Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2021/01240

 

 

 

 

 

 

2021 оны 05 сарын 17 өдөр Дугаар 102/ШШ2021/01240 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзулыг суулган тэмдэглэл хөтлүүлж, тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ... нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ...д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 6,000,000 /зургаан сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч ... оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... шүүхэд гаргасан нэхэмжлэл, уг нэхэмжлэлийг дэмжиж түүний өмгөөлөгч ... шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Хариуцагч ... нь нэхэмжлэгч ...-аас 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 1,000,000 төгрөг, 12 дугаар сарын 02-ны өдөр 200,000 төгрөг, 12 дугаар сарын 09-ний өдөр 4,300,000 төгрөг, 2020 оны 2 дугаар сарын 02-ны өдөр 100,000 төгрөг, 2 дугаар сарын 15-ны өдөр 100,000 төгрөг, 3 дугаар сарын 16-ны өдөр 200,000 төгрөг, 3 дугаар сарын 25-ны өдөр 100,000 төгрөг, нийт 6,000,000 төгрөгийг Хаан банкны өөрийн 5753935226 тоот дансаар авсан. Нэхэмжлэгч нь дээрх мөнгийг буцааж авах талаар удаа дараа хэлсэн боловч ... өнөөдрийг хүртэл өгөөгүй байх тул хариуцагчаас 6,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Талууд байнгын ажил хэргийн холбоотой хүмүүс байсан. Хэдий бичгээр байгуулсан зээлийн гэрээ байхгүй ч мөнгийг шилжүүлж өгсөн болох нь баримтаар тогтоогддог учир хуульд зааснаар зээлийн гэрээ байгуулагдсанд тооцох тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүрэгт 6,000,000 төгрөгийг шаардсан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэнэ үү... гэв.

Хариуцагч ... шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:

Иргэн ...-ны гаргасан нэхэмжлэлийг шүүхээс хүлээн авч танилцлаа. Ямар учиртай ингэж нэхэмжлэл гаргаж байгааг ойлгохгүй байна. Нэхэмжлэлийн талаар асууж тодруулахаар иргэн ...-тай холбогдох гэсэн боловч холбогдож чадсангүй. Нэхэмжилж буй мөнгийг иргэн ... сайн дураараа буюу буцаан авах нөхцөлгүй өгсөн. Бид хоёрын дунд буцаан өгөх зээлсэн гэх ямар нэгэн хэлцэл явагдаагүй. Эдгээр над руу шилжүүлсэн мөнгө нь ... нь надаар ажил төрөл хөөцөлдүүлсэн зэрэгт өгсөн мөнгө төлбөр юм. Иймд иргэн ... нь өөрөө хүсэж энэхүү сайн дураараа шилжүүлсэн бид хоёрын дунд буцаан өгөх тухай ямар нэгэн яриа явагдаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй болно...гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ... нь хариуцагч ...-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6,000,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч зээлийн гэрээ байгуулагдаагүй, буцаан шилжүүлэх нөхцөлгүйгээр ажил хөөцөлдүүлсний хөлс гэх агуулга бүхий тайлбар гарган маргажээ.

Хариуцагч ... шүүх хуралдааны тов мэдсэн бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд ирээгүй, хүсэлт ирүүлээгүй тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.

Нэхэмжлэгч ... өөрийн Хаан банк дахь ... тоот данснаас хариуцагч ...-ын Хаан банк дахь ... тоот данс руу 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 25-ны хооронд 7 удаагийн гүйлгээгээр нийт 6,000,000 төгрөг шилжүүлсэн байна. /хэргийн 4-10 дугаар хуудас/

Ийнхүү шилжүүлсэн 6,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс хариуцагчид зээлдүүлсэн гэж, харин хариуцагч буцаан төлөх үүрэг хүлээгээгүй буюу ажил гүйцэтгэсний хөлс гэж тус тус тайлбарлаж маргасан.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан бөгөөд, ...-аас ...-д 5,800,000 төгрөгийг шилжүүлсэн нь төлбөрийн баримт болон зохигчийн тайлбараар тогтоогдож байх тул зохигчдын хооронд 5,800,000 төгрөгийн зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Харин 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 200,000 төгрөгийг аудит буцаалт гэх утгатай шилжүүлснийг зээлийн зориулалттай гэж үзэхээргүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

Хариуцагч шилжүүлэн авсан 5,800,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцааж төлөөгүй, хэдий буцаан төлөх үүрэг хүлээгээгүй буюу ажлын хөлсөнд авсан гэж тайлбарлах боловч тайлбар татгалзлаа баримтаар нотлохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх тул түүний татгалзал үндэслэлгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч ...-аас 5,800,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ...-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 200,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 110,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 107,750 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ...-аас 5,800,000 /таван сая найман зуун мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч ...-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 200,000 /хоёр зуун мянган/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 107,750 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ А.САРАНТУЯА