Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 910

 

Ө.Ц-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Батзориг, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор С.Чимэдцэеэ,

            шүүгдэгч Ө.Ц, түүний өмгөөлөгч Э.Мөнхзолбоо,   

            нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 2020/ШЦТ/1045 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ө.Ц-н өмгөөлөгч Э.Мөнхзолбоогийн гаргасан давж заалдах гомдлоор Ө.Ц-д холбогдох 1906 05117 0329 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Ө-н Ц, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, зураач мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ......................... тоотод оршин суух бүртгэлтэй боловч ....................... тоотод түр оршин суух, /РД: ............./,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 186 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан хөнгөн ялыг хүнд ялд нь багтааж, биечлэн эдлэх ялыг 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, уг ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 151 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 365 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн;

Ө.Ц нь 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр согтуурсан үедээ, Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр, Ц нэртэй дэлгүүрийн ойролцоо иргэн С.Д-тай үл ялих шалтгааны улмаас маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн нүдний ухархайн дотор хана, ухархайн доод хананы цөмөрсөн хугарал, этмойд, гайморын хөндийн цус хуралдалт, зүүн нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ө.Ц-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Боржигон овогт Ө-н Ц-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялын биелэгдээгүй найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Ө.Ц-д сануулж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч С.Д нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ө.Ц-н өмгөөлөгч Э.Мөнхзолбоо давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хавтаст хэргийн материалд шүүгдэгч Ө.Ц-н 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр С.Д-д зодуулсан гомдол  /хх 11-12/ гаргасан. Гомдлын дагуу түүний биед нарийн мэргэжлийн эмчийн үзлэг хийж, 2019 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр 10501 дүгнэлт гаргасан. Дүгнэлтэд “Ө.Ц-н биед духанд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ. Гэтэл ........... дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн ахлах мөрдөгч, хошууч С.Э нь энэ гомдлыг шалгах ажлыг хаягдуулж, огт шалгаагүй байдаг. Миний бие нь өмгөөлөгчөөр ажиллаж эхэлснээс хойш, энэ асуудлыг шалгаагүй талаар гомдол гаргаж, шалгаж өгөхийг хүсч удаа дараа хүсэлт гаргаж ажилласан. Миний үйлчлүүлэгчийн эрүүл мэндийн хохирол амссан асуудлыг нэг мөр шалгаж, хянаж ажиллахыг Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Ч-д би шат шатанд нь удаа дараа хүсэлт гаргасан. Миний хүсэлтийг хүлээж аваагүй, хэргийг шүүх рүү шилжүүлсэн. Хэрэг шүүх рүү шилжсэн даруй би шүүхэд дээрх асуудлыг нягтлан шалгуулахаар хүсэлт гаргасан бөгөөд урьдчилсан хэлэлцүүлгээр шүүгч нь өмгөөлөгчийн хүсэлтийг шийдвэрлэлгүй үлдээж, Ө.Ц-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар хэлэлцсэн. Тус хуралдаанаар шүүгч нь хэргийн материалд авагдсан Ө.Ц-н гомдлыг шалгах ажиллагаа явуулаагүй нь түүний биед учруулсан гэмтэл шархыг хэн, хэзээ үүсгэсэн болохыг эргэлзээгүй тогтоох шаардлагатай байна. Иймд мөрдөн шалгах ажиллагаагаар шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцааж, 966 дугаартай захирамж гарсан. Хэргийг прокурорт буцаасан боловч 966 дугаартай захирамжид дурдсан ажиллагаа хийгдээгүй, 2020 оны 5 дугаар сарын 8-ны өдөр хэрэг шүүхэд шилжиж ирсэн. Гэтэл прокурор С.Чимэдцэеэ нь хэргийг шүүхэд шилжүүлж яллагдагчид 299/а дугаартай яллах дүгнэлт гардуулсан өдрөө “Ө.Ц-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, тусгаарласан 200608193 дугаар тогтоол үйлдсэн байна. Хэргийг шүүхэд шилжсэний дараа би яллагдагчийн өмгөөлөгчийн хувьд шүүхэд өмнөх 966 дугаартай захирамжийн биелэлт хангагдаагүй бөгөөд прокурорын хэрэг тусгаарласан тогтоол нь энэ хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой судалж тогтоон, үнэн зөвөөр эцэслэн шийдвэрлэхэд саад учруулж байна гэж үзэж хэргийг прокурорт буцааж, мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр хүсэлт гаргаж, хуралдуулсан боловч шүүгчээс өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээж авах эсэх асуудлыг шийдвэрлэлгүй үлдээж, 2020 оны 6 дугаар сарын 4-ний өдөр гэм буруугийн хуралдааныг хийж, Ө.Ц-д учирсан эрүүл мэндийн хохирлыг шийдвэрлэлгүй орхиж, прокурорын үйлдсэн 200608193 дугаартай тогтоолыг хууль зөрчөөгүй байна хэмээн дүгнэж, 1045 дугаартай шийтгэх тогтоолоор Ө.Ц-г гэм буруутайд тооцож, ял оноож шийдвэрлэсэн.

