Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2021/01231

 

 

 

 

 

2021 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2021/01231

 

 

О.Э-ы

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Э.Золзаяа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2021/01240 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч О.Э-ы хариуцагч Л.П-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 6 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Т, хариуцагч Л.П-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.П- нь О.Э-аас 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 1 000 000 төгрөг, 12 дугаар сарын 02-ны өдөр 200 000 төгрөг, 12 дугаар сарын 09-ний өдөр 4 300 000 төгрөг, 2020 оны 2 дугаар сарын 02-ны өдөр 100 000 төгрөг, 02 дугаар сарын 15-ны өдөр 100 000 төгрөг, 3 дугаар сарын 16-ны өдөр 200 000 төгрөг, 3 дугаар сарын 25-ны өдөр 100 000 төгрөг, нийт 6 000 000 төгрөгийг Хаан банкны өөрийн 5753935226 тоот дансаар авсан. Нэхэмжлэгч нь дээрх мөнгийг буцааж авах талаар удаа дараа хэлсэн боловч Л.П- өнөөдрийг хүртэл өгөөгүй байх тул хариуцагчаас 6 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Талууд байнгын ажил хэргийн холбоотой хүмүүс байсан. Хэдий бичгээр байгуулсан зээлийн гэрээ байхгүй ч мөнгийг шилжүүлж өгсөн болох нь баримтаар тогтоогддог учир хуульд зааснаар зээлийн гэрээ байгуулагдсанд тооцох тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүрэгт 6 000 000 төгрөгийг шаардсан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ямар учиртай ингэж нэхэмжлэл гаргаж байгааг ойлгохгүй байна. Нэхэмжлэлийн талаар асууж тодруулахаар О.Э-тай холбогдох гэсэн боловч холбогдож чадсангүй. Нэхэмжилж буй мөнгийг О.Э- сайн дураараа буюу буцаан авах нөхцөлгүй өгсөн. Бид хоёрын дунд буцаан өгөх зээлсэн гэх ямар нэгэн хэлцэл явагдаагүй. Над руу шилжүүлсэн мөнгө нь О.Э- нь надаар ажил хөөцөлдүүлсэн зэрэгт өгсөн мөнгө төлбөр юм. Иймд О.Э- нь өөрөө хүсэж энэхүү сайн дураараа шилжүүлсэн бид хоёрын дунд буцаан өгөх тухай ямар нэгэн яриа явагдаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй болно гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.П-ас 5 800 000 /таван сая найман зуун мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Э-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 200 000 /хоёр зуун мянган/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 107 750 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч Л.П-, түүний өмгөөлөгч Б.Э давж заалдах гомдолдоо:

... О.Э- нь 2019 оны 11 дүгээр сараас хойш 2020 оны 3 дугаар сар хүртэл ямар нэг байдлаар буцаан төлөх, авах тухай хэлцэл тохиролцоогүйгээр 7 удаа нийт 6 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Энэхүү мөнгийг О.Э-ы шаардлагатай ажлыг хөөцөлдөх зэрэгт буюу миний бие нь зарцуулсан болно.

Шүүхийн шатанд мэтгэлцэх, хариу тайлбар сонсох, хэргийн материалтай танилцах зэргээр хуралд оролцохоор хүлээж байтал Ковид-19 цар тахлын улмаас хурал зарлагдахгүй байсан ба цар тахлын үед өрхийн санхүүгийн байдал хүндэрсэн тул найздаа туслах ажил хийх зорилгоор Дорнод аймгийн Дашбалбар суманд очиж хүмүүсээс ноолуур авах гэрээ байгуулах, зуучлах гэсэн ажлыг хийж байтал шүүх хурал зарлагдсан 2 хоногийн дараа болно гэж шүүгчийн туслах утсаар мэдэгдэхэд хөдөө ажилтай яваагаа тайлбарлахад сумын засаг даргаас нотлох баримт бичүүлэн авч ирүүлнэ үү гэсэн тул 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн албан бичгийг хүргүүлсэн болно. Хотод ирээд удаагүй байтал яаралтай ажлаар дахин Дашбалбар сум руу явсан байхад шүүгчийн туслах мөн ярьж бас л 2 хоногийн дараа шүүх хуралтай гэсэн тул дахин сумын засаг даргаас 5 дугаар сарын 14-ний өдрийн 61 тоот албан бичгийг авч зургийг даран цахимаар хүргүүлсэн.

