Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 1045

 

 

 

 

 

 

    2020        06          04                                       2020/ШЦТ/1045

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан,

Улсын яллагч С.Чимэдцэеэ,

Хохирогч С.Дэлгэрзаяа,

Шүүгдэгч Ө.Ц, түүний өмгөөлөгч Э.Мөнхзолбоо /ҮД:2287/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Цд холбогдох 1906 05117 0329 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1978 сны 05 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, эрэгтэй, 42 настай, дээд боловсролтой, зураач, барималчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Гоодойн 1 дүгээр гудамжны 129 тоотод оршин бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 48 дугаар байрны 6 тоотод түр оршин суух, ам бүл 1, улсаас авсан шагналгүй,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2008 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 186 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулий ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан хөнгөн ялыг хүнд ялд нь багтааж биечлэн эдлэх ялыг 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 151 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 365 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлж байсан, Б овогт Өийн /,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Ө.Ц нь 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр согтуурсан үедээ Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр, Цэлмэг нэртэй дэлгүүрийн ойролцоо иргэн С.Дэлгэрзаяатай үл ялих шалтгааны улмаас маргалдаж, нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиж түүний биед тархи доргилт, зүүн нүдний ухархайн дотор хана, ухархайн доод хананы цөмөрсөн хугарал, этмойд, гайморын хөндийн цус хуралдалт, зүүн нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.Цгийн өгсөн: “Би Дэлгэрзаяатай найз байсан түүнд сайн санаж явдаг... Намайг цохих гэхээр нь би биеэ хамгаалаад түүнийг алгадчихсан. Хүнийг тэгж цохиж болохгүй. Урьд нь бас миний утсыг авч байсан юм...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Дэлгэрзаяагийн өгсөн: “2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр тухайн үйл явдал болсон. Би Ө.Цтой олон жил хамтран ажиллаж, архи ууж, найзалж байгаа. Ө.Ц манайд очихоосоо 2,3 хоногийн өмнө над руу олон удаа залгасан байсан. Би утсаа аваагүй. Би гэрээ янзлаад байж байсан чинь хүрээд ирэхээр нь би 10.000 төгрөг өгөөд “чи юу авахаа өөрөө мэд” гэсэн чинь 0,5 литрийн хараа архи аваад ирсэн. “Найз нь уухгүй” гэсэн чинь “чи яагаад уудаггүй юм” гээд уурлахаар нь ёс болгож 2 татсан. Тэгээд байж байтал хүүхэд маань айж уйлаад байхаар нь гадаа гарсан. Ө.Ц дахиад 0.33 литрийн хараа архи авчирсан. Машинд сууж байсан чинь  айлын хашаанд буугаад удаагүй байсан болохоор санаа зовоод чимээ гаргахгүй байхыг бодсон. Тэгээд Ө.Цгийн дуу чангараад байхаар нь харьж амар гээд авч гараад нилээн зууралдсан. Намайг ална би шуундаа бяртай гэх мэт зүйл яриад байсан. Ер нь байнга тэгж байдаг. Тэгээд намайг барьж авч зодчих гээд байсан, гадаа 2 цаг шахуу дээр доороо орж ноцолдсон. Эргэн орж ирээд гар утас байхгүй байна гэхээр нь “гэртээ, машиндаа үзүүлээд сүүлдээ арга ядан цагдаа дуудсан. Цагдаа  ирж байна гээд хараад зогсож байтал гэнэт тас гээд явчихсан. Манай эхнэрийг тойрч ирээд намайг цохиход нь би арагшаа уруу газар луу өнхөрсөн. Тэгээд цагдаа ирээд аваад явсан. Тухайн үед би цочролд орсон байсан. Гомдол гаргахаас өөр арга байгаагүй. Би нүдэндээ санаа зовж байсан. Одоо миний нүд зүгээр байгаа учраас олон жил энэ хүнтэй найзалсны хувьд түүнд аль болох хөнгөн ялыг өгөөсэй гэж хүсч байна. Би архи ууж нэг хэсэг буруу замаар явсан ч одоо төрийн албанд ажиллаж байгаа учраас архи уухаа больсон. Ө.Ц нь намайг архи уусангүй гэж тунирхсан асуудал байдаг. Би эхнэр хүүхэдтэй болсон. Одоо Цгоос нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,