Ө.Ц-н тухайд С.Д-г цохиж, гэмтэл учруулсан гэм буруутай үйлдлээ зөвшөөрсөн. Харин түүний хохирсныг тогтоохгүй хэргийг эцэслэн шийдвэрлэсэнд маш их гомдолтой байна. Тиймээс зөвхөн Ө.Ц-г холбогдуулан шалгаж шийдсэн 1045 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү.

Учир нь, 200608193 дугаартай тогтоолоор тусгаарласан Ө.Ц-н эрүүл мэндийн хохирол нь С.Д-тай харилцан зодооны улмаас нэг өдөр, нэг цаг хугацаанд харилцан учруулсан гэмтэл гэдгийг Ө.Ц анхнаасаа гомдол гаргасныг өнөөдрийг хүртэл шалгаж тогтоогоогүй. Эдгээр гэмт үйлдлүүд нь өөр цаг хугацаанд үйлдэгдсэн хэрэг биш нэг өдөр цаг хугацаанд үйлдэгдсэн хэрэг байх тул тусгаарлаж шалгах үндэслэлгүй гэж үзэж байна. ...” гэв.

Шүүгдэгч Ө.Ц тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүх хуралдаанд С.Д худал мэдүүлэг өгсөн. С.Д гэдэг хүнийг дахин шалгуулмаар байна. Пүрэв-Ойдов гэдэг хүн огт хамааралгүй. Би тэр хүнтэй маргалдаж, зодолдоогүй. Би маш их гомдолтой байна. ...” гэв. 

Прокурор С.Чимэдцэеэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Уг хэргийг 2020 оны 3 дугаар сард Ө.Ц-н гомдолд дурдагдсан асуудлыг шалгах үндэслэлээр прокурорт буцаасан. Ө.Ц-н духанд 3х0.3 см шарх бүхий гэмтэл учирсан байсан. Үүнийг С.Д учруулсан эсэхийг тодруулахын тулд холбогдох ажиллагааг хийж тухайн үед эрүүлжүүлэх байранд ажиллаж байсан эмч, цагдаа нараас гэрчээр мэдүүлэг авсан. Мөн тухайн өдрийн 22 цагт эрүүлжүүлэх байранд Ө.Ц-г шалгаж оруулахад “биед ил болон далд харагдах гэмтэл шарх байхгүй” гэсэн, мөн 23 цаг 05 минутад “Ц нь камерт хамт хоригдож байсан П-той зодолдож, толгойд шарх гэмтэл авсныг иодоор цэвэрлэв” гэсэн тэмдэглэлүүд хэрэгт авагдсан. Шүүгдэгч Ө.Ц-н биед шинжээчийн дүгнэлтээр хөнгөн гэмтэл тогтоогдсон байхад С.Д-г татсангүй гэсэн гомдол гаргадаг. Гэрч Жаянаа нь “энэ хүн согтуу гуйвж байгаад хашаа мөргөсөн” гэж мэдүүлсэн. С.Д нь Ө.Ц-г зодож цохисон талаарх нөхцөл байдал тогтоогдоогүй. Ө.Ц өөрийн гэм буруу дээр маргахгүй байсан учир хэргийг шүүхэд шилжүүлсэн. Харин Ө.Ц-н бусдад зодуулсантай холбоотой гомдлыг тусад нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд шалгаж байгаа. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.   

                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан байна.

Ө.Ц нь 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр согтуурсан үедээ, Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Ц” нэртэй дэлгүүрийн ойролцоо иргэн С.Д-тай үл ялих шалтгааны улмаас маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн нүдний ухархайн дотор хана, ухархайн доод хананы цөмөрсөн хугарал, этмойд, гайморын хөндийн цус хуралдалт, зүүн нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч С.Д-н “...Ө.Ц гэрээс гараад утсаа хайж байгаа мөртлөө зугтчих гээд эргэж над руу ирээд “чамайг 15 хутгалж ална...” гэх мэтээр заналхийлж цагдаа иртэл надтай зууралдаж агсарч хараасан. Тэгээд цагдаагийн алаг машин гэрлээ асаагаад 70-80 метрийн зайтай ирж байхад Ө.Ц гэнэт миний нүд рүү цохисон чинь би арагшаа бүтэн эргээд унасан. Ө.Ц намайг цохичихоод зугтах санаатай такси барих гээд гараа өргөхөд нь манай эхнэр араас нь очиж барьж аваад цагдаад өгсөн. ...” /хх 17-18/,

