Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2021/01206

 

Г.Д-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2021/01502 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г.Д-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Т, Б.И нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 4 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ганбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Ц.Т, Б.И нартай зээлийн гэрээ байгуулж 10 000 000 төгрөгийг “ХААН банк” ХХК дахь Ц.Тын эзэмшлийн дансанд шилжүүлэн өгсөн. Зээлдэгч нар нь зээлийн төлбөрийг 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр төлж дуусгахаар тохиролцсон. Тэд 7 000 000 төгрөгийг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр төлсөн. Үлдэгдэл 3 000 000 төгрөгийг төлөөгүй тул алданги төлөгдөөгүй үнийн дүнгийн 50 хувь 1 500 000 төгрөг, нийт 4 500 000 төгрөгийг гаргуулна. Дансны хуулгаас үзэхэд зээлийн үлдэгдэл 5 410 000 төгрөг байх боловч Б.Иийн бичгээр гаргасан тодорхойлолтыг үндэслэн зээлийн үлдэгдэл төлбөрийг 3 000 000 төгрөг гэж тооцсон. Иймд хариуцагч нараас 4 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.Т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Б.Иийн хамт 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Г.Д- болон түүний нөхөр М.М-оос 10 000 000 төгрөгийг зээлсэн. Үүнээс 3 500 000 төгрөгийг өгөөд, үлдэгдэл мөнгөнөөс н.Оюунгэрэлд 6 000 000 төгрөг зээлсэн боловч авч чадахгүй тул Б.И бид хоёр хувааж 3 250 000 төгрөгөөр тус тус төлөхөөр болсон. Миний бие нийт 3 860 000 төгрөг, Б.И 560 000 төгрөгийг “ХААН банк” ХХК дахь М.М-ийн эзэмшлийн дансанд шилжүүлсэн. Үлдэгдэл 2 080 000 төгрөгийг Б.И төлнө. Хэрэгт авагдсан М.М-ийн дансны хуулгаас үзэхэд миний бие 4 010 000 төгрөг, Б.И 1 910 000 төгрөг төлөхөөр байна. Зээлийн үлдэгдэл 3 000 000 төгрөг болон алдангийг зөвшөөрөхгүй. Бидний зээлийн төлбөрөөс н.Атар 3 500 000 төгрөгийг Н.Мижиддоржийн дансанд шилжүүлсэн гэжээ.

Хариуцагч Б.И шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Ц.Тын хамт 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Г.Д- болон түүний нөхөр М.М-оос 10 000 000 төгрөгийг зээлсэн. Бид зээлсэн мөнгөө н.Оюунгэрэлд алдсан. Ц.Тын танил н.Гэрэлд 6 000 000 төгрөг өгсөн. Г.Д-ээс хамт мөнгө авсан учраас хувааж төлөхөөр болсон. Зээлийн үлдэгдэл төлбөр 2 080 000 төгрөг байгаа. Миний бие 560 000 төгрөгийг н.Мижиддоржийн дансанд шилжүүлсэн. Харин гэрээг байгуулахдаа хүү, алданги төлнө гэж тохиролцсонг санахгүй байна. М.М-ийн шаардснаар 3 000 000 төгрөг үлдсэн гэж бичсэн гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Т, Б.И нараас 4 500 000 /дөрвөн сая таван зуун мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Д-т олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 86 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 86 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Б.И, Ц.Т бид хоёр Г.Д-ийн нөхөр М.М-оос 10 000 000 төгрөгийг зээлж “ХААН банк” ХХК дахь 58 00671698 данс руу шилжүүлэн авсан. Бид 3 500 000 төгрөгийг н.Атарын данснаас Г.Д-ийн нөхөр М.М-ийн данс руу шилжүүлсэн. н.Атар нь одоогоор эрүүл мэндийн шалтгаантай байгаа тул дансны хуулгыг авч чадахгүй байгаа. М.М- нь 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Ц.Тын утсанд илгээсэн зурваст “... н.Атар эгчээс 3 500 000 төгрөг авснаа бичсэн байгаа...” гэж бичсэн. Үлдэгдэл 6 500 000 төгргөөс 6 000 000 төгрөгийг Ц.Тын танил н.Оюунгэрэлд зээлээд авч чадахгүй байгаа тул хувааж төлөхөөр болсон. Ц.Т 4 010 000 төгрөг, Б.И 580 000 төгрөгийг тус тус Г.Д-ийн нөхөр М.М-ийн дансанд шилжүүлсэн, мөн н.Атар 3 500 000 төгрөгийг өгсөн тул нийт 8 090 000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 1 910 000 төгрөгийг төлнө. Хүү, алданги төлөхгүй. 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хурлаар н.Атарын шилжүүлсэн 3 500 000 төгрөгийн талаар тодруулаагүй. Мөн 2021 оны 02 дугаар сарын 14-ний өдөр М.М- Б.Итэй уулзахдаа 3 000 000 төгрөг үлдсэн гэж хэлэхэд тэрээр тухайн үед төлсөн мөнгөн дүн, үлдэгдэл төлбөрийг тооцоогүй байсан тул М.М-ийн хэлснээр тайлбар бичсэн гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж талуудын хооронд үүссэн маргаанд хамаарах Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч Г.Д- нь хариуцагч Б.И, Ц.Т нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 3 000 000 төгрөг, алданги 1 500 000 төгрөг, нийт 4 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Талууд 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулж, зээлдүүлэгч Г.Д- нь 10 000 000 төгрөгийг зээлдэгч Ц.Т, Б.И нарт зээлдэх, зээлдэгч нар нь 10 000 000 төгрөгийг 10 хоногийн хугацаатай, хугацаа хэтэрвэл өдрийн 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон байна. /хх-6/