Ийнхүү Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасны дагуу хүндэтгэн үзэх шалтгаантай хотоос гадна ажлаар явж байгааг тодорхойлсон албан бичгийг хүргүүлсэн байхад шүүхэд ирээгүй, хүсэлтээ ирүүлээгүй гэж шүүх үзэж миний эзгүйд шүүх хуралдааныг явуулж хариуцагч миний мэтгэлцэх болон бусад эрхийг хөндсөн шийдвэрийг гаргасан болно. Мөн иргэн О.Э-ы өгсөн мөнгийг иргэн намайг хүлээн авснаар Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар мөнгийг авсан л бол буцаан төлөх үүрэгтэй, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээ байгуулсан гэж дүгнэн надаас 5 800 000 төгрөг гаргуулахаар шүүхээс шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлгүй, холбогдох хуулийн заалтыг буруу хэрэглэсэн, тайлбарласан гэж үзэж байна.

Хуульд зааснаар хэлцэл болон гэрээ байгуулахдаа гол нөхцлөө урьдчилан тохиролцсон байх хууль зүйн шаардлагыг нарийвчлан заасан. Гэтэл О.Э- бид хоёрын дунд энэ маань зээл юм шүү, чи буцааж өгөх ёстой шүү гэсэн аман хэлцлийн гол нөхцөл байдлыг урьдчилан ярьж тохирсон зүйл байхгүй. Хуульд заасан гол нөхцлөө нарийвчлан тохиролцсон үйл явдлыг нотлоогүй, ямар нэг баримт нотолгоогүй байхад шүүхээс зөвхөн мөнгийг хүлээн авснаар л зээл болон зээлийн гэрээ байгуулсан буцаан төлөх үүрэгтэй гэж дүгнэсэн нь холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Миний Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд зааснаар хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох, мэтгэлцэх зэрэг эрхийг зөрчиж, хүндэтгэн үзэх шалтгаантай түүнийгээ нотолсон баримтыг хүргүүлсэн байхад хурал хойшлуулах тухай хүсэлт бичиж өгсөнгүй гэж шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн. Иргэд хоорондын маргаантай асуудалд талуудыг шүүх хуралд оролцуулан мэтгэлцэх эрхээр ханган хэлцлийн гол нөхцөл зээлийн харилцаа байсан эсэхийг талууд тохиролцсон эсэхийг, хэргийн үйл баримт, бодит нөхцөл байдлыг нарийвчлан тогтоож хөндлөнгийн дүгнэлт хийж зохих хуулийн үндэслэлтэй шийдвэр гаргах байтал хуулийг буруу, төсөөтэй байдлаар хэрэглэсэн, хэрэг маргааны бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй шийдвэрийг гаргасан байх тул шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч О.Э нь хариуцагч Л.П-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 6 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч зээлийн гэрээ байгуулагдаагүй, нэхэмжлэлд дурдсан мөнгө нь буцаан шилжүүлэх нөхцөлгүйгээр ажил хөөцөлдүүлсний хөлс гэж маргажээ.

 

О.Э- өөрийн Хаан банкны 5405369744 тоот данснаас Л.П-ын Хаан банкны 5753935226 тоот дансанд 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 1 000 000 төгрөг, 12 дугаар сарын 02-ны өдөр 200 000 төгрөг, 12 дугаар сарын 09-ний өдөр 4 300 000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 100 000 төгрөг, 02 дугаар сарын 15-ны өдөр 100 000 төгрөг, 3 дугаар сарын 16-ны өдөр 200 000 төгрөг, 3 дугаар сарын 25-ны өдөр 100 000 төгрөг, нийт 6 000 000 төгрөгийг шилжүүлсэн байна. /хх4-10/

