Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 226/МА2022/00019

 

 

 

 

 

2022оны 05 сарын 23-ны өдөр            226/МА2022/00019                                      Хэрлэн сум

 

 

 

 

Х банкны Хэнтий салбарын

нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.С-д

холбогдох иргэний хэргийн талаар

 

 

226/2022/00019/И

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Я.Алтаннавч даргалж, шүүгч З.Энхэцэцэг, Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н-,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Довчинсүрэннарыг оролцуулан

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргалын даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 156/ШШ2022/00166 дугаар шийдвэртэй Х банкны Хэнтий салбарын  нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.С-д холбогдох “13.140.24006 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр гаргуулах тухай” иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д.Н-гийн гаргасан давж заалдах гомдлоор 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Дэнсмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч Х банкны Хэнтий салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Ц-, Ц.С-- нар нь 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 14.500.000 төгрөгийг Х банкны Хэнтий салбарын төв тооцооны төвөөс 60 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй, хэрэглээний зээлийн зориулалттай авсан бөгөөд зээлийн барьцаанд Хэнтий аймаг, Хэрлэн сум, 4 дүгээр баг, Сариг А9 дүгээр байр 08 тоот хаягт байрлах зөөврийн зурагт, хөргөгч болон ирээдүйд орж ирэх цалингийн орлогыг барьцаалсан. Ц-, Ц.С-- нар нь 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар үндсэн зээлд 2.345.76591 төгрөг, зээлийн хүүд 2.780.63106 төгрөг төлснөөс өөр төлбөрийг төлж барагдуулахгүй байна. Иймд үндсэн зээлдэгч Ц- нь нас барсан тул хамтран үүрэг гүйцэтгэгч Ц.С--гаас 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар дараах хэмжээний төлбөрийг гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. үндсэн төлбөр 12.154.23409 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 986.00597 төгрөг нийт 13.140.24006төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцааны хөрөнгөөр нэхэмжлэлийг хангуулж, шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангуулах үүднээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар барьцааны гэрээгээр барьцаалуулсан үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө зээлдэгчийн банк дахь мөнгөн хөрөнгө, бусад эд зүйлийг битүүмжлэх арга хэмжээ авч өгнө үү. Мөн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн №ЗГ/201844070132 тоот хэрэглээний зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж өгнө үү” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н- нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:“Зээлдэгч Ц-, Ц.С-- нар нь 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 14.500.000 төгрөгийг Х банкны Хэнтий салбарын төв тооцооны төвөөс 60 сарын хугацаатай жилийн 18 хувийн хүүтэй, хэрэглээний зээлийн зориулалттай авсан бөгөөд зээлийн барьцаанд Хэнтий аймаг, Хэрлэн сум, 4 дүгээр баг, Сариг А9 дүгээр байр 08 тоот хаягт байрлах зөөврийн зурагт, хөргөгч болон ирээдүйд орж ирэх цалингийн орлогыг барьцаалан авсан. Ц-, Ц.С-- нар нь 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар үндсэн зээлд 2.345.76791 төгрөг зээлийн хүүд 2.780.63106 төгрөгөөс өөр төлбөр төлөөгүй. Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Иймд үндсэн зээлдэгч Ц- нас барсан тул хамтран үүрэг гүйцэтгэгч Ц.С--гаас 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар дараах төлбөрийг гаргуулахаар нэхэмжилж байна. Үүнд: Үндсэн зээлийн төлбөр 12.154.23409 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 986.00597 төгрөг, нийт 13.140.24006 төгрөгийг гаргуулан, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд зээлийг барьцааны хөрөнгөөр хангуулж өгнө үү. Мөн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн 3 дахь шаардлага болох шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангуулах үүднээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар барьцааны гэрээгээр барьцаалуулсан үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө зээлдэгчийн банк дахь мөнгөн хөрөнгө, бусад эд зүйлийг битүүмжлэх арга хэмжээ авахуулах тухай шаардлагаасаа татгалзаж байна. Харин 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн №ЗГ/201844070132 тоот хэрэглээний зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Ц.С-- нь энэ зээлийг сард 100.000-150.000 төгрөгөөр төлж барагдуулах санал гаргасан боловч энэ графикаар төлүүлэхэд 8 жилийн хугацаа шаардаж байх тул банк хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