Цагдаагийн байгууллагад иргэн Ө.Цгийн гаргасан өргөдөл /хх.11-12/,

Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх.8-10/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Дэлгэрзаяагийн өгсөн: “... 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр гэртээ амраад байж байсан чинь манай найз Ө.Ц над руу байн байн залгаад байхаар нь би утсыг нь авахгүй байсан чинь орой над руу дахиад залгаад “уулзъя” гэхээр нь би ... “хоёулаа уулзахаар архи л уух юм биш үү, угаасаа архи л уудаг шүү дээ, уулзах шаардлага байгаа юм уу” гэсэн чинь Ө.Ц надад хэлэхдээ “эрүүл байна, би архи уугаагүй яваад очих уу” гэхээр нь би “тэг тэг” гэж хэлсэн. Тэгээд 19 цагийн орчим Ө.Ц манайд жоохон халамцуу байртай орж ирчихээд ... “гэрээ барьчихсан юм уу, гоё болсон байна, тэгээд, яах уу” гэж архи уух санаатай хэлээд байхаар нь би амарч байгаа юм чинь гээд 10.000 төгрөг өгөөд “чи архи ууна уу, пиво ууна уу, өөрөө мэд” гээд өгсөн чинь Ө.Ц дэлгүүрээс нэг шил 0.5 литрийн Хараа архи оруулж ирээд задлахаар нь “би тэгж их уухгүй шүү, чи уугаарай” гэсэн чинь над руу уурлаад “чи яагаад архинаас гарчихсан юм, хэзээ ийм болчихсон юм” гээд уурлангуй хэлэхээр нь ... “за за, би чамтай хань болъё, тэгэхдээ тэгж их уухгүй шүү” гээд архинаас нь ганц хоёр удаа л уусан байх. Тэгээд хамт байж байхад Ө.Ц “би бол том хүн, би Монголыг мэднэ, би Монголын номер нэг барималчин, чи их сонин болсон, надаас зугтаад уулзахгүй байгаа, тоохгүй байгаа” гэж агсрах гээд байхаар нь би хүүхэд шуухад айлгачих байх гэж бодоод Ө.Цг “одоо манай гэрээс гаръя, чи согтсон байна” гэж гаргаад зам дээр такси хүлээгээд зогсч байхад Ө.Ц надаас дахин архи нэхээд байсан. Би Ө.Цд “чи одоо согтсон байна, одоо болно, авах юм бол ганц 0.33 литрийн архи аваарай” гэсэн чинь Ө.Ц дэлгүүрээс 0.33 литрийн архи аваад миний машинд хамт суусан. Тэгээд машинд байхдаа Ө.Ц авсан архиа ч олигтой уусан юм байхгүй, над руу үг хэлээр дайрч доромжлоод, хэл амаар их өдсөн, тэгсэн манай байгаа хашааны эзэн ирчихээр нь би Ө.Цг авч гараад явуулах гэж дахин такси хүлээгээд зогсч байсан чинь Ө.Ц над руу “чи их томорсон байна, намайг хөөдөг хэн бэ” гээд удаа дараа агсарч зодохоор дайраад байсан. Тэр үед би зугатах үедээ зугатаад, аргадах үедээ аргадаад, бараг 2 цаг орчим болоод, тэсэхгүй гэр лүүгээ орхиод орсон чинь миний араас эргэн орж ирээд “утас алга болсон байна, чи намайг яахаараа хөөдөг пизда вэ” гээд л агсарсан. Тэгэхээр нь “би утсыг чинь аваагүй өөрөө үз” гэхэд Ө.Ц манай гэр болон машин дотор үзээд олохгүй болохоор нь миний уур хүрээд “чи одоо намайг утасны хулгайд хардаад байхдаа яадаг юм, чи яваад байсан газраараа сайн үз, больё больё, ингэж доромжлуулаад яах вэ, цагдаа дуудъя, чи намайг алчихаж мэдэх юм байна” гэсэн чинь Ө.Ц гэрээс гараад утсаа хайж байгаа мөртлөө зугатчих гээд, эргэж над руу ирээд “чамайг 15 хутгалж ална, би 6 хүн алж байсан, би угаасаа хүн алдаг хүн, маргааш танай гэрийнхнийг ална” гэж заналхийлж цагдаа иртэл надтай зууралдан агсарч хараасан. Тэгээд цагдаагийн алаг машин гэрлээ асаагаад 70-80 метрийн зайтай ирж байхад Ө.Ц гэнэт миний нүд рүү цохьсон чинь би арагшаагаа бүтэн эргээд унасан. Ө.Ц намайг цохьчихоод зугтах санаатай такси барих гээд гараа өргөхөд нь манай эхнэр араас нь очин барьж аваад цагдаад өгсөн. Дараа нь цагдаагийн машинд суусныхаа дараа хүртэл “маргааш ирж алнаа” гэж заналхийлээд явсан... Ө.Ц миний зүүн нүд рүү баруун гараараа нэг удаа цохьсон... тэр хүн намайг барьж аваад хэл амаар маш их доромжилж байсан, тухайн үед нь би тэвчээд гар хүрээгүй...” гэх мэдүүлэг /хх.16-19/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Н.ЭнхЦгийн 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 10364 дугаартай:

