Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2021/00977

 

 

 

 

 

 

2021 оны 4 сарын 06 өдөр Дугаар 102/ШШ2021/00977 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзулыг суулган тэмдэглэл хөтлүүлж, тус шүүхийн хуралдааны 3 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ...-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ...,

Хариуцагч: ... нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 13,004,410 /арван гурван сая дөрвөн мянга дөрвөн зуун арван/ төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ..., хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Цэрэндулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ...-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Зээлдэгч ..., түүний нөхөр ... нар 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдөр тус банкны Увс салбарын Төв тооцооны төвөөс ... тоот зээлийн гэрээ байгуулан 16,600,000 төгрөгийн зээлийг хүүхдийн гэр бүрэх зориулалтаар, сарын 1,3 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, сар бүр 580,000 төгрөгийн төлбөр төлөх нөхцөлтэй зээл авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 2.4.1 дэх хэсэгт заасны дагуу үндсэн зээлийн төлбөрт 8,610,225.02 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 3,111,273.77 төгрөг, нийт 11,721,498.79 төгрөг төлсөн байна. Зээлийн барьцаанд ..., Т.Батжаргал, ... нарын өмчлөлийн, ... багт байрлах 72 м.кв талбайтай хувийн сууц, 330 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газрыг тус тус барьцаалуулсан. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрийг хугацаандаа төлөөгүй, хугацаа хэтэрч сураггүй болсон тул 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр тэднийг эрэн сурвалжлуулах хүсэлтийг шүүхэд гаргаж, хаягийг тогтоолгосон. Банкнаас зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж, өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна. Иймд хариуцагч ... нараас үндсэн зээлийн төлбөр 7,989,774.90 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 4,388,737.80 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 552,196.30 төгрөг, мөн хариуцагч нарыг эрэн сурвалжлуулахаар тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, нотариатын зардал 3,500 төгрөг, нийт 13,004,410 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна. Хариуцагч нар зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш гэрээтэй холбоотой банкинд огт хандаагүй. Зээлийн эргэн төлөлтийг ажлаас халагдсан шалтгаанаар төлөөгүй гэж тайлбарлаж байгаа нь гэрээний үүрэг шаардаж буй энэ хэрэгт хамааралгүй юм. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш хамтран хариуцагч ... шүүхэд ирэхгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулсан. Зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг багасгах үндэслэлгүй. Тиймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэнэ үү... гэв.

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Хаан банкны нэхэмжилсэн мөнгийг төлөх ямар ч боломжгүй байгаа тул барьцаа хөрөнгөөрөө барагдуулан төлөх хүсэлтэй байна. Хаан банкны Өндөрхангай тооцооны төвд эрхлэгчээр ажиллаж байсан бөгөөд өвлийн цагаар шалтгаангүйгээр ажлаас халагдсан. Тухайн үедээ энэ зээлийг төлөх боломжоор хангаж өгөөч гэж хүсэлт гаргасан ч зөвшөөрөөгүй. Одоо өөрөө ажилгүй, нөхөр ... бие муу, хөдөлмөрийн чадваргүй, ажил хийх ямар ч боломжгүй байгаа. Зээлийн хүүг зогсоож, бодогдсон хүүг болон нэмэгдүүлсэн хүүг багасгаж өгнө үү. Миний нөхөр ... тархины саажилттай болсон байгаа. 2017 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр ажлаас халагдах хүртлээ би зээлээ тогтмол төлж байсан. Ажлаас халагдаад ажилгүйдлийн тэтгэмжээ аваад 2017 оны 3-4 дүгээр сар хүртэл төлсөн. Тэр үед миний хүсэлтийг хүлээж аваад шийдвэрлэсэн бол ийм их хэмжээний хүүгийн өрөнд би орохгүй байсан...гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын аман болон бичгээр гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

... ХХК нь ... нарт холбогдуулан барьцаат зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 7,989,774.90 төгрөг, зээлийн хүү 4,388,737.80 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 552,196.30 төгрөг, мөн хариуцагч нарыг эрэн сурвалжлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, нотариатын зардал 3,500 төгрөг, нийт 13,004,410 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч болон, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдал, үндсэн зээлийн үлдэгдлийн талаар маргаагүй. Харин зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрөөс чөлөөлүүлэхийг хүсэн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

... ХХК нь зээлдэгч ..., хамтран үүрэг гүйцэтгэгч ... нартай 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдөр ...тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулж 16,600,000 /арван зургаан сая зургаан зуун мянган/ төгрөгийг хүүхдийн гэр барих зориулалтаар 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл 36 сарын хугацаатай, жилийн 15,6 хувийн хүүтэйгээр зээлдүүлэхээр тохирч, зээлдэгч тал үндсэн зээл, зээлийн хүүг эргэн төлөлтийн хуваарьт хугацаандаа төлөөгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү тооцохоор харилцан тохиролцож, гарын үсэг зурж баталгаажуулсан байна. /хх 9-11/

Талууд зээлийн гэрээний үүргийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн ... тоот Барьцааны гэрээ байгуулан, ... нарын өмчлөлийн Ү-1511000050 улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, Увс аймгийн ... талбай бүхий хувийн орон сууц, мөн ... нарын 5 хүний дундын өмч, Г-1511000104 улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, Увс аймгийн ...г багийн нутаг дэвсгэрт байрлах, ... нэгж талбарын дугаартай 330 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэргийг барьцаалж, гэрээнүүдийг Улсын бүртгэлд бүртгүүлжээ. /хх-12-13, 17-18/

Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний үүрэг үүссэн, зээлийн Барьцааны гэрээ нь мөн Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дах хэсгүүдэд зааснаар бичгээр хийж, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээнүүд байна.

Нэхэмжлэгч ... ХХК нь зээлийн гэрээний дагуу 16,600,000 төгрөгийг хариуцагч ...-д шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, зээлийн хүүг тооцохдоо Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зээлийг ашигласан хугацаанд гэрээнд заасан хэмжээгээр тооцжээ. /хх-14/

Хариуцагч ... нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс 2017 оны 2 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд үндсэн зээлийн төлбөрт 8,610,225.02 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 3,111,273.77 төгрөг, нийт 11,721,499 төгрөгийн төлөлт хийсэн болох нь зээлийн дансны хуулгаар тогтоогдож байна. /хх 19-21/

Харин ... 2017 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр ... ХХК-ийн ... тооцооны төвийн эрхлэгчийн ажлаас халагдаж, улмаар 2017 оны 3 дугаар сараас эхлэн зээл төлөх үүргээ гүйцэтгээгүй болохоо тайлбарласан.

Зээлдэгч нарын гүйцэтгээгүй үндсэн зээлийн үлдэгдэл 7,989,774.90 төгрөгийг нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нараас шаардах эрхтэй.

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1, 452.2 дахь хэсгүүдэд зааснаар зээлдүүлэгчээс олгох зээл хүүтэй буюу хүүгүй байж болох ба зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно.

Талуудын байгуулсан зээлийн гэрээнд хүүгийн хэмжээг жилийн 15,6 хувь байхаар тохиролцон тусгаж, зээл эргүүлэн төлөөгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөх талаар мөн тусгасан нь хуульд нийцсэн, хариуцагч нар 2017 оны 3 дугаар сараас эхлэн зээлийн төлөлт хийгээгүйн улмаас нэхэмжлэгч 2020 оны 8 дугаар сарыг хүртэлх хугацааны зээлийн хүү 4,388,737 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 552,196 төгрөгийг шаардсан.

Гэвч зээлдэгч нар 2017 оны 3 дугаар сараас зээлийн төлөлтөө зогсоосноос хойш зээлдүүлэгч тал гэрээний үүрэг биелүүлэхийг шаардсан эсэх нь тодорхойгүй, гэрээний хугацаа 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдөр дууссанаас хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож, энэ талаар У.Цэрэндулам, Т.Батжаргал нарт мэдэгдэл хүргүүлсэн талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Зээлийн гэрээний 7.1.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч зээлийн эргэн төлөлтийн график удаа дараа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд банк санаачлагаараа гэрээг цуцалж, зээлийн төлбөрийг хугацаанаас өмнө бүрэн төлөхийг шаардах эрхтэй байсан ч энэ эрхээ хэрэгжүүлээгүй нь Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2 дахь хэсэгт заасан нөхцөл бүрдсэн гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Зээлийн төлөлт 2017 оны 3 дугаар сард зогссоноос хойш 2020 оны 8 дугаар сарыг хүртэл хугацаанд гэрээг хугацаанаас өмнө цуцлах, зээлийн төлөлт хийхийг шаардах эрхээ зээлдүүлэгч тал хэрэгжүүлээгүйн улмаас Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт заасан хүүгийн хэмжээ зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохиролтой болсон байх тул зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг 50 хувь багасгаж, зээлийн хүүд 4,388,737 төгрөг шаардсаныг 2,194,368.90 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 552,196.30 төгрөг шаардсаныг 276,098.15 төгрөг болгон багасгаж, үндсэн зээл 7,989,774.90 төгрөг, нийт 10,460,242 төгрөгийг хариуцагч ... нараас гаргуулан нэхэмжлэгч ... ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.

Мөн Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж заасны дагуу нэхэмжлэл гаргахад холбогдон гарсан нотариатын зардал 3,500 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагч нараас шаардах эрхтэй байх тул энэ шаардлагыг хангах нь зүйтэй.

Харин ... нарыг эрэн сурвалжлуулахад гарсан зардал болох улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг нотлох үүргээ нэхэмжлэгч тал биелүүлээгүй, уг шаардлага баримтаар нотлогдохгүй байх тул энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураараа, эсхүл нэхэмжлэгч буюу төлбөр авагчийн шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох ... нарын өмчлөлийн ... улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, Увс аймгийн ... талбай бүхий хувийн орон сууц, мөн ... нарын 5 хүний дундын өмч, ... улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, Увс аймгийн ... багийн нутаг дэвсгэрт байрлах, ... нэгж талбарын дугаартай 330 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэргийг албадан худалдах аргаар шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангах үндэслэлтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйлийн 116.1, 118 дугаар зүйлийн 118.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 227 дугаар зүйлийн 227.3, 282 дугаар зүйлийн 282.2 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч ... нараас 10,463,742 /арван сая дөрвөн зуун жаран гурван мянга долоон зуун дөчин хоёр/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч ... ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,540,668 /хоёр сая таван зуун дөчин мянга зургаан зуун жаран найман/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч ... нар шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцаа хөрөнгө болох ... нарын өмчлөлийн... улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, Увс аймгийн ... талбай бүхий хувийн орон сууц, мөн У.Цэрэндулам, ... нарын 5 хүний дундын өмч, ... улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, Увс аймгийн ... багийн нутаг дэвсгэрт байрлах, ... нэгж талбарын дугаартай 330 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэргийг албадан дуудлага худалдаагаар худалдаж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 293,180 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагч нараас 252,569 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА