Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 226/МА2021/00018

 

 

 

 

2021 оны 07 сарын 28-ны өдөр            226/МА2021/00015                                    Хэрлэн сум

 

 

 

 

Х-ын нэхэмжлэлтэй,

Н-т холбогдох

иргэний хэргийн талаар

 

226/2021/00018/И

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Б.Дэнсмаа, Я.Алтаннавч нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд нээлттэйгээр,  

Нэхэмжлэгч Х-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б- /цахимаар/,  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Урантуяа нарыг оролцуулан

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 156/ШШ2021/00325 дугаар шийдвэртэй Х-ын нэхэмжлэлтэй Н-т холбогдох “14000000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А-Б-ын гаргасан давж заалдах гомдлоор 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Я.Алтаннавчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Х- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Н- нь 2020 оны 04 дүгээр сард буюу миний эхнэр байхдаа Баянхутаг сумын банкнаас 14000000 төгрөгийн зээл авсан. Уг зээлэнд миний бие хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан. Би өөрөө бичиг үсэг мэддэггүй болохоор тухайн үед хэдэн төгрөгийн зээлэнд гарын үсэг зурснаа сайн мэдээгүй, Баянхутаг сумын банкнаас уг 14000000 төгрөгийн зээлийг надаас байнга нэхэж байна. Би уг 14000000 төгрөгийн зээлээс нэг ч төгрөг аваагүй. Н-ийн данс руу шууд хийсэн.

Н- надаас салахдаа 183 тооны хонь, 232 тооны ямаа, адуу, үхэр, 5 ханатай гэр, тавилгатай нь аваад явсан. Мөн миний эзэмшлийн “Портер” маркийн авто машиныг “Г” хадгаламж зээлийн хоршоонд барьцаанд тавьж мөнгийг нь өөрөө авсан байсан. Би “Г” хадгаламж зээлийн хоршоонд 2500000 төгрөг төлж хохиролгүй болгож машинаа авсан. Би “Портер” маркийн автомашиныг 2015 онд 7000000 төгрөгөөр худалдан авч байсан.   

Н- банкны зээлээ өөрөө төлнө гэж хэлээд бүх малаа, гэртэйгээ аваад явсан учир Баянхутаг сумын банканд төлөх 14000000 төгрөгийн зээлийг Н-аас гаргуулж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2020 онд Н- нь Х-аар гарын үсэг зуруулж, 14000000 төгрөгийн зээл авч гурван давхар бүрээстэй, тавилгатай эрээн гэр авч, Х-тай найр хийснийхээ дараа А-Б-тай амьдрал зохиосон.

А-Б- нь Х-ын эхнэр Н-тай сууж, гэр, 400 гаруй толгой малыг нь авсан учир 14000000 төгрөгийг төлөх ёстой гэж үзэж байна. Н-, А-Б- нар уг 14000000 төгрөгийг хувьдаа хэрэглэсэн. Х- нэг ч төгрөг аваагүй.

Х-ын хувьд өөрийн гэсэн гэр байхгүй, хүүхдээ дагуулаад ах, дүү нарындаа байдаг учир 14000000 төгрөгийг төлөх боломжгүй. Иймд банкны зээл болох 14000000 төгрөгийг Н-аас гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Н- 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлага 14000000 төгрөгөөс 2021 оны 03 дугаар сарын 20-доор 3320000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр гэхэд 7070000 төгрөгийг төлж барагдуулна. Харин зээлийн үлдэгдэл 7000000 төгрөгийг тохиролцсоноор нэхэмжлэгч Х-аар төлүүлэх саналтай байна. Банкнаас авсан 14000000 төгрөгийн зээлээс 10000000 төгрөгөөр “Портер” маркийн автомашин, 4000000 төгрөгөөр 5 ханатай гэр авсан. Уг мөнгөнөөс авсан “Портер” маркийн автомашиныг Х- өөрөө авсан” гэжээ.

Хариуцагч Н- 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Х- бид хоёр анх 2019 онд 14000000 төгрөгийн зээл авсан. Тэр зээлээ төлөхийн тулд Г гэдэг хүнээс 14000000 төгрөг зээлсэн. Г-с зээлсэн мөнгөө төлөхийн тулд 2020 оны 04 дүгээр сард банкнаас 14500000 төгрөгийн зээл авсан. Уг зээлийг 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 3700000, 2021 оны 04 дүгээр сарын 15-ны 7070000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 6541000 төгрөг төлөх хуваарьтай байсан. Би 3220000 төгрөгийг төлсөн, 7300000 төгрөгийг төлж барагдуулахаа илэрхийлж байна. Харин үлдэгдэл 6500000 төгрөгийг Х-аар төлүүлж өгнө үү” гэжээ.   

