Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2021/01485

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 06 сарын 07 өдөр Дугаар 102/ШШ2021/01485 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ...-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ...-т холбогдох,

 

Арилжааны гэрээний үүрэгт 90,000,000 төгрөг, хохирол 7,884,000 төгрөг, нийт 97,884,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ..., хариуцагчийн өмгөөлөгч ..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэнпунцаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...-ийн гүйцэтгэх захирал ... миний бие 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдөр өөрийн компанийн үйлдвэрлэдэг алт угаах төхөөрөмж болох Скруббер-80 төхөөрөмжийг иргэн ...-тай үнэ, төлбөр, нөхцөлийн талаар харилцан тохиролцож 90,000,000 төгрөгт тооцож түүнд шилжүүлэн өгсөн.

Худалдан авагч тал болох иргэн ... нь тухайн үед бэлэн мөнгөгүй, өөрийн эзэмшлийн газраа орон сууцаар солихоор ... ХХК-тай гэрээ байгуулсан байгаа, 2016 онд уг орон сууц ашиглалтад орохоор 54,38 м.кв талбай бүхий 97,884,000 төгрөгийн үнэлгээтэй 2 өрөө орон сууцыг компанид шилжүүлэн өгөхөөр тохиролцож зөрүү болох 7,884,000 төгрөгийг ... нь манай компаниас /2015.07.02-нд 3,000,000 төгрөг, 2015.07.22-нд 500.000 төгрөг, 2015.08.15-нд 500,000 төгрөг, 2015.08.26-нд 2,000.000 төгрөгийг тус тус баримтаар, 1,884,000 төгрөгийг бэлнээр/ гаргуулан авсан.

Иргэн ...-ын манай компанид шилжүүлэн өгөх ёстой байсан орон сууц нь 2016 оны 06 дугаар сард ашиглалтад орсон боловч өнөөдрийг хүртэл шилжүүлж өгөөгүй төдийгүй өөрөө ор сураггүй алга болсон тул манай компанийн зүгээс 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэст ...-т холбогдуулж түүнд залилуулж хохирсон талаарх гомдлоо гаргахад эрүүгийн 201726011109 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгасан.

Улмаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 37 дугаартай тогтоол, Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн ... дугаартай хариу мэдэгдэх хуудас болон Нийслэлийн прокурорын газрын 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн ... дугаартай хариу мэдэгдэх хуудсаар эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, өөрт учирсан хохирлоо буруутай этгээдээс иргэний журмаар шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй байна гэсэн хариуг манай компанид өгсөн болно.

Иймд иргэн ...-аас Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 219 дүгээр зүйлийн 219.1. 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсгийн заалтуудыг тус тус үндэслэн иргэн ...-аас 97,884,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч ... ХХК нь хариуцагч ...-аас 97,884,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:

Хариуцагч нь 2015 онд нэхэмжлэгч компанитай харилцан тохиролцсоны дагуу Скруббер-80 гэх алт угаах төхөөрөмжийг 90,000,000 сая төгрөгөөр худалдан авах, уг төхөөрөмжийн төлбөрт хариуцагч нь ... ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал ...-ээс газрын төлбөрт авах Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороонд байрлах, 2016 онд ашиглалтанд орох, 54.38 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг өгөхөөр тохиролцож, 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдөр ... ХХК болон нэхэмжлэгч нарын хооронд ... тоот Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ байгуулж байсан нөхцөл байдал нь энэ хэрэгт авагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлгүүд зэрэг бүх нотлох баримтаар тогтоогдож байна. Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т Хууль, гэрээ буюу үүргийн мөн чанарт харшлахгүй бол шаардах эрх эзэмшигч нь гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүйгээр шаардах эрхээ шилжүүлж болно гэж, 123.6-д Шаардах эрхийг шинэ үүрэг гүйцэтгүүлэгчид шилжүүлснээр түүнтэй холбоотой бусад эрх болон түүнийг хангах арга нэгэн зэрэг шилжинэ гэж, 124 дүгээр зүйлийн 124.1-д Эзэмшигчтэй нь тохиролцсоноор үүрэг гүйцэтгэгчийн өрийг гуравдагч этгээд шаардах эрхийг өөртөө шилжүүлэн авч үүрэг гүйцэтгэж болох бөгөөд энэ тохиолдолд энэ хуулийн 123.8-д заасан журам нэгэн адил үйлчилнэ гэж, 236 дугаар зүйлийн 236.1 дэх хэсгийн 236.1.3-т Талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон гэж, 236.2-т Энэ хуулийн 236.1.3-т заасан тохиолдолд өмнөх үүргийн харилцаа дуусгавар болно гэж тус тус заасан.