“1. С.Дэлгэрзаяагийн биед тархи доргилт, зүүн нүдний ухархайн дотор хана, ухархайн доод хананы цөмөрсөн хугарал, этмойд, гайморын хөндийн цус
хуралдалт, зүүн нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.23/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Б.Даваасүрэнгийн 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 10501 дугаартай:

“1. Ө.Цгийн биед духанд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.28/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Жаянаагийн өгсөн: “... 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр манай нөхөр С.Дэлгэрзаяагийн найз Ө.Ц гэх залуу манай нөхөр рүү залгаад манай гэрт үдээс хойш халамцуу ирсэн. Ирчихээд манай нөхрийг “архи авч өг” гээд, С.Дэлгэрзаяа 10.000 төгрөг өгсөн чинь Ө.Ц өөрөө дэлгүүр явж архи авч ирээд манай нөхрийг “уу” гэж шахаад байсан. Манай нөхөр уухгүй гээд нэг удаа амсаад өгсөн чинь Ө.Ц “... чи яагаад архи уудаггүй юм, чи овоо юмаа, гэр бариад авгай, хүүхэдтэй болоод” гэж агсраад байхаар нь би уурлаад Ө.Цд ... “чи архи ууж чадахгүй бол одоо ингээд манай гэрээс яв, харь, С.Дэлгэрзаяа Ө.Цг таксинд суулгаж өг” гээд хоёуланг нь гаргасан чинь Ө.Ц эргэн орж ирээд “утсаа алга болгочихлоо” гэж хайгаад байхаар нь би ... “чи гарахдаа аваад гарсан шүү дээ” гэж хэлсэн чинь Ө.Ц эргээд гарсан. Гадаа гараад явж өгөхгүй, манай нөхөр лүү агсраад хашаан дотор байсан машинд суугаад л байсан. Тэгсэн манай байгаа хашааны эзэд ирсэн чинь тэр 2 хашаанаас гараад явсан. Би жоохон байж байгаад нөхрөө харах гээд гарсан чинь Ө.Ц дээгүүрх бүх хувцасаа тайлчихсан, манай нөхөр лүү дайраад “чи миний утсыг хулгай хийж авсан” гэж алгадаад, хувцас хунарыг нь урчихсан, манай нөхөр Ө.Цг ... “чи гэр лүүгээ явчихаач дээ, гуйж байна, битгий тэг л дээ” гэсэн чинь Ө.Ц “би чамайг ална, чи архи уусангүй, надтай найзалсангүй” гээд байсан. Тэгээд би гэртээ орж хүүхдээ унтуулчихаад эргээд гарсан чинь цагдаагийн машин ирж байгаа нь харагдахаар нь бид нар хүлээгээд зогсч байсан чинь Ө.Ц манай нөхрийн нүүр лүү цохьчихоод зугтаж таксинд суух гэхээр нь би араас нь барин татаж байгаад цагдаад барьж өгсөн. Цагдаагийн машинд суусныхаа дараа Ө.Ц манай нөхөр лүү “би чамайг ална харж л байгаарай” гэж заналхийлээд байсан... манай нөхөр Ө.Цг зодоогүй, аминдаа явуулах л гэж гуйн аргадаж байсан... Ө.Ц манай нөхөр лүү агсран дайрч байхдаа замын боржурт тээглэж тэнцвэр алдаад, хашаа толгойгоороо мөргөчихсөн... Ө.Ц манай нөхрийн нүд рүү гараараа нэг удаа цохьсон. Тэгсэн манай нөхөр цаашаагаа бүтэн эргэж өнхрөөд нүүр амнаас нь маш их цус гарсан...” гэх мэдүүлэг /хх.31-33/,

2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх.34-36/,

Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл, тэмдэглэл /хх.82-83/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Отгончимэгийн өгсөн: “... Би Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эрүүлжүүлэх саатуулах байрны эмчээр ажиллаж байгаад 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Мэдээлэл шуурхай удирдлагын төв рүү шилжсэн. Ажил дээр буюу эрүүжлүүлэх байранд олон согтуу хүмүүс маргалдан асуудал үүсч, олон хүнтэй харьцдаг учраас 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр эрүүлжүүлэхэд ямар хүн зодолдсон талаар санахгүй байна. Харин эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл тэмдэглэлд 2019 оны 08 дугаар сарын 26-ны орой 22 цагийн үед 23:10 минутанд камерт хамт байсан Пүрэв-Ойдовтой зодолдож толгойд 2 см шарх авсаныг би тэмдэглэсэн байна, зодолдож шарх авсан учраас тэмдэглэсэн байх, энэ өдрийн үйл явдлыг санахгүй байна. Мөн уг өдрийн камерын хяналтын дэвтэрт уг зодолдсон асуудлыг бичсэн байж магадгүй. Эрүүжүүлэх саатуулах байрны камерын бичлэг хэд хоног хадгалдаг эсэхийг мэдэхгүй байна, дундаж 2-3 cap хадгалдаг байх...” гэх мэдүүлэг /хх.157-158/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ө.Наранбаатарын өгсөн: “... Би 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр эрүүлжүүлэхэд хүн зодолдсон эсэхийг санахгүй байна. Эрүүлжүүлэх байранд архи хэтрүүлж хэрэглэсэн хүмүүс хоорондоо зодолдсон тохиолдолд тусгаарлан өөр камерт оруулж бүртгэлийн дэвтэрт тэмдэглэл хөтөлдөг юм. Эрүүлжүүлэхэд орж байгаа хүний биеийн байдалд эмч хяналт тавьж биед нь үзлэг хийж шарх соривыг тэмдэглэлд тусгадаг. Тэр өдөр Ц, Пүрэв-Ойдов гэх хүмүүс камерт зодолдсон эсэхийг санахгүй байна, камерын хяналтын            бүртгэлийн дэвтэрт 23:15 миунтанд 5 дугаар камерт Пүрэв-ойдов нь Цтой маргалдаж зодолдсоныг, Пүрэв-Ойдовыг тусад нь 2-р камерт оруулсан тухай тэмдэглэлийг би бичсэн байна, тэгэхээр уг хоёр хүн зодолдсон юм байна. Тухайн үед Ц, Пүрэв-Ойдов нар хоорондоо зодолдсон учраас дэвтэрт бичсэн бөгөөд олон хүмүүс орж гарч маргалдаж байдаг учраас биед нь ямар гэмтэл шарх учирсан талаар санахгүй байна. Хэрэв биед нь гэмтэл учирсан бол эмч тусламж үзүүлж тэмдэглэлд тусгасан байх ёстой...” гэх мэдүүлэг /хх.159-160/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Р.Пүрэвойдовын өгсөн: “... Би 2019 оны 08 дугаар сард Жуковын байрны 4-н орц угаан цэвэрлэж 25 дугаар байрны подволд амьдардаг байхдаа тэр өдөр дэлгүүрээс 0,33 л нэг шил архи уучихаад дахин архи авах санаатай нөгөө дэлгүүрийн худалдагчид 100 төгрөг дутуу өгсөнөөс болж уг худалдагчтай бага зэрэг маргалдаад гарч явсан. Тэгээд тамхи авахаар ТҮЦ рүү явж байхад эргүүлийн цагдаа ирж аваад эрүүлжүүлсэн. Тэгээд эрүүлжүүлэх байрны камерт ороод унтаж байсан чинь үл таних залуу хүн орж ирчээд атаман зан гарган, орилж чарлан, томорч, намайг бос гэж миний хөнжлийг хуулж аваад, дээрээс дараад авсан, би хоёр гарнаас нь бариад авсан чинь 2 цагдаа орж ирээд уг хүнийг аваад гарсан. Маргааш өглөө нь надтай маргалдсан хүн бид хоёрыг маргалдсан талаар цагдаа хэлэхэд нөгөө хүн маргалдаагүй гээд байсан, тэгэхэд түүний нүүрэнд шарх сорив байсан эсэхийг анзаарч хараагүй. Би тухайн үед эрүүлжүүлэх байранд тэр хүнтэй зодолдон, бид хоёр бие биенээ цохиж зодоогүй. Надтай маргалдсан хүнтэй маргааш өглөө нь таарахад нүүрэнд нь цус шарх сорив байсан эсэхийг нарийн анзаарч хараагүй. Эрүүлжүүлэх байранд надтай маргалдсан хүнийг би цохиж зодоогүй, бид хоёр харилцан зодолдоогүй, миний дээрээс дараад авахаар нь цагдаа орж ирээд аваад гарсан, өөр зүйл болоогүй. Нөгөө залууг аваад гарсан шиг санаж байна, гэхдээ олон сарын өмнөх асуудал учраас би буруу санаж магадгүй тийм учраас цагдаагийн бичсэн тэмдэглэл үнэн...” гэх мэдүүлэг /хх.161-162/,

