Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 786

 

 

      2020        06           18                                           2020/ДШМ/786

А.Эд холбогдох эрүүгийн

       хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 314 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор С.Гансэлэмийн бичсэн 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 32 дугаартай дээд шатны прокурорын эсэргүүцлээр А.Эд холбогдох эрүүгийн 1905013621085 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

.........................., 19...... оны ...... дугаар сарын .............-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сэлэнгэ амгийн Сайхан сумын 2 дугаар баг, 12-23 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:...................../,

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг мөн хугацаагаар хойшлуулсан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1756 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн;

 

А.Э нь 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 58 дугаар байрны гражид иргэн П.Эрдэнэбаялагаас “Хуавэй П-20” загварын гар утсыг нь “Утсаар чинь ярьчихаад өгье” гэж хуурч мэхлэн авч, түүнд 450.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах интернэт тоглоомын газар Д.Нямдоржийн “Самсунг галакси гранд м2” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авч, түүнд 200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас: А.Эгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: ......................г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Эг 7 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар А.Эд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Эгийн цагдан хоригдсон 62 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар А.Эд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, А.Эд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А.Эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Прокурор С.Гансэлэм бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцэлдээ: “Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийг буруу хэрэглэсэн. Шийтгэх тогтоолын 3 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар А.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлсүгэй” гэсэн атлаа уг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хэрхэх талаар шийтгэх тогтоолд дурдаж өгөөгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж шийтгэх тогтоолд дурдах ёстой буюу хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.6 дугаар зүйлийн 3-т заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэсэн хуулийн шаардлагад нийцэхгүй байна. Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 314 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.

                                                                                              

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ дээд шатны прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас А.Эг 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 58 дугаар байрны гражид иргэн П.Эрдэнэбаялагаас “Хуавэй П-20” загварын гар утсыг нь “утсаар чинь ярьчихаад өгье” гэж хуурч мэхлэн авч, түүнд 450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт,

мөн 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах интернэт тоглоомын газар Д.Нямдоржийн “Самсунг галакси гранд м2” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авч, түүнд 200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Шүүгдэгч А.Э урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1756 дугаартай шийтгэх тогтоолоор  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн бичгийн баримт хавтаст хэрэгт цугларч бэхжүүлэгджээ. /1хх 195-199/

 

Харин А.Эг эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд  дээрх 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэн эсэх тодорхойгүй /1хх 93-94/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 3/5803 дугаартай албан бичигт “...................г 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн гэх гүйцэтгэх баримт бичиг нь тус газрын цахим мэдээллийн санд бүртгэлгүй байна. ...” /1хх 239/ гэсэн нь ойлгомжгүй, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой эргэлзээ бүхий нөхцөл байдлыг үүсгэж байна. Өөрөөр хэлбэл, А.Эгийн 2019 оны 3 дугаар сарын 13, 14-ний өдрүүдэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасан гэмт хэрэгт холбогдохоос өмнө дээрх 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэн эсэх асуудлыг зайлшгүй шалгаж тогтоох шаардлагатай.

 

Шүүгдэгчийн урьд ял шийтгүүлж байсан нь түүний хувийн байдлыг тогтоох, шүүхээс ял оногдуулахад нөлөөлөх эсэхийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой нотолгооны эх сурвалж байхад А.Э нь өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг эдэлсэн эсэх талаарх баримт хэрэгт авагдаагүй, энэ талаар мөрдөн шалгах ажиллагааг дутуу хийсэн  байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан нотолбол зохих байдал буюу “...яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх...” нөхцөл байдлыг шалгаж тогтоогоогүй, прокуророос хянавал зохих асуудлын талаар хуульчилсан заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдийг зөрчсөн байдлаас шалтгаалан шүүгдэгчийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх 93-94/ болон прокурорын яллах дүгнэлт, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч А.Эгийн урьд ял шийтгүүлсэн байдлын талаарх мэдээллийг зөрүүтэй, бүрэн бус тэмдэглэсэн зөрчил тогтоогдож байна.

  

Иймд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, зарчимд нийцүүлэн А.Эгийн хувийн байдалтай холбоотой нотолбол зохих байдлуудыг мөрдөн шалгах ажиллагаагаар нөхөн гүйцэтгүүлэх шаардлагатай гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, А.Эд холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаахаар давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцааж байгаа тул прокурор С.Гансэлэмийн бичсэн эсэргүүцэлд хууль зүйн дүгнэлт хийгээгүйг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 314 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч А.Эд холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дамжуулан Баянгол дүүргийн прокурорын газарт буцаасугай.

 

2. Хэргийг прокурорт очтол А.Эд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                                        Ц.ОЧ

 

 

ШҮҮГЧ                                                                        Ш.БАТ-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                                        Д.МЯГМАРЖАВ