Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2021/01252

 

 

2021 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2021/01252

 

Т ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Байгалмаа даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2021/01485 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Т ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.О-т холбогдох арилжааны гэрээний үүрэгт 90 000 000 төгрөг, хохирол 7 884 000 төгрөг, нийт 97 884 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.И, хариуцагчийн өмгөөлөгч Х.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Б миний бие 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөр өөрийн компанийн үйлдвэрлэдэг алт угаах төхөөрөмж болох Скруббер-80 төхөөрөмжийг иргэн Д.О-тай үнэ, төлбөр, нөхцөлийн талаар харилцан тохиролцож 90 000 000 төгрөгт тооцож түүнд шилжүүлэн өгсөн. Худалдан авагч тал болох иргэн Д.О нь тухайн үед бэлэн мөнгөгүй, өөрийн эзэмшлийн газраа орон сууцаар солихоор Хатан-Ус ХХК-тай гэрээ байгуулсан. 2016 онд уг орон сууц ашиглалтад орохоор 54,38 м.кв талбай бүхий 97 884 000 төгрөгийн үнэлгээтэй 2 өрөө орон сууцыг компанид шилжүүлэн өгөхөөр тохиролцож зөрүү болох 7 884 000 төгрөгийг Д.О манай компаниас /2015 оны 7 дугаар сарын 02-нд 3 000 000 төгрөг, 2015 оны 7 дугаар сарын 22-нд 500 000 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 15-нд 500 000 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 26-нд 2 000 000 төгрөгийг тус тус баримтаар, 1 884 000 төгрөгийг бэлнээр/ гаргуулан авсан. Иргэн Д.О ын манай компанид шилжүүлэн өгөх ёстой байсан орон сууц нь 2016 оны 6 дугаар сард ашиглалтад орсон боловч өнөөдрийг хүртэл шилжүүлж өгөөгүй төдийгүй өөрөө ор сураггүй алга болсон тул манай компанийн зүгээс 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэст Д.О-т холбогдуулж түүнд залилуулж хохирсон талаарх гомдлоо гаргахад эрүүгийн 201726011109 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгасан. Улмаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 37 дугаартай тогтоол, Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 523 дугаартай хариу мэдэгдэх хуудас болон Нийслэлийн Прокурорын газрын 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 1/2485 дугаартай хариу мэдэгдэх хуудсаар эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, өөрт учирсан хохирлоо буруутай этгээдээс иргэний журмаар шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй байна гэсэн хариуг манай компанид өгсөн болно. Иймд иргэн Д.О аас Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсгийн заалтуудыг тус тус үндэслэн иргэн Д.О аас 97 884 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь 2015 онд нэхэмжлэгч компанитай харилцан тохиролцсоны дагуу Скруббер-80 гэх алт угаах төхөөрөмжийг 90 000 000 төгрөгөөр худалдан авах, уг төхөөрөмжийн төлбөрт хариуцагч нь Х ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Ц.Э-с газрын төлбөрт авах Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороонд байрлах, 2016 онд ашиглалтанд орох, 54,38 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг өгөхөөр тохиролцож, 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Х ХХК болон нэхэмжлэгч нарын хооронд 12/26 тоот орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ байгуулж байсан нөхцөл байдал нь энэ хэрэгт авагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлгүүд зэрэг бүх нотлох баримтаар тогтоогдож байна. Хариуцагч Д.О нь уг төхөөрөмжийн төлбөрт Х ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Э-с авах 54,38 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны шаардах эрхээ нэхэмжлэгч Т ХХК-д шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа бөгөөд нэг талаас хариуцагч нь шаардах эрхээ нэхэмжлэгчид шилжүүлсэнээр Х ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Э-с авах 54,38 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны үүрэг гүйцэтгүүлэгч Т ХХК болсон, мөн нөгөө талаас Т ХХК нь Х ХХК-тай 12/26 тоот орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ байгуулснаар өр шилжсэн байх бөгөөд хариуцагч Д.О нь үүрэг хүлээх бус харин түүнийг төлбөр төлөх үүргээс чөлөөлж, Х ХХК нь шинэ үүрэг гүйцэтгэгч болсон байна. Энэхүү үндэслэлээр Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т заасан нөхцөл байдал үүссэн буюу 90 000 000 төгрөг төлөх үүргийн оронд 2 өрөө орон сууц авах, өгөхөөр талууд харилцан тохирсон байх тул хариуцагч Д.О-тай хийсэн гэрээний үүрэг дуусгавар болж, шинэ үүргийн харилцаа үүссэн байгаа тул нэхэмжлэгчийн гаргасан 97 884 000 төгрөгийг хариуцагч Д.О нь хариуцахгүй буюу Х ХХК-иас нэхэмжлэх нь зүйтэй байна. Мөн нэхэмжлэгч нь уг төхөөрөмж болон орон сууцны зөрүү төлбөр болох 7 884 000 төгрөгийг хариуцагч Д.О нь хүлээн авсан гэж хариуцагчаас нэхэмжилж байгаа боловч тухайн 7 884 000 төгрөгийг хариуцагчид хүлээлгэн өгсөн гэх нотлох баримт хэрэгт өнөөдрийн байдлаар байхгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй. Иймд хэрэгт авагдсан нотлох баримтаар хариуцагч Д.О нь нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах этгээд бус болох нь тогтоогдож байгаа бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 236 дугаар зүйлийн 236.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.О аас арилжааны гэрээний үүрэгт 90 000 000 төгрөг, хохирол 7 884 000 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэгч Т ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 647 370 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Т ХХК нь иргэн Д.О-тай арилжааны гэрээ байгуулж үнэ, төлбөр, нөхцлийн талаар харилцан тохиролцож өөрсдийн үйлдвэрлэдэг Скруббер-80 маркийн төхөөрөмжийг түүнд шилжүүлэн өгсөн. Ингэхдээ Т ХХК нь Скруббер-80 маркийн төхөөрөмжийг 90 000 000 төгрөгт тооцож түүнд шилжүүлэн өгөхөөр, иргэн Д.О нь 97 884 000 төгрөгийн үнэлгээ бүхий 2 өрөө орон сууцыг Т ХХК-ийн өмчлөлд шилжүүлэн өгөхөөр буюу харилцан өмчлөлдөө шилжүүлэхээр тохиролцож зөрүү болох 7 884 000 төгрөгийг иргэн Д.О нь хүлээн авч, Т ХХК нь үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлсэн. Харин иргэн Д.О нь манай компанид шилжүүлэн өгөх ёстой 97 884 000 төгрөгийн үнэтэй 2 өрөө орон сууцаа өнөөдрийг хүртэл шилжүүлэн өгөөгүй бөгөөд Х ХХК-иас 97 884 000 төгрөгийн үнэлгээ бүхий 2 өрөө орон сууцны шаардах эрхийг бодитоор Т ХХК-д шилжүүлэн өгөөгүй болно. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад бодитой үнэлэлт дүгнэлт өгөөгүй, хэрэгт авагдсан хэрэгт хамааралтай нотлох баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй болон талуудын шүүхэд гаргасан тайлбар, хүсэл зоригийг илэрхийллийг анхаарч үзээгүй. Иргэн Д.О нь Х ХХК-наас авах 97 884 000 төгрөгийн үнэлгээ бүхий 2 өрөө орон сууц шаардах эрхийг Т ХХК-д шилжүүлж өгөөгүй энэ тухай бичгийн ямар ч нотлох баримт хэрэгт авагдаагүй. Хэрэгт авагдсан 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн орон сууц захиалгын гэрээ нь нэг талаас Х ХХК, нөгөө талаас иргэн Д.Б нарын хооронд байгуулагдсан байгааг шүүх анхаарч үзээгүй. Мөн нэхэмжлэгч Т ХХК-ийн зүгээс гэрээнд заагдсан 2 орон сууцны төлбөрийг 100 хувь төлж барагдуулсан ямар ч бичгийн нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд агуулгын хувьд ч Т ХХК нь Х ХХК-тай гэрээ байгуулж орон сууцны төлбөрийг шилжүүлж байгаагүй болно. Мөн иргэн Д.О нь Х ХХК-наас 97 884 000 төгрөгийн үнэлгээ бүхий 2 өрөө орон сууцыг шаардах эрх эргэлзээтэй, талуудын хооронд өглөг, авлага байхгүй талаарх гэрч Х ХХК-ийн захирал Ц.Э-ийн мэдүүлгийг шүүх нотлох баримтын хэмжээнд огт үнэлсэнгүй. Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн үндэслэлээ Х ХХК нь орон сууц шилжүүлэх гэрээний үүргээ биелүүлээгүй гэж тайлбарлаагүй бөгөөд харин арилжааны гэрээний дагуу үүрэг хүлээсэн иргэн Д.О нь гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн тул түүнтэй байгуулсан гэрээнээс татгалзаж, гэрээний хохирлоо хуульд заасны дагуу нэхэмжилсэн болно. Х ХХК-ийн захирал Ц.Э нь эрүүгийн хэрэгт шалгагдаж байхдаа буюу мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр болон яллагдагчаар татагдан хэд хэдэн удаа тайлбар, мэдүүлэг гаргахдаа 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн орон сууц захиалан бариулах гэрээг иргэн Д.О ын хүсэлт, гуйлтаар дүр үзүүлж иргэн Д.Б тай байгуулсан, түүнтэй байрны өглөг, авлага байхгүй гэсэн агуулга бүхий мэдүүлгийг цагдаад өгсөн байхад хэрэгт авагдсан нотлох баримтыг анхан шатны шүүх огт үнэлээгүйд гомдолтой байна. Х ХХК болон иргэн Д.Б нарын хооронд орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ байгуулагдснаар иргэн Д.О нь Т ХХК-ийн өмнө хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн гэж үзэх боломжгүй юм. Д.Б нь хуулиар иргэний хүнийхээ хувиар эрх, үүрэг хүлээж хариуцлага хүлээх ёстой болохоос биш Т ХХК-ийг төлөөлөх, хуулийн этгээдийн нэрийн өмнөөс ямарваа нэгэн эрх эдэлж, үүрэг хүлээхгүй болно. /Компанийн өмнөөс гэрээ, хэлцэл хийх эрх олгогдоогүй./

Х ХХК, Д.Б нарын хооронд байгуулагдсан орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ нь иргэн Д.О нь Т ХХК-ийн өмнө хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэх Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д заасан үндэслэлд хамаарахгүй юм. Гэрч Ц.Э-ийн шүүхэд болон цагдаад өгсөн мэдүүлгүүд нь иргэн Д.О ын хүсэл зориг, хэрэгцээ шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл байдал нь өөр, үнэн санаанаасаа бус, хуурч мэхлэх санаа зорилготой байсныг шүүх анхаарч үзээгүй, өөрөөр хэлбэл агуулга талаас нь бус хэлбэр талаас нь өнгөцхөн дүгнэлт хийж байгаад гомдолтой байна. Иргэн Д.О нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар үүргээ зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх нь хууль болон шудрага ёсонд нийцнэ. Иймд дээрх шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

 

Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч Д.О-т холбогдуулан гэрээний үүрэгт 90 000 000 төгрөг, гэрээнээс үүссэн хохиролд 7 884 000 төгрөг, нийт 97 884 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Т ХХК хариуцагч Д.О-тай 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөр гэрээ байгуулж, уг гэрээгээр Т ХХК Скруббер-80 загварын алт угаах төхөөрөмжийг Д.О ын өмчлөлд шилжүүлэх, Д.О нь дээрх төхөөрөмжийн төлбөрт Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Х ХХК-ийн барьж буй орон сууцнаас 54.38 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг шилжүүлэн өгөхөөр амаар тохиролцсон байна.

 

Гэрээгээр тохиролцсоны дагуу Т ХХК нь Д.О-т Скруббер-80 загварын алт угаах төхөөрөмжийг 90 000 000 төгрөгт тооцож шилжүүлэн өгсөн талаар зохигчдын хэн аль нь маргаагүй.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасан арилжааны гэрээ байгуулагдсан, уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар шүүх зөв дүгнэжээ.

 

Хариуцагч Д.О нь өөрийн эзэмшлийн 800 м.кв газрыг Х ХХК-д худалдаж 54.38 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг дээрх гэрээний дагуу төлөх төлбөрт шаардан авах эрхийг 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөр орон сууц худалдах-худалдан авах гэрээгээр нэхэмжлэгч Т ХХК-д шилжүүлэн өгсөн гэх тайлбар үндэслэлгүй болно.

 

Учир нь дээрх арилжааны гэрээг байгуулсантай холбоотойгоор Х ХХК-тай Т ХХК-ийн ажилтан Д.Б 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөр орон сууц захиалгаар гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Драгон төвийн хойно байрлах Эрхэс 126 айлын орон сууцанд 7 давхрын 54.38 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 97 884 000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон байна.

/1хх-118-122/

 

Гэвч гэрч Х ХХК-ийн захирал Ц.Э шүүхэд Д.О бид хоёр 2009 онд газар худалдах-худалдан авах гэрээ хийж, төлбөрийг 250 000 000 төгрөгөөр тохирч 3 өрөө 1 ширхэг орон сууц, 2 өрөө 1 ширхэг орон сууц өгөхөөр тохирч... 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 2 ширхэг 3 өрөө орон сууцыг өгсөн... би өөрөө арын нь даана гэж Д.О гуйгаад байхаар нь Д.Б тай гэрээг хийсэн гэх агуулга бүхий мэдүүлэг өгчээ.

 

Иймд Х ХХК нь бодит байдалд Д.О-т Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Драгон төвийн хойно байрлах Эрхэс 126 айлын орон сууцанд 7 давхарын 54.38 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг шилжүүлэн өгөх үүргийг хүлээсэн болох нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

Хариуцагч Д.О нь Х ХХК-иас 2 өрөө орон сууц шаардах эрхтэй болох нь нотлогдоогүй тул Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.8 дах хэсэгт заасны дагуу шаардах эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэн өгөх боломжгүй. Иймд хариуцагч Д.О ыг нэхэмжлэгч Т ХХК-д Скруббер-80 загварын алт угаах төхөөрөмжийн үнийг төлсөн гэж үзэхгүй учраас энэхүү алт угаах төхөөрөмжийн үнийг төлөх үүрэгтэй, энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй тул Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Д.О аас 90 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т ХХК-д олгож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид 7 884 000 төгрөг бэлнээр болон дансаар шилжүүлэн өгсөн гэж нэхэмжилсэн боловч дээрх нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлогдоогүй тул нэхэмжлэлийн шаардлагаас 7 884 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв. Харин шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 236 дугаар зүйлийн 236.1 дэх хэсэгт заасныг баримталсан нь алдаатай байгааг залруулж өөрчлөх боломжтой.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2021/01485 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.О аас 90 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7 884 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

тогтоох хэсгийн 2 дах заалтын үлдээсүгэй гэснийг үлдээж, хариуцагч Д.О аас 607 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т ХХК-д олгосугай. гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 647 370 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА

 

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