Эрүүгийн хэргийг тусгаарлах тухай тогтоол /хх.177/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Ө.Ц нь 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр согтуурсан үедээ Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр, Цэлмэг нэртэй дэлгүүрийн ойролцоо иргэн С.Дэлгэрзаяатай үл ялих шалтгааны улмаас маргалдаж, нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиж түүний биед тархи доргилт, зүүн нүдний ухархайн дотор хана, ухархайн доод хананы цөмөрсөн хугарал, этмойд, гайморын хөндийн цус хуралдалт, зүүн нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Дэлгэрзаяагийн өгсөн: “... Тэгээд цагдаагийн алаг машин гэрлээ асаагаад 70-80 метрийн зайтай ирж байхад Ө.Ц гэнэт миний нүд рүү цохьсон чинь би арагшаагаа бүтэн эргээд унасан...” гэх мэдүүлэг /хх.16-19/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Жаянаагийн өгсөн: “... Ө.Ц манай нөхрийн нүүр лүү цохьчихоод зугтаж таксинд суух гэхээр нь би араас нь барьж татаж байгаад цагдаад барьж өгсөн... Ө.Ц манай нөхөр лүү агсран дайрч байхдаа замын боржурт тээглэж тэнцвэр алдаад хашаа толгойгоороо мөргөчихсөн... Ө.Ц манай нөхрийн нүд рүү гараараа нэг удаа цохьсон. Тэгсэн манай нөхөр цаашаагаа бүтэн эргэж өнхрөөд нүүр амнаас нь маш их цус гарсан...” гэх мэдүүлэг /хх.31-33/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Н.ЭнхЦгийн 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 10364 дугаартай:

“1. С.Дэлгэрзаяагийн биед тархи доргилт, зүүн нүдний ухархайн дотор хана, ухархайн доод хананы цөмөрсөн хугарал, этмойд, гайморын хөндийн цус
хуралдалт, зүүн нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.23/,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Дэлгэрзаяагийн өгсөн: “... Цагдаа  ирж байна гээд хараад зогсож байтал гэнэт тас гээд явчихсан. Манай эхнэрийг тойрч ирээд намайг цохиход нь би арагшаа уруу газар луу өнхөрсөн...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт Ө.Цгийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Ө.Цгийн биед учирсан хөнгөн гэмтлийг чухам хэн учруулсаныг тогтоох буюу хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянан шийдвэрлэхэд саад болох нөхцөл байдлыг шалгаж тогтоолгүй хэргийг буруу тусгаарлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг зөрчсөн тул мөрдөн байцаалтын ажиллагаа нэмж хийлгэхийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч хүсч байх боловч анхан шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоогүй учир хэргийг прокурорт буцаах шаардлагагүй гэж дүгнэв.

Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ө.Цыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.

Ө.Цгийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна. 

Хохирогч С.Дэлгэрзаяа нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгч Ө.Цг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Ө.Цд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Ө.Цгийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

Ө.Цд эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Ө.Цд торгох ял оногдуулах тухай дүгнэлтийг улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгч  гаргаж байх боловч шүүгдэгч нь эрхэлсэн тодорхой ажилгүй, тогтмол орлогогүй байх тул дээрх дүгнэлтүүдийг хүлээн авах үндэслэлгүй юм.

Ө.Цд оногдуулсан 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялын биелэгдээгүй найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

          Шүүгдэгч Ө.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

1. Б овогт Өийн Цг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Цд 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялын биелэгдээгүй найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Ө.Цд сануулсугай.

          4. Ө.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч С.Дэлгэрзаяа нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд марийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          5. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ө.Цд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

         ШҮҮГЧ                     С.ӨСӨХБАЯР