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А-Б- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 14000000 төгрөгийг намайг авч хэрэглэсэн гэж байна. 2019 оны зээлийн төлбөрийг төлөх гэж Г-с мөнгө зээлсэн. Тухайн зээлсэн мөнгөө төлөхийн тулд банкнаас 14500000 төгрөгийн зээлийг авсан байсан. Н- 160 гаруй толгой малтай ирсэн. Зээлийн гэрээний 3.2.7-д “...зээлдэгч нас барсан тохиолдолд өөрийн эрх үүргийн чадамжгүй болсон сураггүй алга болсон тохиолдолд хамтран зээлдэгчээс төлбөрийг гаргуулна...” гэж заасан байдаг. Н- бол хамтран зээлдэгч гэтэл үндсэн зээлдэгч нь амьд сэрүүн, сураггүй алга болоогүй хаягтаа байхад зээлийг төлүүлэхгүй байгаа нь учир дутагдалтай байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 156/ШШ2021/00325 дугаар шийдвэрээр: “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Н-аас 14000000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х-ад олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 227950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тус тус заан шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А-Б- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Х-, Н- хоёр нь хамт амьдарч байх хугацаандаа жил бүр зээл хийдэг байсан бөгөөд 2019 оны зээлийг төлөхийн тулд 2020 онд Ганлхагва гэх хүнээр дамжуулан Алтансүх гэх хүнээс 14000000 төгрөг зээлж банкны зээлээ дараад дахин банкнаас зээл авч Алтансүхэд мөнгийг нь буцааж өгсөн байдаг. Иймээс Х-, Н- нар нь уг зээлийг хувааж төлөх нь зөв гэж үзэж байгаа тул 7000000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн энэ зээлнээс Н- нь 3220000 төгрөгийг төлчхөөд баримтыг нь гаргаж өгсөн байхад уг мөнгийг хасаагүй нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан нь үндэслэлгүй байгаа тул хэргийг дахин хянаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х- нь хариуцагч Н-т холбогдуулан “14000000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Н- нь “14000000 төгрөгнөөс 7000000 төгрөгийг нь төлөхийг зөвшөөрнө” гэж маргасан байна.

Нэхэмжлэгч Х- нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “намайг 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр БХТТөв-өөс 14500000 төгрөгийн малчны зээлийг авахад Н- хамтран зээлдэгчээр орж гарын үсэг зурсан. Би зээлээс нэг ч төгрөг аваагүй бүгдийг нь тэр өдрөө Н-ын данс руу шилжүүлсэн тул Н- төлөх ёстой. Иймд Н-аас 14000000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэж тодорхойлжээ.

Зохигчид нь гэр бүл байхдаа 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр БХТТөв-тэй №250600084322 тоот зээлийн гэрээ байгуулж 14500000 төгрөгийн зээл авсан болох нь зээлийн гэрээний хуулга /хх6-7, 24-25/, БХТТөв-ийн захирлын 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн шүүхэд ирүүлсэн тодорхойлолт /хх23/, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар зэргээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Х- нь 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр авсан 14000000 төгрөгийг тэр өдрөө хариуцагч Н-ийн 5638004618 дугаартай ХААН банкны дансанд шилжүүлсэн болох нь түүний 270800020420 дугаартай Төрийн банкны дансны хуулга /хх18/, хариуцагчийн 56388004618 дугаартай ХААН банкны дансны хуулгуудаар /хх40/  нотлогджээ. Нэхэмжлэгч хариуцагч нар нь 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр шүүхээр гэрлэлтээ цуцлуулахад эд хөрөнгийн маргаангүй байсан байна. /хх 42-45/

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д “Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд...”, мөн хуулийн 492.1.1-д “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр болсон бол“ уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж хуульчилжээ.

Хариуцагч Н- нэхэмжлэгч Х- нарын хооронд зээлийн харилцаа үүсээгүй, хамтран амьдарч байх үедээ Төрийн банкнаас зээлж авсан 14000000 төгрөгийг гэр бүлийн хэрэгцээнд ашиглаагүй, хариуцагч Н- уг мөнгийг өөрийн эзэмшилд авч  үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн болох нь хэргийн үйл баримтаар тогтоогдсон тул нэхэмжлэгч Х- нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-т зааснаар 14000000 төгрөгийг Н-аас буцаан шаардах эрхтэй байна.

Хариуцагч Н- нь  14000000 төгрөгийн талыг нь Х- төлөх ёстой гэсэн тайлбар гаргасан боловч тэрээр өөрийн тайлбар татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25-р зүйлийн 25.2.2-т заасан “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой  баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх”,  мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “...нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэсний дагуу нотолж чадаагүй талаарх  анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

Н- нь Төрийн банкны Хэнтий салбарт зээлийн төлбөрт 2021 оны 03, 04 саруудад нийт 3220000 төгрөгийг төлсөн болох нь орлогын мэдүүлэг /хх 66/, дансны хуулгаар /хх67/ нотлогдож байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцоогүй нь буруу байна.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...зээлийн төлбөрт 3220000 төгрөг төлснийг хасаагүй” гэх давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 126950 төгрөг төлснөөс 187430 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 156/ШШ2021/00325 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Н-аас 10780000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х-ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3220000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтад “хариуцагчаас 227950 төгрөг” гэснийг “хариуцагчаас 187430 төгрөг” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

2 .  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3-д заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126950 төгрөгөөс 187430 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.БОЛОРМАА

                                  ШҮҮГЧИД                                         Б.ДЭНСМАА

                                                                                                                         

                                                                                                       Я.АЛТАННАВЧ