа эхэлсэн учир ашиг орлогоосоо болон бусад боломжит аргаар зээлийг хуваарийн дагуу төлнө гэсэн хариу өгсөн боловч төлөөгүй. 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн байдлаар зээлдэгч Б.Мын зээлийн өр төлбөрийн үндсэн зээл 29.800.22 ам.доллар, хүү 96.902.52 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 18.193.82 ам.доллар, нийт 144.860.60 ам.доллар буюу 351.682.884.7 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд З.Я, Б.М нараас 351.682.884,7 төгрөг гаргуулж, хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Б.М нь ХБтай зээлийн гэрээ байгуулж, 2 гэрээгээр нийтдээ 20.000 ам.долларын зээл авсан. Зээлийн гэрээний үүргийн дагуу ХБ ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь иргэн Б.Маас зээлийн гэрээний үүргээ биөлүүлэхийг шаардах эрхтэй боловч Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан "гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байх тухай хөөн хэлэлцэх тусгай хугацаа хэтэрсэн гэж үзэж байна. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт хөөн хэлэлцэх хугацаа шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно гэж заасан. Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлийг үл маргах журмаар зээлдүүлэгчид шилжүүлэхээр гэрээнд заасан бол тухайн барьцааны зүйлийг гэрээний хугацаа дууссан өдрөөс эхлэн зээлдүүлэгч захиран зарцуулах эрхтэй. Энэ заалт нь зөвхөн хөдлөх эд хөрөнгөнд хамаарна гэж заасан. Энэ тухай зээлийн гэрээний 5.1.7 болон зээлийн барьцааны гэрээний 1.3-т заасан. Гэтэл банк дээрх үйлдлийг хийгээгүй. 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх мөн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргаж байгаа нь ойлгомжгүй. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн. Зээлдүүлэгчийн хувьд Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасан үндэслэлээр барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсон, мөн хуулийн 160.1.6-т зааснаар хуульд заасан бусад үндэслэлээр барьцааны эрх нь мөн адил дуусгавар болсон. Зээлийн гэрээний 6.2-т банк дараах нөхцлүүд үүссэн, үүсэх боломжтой болсон нь нотлогдсон тохиолдолд энэхүү гэрээг хугацаанаас нь өмнө нэг талын санаачлага гарган цуцалж, зээлдэгчийг зээлийн үндсэн үүрэг түүний төлбөрийг хугацаанаас нь өмнө төлөхийг шаардана. Үүнд 6.2.2-т гэрээний заалтуудыг ноцтой зөрчиж байгаа талаар зээлдэгчид мэдэгдэл хүргүүлсэн боловч зохих арга хэмжээг аваагүй бол гэж заасан. Зээлдэгч нь 2016 оны 11 дүгээр сард 749 ам.доллар, 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 1470 ам.доллар, 2017 оны 4 дүгээр сард 646 ам.доллар, нийт 2865 ам.доллар зээл, зээлийн хүүг төлсөн. Банкны шаардах эрхээр Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.4 дэх хэсэгт заасны дагуу шаардах эрх нь нэхэмжлэгчийн үйлдлээс шалтгаалах бол хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч уг үйлдлийг хийх ёстой байсан үеэс эхлэн тоолно гэж заасан. Шаардах эрх нь 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр буюу зээлийн гэрээний 6.2.2-т заасан хамгийн сүүлд зээл, зээл хүү төлснөөс хойш 30 хоногийн дараа үүснэ. Банкны шаардах эрх нь 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр үүссэн байсан. ХБ ХХК-ийн банкны эрх хүлээн авагч нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 76 дугаар зүйлийн 76.1, 76.2, 76.4, 77 дугаар зүйлийн 77.1, 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсгийг баримтлаагүй бөгөөд Иргэний хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүргийн гүйцэтгэлээс татгалзах эрхтэй гэж заасны дагуу зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой зээлдүүлэгч банкны хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул зээлдэгч Б.М нь үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй. З.Я нь ХБнаас зээл аваагүй бөгөөд түүний хувьд ХБ, ХБ ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн хувьд үүрэг хүлээх үндэслэлгүй, тэдгээрийн хооронд эрх зүйн харилцаа үүсээгүй юм. Б.М нь зээлээр авсан мөнгөө З.Яд өгсөн гэх боловч энэ нь ХБ болон ХБ ХХК банкны эрх хүлээн авагчийн өмнө З.Я үүрэг хүлээж хариуцлага хүлээх ёстой гэснийг нотлох хууль зүйн үндэслэл болохгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2018/01013 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банкны тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д зааснаар хариуцагч Б.Маас 190.180.732 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ХБ ХХК дахь банкны эрх хүлээн авагчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 161.502.152 төгрөг болон хариуцагч З.Яд холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Сүхбаатар дүүрэг 11 дүгээр хороо Рашаантын 8 дугаар гудамж 13 тоотод орших вакум цонхны үйлдвэрийн тоног төхөөрөмж, чулуун эдлэлийн үйлдвэрийн тоног төхөөрөмжүүдийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулсан дүнгээр хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.12, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 1.108.854 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 1811 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2018/01013 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын 190.180.732,2 төгрөг гэснийг 179.438.254 төгрөг, 161.502.152,5 төгрөг гэснийг 172.244.630 төгрөг гэж, 2 дахь заалтын 453 дугаар зүйлийн 453.2-т гэснийг 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсэгт гэж, 3 дахь заалтын 1 108 854 төгрөг гэснийг 1 055 141 төгрөг гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 1.108.854 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч ХБ ХХК дахь Банкны эрх хүлээн авагч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас нийт 172.244.630 төгрөг болон З.Яд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Шүүх Иргэний хуулийн 453.1 дэх хэсгийн “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24.3-т заасан зохицуулалтуудыг хэрэглэх ёстой боловч хэрэглээгүй. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 2.2-д зээлдэгч үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн хүү, зээлийн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг төлөхөөр харилцан тохиролцож гарын үсэг зурсан байдаг. Шүүх Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.2-т заасан зарчимд нийцээгүй гэж дүгнэж хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг бууруулж, энэ дүнгээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэх үндэслэлийг бий болгож байна. Учир нь үүрэг гүйцэтгэгч нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх зарчимтай. Гэвч хариуцагч Б.М нь оршин суугаа хаягаа өөрчилж хаана байгаа нь мэдэгдэхгүй, алга болсон учир түүнийг эрэн сурвалжлах тухай шүүхийн шийдвэр гарсан. Үүнээс үзэхэд иргэний эрх зүйн харилцаанд оролцогч, зээлдэгч Б.М нь өөрөө хууль буюу гэрээнд заасан үүргээ шударгаар биелүүлээгүй байхад шүүхээс хариуцагчийг эрэн сурвалжлах ажиллагаа хийснээс хойш 7 жилийн хугацаанд хэрхэн ямар ажиллагаа хийгдсэн нь хэргийн баримтаар тогтоогдоогүй, зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш хэтэрхий их хугацаа өнгөрсөн байдлыг харгалзан үзлээ гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй. Б.М нь эрэн сурвалжлагдаж олдохгүй болсон, зээлийн мөнгийг З.Яд өгсөн, З.Я нь зээлийн мөнгийг авч ашигласан нь үнэн гэх тайлбарыг өгч байсан бөгөөд Б.Мыг эрэн сурвалжлагдаж байх хугацаанд барьцаа хөрөнгө бодит байдлаар З.Ягийн эзэмшилд байсан. Б.Мын эрэн сурвалжлагдахаасаа өмнө зээлийн мөнгийг З.Яд өгсөн З.Я төлнө гэх тайлбарын дагуу түүнтэй уулзахад тэрээр “би Б.Мөнхбаатараар зээл авахуулж хэрэглэсэн нь үнэн, зээлийг цонхны үйлдвэрийн тоног төхөөрөмж авахад хэрэглэсэн. Зээлийг үйлдвэрийн орлогоос болон өөрийн боломжоороо сар бүр график гарган төлж эхлэх санаатай байна" гэх тайлбарыг амаар болон бичгээр өгч байсан тул З.Я нь нэхэмжлэлийн шаардлагыг хамтран хариуцах этгээд мөн гэж үзэн нэхэмжлэл гаргасан байдлыг шүүх анхааран үзсэнгүй түүнд холбогдох нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Дээрх үндэслэлүүдээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

...Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Шүүх зээлийн үндсэн гэрээний хугацаа 2007 оны 8 дугаар сарын 30-ны өдөр дууссанаас хойш Б Мөнхбат нь 2010.07.15-ны өдөр өөрийн гараар баталгаа бичиж төлбөр төлөх баталгаа гаргасан нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д заасны дагуу дээрх өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан байна гэж дүгнэсэн нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна. Учир нь Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76 1-д хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно гэж заасан. Мөн Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2, 76.4-т зааснаас үзэхэд банк нь Б.Мын хамгийн сүүлд зээл төлсөн хугацаанаас хойш 30 хоногийн дараа шаардах эрхээ хэрэгжүүлэх учиртай. Өөрөөр хэлбэл Банкны шаардах эрх нь Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.4 “Шаардах эрх нь нэхэмжлэгчийн үйлдлээс шалтгаалах бол хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч уг үйлдлийг хийх ёстой байсан үеэс эхлэн тоолно” гэсэн заалт, Зээлийн гэрээний 6.2.2-т заасан “Гэрээний заалтуудыг ноцтой зөрчиж байгаа талаар Зээлдэгчид мэдэгдэл хүргүүлсэн боловч зохих арга хэмжээ аваагүй бол” гэсэн заалтын дагуу хамгийн сүүлд зээл, зээлийн хүү төлснөөс хойш 30 хоногийн дараа шаардах эрх үүсэж байгаа болно. Ингэхээр 2007.05.25-ны өдрөөс эхлэн Банкны шаардах эрх нь үүсэж байгаа ба Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2 1-д заасны дагуу гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна гэсний дагуу 2010.05.25-ны өдрөөр энэхүү маргааны гол үндэслэл болоод байгаа зээлийн гэрээний хувьд шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрч дуусгавар болсон болно. Хариуцагч Б.М нь өнөөдрийг хүртэл гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил үйлчилнэ гэсэн Иргэний хуулийн 75.2.1, 82.1 дэх заалтын дагуу үүргээ гүйцэтгэхээс татгалзаж байгаа бөгөөд 2010.07.15-ны өдөр ч хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байсныг мэдэж байсан болно. Банк иргэн Б.Мад нэг ч удаа шаардах эрхээ хэрэгжүүлж мэдэгдэл хүргүүлэх болон бусад хэлбэрээр зээлээ төлөхийг шаардсан баримт хөөн хэлэлцэх хугацааны дотор болон дараа гаргаж байгаагүй. Нэгэнт гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа Банкны хувьд 2010.05.25-ны өдрөөр дууссан тул Б.Мын 2010.07.15-ны өдөр банкинд бичиж өгсөн тодорхойлолт болон Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011.03.01-ний өдрийн 367 дугаар шийдвэр, мөн 2012.06.30-ны өдрийн түүний ХБ дахь хүний хөгжил сангиин данснаас 199.78 доллар буюу 269.500 төгрөгийг суутган авсан зэрэг нь эрх зүйн үр дагавар үүсгэхгүй. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

             Б.М, З.Я нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт шаардсан ХБ ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэхдээ хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргаанд хэрэглэвэл зохих Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

           ХБ ХХК дахь банкны эрх хүлээн авагч Б.М, З.Я нараас Монгол шуудан банк ХХК болон Б.М нарын хооронд байгуулагдсан 2006 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ/546 тоот гэрээ, 2006 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн нэмэлт гэрээний үүрэгт үндсэн зээл 29.800.22 ам.доллар, зээлийн хүү 96.902.52 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 18.193.85 ам.доллар, нийт 144.896.60 ам.доллар буюу 351.682.884 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргасныг хариуцагч Б.М хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр, хариуцагч З.Я нэхэмжлэгчтэй зээлийн гэрээ байгуулж мөнгө аваагүй гэж тус тус маргажээ.

            1. Монгол шуудан банкны бүрэн эрхт комиссын дарга болон ХБны хувь нийлүүлэгчдийн хурлын даргын хооронд байгуулагдсан 2010 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 01 тоот гэрээгээр  Монгол шуудан банк ХХК-ийн  актив, пассив хөрөнгө, тэдгээрийг шаардах эрхийг ХБ ХХК-д шилжүүлсэн, улмаар ХБ ХХК-ийн төлбөрийн чадвартай холбоотой Монгол банкны ерөнхийлөгчийн удаа дараагийн тушаалаар тус банкинд албадлагын арга хэмжээ авч банкны эрх хүлээн авагч томилсон нь хэргийн баримтаар тогтоогдсон тул нэхэмжлэгч шаардлага гаргах эрхтэй. Энэ талаархи хоёр шатны шүүхийн дүгнэлт хэргийн баримтад үндэслэгдсэн байна.

            2.  Монгол шуудан банк ХХК, Б.М нарын хооронд банкнаас зээл олгох Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан, уг гэрээ хүчин төгөлдөр болохыг хоёр шатны шүүх хуульд нийцүүлэн дүгнэжээ.

            Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.

            Монгол шуудан банк ХХК нь зээлийн гэрээнд заасан 30.000 ам.долларыг зээлдэгчид шилжүүлж гэрээний үүргээ биелүүлсэн, зээлдэгч нь гэрээнд заасан хуваарийн дагуу, үндсэн зээл, зээлийн  хүүг төлөөгүй хугацаа хэтрүүлсэн нь хэргийн баримтаар тогтоогджээ.

            3. Хариуцагч Б.М Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасан” хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй” үндэслэл зааж нэхэмжлэлээс татгалзсан хэдий ч уг хугацаа хэтрээгүй талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй байна.

            Шаардлага гаргах хугацааг  шүүх дараах байдлаар тайлбарлажээ.

            Зээлийн гэрээ 1 жилийн хугацаатай байгуулсан тул хугацаа 2007 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр дуусгавар болох бөгөөд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг 3 жилийн буюу 2010 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн дотор гаргана.

            Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д заасан “хөөн хэлэлцэх хугацаа тасалдах” ойлголтод: тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах  буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нөхцлийг хамааруулсан байна.

            Хариуцагч Б.М шаардлага гаргах хуульд заасан дуусахаас өмнө, 2010 оны 07 дугаар сарын 15-ны өдөр төлбөр барагдуулах баталгаа гаргаж өгсөн нь хэргийн баримтад авагдсан ба энэ нөхцөл байдал нь хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэж үзэх үндэслэл болсныг  хоёр шатны шүүх дүгнэснийг  үгүйсгэх үндэслэлгүй юм.

            Нэхэмжлэгч 2011 онд Б.Мад холбогдуулан зээлийн гэрээний үүргийг шаардсан нэхэмжлэлийг шүүхэд гаргасан боловч  хариуцагчийн хаяг тодорхой бусаас нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, хариуцагчийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаснаар, Сүхбаатар дүүргийн шүүх 2011 оны 03 дугаар сарын 01-ний  өдрийн 367 дугаар шийдвэрээр хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн нь мөн хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж, шинээр эхлэн тоолох хуульд заасан үндэслэлийг бий болгожээ.

            Нэхэмжлэгч 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр дахин шүүхэд хандсан байх бөгөөд энэ хугацаанаас өмнө шүүхийн шийдвэрийн дагуу хуульд зааснаар Цагдаагийн байгууллага хариуцагчийн оршин суугаа газрын хаягийг тогтоосон, нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах боломж бүрдсэн байсан гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

            Иймд хариуцагч нь зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэхээс Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар татгалзах эрхгүй, энэ талаар хоёр шатны шүүхийн дүгнэлт буруу биш гэж үзэв.

            4. Анхан шатны шүүх зээлийн гэрээний үүрэгт 190.180.732.2 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэснийг, давж заалдах шатны шүүх 179.438.254 төгрөг болгож багасгажээ.

            Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь шударгаар биелүүлэх үүрэгтэй боловч гэрээний хугацаа дуусснаас хойш олон жил өнгөрсөн, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү үндсэн зээлийн хэмжээнээс 3-4 дахин их байгаа хэргийн нөхцөл байдлыг давж заалдах шатны шүүх харгалзсныг буруутгах боломжгүй байна.

            5. Нэхэмжлэгч болон хариуцагч З.Я нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсэж тэрээр гэрээгээр үүрэг хүлээгээгүй байх тул түүнд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

            Дээр дурдсан үндэслэлээр магадлалыг хэвээр үлдээж, зохигчийн гаргасан гомдлыг хангахгүй орхив.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 -д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

           1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 1811 дугаар магадлалыг хэвээр үлдээж, зохигчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжид 1.055.141 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