Хариуцагч Ц.С- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тухайн үед би жирэмсэн байсан, аавыгаа хамтран зээлдэгчээр гарын үсэг зураад өгчих гэсэн учраас гарын үсэг зурж өгсөн. Ийм асуудал үүснэ гэж мэдээгүй. Одоо миний хувьд гэртээ хүүхдээ хардаг учир энэ зээлийг төлөх ямар ч боломжгүй. Би банкин дээр очоод энэ зээлийг сард 100.000 төгрөг эсвэл 150.000 төгрөгөөр төлж байхыг санал гаргахад хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв. 

 

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 156/ШШ2022/00166 дугаар шийдвэрээр: “Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 242 дугаар зүйлийн 242.1, 242.2, 242.11, 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хариуцагч Ц.С-гаас 6.570.120 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х банкинд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6.570.120 төгрөгийг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 462.750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 120.072 төгрөг, улсын орлогоос 98.699 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор тус тус заан шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэнтөлөөлөгч Д.Н- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.2-т “Хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар, эсхүл үүргийн зүйлийн үл хуваагдах шинж чанартай холбоотой үүснэ” гэж, мөн хуулийн 242.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна” гэж, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн20 дугаар зүйлийн 20.8 “зээлийн гэрээнд зааснаар гэрээний үүргийг бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээх үүрэг бүхий этгээдийг хамтран үүрэг гүйцэтгэгч гэнэ” гэж тус тус зааснаар Ц.С-- нь хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцохыг хүлээн зөвшөөрч цаашид уг зээлийг төлөгдөж дуусах хүртэл хугацаанд гарсан аливаа эрсдэлийг бүрэн хариуцна гэдгээ илэрхийлж, гэрээний үүрэг хүлээж, зээлийн гэрээнд гарын үсэг зурснаар хамтран үүрэг гүйцэтгэгч болсон тул гэрээний үүргийг зөрчсөнөөс үүсэх хариуцлагаас тэрээр хэсэгчлэн чөлөөлөгдөхгүй юм.

2. Шүүхийн шийдвэрт “...Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.9-д “Хамтран үүрэг гүйцэтгэгч нэг этгээд хэд хэдэн өвлөгчтэй бол тэдгээр нь тус бүрдээ өв залгамжлалаар өөрт ногдох өвтэй хувь тэнцүү хэмжээгээр үүрэг хүлээнэ” гэж хуульчилсан ба үүрэг гүйцэтгэгч Ц- нь 2019 онд нас барснаар үндсэн зээлдэгчийн бүх үүргийг хамтран зээлдэгч дангаараа хүлээх нь учир дутагдалтай байна” гэж дүнгэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь Зээлийн гэрээний үүрэг нь үндсэн зээлдэгч нас барснаар түүний үүрэг дуусгавар болж, түүний үүрэг нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.3, 242.11 дэх хэсэгт зааснаар үүрүэг шилжих бөгөөд үндсэн үүрэг гүйцэтгэгчийн хүлээх үүргийг хамтран үүрэг гүйцэтгэгч дангаар хариуцна. Өөрөөр хэлбэл Зээлийн гэрээний үүрэг нь өөрөө үл хуваагдах шинжтэй үүрэг бөгөөд Иргэний хуулийн 242.9-д “Хамтран үүрэг гүйцэтгэгч нэг этгээд хэд хэдэн өвлөгчтэй бол тэдгээр нь тус бүрдээ өв залгамжлалаар өөрт ногдох өвтэй хувь тэнцүү хэмжээгээр үүрэг хүлээх боловч шаардлага нь үл хуваагдах шинжтэй бол энэ журам хамаарахгүй” гэж заасан нь уг Зээлийн гэрээний үүрэгт хамаарахгүй бөгөөд энэ нь анхан шатны шүүх хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болно.