Хариуцагч ... нь уг төхөөрөмжийн төлбөрт ... ХХК-ийн гүйцэтгэх захирал ...-ээс авах 54.38 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцны шаардах эрхээ нэхэмжлэгч ... ХХК-д шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа бөгөөд нэг талаас хариуцагч нь шаардах эрхээ нэхэмжлэгчид шилжүүлсэнээр ... ХХК-ийн гүйцэтгэх захирал ...-ээс авах 54.38 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцны үүрэг гүйцэтгүүлэгч ... ХХК болсон, мөн нөгөө талаас ... ХХК нь ... ХХК-тай ... тоот Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ байгуулснаар өр шилжсэн байх бөгөөд хариуцагч ... нь үүрэг хүлээх бус харин түүнийг төлбөр төлөх үүргээс чөлөөлж, ... ХХК нь шинэ үүрэг гүйцэтгэгч болсон байна. Энэхүү үндэслэлээр Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1 дэх хэсгийн 236.1.3-т заасан нөхцөл байдал үүссэн буюу 90,000,000 төгрөг төлөх үүргийн оронд 2 өрөө орон сууц авах, өгөхөөр талууд харилцан тохирсон байх тул хариуцагч ...-тай хийсэн гэрээний үүрэг дуусгавар болж, шинэ үүргийн харилцаа үүссэн байгаа тул нэхэмжлэгчийн гаргасан 97,884,000 төгрөгийг хариуцагч ... нь хариуцахгүй буюу ... ХХК-иас нэхэмжлэх нь зүйтэй байна.

Мөн нэхэмжлэгч нь уг төхөөрөмж болон орон сууцны зөрүү төлбөр болох 7,884,000 төгрөгийг хариуцагч ... нь хүлээн авсан гэж хариуцагчаас нэхэмжилж байгаа боловч тухайн 7,884,000 төгрөгийг хариуцагчид хүлээлгэн өгсөн гэх нотлох баримт хэрэгт өнөөдрийн байдлаар байхгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй.

Иймд хэрэгт авагдсан нотлох баримтаар хариуцагч ... нь нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах этгээд бус болох нь тогтоогдож байгаа бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч ... ХХК нь хариуцагч ...-т холбогдуулан арилжааны гэрээний үүрэгт 90,000,000 төгрөг, хохирол 7,884,000 төгрөг, нийт 97,884,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагчаас өр шилжсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч ... ХХК, хариуцагч ... нар нь 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Арилжааны гэрээ байгуулж, уг гэрээгээр ... ХХК-аас Скруббер-80 загварын алт угаах төхөөрөмжийг ...-ын өмчлөлд, ...-аас Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ... ХХК-ийн барьж буй орон сууцнаас 54,38 м2 талбай бүхий 2 өрөө орон сууц шаардах эрхийг ... ХХК-нд харилцан шилжүүлэхээр амаар тохиролцсон байна.

 

Талуудын хооронд байгуулсан гэрээ нь тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх агуулгатай гэрээ байх тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасан арилжааны гэрээ байгуулагдсан гэж дүгнэлээ. Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.3 дахь хэсэгт заасан арилжааны гэрээнд худалдах, худалдан авах гэрээний талаарх мөн хуулийн холбогдох заалтууд нэгэн адил хамаарна.

 

Энэхүү гэрээний дагуу ... ХХК-аас...-т 90,000,000 төгрөгийн үнэ бүхий алт угаах төхөөрөмж болон орон сууцны зөрүү төлбөр 7,884,000 төгрөг тус тус шилжүүлсэн,

... нь ХХК-аас 97,880,000 төгрөгийн үнэ бүхий 54,38 м2 талбай бүхий 2 өрөө орон сууц шаардах эрхээ ... ХХК-нд шилжүүлж, улмаар ... ХХК болон ... ХХК-ийн хооронд 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байсан Эрхэс хотхоны 2 өрөө орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ /хэргийн 139 тал/ байгуулж, уг гэрээний 2.1д зааснаар төлбөрийг 100 хувь төлсөн болохыг баталгаажуулсан болох нь тэдгээрийн хооронд байгуулагдсан гэрээ, эрүүгийн хэрэгт өгсөн гэрч ...-ы мэдүүлэг /хэргийн 26 тал/, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ ... ХХК нь орон сууц шилжүүлэх гэрээний үүргээ биелүүлээгүй бөгөөд дээрх гэрээг ...-ын хүсэлтээр дүр үзүүлэн хийсэн байх тул хариуцагч ...-т шилжүүлсэн Скруббер-80 загварын алт угаах төхөөрөмжийн үнэ 90,000,000 төгрөг, орон сууцны зөрүү төлбөрт шилжүүлсэн 7,880,000 төгрөгийг тус тус гаргуулах шаардлага гаргасан гэж тайлбарлаж байна.

Тодруулбал, нэхэмжлэгч ... ХХК-аас хариуцагч ...-т холбогдуулан арилжааны гэрээний дагуу орон сууц шилжүүлэх үүргээ гүйцэтгээгүй тул өөрийн шилжүүлсэн хөрөнгийн үнийг гаргуулахаар шаардаж байна.

 

Хариуцагч талаас татгалзлын үндэслэлээ ... ХХК-аас Скруббер-80 алт угаах төхөөрөмжийг 90,000,000 сая төгрөгөөр худалдан авах, уг төхөөрөмжийн төлбөрт ... ХХК-аас газрын төлбөрт авах Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороонд байрлах, 2016 онд ашиглалтанд орох, 54.38 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг өгөхөөр тохиролцож, 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдөр ... ХХК болон ... ХХК-ийн хооронд 12/26 тоот Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ байгуулсан. ... ...-эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 800 м.кв газрын эзэмших эрхийг ... ХХК-нд шилжүүлж, ... ХХК-аас газрын хариу төлбөрт нь Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байсан ... хотхонд 3 өрөө орон сууц 1 ширхэг, 2 өрөө орон сууц 2 ширхэг, 2 автозогсоол болон 250,000,000 төгрөг тус тус шилжүүлэхээр тохиролцсон, уг гэрээний дагуу 2 ширхэг орон сууцыг шилжүүлж авсан бөгөөд үлдэгдэл 250,000,000 төгрөгийг ... ХХК-аас хожим шаардахад уг мөнгөн хөрөнгийн оронд дахин 3 ширхэг орон сууц шилжүүлэхээр тохиролцож, тухайн орон сууцыг ... ХХК, ... нарт тус бүр шилжүүлэхээр орон сууц захиалах гэрээ байгуулж, ...-ын зүгээс газар эзэмших эрхээ шилжүүлсэн гэж тайлбарлаж байна.

Гэрч ... ХХК-ийн төлөөлөгч ...-ийн өгсөн ... бид хоёр 2009 онд худалдах-худалан авах гэрээ хийсэн. Энэ гэрээнд газрын үнийн төлбөр 250,000,000 төгрөгөөр тохирч, 250,000,000 төгрөгтөө 3 өрөө орон сууц 1 ширхэг, 2 өрөө орон сууц 1 ширхэг буюу 2 орон сууц газрын төлбөрт бодож олгохоор тохиролцсон. Байр ашиглалтад ороход 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 250,000,000 төгрөгийн төлбөрт бодож 2 ширхэг 3 өрөө байр түлхүүрийг нь өгсөн. ... ... нь ... гэж хүнийг дагуулж ирээд би энэ хүнд 2 өрөө байр өгөх ёстой. Нөгөө өгөх ёстой байрнаасаа 2 өрөө байр өгөх гэсэн юм, гэрээ хийгээд өг гэхээр нь гэрээг нь хийж өгөөд явуулсан. ... гэдэг хүнтэй уулзахаас өмнө ... гэдэг хүнтэй 2 өрөө байрны гэрээ хийсэн байсан. Дараа нь асуудал үүсвэл би Бямбадэлгэрт өрөнд орно гэхэд би өөрөө арыг нь даана гэж хэлээд гуйхаар нь би гэрээг нь хийж өгсөн гэж мэдүүлсэн боловч ... ХХК-аас ...-тай газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний үүргийн гүйцэтгэлд Д.Оюунбаатарын зөвшөөрлөөр ...-тэй 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ... дугаартай гэрээ байгуулж, гэрээний дагуу Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Эрхэс хотхоны 11 давхарт байрлах 66,21 м.кв, 63,73 м.кв талбай бүхий 2 ширхэг 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр шилжүүлэн өгсөн болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх ба энэхүү 2 ширхэг орон сууцнаас гадна ...-аас авлагатай гэх ...-тай 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдөр, ...-тай 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдөр /хэргийн 222 тал/, ...-тай 2016 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр /хэргийн 221 тал/ тус тус орон сууц захиалах гэрээ байгуулсан болох нь хэрэгт авагдсан тухайн гэрээнүүдээр тогтоогдож байна.

 

Хариуцагч ... болон ... ХХК-ийн хооронд газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний үнийг тогтоосон баримт бичгээр үйлдээгүй бөгөөд энэ гэрээний оролцогч болох ... болон ... ХХК-ийн төлөөлөгч ... нараас газрын төлбөрийн хэмжээний талаар харилцан адилгүй тайлбар, мэдүүлэг гаргаж байна.

 

Шүүхээс дээрх баримтуудыг харьцуулан үзэхэд ... болон ... ХХК-ийн хооронд байгуулагдсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний үнэд тус тус маргаагүй зүйл бус бөгөөд гэрч ...-ийн өгсөн ... өөрөө арыг нь даана гэж ... ХХК-тай орон сууц захиалах гэрээ байгуулахыг гуйсан гэх мэдүүлэг нь давхар баримтаар нотлогдоогүй, тэрээр өөрөө ... ХХК-ийн төлөөлөгчийн хувиар талуудын маргаан бүхий харилцаанд оролцсон нөхцөл байдал зэргийг харгалзан гэрчийн мэдүүлгийг үнэлж, хариуцагч ... нь ... ХХК-аас газрын төлбөрт орон сууц шаардах эрхээ ... ХХК-нд шилжүүлэх үүргээ ... ХХК болон ... ХХК-ийн хооронд орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ байгуулснаар зохих ёсоор гүйцэтгэсэн гэж үзэхээр байна.

 

Өөрөөр хэлбэл, ... нь өөрийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 800 м.кв газрын эзэмших эрхийг... ХХК-нд шилжүүлсэн байх ба уг газрын төлбөрт орон сууц шаардах эрхээ ...  ХХК-нд шилжүүлж, ... ХХК болон ... ХХК-ийн хооронд орон сууц захиалах гэрээ байгуулагдсан болох нь тогтоогдож байна.

Иргэний хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-т аливаа этгээд нь хуулиар хориглоогүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлахгүйгээр эдийн баялаг болох эд юмс болон эдийн бус баялаг болох оюуны үнэт зүйлс, эрхийг олж авч болох бөгөөд энэ тохиолдолд дээрх баялаг нь хөрөнгө болно гэж заасан.

Хариуцагч ... нь нэхэмжлэгч ... ХХК-нд орон сууц шилжүүлэх бус бусдаас орон сууц шаардах эрхээ шилжүүлэхээр харилцан тохиролцсон болох нь гэрээ болон зохигчийн тайлбараар тогтоогдож байх тул хариуцагч ... нь ... ХХК-тай байгуулсан арилжааны гэрээнд заасан эрх шилжүүлэх үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн гэж үзэхээр байна.

 

Иймд Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 236 дугаар зүйлийн 236.1-т зааснаар үүрэг гүйцэтгэгч ... хүлээсэн үүргээ зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, үүрэг дуусгавар болсон байх тул ...-аас арилжааны гэрээний үүрэгт 90,000,000 төгрөг, хохирол 7,884,000 төгрөг тус тус гаргуулах ... ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 236 дугаар зүйлийн 236.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ...-аас арилжааны гэрээний үүрэгт 90,000,000 төгрөг, хохирол 7,884,000 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэгч ... ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 647,370 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, түүнчлэн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