Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 156/шш2021/00325

 

 

 

 

 

 

 

156/ШШ2021/00325.

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

156/2021/00233/и

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Р.Х-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хэнтий аймгийн Л.Н-т холбогдох 14000000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ш.А, Гэрч Н.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.У. нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Р.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л.Н нь миний эхнэр байх хугацаандаа буюу 2020 оны 04 дүгээр сард 14.000.000 төгрөгийн зээлэнд надаар гарын үсэг зуруулан аваад, зээл гарсны дараа өөрийн нөхөр А-тай ирж аваад явсан. Би өөрөө бичиг үсэг мэддэггүй болохоор тэр үед сайн мэдээгүй, дараа нь Төрийн банкнаас надаас байнга нэхэж байна. Уг зээлнээс би нэг ч төгрөг аваагүй. Н-ийн дансруу хийсэн. Надаас салахдаа хонь 183, ямаа 232, адуу үхэр 5 ханатай гэрийг аваад явсан. Иймд уг мөнгийг Н-аас гаргуулж өгнө үү, тэгэхгүй бол банк надаас байнга нэхэж байна. гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2020 онд 14,000,000 төгрөгийг Л.Н нь Р.Х-аар гарын үсэг зуруулж, Таахайд байхгүй гэр барина гэж 14,000,000 төгрөгийг авч Улаанбаатар хот явсан. Ц гэх хүний машиныг хөлслөн гурван давхар бүрээстэй, тавилгатай эрээн гэр барьсан. Одоо болохоор хүнээс мөнгө зээлсэн гэх үндэслэлгүй зүйлийг яриад байна. Ш.А нь Р.Х-ын эхнэр, хүүхэд, гэр, 400 гаруй толгой малыг авсан учир зээлийн 14,000,000 төгрөгийг төлөх ёстой. Р.Хатанбатын хувьд өөрийн гэсэн гэр байхгүй. Хүүхдээ дагуулаад ах, дүү нарындаа байдаг учир 14,000,000 төгрөгийг гаргах боломжгүй. Иймд 14,000,000 төгрөгийг Л.Н-аас гаргуулж Хатанбатад олгож өгнө үү, тэгэхгүй бол Х уг мөнгийг төлж чадахгүй, өөрөө ч аваагүй болохоор төлөх ч үндэслэл байхгүй, Банк Х-с зээлсэн мөнгийг нэхээд байгаа, 15,000,000 төгрөгөөр Л.Н гэр авч, найр хийснийхээ дараа Ш.А-тай амьдрал зохиосон. Л.Н, Ш.А нарыг 15,000,000 төгрөгийг үрчихээд 13,000,000 төгрөгийн зээлийг авсан байх гэж бодож байна. 2019 онд 15,000,000 төгрөгийг Л.Н, Ш.А нар хувьдаа хэрэглэсэн. Р.Хатанбат нэг ч төгрөг аваагүй. Р.Х-ын өмнөөс Л.Н гүйлгээ хийдэг байсан. Р.Х-ын хугацаатай хадгаламжийн дэвтрийг Л.Н өгөхгүй байгаа. Р.Х хүүхдээ дагуулаад ах дүү нарындаа байгаа. Р.Х ямар ч орлогогүй тул зээл төлөх боломжгүй. Иймд зээлнээс авсан 14000000 төгрөгийг Н-аас гаргуулж байж Хатанбат банкинд зээлээ төлнө.... гэв.

Хариуцагч Л.Н шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага 14.000.000 төгрөгөөс 2021 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 3.320.000 төгрөг төлсөн, одоо 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 7.070.000 төгрөгийг төлж барагдуулна. Харин зээлийн үлдэгдэл 7.000.000 төгрөгийг нэхэмжлэгч Х-аар төлүүлэх саналтай байна. Банкнаас авсан 14.000.000 төгрөгийг 10 сая төгрөгөөр портер ачааны машин авсан, 4 сая төгрөгөөр 5 ханатай гэр авсан. Зээлээр авсан портер ачааны машиныг Хатанбат өөрөө салахдаа авсан.