3. Хариуцагч Ц.С-- нь Зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч тул гэрээний үүргийг зөрчсөнөөр үүсэх хариуцлагыг бие даан хүлээх, хариуцах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Тэрээр хамтран зээл авсан гэдгээ хүлээн зөвшөөрч банкинд гаргасан хүсэлтдээ “би аавынхаа авсан зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан. Миний бие уг зээлийг сардаа 100.000 төгрөгөөр төлөх хүсэлттэй байна. Иймд хүсэлтийг минь хүлээн авна уу” гэснээс үзэхэд тэрээр зээлийг авсан гэдгээ хүлээн зөвшөөрч зээлийг бүрэн төлж барагдуулах болохоо илэрхийлсэн болохыг баталж байна.

Хамтран үүрэг гүйцэтгэгч Ц.С-- зээл авах хэрэгцээ шаардлага байсан учраас зээл хүсэгчийн анкетыг бөгөлж, үндсэн зээлдэгчийн нэгэн адил бүрдүүлж уг зээлд хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон учраас уг зээл олгоглсон болно. Тухайн зээлийн гэрээнд Ц.С-- нь оролцоогүй тохиолдолд тухайн зээл судлагдаж олгогдохгүй байсан болохыг анхаарна уу.

 Иймд Х банк нь хариуцагч Ц.С--гаас Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.2, уг хуулийн 243.3, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.8-д заасны дагуу гэрээни үүргээ бүрэн шаардах тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж хууль хэрэглээний алдааг залруулж өгнө үү” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хяналаа.

 

Нэхэмжлэгч Х банкны Хэнтий салбар нь хариуцагч Ц.С-д холбогдуулан 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр “үндсэн зээлийн төлбөр 12.154.23409 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 986.00597 төгрөг, нийт 13.140.24006 төгрөгийг гаргуулан, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд зээлийг барьцааны хөрөнгөөр хангуулж, шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангуулах үүднээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар барьцааны гэрээгээр барьцаалуулсан үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө зээлдэгчийн банк дахь мөнгөн хөрөнгө, бусад эд зүйлийг битүүмжлэх арга хэмжээ авахуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан /хавтаст хэргийн 1-2 хуудас/ байх бөгөөд 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр “2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн №ЗГ/201844070132 тоот хэрэглээний зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд нэмэгдүүлэн гаргажээ. /хавтаст хэргийн 70 хуудас/

 

Хариуцагч Ц.С- нь “миний бие хүүхдээ хараад гэртээ байдаг тул энэ зээлийг төлөх боломжгүй, банкин дээр очоод зээлийг сард 100.000, 150.000 төгрөгөөр төлж байх санал гаргахад хүлээн зөвшөөрөөгүй” гэж маргажээ.

 

Анхан шатны шүүх Х банкны Хэнтий салбарын нэхэмжлэлтэй хариуцагч Ц.С-д холбогдох иргэний хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хянан хэлэлцэж Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 242 дугаар зүйлийн 242.1, 242.2, 242.11, 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хариуцагч Ц.С-гаас 6.570.120 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х банкинд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6.570.120 төгрөгийг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд “нэхэмжлэлийн шаардлагыг хангах, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох” шийдвэрийн аль нэгийг гаргахаар хуульчилсан байна.

 

Анхан шатны шүүх шийдвэртээ нэхэмжлэгчийн “2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн №ЗГ/201844070132 тоот хэрэглээний зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрхэн шийдвэрлэснээ заагаагүй орхигдуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасныг зөрчсөн байна.

 

Иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг ноцтой зөрчсөн тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н-гийн давж заалдах гомдлын үндэслэлд дүгнэлт хийх боломжгүй юм.

 

Нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 120.072 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 156/ШШ2022/00166 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2 . Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 120.072 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэжүзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хянатын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Я.АЛТАННАВЧ

 

                                                                      ШҮҮГЧИД                                       З.ЭНХЦЭЦЭГ

           

                                                                                                                               Б.ДЭНСМАА