Хэргийн 4 дэх талд авагдсан “ХААН банк” ХХК дахь Г.Д-ийн депозит дансны хуулгаас үзэхэд зээлдүүлэгч нь 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 10 000 000 төгрөгийг зээлдэгч Ц.Тын эзэмшлийн 5800671698 тоот дансанд шилжүүлэн өгсөн тул зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг шилжүүлэн өгөх үүргээ зээлдүүлэгч гүйцэтгэсэн гэж үзнэ. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа талуудын хооронд үүссэн, гэрээ хүчин төгөлдөр талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

Хэрэгт авагдсан “ХААН банк” ХХК дахь Ц.Тын 5800671698 тоот, нэхэмжлэгч Г.Д-ийн нөхөр М.М-ийн 5093141924 тоот дансны дэлгэрэнгүй хуулгаар  зээлийн гэрээний хугацаа дууссан 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс хойш  Ц.Т 4 010 000 төгрөг, Б.И 580 000 төгрөг нийт 4 590 000 төгрөгийг төлсөн болох нь тогтоогдож байх боловч нэхэмжлэгч нь зээлдэгч нарыг зээлийн төлбөрт нийт 7 000 000 төгрөг төлснөөр тооцон, 3 000 000 төгрөг нэхэмжилсэн байна.

Хариуцагч Ц.Т, Б.И нар зээлийн төлбөрт нийт 4 590 000 төгрөг төлсөн, зээл авсны дараа н.Атар гэдэг эмэгтэйгээс 3 500 000 төгрөг М.М-ийн дансанд шилжүүлсэн тул 1 910 000 төгрөг төлөхийг зөвшөөрнө, алдангийг зөвшөөрөхгүй гэж маргадаг.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хариуцагч Ц.Т, Б.И нар дээрх гэрээний дагуу үндсэн зээл 10 000 000 төгрөгийг буцаан төлөх үүргээ бүрэн гүйцэтгэсэн болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна. 

Талууд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт алдангийн заалттай нийцүүлэн, зээлийн гэрээнд хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөхөөр зээлийн гэрээндээ тохиролцсон. /хх-6/ Иймд зээлийн гэрээний хугацаа дуусахад хариуцагч нар гэрээнд заасан зээлийн төлбөрийг төлөхгүй хугацаа хэтрүүлсэн болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч Г.Д- нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар алданги шаардах эрхтэй.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан тул нэхэмжлэгч нь алдангид 1 500 000 төгрөгийг шаардсан нь дээрх хуулийн зохицуулалттай нийцнэ. Тиймээс хариуцагч Ц.Т, Б.И нар зээлийн гэрээний дагуу үлдэгдэл төлбөр 3 000 000 төгрөг, алданги 1 500 000 төгрөг, нийт 4 500 000 төгрөгийг төлөх үүрэгтэй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.

Хариуцагч Ц.Т, Б.И нар давж заалдах гомдолдоо уг зээлийн гэрээний дагуу шилжүүлэн авсан мөнгөн хөрөнгөөс гуравдагч этгээд  н.Атарын дансаар дамжуулж 3 500 000 төгрөгийг нэхэмжлэгчийн нөхөр М.М-ийн дансанд шилжүүлсэн гэх боловч хэрэгт авагдсан “ХААН банк” ХХК дахь М.М-ийн 5093141924 тоот дансны хуулгаас үзэхэд Ц.Т, Б.И нарын зээлийн гэрээний үүрэгт н.Атараас 3 500 000 төгрөг төлсөн гэх байдал тогтоогдохгүй байна. Иймээс хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2021/01502 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 86 950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ИЧИНХОРЛОО

                                            ШҮҮГЧИД                                   А.ОТГОНЦЭЦЭГ

                                                                                                Д.БАЙГАЛМАА