2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа: Х бид хоёр анх 2019 онд 14.000.000 төгрөгийн зээл авсан. Тэр зээлээ төлөхийн тулд Г гэдэг хүнээс 14.000.000 төгрөг зээлсэн. Г-аас зээлсэн мөнгөө төлөхийн тулд 2020 оны 04 дүгээр сард 14.500.000 төлж мөнгөө төлсөн. Уг зээлийг 2020 оны 10 дугаар сарын 15-нд 3.700.000 төгрөг, 2021 оны 04 дүгээр сарын 15-нд 7.070.000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 15-нд 6.541.000 төгрөгийн хувиараар төлөх байснаас одоо би 3.220.000 төгрөгийг төлсөн, 7.300.000 төгрөгийг төлж барагдуулна. Үлдэгдэл 6.500.000 төгрөгийг Хатанбатаар төлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 14,000,000 төгрөгийг намайг авч хэрэглэсэн гэж байна. 2019 оны зээлийн төлбөрийг төлөх гээд гэрчээр орж байгаа Г-аас мөнгө зээлсэн. Тухайн зээлсэн мөнгөө төлөхийн тулд банкнаас 14,500,000 төгрөгийн зээлийг авсан. Л.Н 160 гаруй толгой малтай ирсэн. Зээлийн гэрээний 3.2.7-д зааснаар ..зээлдэгч нас барсан тохиолдолд өөрийн эрх үүргийн чадамжгүй болсон сураггүй алга болсон тохиолдолд хамтран зээлдэгчээс төлбөрийг гаргуулна.. гэж заасан. Л.Н бол хамтран зээлдэгч гэтэл үндсэн зээлдэгч нь амьд сэрүүн, сураггүй алга болоогүй хаягтаа байхад зээлийг төлүүлэхгүй байгаа нь учир дутагдалтай байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна, Тухайн зээлийг аваад Л.Н бид хоёрыг хувьдаа зарцуулсан гэж байна. Л.Н, Р.Х нар нь хамт амьдарч байхдаа шинэ гэр, машин, мотоцикль авч байсан. Эдгээрийг банкнаас зээлсэн мөнгөөрөө л авсан байгаа. Гэр бүлийн хүмүүс өөрсдийн хэрэгцээндээ зарцуулах гэж л зээл авсан байгаа, Н, Х нар хамт амьдарч байх хугацаандаа авсан мөнгөнийхөө зээлийг дарах гэж сүүлийн 14.000.000 төгрөгийн зээл авсан... гэв.

 

Шүүх  зохигчдын тайлбар хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Р.Х нь хариуцагч Л.Н-т холбогдуулан 14.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Нэхэмжлэгч Р.Х нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Ч.Б-т, хариуцагч Л.Н нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Ш.А-т итгэмжлэл өгч шүүх хуралдаанд оролцуулсан болно.

Нэхэмжлэгч Р.Х, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа: ...Р.Х 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Төрийн банкны Баянхутаг сум дахь салбараас 14.500.000 төгрөгийг зээлээр авч уг зээлд хамтран зээлдэгчээр Л.Н орсон. Энэхүү зээлийг малчны зээл гэж авсан боловч нэхэмжлэгч надад нэг ч төгрөг өгөлгүйгээр Н өөрийнхөө дансруу бүгдийг нь шилжүүлж авсан. Одоо банкнаас зээл төлөхийг надаас байнга төлөхийг шаарддаг бөгөөд энэ зээлийг би авч ашиглаагүй болохоор Н надад төлж, би банкыг хохиролгүй болгох ёстой. Би өөрөө бичиг үсэг мэддэггүй болохоор ямар хэдэн төгрөгийн зээл дээр гарын үсэг зурснаа мэдэхгүй. ... Н-т ямар нэгэн өр төлбөргүй, Н нь сүүлд суусан нөхөр болох А-тай нийлж Хатанбатыг хоослоод явсан хүмүүс ... гэж,

Хариуцагч эс зөвшөөрч .. Уг зээлийг Х аваад Н-ийн дансанд хийсэн тал дээр маргахгүй, 14.000.000 төгрөгийг Хатанбатаас авснаа хүлээн зөвшөөрч байна, энэ зээлийн талыг Х-д төлөх саналтай байна, Учир нь уг 14.000.000 төгрөгийг Х-с аваад Х, Н нарын өмнө нь хүнээс зээлсэн байсан өрөнд өгсөн.. гэж маргажээ.

 

Шүүхээс нэхэмжлэгч Р.Х-ын нэхэмжлэлийн шаардлага үндэслэл, хариуцагчийн хариу тайлбар, гэрчийн мэдүүлэг, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн бөгөөд зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Р.Х хамтран зээлдэгч Л.Н нар нь 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Төрийн банкны ******* сум дахь Баянхутаг салбартай №250600084322 тоот зээлийн гэрээ байгуулж, банк болон Р.Х, хамтран зээлдэгч Л.Н нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу банкны зээлийн гэрээний харилцаа үүсэж, 14.500.000 төгрөгийн зээл авсан болох нь зээлийн гэрээний хуулга, ******* сумын Төрийн банкны салбар тооцооны төвийн захирлын 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн шүүхэд ирүүлсэн тодорхойлолт (хх-н 23 тал), нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Банк зээлийн гэрээнд заасны дагуу нэхэмжлэгч Р.Х-ын 270800020420 дугаар дансанд зээлсэн мөнгийг шилжүүлснээр талуудын хооронд банкны зээлийн харилцаа үүсэж, тэдгээрийн эрх үүргийн харилцаа тусдаа банкны зээлийн гэрээгээр зохицуулагдаж байна.

 

Харин нэхэмжлэгч Р.Х нь зээл авсны дараагаар уг зээлсэн 14.000.000 төгрөгийг Л.Н-т шилжүүлсэн нь банкны зээлийн гэрээнээс тусдаа хоёр иргэдийн хооронд үүссэн иргэний эрх зүйн харилцаа байх тул нэхэмжлэгч Р.Х нь уг мөнгийг Л.Н-с шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч Р.Х нь хамтран зээлдэгч Л.Н-тай 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр зээлийг авч уг зээлийн хувьд үндсэн зээлдэгчийн эрх үүрэг үүссэний дараагаар уг шилжүүлэн авсан өдрөө 14.000.000 төгрөгийг хариуцагч Л.Н-ийн 5638004618 дугаартай Хаан банкны дансанд шилжүүлсэн болох нь хавтаст хэргийн 60 дугаар хуудсанд авагдсан нэхэмжлэгчийн нэр дээрх 270800020420 тоот Төрийн банкны дансны хуулга болон хавтаст хэргийн 40 дүгээр хуудсанд авагдсан хариуцагч Л.Н-ийн 5638004618 тоот дансны хуулгаар тогтоогдохоос гадна зохигчдын хэн аль нь 14.000.000 төгрөг авсан, өгсөн асуудал дээр маргаагүй байна.

 

Хариуцагч Л.Н нь 14.000.000 төгрөгийг авч, портер ачааны машин авсан, уг машиныг Хатанбат өөрөө авсан, уг 14.000.000 төгрөгийг Р.Х-тай өмнө нь амьдарч байх хугацаандаа хүнээс зээлсэн зээлэнд төлсөн гэх байдлаар зөрүүтэй тайлбар өгснөөс гадна гэрчээр хариуцагчийн хүсэлтээр Н.Г-ыг асуухад гэрч нь .. Уг мөнгийг надаас аваагүй, Н надаар хэлүүлж манай дүүгээс авсан юм, яг хэдэн төгрөг авсныг сайн санахгүй байна, 2020 оны 04 сарын 30-ны өдөр хавьцаа байсан байх гэж бодож байна.., буцаагаад шилжүүлсэн дансыг нь мэдэхгүй... гэж мэдүүлэхээс гадна хариуцагч тал нэхэмжлэгчтэй хамтран амьдарч байх хугацаандаа хэнд хэдэн төгрөгийн өртэй байсан, зээлсэн 14.000.000 төгрөгийг хэнд буцаагаад шилжүүлсэн гэдгээ, ямар учраас Р.Х-д 14.000.000 төгрөгөөс талыг өгөх гээд байгаа тухайгаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3Зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ, 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, 38 дугаар зүйлийн 38.1Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэх үүргийнхээ дагуу татгалзлаа нотолж чадаагүй байна.

 

Иргэний хуулийн 194 дүгээр зүйлийн 194.1Үүргийн шинж чанарт харшлахгүй бол гэрээний бус үүргийн харилцаанд гэрээний үүргийн холбогдох журмыг хэрэглэж болно гэж заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд үүссэн харилцаа нь мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан зохицуулалтад хамаараалтай харилцаа үүссэн байна гэж үзлээ.

 

Учир нь хариуцагч Л.Н 14.000.000 төгрөгийг нэхэмжлэгч Р.Х-с авсан, буцааж тал хувийг нь төлнө гэдгээ тайлбарлахдаа ...нэхэмжлэгчтэй цуг амьдарч байх хугацаандаа бусдаас зээлсэн өрөө төлөх гэж авсан нь үнэн, одоо тал хувийг нь буцааж төлнө, заримыг нь төлсөн..., хэмээн нэхэмжлэгчээс 14.000.000 төгрөг авсан талаараа маргаагүй, буцаан өгөх төлөх үүрэгтэй гэдгээ зөвшөөрөн тайлбарлаж байгаа, нэхэмжлэгч Р.Х нь ..надаас уг мөнгийг хариуцагч Л.Н шилжүүлэн авсан, би одоо мөнгөө буцааж авах хүсэлттэй.. гэх тайлбараар талуудын хооронд гэрээ байгуулагдаагүй хэдий ч хариуцагч тал мөнгө авснаа, түүнийг буцаан төлөх үүрэгтэйгээ хүлээн зөвшөөрч байгаа нь явдал нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулсанд тооцно гэж заасан хуулийн зохицуулалтад хамааралтай, хуульд заасны дагуу буцаан өгөх үүргийн зохицуулалтад хамааралтай харилцаа байна.

Ийнхүү зохигчдын хооронд үүссэн харилцааг Иргэний хуулийн 281, 282 дугаар зүйлд хамааруулсан нь тэдгээрийн хооронд Банкны зээлийн гэрээний харилцаа буюу Иргэний хуулийн 451, 452, 453 дугаар зүйлд зааснаас тусдаа иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэдгийг тодорхойлсон гэж ойлгоно.

Хариуцагч Л.Н нь 14.000.000 төгрөгийг нэхэмжлэгч Р.Х-аас авсан үндэслэлээ нотлох баримтаар нотолж чадаагүй тул Иргэний хуулийн 492.1.1-д Хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж заасны дагуу нэхэмжлэгч Л.Н-ийг 14.000.000 төгрөгийг үндэслэлгүйгээр өөртөө шилжүүлэн авч хөрөнгөжсөн байна гэж үзэн хуульд заасны дагуу хариуцагчаас 14.000.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Р.Х-д олгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч хариуцагч нар нь 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр тус шүүхээр гэрлэлтээ цуцлуулсан байх бөгөөд гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан гэрлэгчдийн эд хөрөнгийн маргаангүй тухайгаа илэрхийлж, нэхэмжлэгч Л.Н нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ ..Төрийн банкнаас авсан 15.000.000 төгрөгийг би төлж байгаа.. хэмээн (хх-ийн 43 тал) тайлбарласнаас үзвэл маргаж буй 14.000.000 төгрөгийг өмнөх зээлээ дарах гэж авсан гэсэн хариуцагчийн тайлбар үгүйсгэгдэхээс гадна, 14.000.000 төгрөгийн зээлд 3.220.000 төгрөгийг төлсөн тухай баримт (хх-н 66-67 тал)-ыг ирүүлсэн хэдий ч хариуцагч 14.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан зээлэнд төлсөн гэх 3.220.000 төгрөгийн асуудлаар сөрөг нэхэмжлэл гаргаагүй болно.

Иймд Р.Хатанбатын нэхэмжлэлтэй Л.Н-т холбогдох 14.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227.950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 227.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Л.Н-гаас 14.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Р.Хатанбатад олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 227.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРАНЗАЯА