Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2021/01024

 

2021 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2021/01024

 

 

 

Хбанк ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Ч.Цэнд, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 102Ш2021/00977 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Хбанк ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч У.Ц-, Т.Б- нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 13 004 410 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Ц-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч У.Ц-, түүний нөхөр Т.Б- нар 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдөр тус банкны Увс салбарын Төв тооцооны төвөөс зээлийн гэрээ байгуулан 16 600 000 төгрөгийн зээлийг хүүхдийн гэр бүрэх зориулалтаар, сарын 1,3 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, сар бүр 580 000 төгрөгийн төлбөр төлөх нөхцөлтэй зээл авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 2.4.1 дэх хэсэгт заасны дагуу үндсэн зээлийн төлбөрт 8 610 225.02 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 3 111 273.77 төгрөг, нийт 11 721 498.79 төгрөг төлсөн байна. Зээлийн барьцаанд У.Ц-, Т.Б-, Б.Мөнхболд, Б.Баянмөнх, Б.Мөнхтуул нарын өмчлөлийн, Увс аймгийн Өндөрхангай сумын 5 дугаар багт байрлах 72 м.кв талбайтай хувийн сууц, 330 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газрыг тус тус барьцаалуулсан. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрийг хугацаандаа төлөөгүй, хугацаа хэтэрч сураггүй болсон тул 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр тэднийг эрэн сурвалжлуулах хүсэлтийг шүүхэд гаргаж, хаягийг тогтоолгосон. Банкнаас зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж, өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна. Иймд хариуцагч У.Ц-, Т.Б- нараас үндсэн зээлийн төлбөр 7 989 774.90 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 4 388 737.80 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 552 196.30 төгрөг, мөн хариуцагч нарыг эрэн сурвалжлуулахаар тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг, нотариатын зардал 3,500 төгрөг, нийт 13 004 410 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хариуцагч нар зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хбанк ХХК-ийн нэхэмжилсэн мөнгийг төлөх ямар ч боломжгүй байгаа тул барьцаа хөрөнгөөрөө барагдуулан төлөх хүсэлтэй байна. У.Ц- нь Хбанк ХХК-ийн Өндөрхангай тооцооны төвд эрхлэгчээр ажиллаж байсан бөгөөд өвлийн цагаар шалтгаангүйгээр ажлаас халагдсан. Тухайн үедээ энэ зээлийг төлөх боломжоор хангаж өгөөч гэж хүсэлт гаргасан ч зөвшөөрөөгүй. Одоо өөрөө ажилгүй, нөхөр Т.Баяржаргал бие муу, хөдөлмөрийн чадваргүй, ажил хийх ямар ч боломжгүй байгаа. Зээлийн хүүг зогсоож, бодогдсон хүүг болон нэмэгдүүлсэн хүүг багасгаж өгнө үү. 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр ажлаас халагдах хүртлээ би зээлээ тогтмол төлж байсан. Ажлаас халагдаад ажилгүйдлийн тэтгэмжээ аваад 2017 оны 3-4 дүгээр сар хүртэл төлсөн. Тэр үед миний хүсэлтийг хүлээж аваад шийдвэрлэсэн бол ийм их хэмжээний хүүгийн өрөнд би орохгүй байсан гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 227 дугаар зүйлийн 227.3, 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч У.Ц-, Т.Б- нараас 10 463 742 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хбанк ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 540 668 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч У.Ц-, Т.Б- нар шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцаа хөрөнгө болох У.Ц-, Т.Б- нарын өмчлөлийн Ү-1511000050 улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, Увс аймгийн Өндөрхангай сум, 5 дугаар багт байршилтай 72 м.кв талбай бүхий хувийн орон сууц, мөн У.Ц-, Т.Б-, Б.Мөнхболд, Б.Баянмөнх, Б.Мөнхтуул нарын 5 хүний дундын өмч, Г-1511000104 улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, Увс аймгийн Өндөрхангай сум, Цэцэрлэг багийн нутаг дэвсгэрт байрлах, 191100171 нэгж талбарын дугаартай 330 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэргийг албадан дуудлага худалдаагаар худалдаж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 293 180 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагч нараас 252 569 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг буюу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 2 540 668 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Улсын Дээд шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 53 дугаар тогтоолоор Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дах хэсэгт заасан нэмэгдүүлсэн хүү гэж зээлдэгч авсан зээлээ гэрээнд заасан хугацаандаа буцааж төлөөгүй тохиолдолд зээлдэгчээр үндсэн хүү дээр нэмж төлүүлэхээр тогтоож, гэрээгээр тодорхойлсон хариуцлагын хэлбэрийг хэлнэ гэж, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт "зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү ... төлөх үүрэгтэй гэдэг нь зээлдэгч гэрээний дагуу авсан зээлээ гэрээнд заасан хугацаандаа буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд зээлийн төлөгдөөгүй үлдсэн хэмжээнд ногдох хүүг түүний төлөх хүртэл хугацаанд нөхөн төлөхийг хэлнэ гэж, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй, гэдэг нь зээлдэгч зээлийн гэрээгээр нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хүлээсэн бол зээлийн төлөгдөөгүй үлдсэн хэмжээнд ногдох хүүгээс нэмэгдүүлсэн хүүг гэрээгээр тохирсон хувиар тооцож төлөхийг хэлнэ" гэж тус тус тайлбарласан гэдгийг анхан шатны шүүх анхаарч үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийгээгүй. Мөн "...Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт заасан хүүгийн хэмжээ зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохиролтой болсон байх тул зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг 50 хувь багасгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн харилцаанд хэрэглэгдэхгүй мөн хуулийн 282.2 дахь заалтыг баримтлан зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг багасгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд зээлийн хүү нь жилийн 15,6 хувь, нэмэгдүүлсэн хүү нь зээлийн хүүгийн 20 хувь байна гэж тохиролцсон нь 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар хуулийн шаардлагыг хангасан. Шүүх дээрх үндэслэлээр зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хасч байгаа нь үндэслэлгүй бөгөөд банк зээлдэгчээс Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24.3 дахь хэсэгт тус тус заасны дагуу зээлдэгчээс зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэх эрхтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт 12 934 210 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Хбанк ХХК нь хариуцагч У.Ц-, Т.Б- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд нийт 13 004 410 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

Талуудын хооронд 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 16 600 000 төгрөгийг хүүхдийн гэр бүрэх зориулалтаар, жилийн 15,6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдүүлэхээр тохирч, зээлдэгч тал үндсэн зээл, зээлийн хүүг эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаанд төлөх, төлөөгүй тохиолдолд төлөгдөөгүй үндсэн зээлийн дүнгээс тооцсон зээлийн хүүгийн 20 хувиар тооцон нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохиролцож, барьцаат зээлийн гэрээ байгуулагджээ. /хх-ийн 9-11/

Мөн дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдөр барьцааны гэрээ байгуулан, У.Ц-, Т.Б- нарын өмчлөлийн Ү-1511000050 улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, Увс аймгийн Өндөрхангай сум, 5 дугаар багт байршилтай 72 м.кв талбай бүхий хувийн орон сууц, мөн У.Ц-, Т.Б-, Б.Мөнхболд, Б.Баянмөнх, Б.Мөнхтуул нарын 5 хүний дундын өмчлөлийн Г-1511000104 улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, Увс аймгийн Өндөрхангай сум, Цэцэрлэг багийн нутаг дэвсгэрт байрлах, 330 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг тус тус барьцаалж, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлжээ. /хх-ийн 12-13, 17-18/

Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 болон Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан шаардлагыг тус тус хангасан. Мөн талууд барьцааны гэрээг бичгээр байгуулан, нотариатчаар гэрчлүүлэн, улсын бүртгэлд бүртгүүлсэн байгаа нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.3 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн болохыг анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэсэн байна.

Зээлдэгч нь зээлийн гэрээний хугацаа хэтрүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тухайд талууд маргаагүй. Харин зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үндэслэлтэй эсэхэд маргаж байна.

Анхан шатны шүүх банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгосон зээлийн гэрээний харилцаанд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт заасан ердийн зээлийн гэрээний зохицуулалтыг хэрэглэсэн нь хэрэгт хамааралтай хуулийн зохицуулалтыг хэрэглэсэн гэж үзэхгүй.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний дагуу зээлдэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээл болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөх, мөн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү тус тус төлөх үүрэгтэй.

Шүүх зээлдүүлэгч шаардах эрхээ хэрэгжүүлээгүйгээс зээлдэгч нарын хариуцлагын хэмжээ нэмэгдсэн гэж зээлдэгч нараас шаардсан зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт зааснаар тал хувиар хасч тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Зээлдэгч нарын хүлээх үүргийн хэмжээ нэмэгдэхэд зээлдүүлэгчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн гэх байдал тогтоогдохгүй байна. Иймд нэхэмжлэгч нь хууль болон гэрээнд заасны дагуу зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхээ алдаагүй.

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.1.6-д Нэмэгдүүлсэн хүүг зээлийн хүүгийн 20 хувь байна. Нэмэгдүүлсэн хүүг Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь-ийн дагуу төлөгдөөүй үндсэн зээлийн дүнгээс тооцно гэж заасан.

Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж зээлийн үйл ажиллагаа төлбөр тооцооны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3, 25 дугаар зүйлийн 2, 25 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө, Хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээг энэ хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр зээлийн гэрээнд тусгана гэж тус тус заасан.

Зээлдэгч нар нь үндсэн зээлийн төлбөрт 8 610 225,02 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 3 111 273,77 төгрөг, нийт 11 721 499 төгрөгийг зээлийн төлбөрт төлсөн нь зээлийн дансны хуулгаар тогтоогдож байна. /хх 19-21/

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд талуудын хооронд 36 сарын хугацаатай байгуулсан гэрээний хугацаа 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдөр дуусгавар болсон, зээлдэгч нар зээлийн эргэн төлөлтийг 2017 оны 3 дугаар сараас хойш зээлийн эргэн төлөлт хийгээгүй болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь зээл, зээлийн хүү, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхийг хариуцагч нараас шаардах эрхтэй.

Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй тул хариуцагч нараас үндсэн зээлийн үлдэгдэл 7 989 774,09 төгрөг, зээлийн хүү 4 388 737,8 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 522 196,3 төгрөг, нийт 12 930 708 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хууль зүйн үндэслэлтэй.

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийг цуцалж, хугацаа хэтрүүлсэн хүү нэхэмжилсэн тул Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг шийдвэрийн тогтоох хэсэгт баримтлах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасантай нийцнэ.

Анхан шатны шүүх нэхэмжлэл гаргахад холбогдон гарсан нотариатын зардал 3 500 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагч нараас шаардах эрхтэй гэж дүгнэж, нэхэмжлэлийн уг шаардлагыг хангахдаа Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг, нэхэмжлэгч нь хугацаа хэтрүүлсэн хүү нэхэмжилсэн тул Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлаагүй алдааг залруулах нь зүйтэй.

Харин хариуцагч нарыг эрэн сурвалжлуулахад гарсан зардал болох улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг нотлогдоогүй гэж дүгнэж, уг шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй.

Зохигчид зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Иргэний хуулийн 165 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан барьцааны гэрээг байгуулсан, гэрээ хүчин төгөлдөр байх тул Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар барьцаалагдсан үл хөдлөх хөрөнгийг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангахаар шийдвэрлэсэн нь зөв.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 3 дахь заалтад зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 102Ш2021/00977 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч У.Ц-, Т.Б- нараас 12 930 708 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хбанк ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 73703 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж, тогтоох хэсгийн 3 дахь заалтын ...252 569 төгрөг... гэснийг ...221 841 төгрөг... гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 54 477 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХТӨР

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

Н.БАТЗОРИГ