 

Хариуцагч дээрх мөнгийг өөрийн дансаар хүлээсэн авснаа үгүйсгээгүй, харин буцаан шилжүүлэх үүрэг байхгүй гэж тайлбарласан боловч ямар хэлцэл гэрээгээр үүссэн үүргийн дагуу уг мөнгөн хөрөнгийг О.Э-аас шилжүүлснийг нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй, мөнгийг буцаан төлөх үүрэггүй буюу ажил гүйцэтгэсний хөлс гэх тайлбар татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

Иймд Л.П- нь мөнгийг хүлээн авах үндэслэлээ нотлоогүй тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хөрөнгө олж авсан этгээд үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй үндэслэлээр хөрөнгө шилжүүлсэн О.Э-ы нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.

 

Хэргийн баримтаар О.Э- нь Л.П-д 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд 5 800 000 төгрөгийг шилжүүлсэн нь тогтоогдож байх бөгөөд харин 2020 оны 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 200 000 төгрөгийг аудит буцаалт гэх утгатай шилжүүлснийг буцаан авах зориулалттай гэж үзэхээргүй тул нэхэмжлэлийн шаардлагаас 5 800 000 төгрөгийг Л.П-ас гаргуулж О.Э-д олгож шийдвэрлэсэн нь зөв.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд зээлийн гэрээний үүрэг үүссэн үйл баримт тогтоогдоогүй байхад Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх заалтыг баримтлан зээлийг буцаан төлөх үүрэгтэй гэсэн эрх зүйн дүгнэлт хийсэн нь оновчгүй болсныг дээрх байдлаар залруулж шийдвэрлэв.

 

Шүүгчийн 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШЗ2021/04169 дугаар иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамжаар товлосон 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанд хүрэлцэн ирж чадахгүй талаарх 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Дорнод аймаг Дашбалбар суманд гэрээ хэлцэл байгуулах албан ажлаар ирсэн тул шүүх хуралдааныг хойшлуулах тухай хариуцагчийн хүсэлтийг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг хойшлуулсан /хх21,28/, мөн 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс хэрэг шийдвэрлэх 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд хариуцагч нь тайлбар, татгалзлаа нотлох баримтыг шүүхэд гаргах, хэргийн материалтай танилцах боломжтой, эрх нь нээлттэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.2 дахь хэсэгт заасан эрх, үүргийг хэрэгжүүлэх боломжийг нь шүүх хязгаарласан үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Хариуцагч Л.П- нь шүүхээс дуудсаны дагуу хүрэлцэн ирээгүйн улмаас шүүгчийн 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШЗ2021/02106 дугаар захирамжаар албадан ирүүлэх ажиллагааг явуулсан, уг ажиллагааны дүнд 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хариуцагчийг шүүхэд ирүүлж, нэхэмжлэл, түүнд хавсаргасан баримтыг танилцуулж, нэхэмжлэлийн хувийг гардуулсан, эрх үүргийг тайлбарласан, нэхэмжлэлд 3 дугаар сарын 11-ний өдөр хариу тайлбар гаргаснаас хойш нэмж шинээр нотлох баримтыг нэхэмжлэгчээс гаргаагүй байна. Иймд шүүхийн мэдэгдэх хуудсыг хүлээн авсан ч шүүх хуралдаанд хүрэлцэн ирж оролцох, тайлбар, татгалзлаа баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй хариуцагчид хэргийн материалыг танилцуулаагүй гэж шүүхийн буруутгах үндэслэлгүй болно.

 

2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдааны товыг шүүхээс хариуцагч Л.П-д 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдөр мэдэгдсэн байх бөгөөд 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн Дорнод аймаг Дашбалбар сумын 5 дугаар багийн Засаг даргын явуулсан тодорхойлолт нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй. Шүүх хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэх талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

 

Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй болно.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2021/01240 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт..., гэснийг ...492 дугаар зүйлийн 492.1.1-д... гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110 950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

А.ОТГОНЦЭЦЭГ