Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2021/01502

 

 

 

 

 

 

2021 оны 6 сарын 08 өдөр Дугаар 102/ШШ2021/01502 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзулыг суулган тэмдэглэл хөтлүүлж, тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ... ,

Хариуцагч: ...,

Хариуцагч: ... нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4,500,000 /дөрвөн сая таван зуун мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч ..., хариуцагч ... нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч ... шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийг дэмжиж түүний өмгөөлөгч ... шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Миний бие ...-ний өдөр ...л нарт ... тоотод амьдрах Ц.Туулын гэрт зээлийн гэрээ байгуулан 10,000,000 төгрөгийг ...-ын Хаан банкны ... дансанд шилжүүлэн, 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр төлж дуусгахаар тохиролцож шилжүүлсэн. Хариуцагч нар хагасалж, хувааж 7,000,000 төгрөгийг 2019 оны 12 дугаар сарын 20-нд төлсөн. Түүнээс хойш мөнгө төлөөгүй. Үлдэгдэл 3,000,000 төгрөгийг одоог хүртэл төлөөгүй тул төлөгдөөгүй үнийн дүнгийн 50 хувьд алданги тооцож 1,500,000 төгрөгийг нэмээд, нийт 4,500,000 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжилж байна.

Талуудын хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан. Зээлдэгч тал гэрээнд заасан хугацаанд гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцон алданги төлөхөөр гэрээнд тусгасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасан бичгээр байгуулах шаардлага хангасан байх тул нэхэмжлэгч нь алданги шаардах эрхтэй. Сүүлд нэмэгдэж ирсэн нэхэмжлэгчийн нөхрийн харилцах дансны хуулгыг шүүж үзэхэд зээлийн үлдэгдэл 5,410,000 төгрөг байх боловч хариуцагч ...-ийн бичгээр гаргасан тодорхойлолтыг үндэслэн 3,000,000 төгрөгийг зээлийн гэрээний үүрэгт шаардсан учир нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувьд нийцүүлэн 1,500,000 төгрөгийн алданги шаардаж байгаа. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэнэ үү. Хариуцагч нар хамтран зээл авсан учир дундаас нь шаардаж байгаа...гэв.

Хариуцагч ... шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

... миний бие ...-нд найз ...-ийн хамт ... болон түүний нөхөр ...-оос 10,000,000 төгрөг хүүгүйгээр зээлж авсан. Үүнээс 3,500,000 төгрөгийг өгөөд, үлдсэн мөнгөнөөс миний танил ....-д 6,000,000 төгрөг зээлээд авч чадахгүй байдалд орсон тул ... хоёулаа 6,500,000 төгрөгийг хувааж 3,250,000 төгрөгөөр тус тус төлөхөөр болсон. Би нийт 3,860,000 төгрөг, ... 560,000 төгрөгийг нэхэмжлэгчийн нөхөр ...-ийн Хаан банкны ... данс руу хийсэн. Одоо үлдэгдэл 2,080,000 төгрөгийг ... төлнө. ...-ийн нэхэмжилж буй 4,500,000 төгрөгийг зөвшөөрөхгүй. 2020 оноос Коронавирус цар тахал гарснаас болж бидний наймаа зогсож, орлогогүй болсон.... нарт өгөх мөнгийг дуусгаж чадахгүй өдийг хүрсэн. Би 2019 оны 9 дүгээр сарын 18-наас 2020 оны 3 дугаар сарын 22-ны хооронд нэхэмжлэгчийн нөхрийн дансанд шилжүүлж байсан.

Сүүлд шинээр нотлох баримтаар ирсэн нэхэмжлэгчийн нөхөр ...-ийн дансны хуулгаас шүүж үзэхэд би 4,010,000 төгрөг төлсөн, ... одоо 1,910,000 төгрөг төлөхөөр байна. Зээлийн үлдэгдэл 3,000,000 төгрөг гэдгийг зөвшөөрөхгүй байна. Гэрээг бичгээр байгуулсан боловч гэрээнд хүү, алданги тооцохоор бичээгүй гэж санагдаад байна. Тиймээс алданги төлөхийг зөвшөөрөхгүй. Бид хоёр зээл авсны дараа ... гэдэг эмэгтэйгээс 3,500,000 төгрөгийг ...-ийн данс руу шилжүүлсэн байх ёстой...гэв.

Хариуцагч ... шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

... миний бие ...-ний өдөр ... тоотод оршин суудаг найз ...-ын гэрт ... болон эхнэр ....-ийн хамт 10,000,000 төгрөгийг найз ...-ын Хаан банкны дансанд шилжүүлэхэд байлцсан. Тухайн үед хүүгүй зээлж авсныг санаж байна. Бид хамт нийлж юм хийе гэж байгаад ... гэдэг хүнд мөнгөө алдчихсан. ...-ын танил ... гэдэг хүүхэнд 6,000,000 төгрөг өгөхөд би байлцсан. Уг мөнгө нь ...-ээс зээлж авсан мөнгө байсан. ... гэдэг хүнд өгөөд алдсан. Одоо ч ...-тэй холбоогүй байгаа гэсэн. ....-ээс хамт мөнгө авсан учраас хоёулаа хувааж төлөхөөр болж, бид хоёр боломжоороо төлж байсан боловч 2020 оны дунд үеэс төлж чадахгүй болсон. Тухайн үед хүүгүй авсан. Одоогийн байдлаар 2,080,000 төгрөг дутуу. ...-ын хар дэвтрийн тооцоон дээр байгаа. ... би 560,000 төгрөгийг ...-ийн дансаар шилжүүлсэн. Гэвч ...-ийн дансны хуулгыг дахиж шүүж үзэхэд 580,000 төгрөг өгсөн байна. Одоо 1,910,000 төгрөг үлдсэн байгааг хүлээн зөвшөөрч байна. Харин гэрээг бичиж өгөхдөө хүү, алданги төлнө гэж бичсэнээ санахгүй байна. Сүүлд шүүхэд ирж тодорхойлолт бичихэд ...-ийн тулгаж шаардсанаар 3,000,000 төгрөг үлдсэн гэж бичиж өгсөн...гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ... нь хариуцагч ... нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт зээлийн үлдэгдэл төлбөр 3,000,000 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 1,500,000 төгрөг, нийт 4,500,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шаарджээ.

