Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 156/ШШ2021/00129

 

156/ШШ2021/00129

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

       156/2020/00754/и  

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Х. б. Х. салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: .......... оршин суух, Олохнууд овогт Ц.С.д холбогдох 13,140,240.06 төгрөг гаргуулах, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд зээлийг барьцааны хөрөнгөөр хангуулж, шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангуулах үүднээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар барьцааны гэрээгээр барьцаалуулсан үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө зээлдэгчийн банк дахь мөнгөн хөрөнгө, бусад эд зүйлийг битүүмжлэх арга хэмжээ авахуулах, зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга М.У., нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н. /онлайн/, хариуцагчийн өмгөөлөгч Б.Ж., гэрч М.Д. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.б.Х салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ж.Ц., Ц.С. нар нь 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 14,500,000 төгрөгийг Х.б.Х. салбарын төв тооцооны төвөөс 60 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй, хэрэглээний зээлийн зориулалттай авсан бөгөөд зээлийн барьцаанд Хэнтий аймаг, ................. баг, Сариг ... дүгээр байр, .. тоот хаягт байрлах зөөврийн зурагт, хөргөгч болон ирээдүйд орж ирэх цалингийн орлогыг барьцаалсан. Ж.Ц., Ц.С. нар нь 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар үндсэн зээлд 2,345,765.91 төгрөг, зээлийн хүүд 2,780,631.06 төгрөг төлснөөс өөр төлбөр төлөөгүй байна. Зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийн төлбөрийг төлж барагдуулахгүй байна. Иймд үндсэн зээлдэгч Ж.Ц. нь нас барсан тул хамтран үүрэг гүйцэтгэгч Ц.С.аас 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар дараах хэмжээний төлбөрийг гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд үндсэн төлбөр 12,154,234.09 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 986,005.97 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 0.00 төгрөг, нийт 13,140,240.06 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцааны хөрөнгөөр нэхэмжлэлийг хангуулж, шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангуулах үүднээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар барьцааны гэрээгээр барьцаалуулсан үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө зээлдэгчийн банк дахь мөнгөн хөрөнгө, бусад эд зүйлийг битүүмжлэх арга хэмжээ авч өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н. нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Ж.Ц., Ц.С.а нар нь 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 14,500,000 төгрөгийг Х. салбарын төв тооцооны төвөөс 60 сарын хугацаатай жилийн 18 хувийн хүүтэй, хэрэглээний зээлийн зориулалттай авсан бөгөөд зээлийн барьцаанд ...........байр, ... тоот хаягт байрлах зөөврийн зурагт, хөргөгч болон ирээдүйд орж ирэх цалингийн орлогыг барьцаалан авсан.

Ж.Ц., Ц.С. нар нь 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар үндсэн зээлд 2,345,765,91 төгрөг зээлийн хүүд 2,780,631,06 төгрөгөөс өөр төлбөр төлөөгүй. Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй юм. Иймд үндсэн зээлдэгч Ж.Ц. нас барсан тул хамтран үүрэг гүйцэтгэгч Ц.С.аас 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар дараах төлбөрийг гаргуулахаар нэхэмжилж байна. Үүнд үндсэн зээлийн төлбөр 12,154,234,09 төгрөг зээлийн хүүгийн төлбөр 986,005,97 төгрөг, нийт 13,140,240.06 төгрөгийг гаргуулан, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд зээлийг барьцааны хөрөнгөөр хангуулж өгнө үү.

Мөн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн 3 дахь шаардлага болох шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангуулах үүднээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар барьцааны гэрээгээр барьцаалуулсан үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө зээлдэгчийн банк дахь мөнгөн хөрөнгө, бусад эд зүйлийг битүүмжлэх арга хэмжээ авахуулах тухай шаардлагаасаа татгалзаж байна гэв.

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х. салбар нь хариуцагч Ц.С.д холбогдуулан зээл, зээлийн хүү, нийт 13,140,240.06 төгрөгийг гаргуулан, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд зээлийг барьцааны хөрөнгөөр хангуулж, шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангуулах үүднээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар барьцааны гэрээгээр барьцаалуулсан үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө зээлдэгчийн банк дахь мөнгөн хөрөнгө, бусад эд зүйлийг битүүмжлэх арга хэмжээ авахуулах, зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулах тухай шаардлагыг тус тус гаргасан бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н. нь нэхэмжлэлийн шаардлагаас шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангуулах үүднээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар барьцааны гэрээгээр барьцаалуулсан үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө зээлдэгчийн банк дахь мөнгөн хөрөнгө, бусад эд зүйлийг битүүмжлэх арга хэмжээ авахуулах тухай шаардлагаасаа татгалзлаа.

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд зохигчдын шүүхэд гаргасан тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч Х. салбар нь 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр зээлдэгч Ж.Ц.тай ЗГ201844070132 дугаартай зээлийн гэрээ байгуулан 14,500,000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй, хэрэглээний зээлийн зориулалттайгаар зээлж, зээлийн барьцаанд зурагт, хөргөгч, ирээдүйд орж ирэх цалингийн орлогыг барьцаалж, хамтран үүрэг гүйцэтгэгчээр Ц.С. гарын үсэг зурсан болох нь хэрэгт авагдсан 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн ЗГ201844070132 дугаартай зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудаар нотлогдож байна.

Хариуцагч Ц.С.а нь шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанд тайлбарлахдаа ...тухайн үед би жирэмсэн байсан, аавыгаа хамтран зээлдэгчээр гарын үсэг зураад өг гэж хэлэхээр нь гарын үсэг зурсан. Одоо би хүүхдээ хараад гэртээ байдаг тул энэ зээлийг төлөх ямар ч боломжгүй /хх-ийн 31/ гэжээ.

Тус зээлийн гэрээний зээлдэгч Ж.Ц. 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр нас барсан болох нь хэрэгт авагдсан нас барсны гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар нотлогдож байна.

Нэхэмжлэгч Х.й салбар, зээлдэгч Ж.Ц. нарын хооронд байгуулагдсан 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн ЗГ201844070132 дугаартай зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт заасан төлбөр төлөх үүрэг нь гэрээний хэсэгчилсэн үүрэг гэж, уг үүргийг гүйцэтгэхээр заасан хугацаа нь хэсэгчилсэн үүргийг гүйцэтгэвэл зохих гэрээний хэсэгчилсэн хугацаа гэж тус тус тооцогдох бөгөөд заасан хугацаанд хэсэгчилсэн үүргийг зохих ёсоор гүйцэтгээгүй нь зээлийн гэрээний үүргийн зөрчил гэж тооцогдохоор гэрээнд заасан байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байдаг.

Харин уг зээлийн гэрээнд зээлдэгч Ж.Ц.ын хамтран үүрэг гүйцэтгэгчээр Ц.С. тусгагдсан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасантай бүрэн нийцсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Зээлийн гэрээнд Ц.С. хамтран үүрэг гүйцэтгэгч гэж зааж, зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлийн төлбөрийг өөрийн цалин, түүнтэй адилтгах орлогоос төлөх ба энэ зорилгоор цалин хөлс тэтгэмж, түүнтэй адилтгах бусад орлогоос банк дахь данснаас зээлийн төлбөр болон бусад төлбөрийг үл маргах журмаар суутган авахаар тусгасан атлаа зөвхөн зээлдэгч Ж.Ц.ын цалинг үүргийн гүйцэтгэлийг хангах арга хэрэгслээр заажээ. Өөрөөр хэлбэл үүргийн гүйцэтгэлийг хангах аргаар зээлдэгчийн цалинг барьцаалсан атлаа зээлийн гэрээнд зээлдэгчийн амралт, чөлөө авах, өөр албан тушаалд шилжих, хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох, ажлаас халагдах нөхцөлд зээлдүүлэгчид хэрхэн мэдэгдэх, зээлийн үлдэгдлийг хэрхэн төлөх талаар заагаагүй байна. Мөн хамтран үүрэг гүйцэтгэгч Ц.С.ийн хаана ямар ажил эрхэлдэг, хэдий хэмжээний цалин хөлс авдаг болох нь зээлийн гэрээ болон хавсралтад дурдагдаагүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 49 дүгээр зүйлийн 49.1-д зааснаар цалин гэдэг нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрддэг. Энэ нь ажилтаны цалин хийснээр, цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгогддог хөдөлмөрлөсний хөлс байдаг. Хөдөлмөрлөх, түүндээ хөлс авах нь зөвхөн тухайн хүний хувийн байдалтай салшгүй холбоотой эрх юм. Тийм учраас энэхүү эрхийн дагуу олох хөрөнгөө барьцаалж зээл авах тохиолдолд цалингийн зээл нь хувийн байдалтай салшгүй холбоотой үүргийг үүсгэнэ.

Дээрх зээлийн гэрээ ч мөн цалингийн зээлийн үүргийг хувийн байдалтай салшгүй холбоотой болохыг заасан байх ба гэрээний энэхүү тохиролцоо нь ирээдүйд авах цалингаа барьцаалж, зээл авсан Ж.Ц.т холбоотой болохоос бус гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгч гэж заагдсан, өөрийн цалинг барьцаалаагүй, хөдөлмөрлөх эрхийн талаар ямар нэг үүрэг хүлээгээгүй Ц.С.д хамааруулж болохгүй юм.

Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т зааснаар үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч иргэний эрх зүйн чадамжгүй, эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон, түүнчлэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан тохиолдолд түүний үүрэг дуусгавар болдог. Иймд талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний заалт агуулгын хувьд Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т заасан зохицуулалтад харшлаагүй гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл зээлдэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой цалингийн зээлийн үүрэг зээлдэгч нас барснаар дуусгавар болох нь нэхэмжлэлийн үндэслэл болж буй зээлийн гэрээ болон Иргэний хуулийн холбогдох зохицуулалтад тодорхой тусгагдсан байх тул хамтран үүрэг гүйцэтгэгч гэж гэрээнд заагдсан боловч тэрээр зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэгч байх боломжгүй хариуцагч Ц.Са.д холбогдуулан гаргасан нэхэмжлэгч Х.салбарын зээлийн үүргийн гүйцэтгэлийг шаардсан нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэгч Х. салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.С.д холбогдох 13,140,240.06 төгрөг гаргуулах, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд зээлийг барьцааны хөрөнгөөр хангуулж, зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наран нь нэхэмжлэлийн шаардлагаас шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангуулах үүднээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар барьцааны гэрээгээр барьцаалуулсан үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө зээлдэгчийн банк дахь мөнгөн хөрөнгө, бусад эд зүйлийг битүүмжлэх арга хэмжээ авахуулах тухай шаардлагаас татгалзсан болохыг дурдав.

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н. нь итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г. шүүхэд төлөөлөх итгэмжлэл хүчингүй болсон тул итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н. өөрөө төлөөлж шүүх хуралдаанд дангаар оролцох хүсэлт гаргасан тул шүүх хуралдаанд өмнө итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байсан Т.Г.ыг оролцуулаагүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 240 дүгээр зүйлийн 240.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х. салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.С.д холбогдох 13,140,240.06 төгрөг гаргуулах, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд зээлийг барьцааны хөрөнгөөр хангуулж, зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 294,051 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

  

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Б.МАРИНА

 

..