гэрч  Х.Ж-н “... Би гэртээ орж, хүүхдээ унтуулчихаад эргээд гарсан чинь цагдаагийн машин ирж яваа харагдахаар нь бид нар хүлээгээд зогсож байсан чинь Ө.Ц манай нөхрийн нүүр лүү цохичихоод зугтаж таксинд суух гэхээр нь би араас нь барьж татаж байгаад цагдаад барьж өгсөн. ...” /хх 32-33/,

гэрч С.О-н “... Манай ажил дээр буюу эрүүлжүүлэх байранд олон согтуу хүмүүс маргалдан асуудал үүсч, олон хүнтэй харьцдаг учраас 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр эрүүлжүүлэхэд ямар хүн зодолдсон талаар санахгүй байна. Харин эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл тэмдэглэлд 23.10 минутад камерт хамт байсан П-той зодолдож, толгойд 2 см шарх авсныг би тэмдэглэсэн байна. Зодолдож шарх авсан учраас тэмдэглэсэн байх. ...” /хх 157-158/,

гэрч Ө.Н-н “... Эрүүлжүүлэхэд орж байгаа хүний биеийн байдалд эмч хяналт тавьж биед нь үзлэг хийж, шарх соривыг тэмдэглэдэг. Тэр өдөр Ө.Ц, П гэх хүмүүс камерт зодолдсон эсэхийг санахгүй байна. Камерын хяналтын бүртгэлийн дэвтэрт 23.15 минутад 5 дугаар камерт П нь Ө.Ц-той маргалдаж, зодолдсоныг П-ыг тусад нь 2 дугаар камерт оруулсан тухай тэмдэглэлийг би бичсэн байна. Тэгэхээр уг хоёр хүн зодолдсон учраас дэвтэрт бичсэн бөгөөд олон хүмүүс орж гарч маргалдаж байдаг учраас биед нь ямар гэмтэл шарх учирсан талаар санахгүй байна. ...” /хх 160/,

гэрч Р.П-ын “... Намайг эрүүлжүүлэх байрны камерт ороод унтаж байтал үл таних залуу орж ирээд атаман зан гаргаж, орилж, чарлаж, томорч намайг “бос” гэж миний хөнжлийг хуулж аваад дээрээс дараад авсан. Би хоёр гараас нь бариад авсан чинь хоёр цагдаа орж ирээд уг хүнийг аваад гарсан. Маргааш өглөө нь бид хоёрыг маргалдсан талаар цагдаа хэлэхэд нөгөө хүн маргалдаагүй гээд байсан. ...” /хх 162/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...С.Д-н биед тархи доргилт, зүүн нүдний ухархайн дотор хана, ухархайн доод хананы цөмөрсөн хугарал, этмойд, гайморовын хөндийн цус хуралдалт, зүүн нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэх 10364 дугаартай дүгнэлт /хх 23/,

 Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх 34-36/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 39-40/, Ө.Ц-н эрүүлжүүлэгдсэн бүртгэл, тэмдэглэл, биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх 82-83/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Ө.Ц-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Ө.Ц-н хохирогч С.Д-н нүүрэн тус газар цохисны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Шүүгдэгч Ө.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчим, мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино.” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцжээ.

Шүүгдэгч Ө.Ц-н өмгөөлөгч Э.Мөнхзолбоогоос “...Ө.Ц-н хохирсныг тогтоохгүй хэргийг эцэслэн шийдвэрлэсэнд гомдолтой. Зөвхөн Ө.Ц-д холбогдуулан шалгаж шийдсэн 1045 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү. ...” гэсэн утга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, мөрдөн шалгах ажиллагааны явцад Ө.Ц нь С.Д-д зодуулсан талаар гомдол гаргасан /хх 11-12/ байна.

Анхан шатны шүүхээс Ө.Ц-н биед учирсан хөнгөн хохирлыг хэн учруулсан болохыг тогтоох зорилгоор 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 966 дугаартай шүүгчийн захирамжаар нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаажээ.

 Уг шүүгчийн захирамжид заасан ажиллагааг хийж, Ө.Ц-н биед хөнгөн хохирол учруулсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, уг хэргийг тусгаарласан /хх 117/ талаарх баримт хэрэгт авагджээ.

 Дээрх байдлуудаас дүгнэж үзвэл, Ө.Ц-н биед хөнгөн хохирол учруулсан гэх үйлдлийг хэн үйлдсэн болохыг тогтоох зорилгоор Ө.Ц-д холбогдох эрүүгийн 1906 05117 0329 дугаартай хэргээс тусгаарласан болох нь тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл, дээрх гэмт хэрэг нь Ө.Ц-н үйлдлийн улмаас С.Д-н биед хөнгөн хохирол учирсан гэмт хэргийг эцэслэн шийдвэрлэсэнтэй хамааралгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Ө.Ц-н өмгөөлөгч Э.Мөнхзолбоогийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.