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагаас 1,910,000 төгрөгийн төлбөр төлөхийг хүлээн зөвшөөрч, зээлийн гэрээг байгуулахдаа алданги тооцохоор тохиролцсоныг санахгүй байна гэх агуулга бүхий тайлбар гаргаж, алданги 1,500,000 төгрөг болон илүү нэхэмжилсэн гэх 1,090,000 төгрөгийг тус тус төлөхөөс татгалзан маргаж байна.

Талуудын хооронд 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Зээлийн гэрээ бичгээр байгуулагдаж, зээлдүүлэгч ... нь 10,000,000 төгрөгийг зээлдэгч ... нарт 10 хоногийн хугацаатай, хүүгүйгээр зээлдүүлэн, зээлдэгч тал төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувиар тооцон алданги төлөх нөхцөлтэйгөөр харилцан тохиролцож, хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсэг зурж баталгаажуулсан, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.3 дах хэсэгт заасан бичгээр байгуулах хэлбэрийн шаардлага хангасан, хүчин төгөлдөр гэрээ байна. /хх-6/

Зохигчид гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй боловч хариуцагч нар гэрээнд алданги тооцох талаар тусгасныг санахгүй гэх тайлбар гаргаж, уг тайлбар татгалзлаа баримтаар нотлоогүй байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.

Нэхэмжлэгч ... зээлийн гэрээний дагуу 10,000,000 төгрөгийг өөрийн Хаан банк дахь ... тоот харилцах данснаас хариуцагч ...-ын Хаан банк дахь ... тоот данс руу гэрээ байгуулсан 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр шилжүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн бол хариуцагч нар зээлийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулах үүргээ бүрэн биелүүлээгүй байна. /хх-4/

... нар гэрээнд заасан зээл буцаан төлөх хугацааг хэтрүүлж, 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд ... 4,010,000 төгрөг,... 580,000 төгрөг, нийт 4,590,000 төгрөгийг ...-ийн нөхөр ...-ийн дансанд шилжүүлсэн болох нь ... нарын Депозит дансны дэлгэрэнгүй хуулгуудаар тогтоогдсон ба зээлийн эргэн төлөлтийг бэлэн бус дансаар шилжүүлэн гүйцэтгэж байсан талаар зохигчид тайлбарласан. /хх 24-34, 44-62/

Хариуцагч нар зээлийн гэрээний үүргээс 3,500,000 төгрөгийг иргэн н.Атарын дансаар нэхэмжлэгч ...-ийн нөхөр ...-ийн данс руу шилжүүлсэн гэх боловч тэдний тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул гэрээний дагуу 3,500,000 төгрөгийг зээлдүүлэгчид буцаан төлсөн гэх хариуцагч нарын тайлбар нотлогдсонгүй.

Харин нэхэмжлэгч нь хариуцагч...-ийн 2021 оны 2 дугаар сарын 04-ний өдөр бичгээр гаргасан тодорхойлолт гэх баримтад дурдсанаар зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрийг 3,000,000 төгрөг гэж тодорхойлон шаардсан байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ... нараас зээлийн гэрээний үүрэгт 3,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ...-т олгох нь зүйтэй гэж үзлээ.

... нар нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.2 дахь хэсэгт ...хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар, эсхүл үүргийн зүйлийн үл хуваагдах шинж чанартай холбоотой үүснэ гэж заасны дагуу хамтран үүрэг гүйцэтгэгч байх тул гэрээний үүргийг хариуцагч нарын дундаас гаргуулахаар шаардсан нь хуульд нийцсэн байна.

Хариуцагч нар зээлийн төлбөрт 10,000,000 төгрөг төлөхөөс нийт 4,590,000 төгрөг төлж, 5,410,000 төгрөг төлөөгүй боловч нэхэмжлэгч 3,000,000 төгрөгийг шаардсан бөгөөд зээлийн төлбөр буцаан өгөх үүргээ бүрэн биелүүлээгүй байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, Зээлийн гэрээнд тус тус зохицуулснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож зээлдүүлэгчид төлөх үүрэгтэй.

Хууль болон гэрээнд зааснаар алданги тооцвол алдангийн хэмжээ нийт гүйцэтгээгүй үүрэг 3,000,000 төгрөгөөс хэтрэх тул /2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс 2021 оны 2 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл/ Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар алдангийг гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтрүүлэлгүй тооцон 1,500,000 төгрөгийг зээлийн үлдэгдэлд нэмж, нийт 4,500,000 төгрөгийг хариуцагч... нараас гаргуулан нэхэмжлэгч ...-т олгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ... нараас 4,500,000 /дөрвөн сая таван зуун мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч ...-т олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 86,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 86,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ А.САРАНТУЯА