Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 787

 

      2020        06           18                                           2020/ДШМ/787

Г.С, Ц.Б нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор П.Эрдэнэбаатар,

шүүгдэгч Г.С, түүний өмгөөлөгч Д.Гомбо,

шүүгдэгч Ц.Бийн өмгөөлөгч Ц.Шийтэрчулуун,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 290 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.С, Ц.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудаар тэдэнд холбогдох эрүүгийн 1809000000021 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. ....................., 1978 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Жамсран уулын өвөр 8-3482 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:............../,

Баянзүрх дүүргийн шүүхийн 1993 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 1994 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 109 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сар, өмнөх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 1997 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2001 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 517 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

Налайх дүүргийн шүүхийн 2004 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 11 жил 7 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2008 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хуулийн тэгшитгэлээр суллагдсан,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 606 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 98 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон,

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 123 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж 2 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан,

 

2. ............................, 1965 оны 12 дугаар сарын 1-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 54 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, Бага тойруу гудамж, 16-9А тоотод оршин суух бүртгэлтэй боловч Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 1-28 тоотод түр оршин суух, /РД:.................../,

Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 1998 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг тэнсэж 3 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 6 жил 10 сарын хугацаагаар хорих ялаар,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 109 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар 648.000 төгрөгөөр торгох ялаар,

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2011 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 40.000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 5 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлсэн;

Г.С нь Ц.Бтэй бүлэглэн, машин механизм ашиглаж 2018 оны 1 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Дамбадаржаагийн задгайд оршин суух иргэн С.Бямбасайханы хурдан удмын 2 тооны адууг хулгайлж, 53.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

үргэлжилсэн үйлдлээр Ч.Мөнгөншагайтай бүлэглэн, машин механизм ашиглаж 2018 оны 8 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр “Хуандайн” ам гэх газраас Э.Алтангэрэлийн 2 тооны үхрийг хулгайлж, 3.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

үргэлжилсэн үйлдлээр Ч.Мөнгөншагайтай бүлэглэн, машин механизм ашиглаж 2018 оны 9 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр “Баянгийн даваа” гэх газарт Г.Батсүхийн 1 тооны улаан халтар зүсмийн үнээг хулгайлж, 1.400.000 төгрөгийн хохирол учруулсан,

үргэлжилсэн үйлдлээр Ч.Мөнгөншагайтай бүлэглэн, машин механизм ашиглаж 2018 оны 10 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Т.Пагмын 1 тооны үхрийг хулгайлж, 750.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэж, нийт 4 удаагийн үйлдлээр бусдад 58.150.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

Ц.Б нь Г.Стай бүлэглэн, машин механизм ашиглаж 2018 оны 1 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Дамбадаржаагийн задгайд оршин суух иргэн С.Бямбасайханы хурдан удмын 2 тооны адууг хулгайлж, 53.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

үргэлжилсэн үйлдлээр Д.Гантөмөртэй бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Шивээ багийн нутаг дэвсгэр “Урт сайр” гэх нэртэй газраас иргэн Д.Баасанбаярын халзан цоохор зүсмийн 1 тооны шар эр үхэр, С.Баянмөнхийн шар цоохор зүсмийн 1 тооны сувай үнээг хулгайлж, 1.950.000 төгрөгийн буюу нийт 2 удаагийн үйлдлээр бусдад 54.950.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Г.С, Ц.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 2, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: .......................... нарыг бүлэглэн, бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ..................ыг 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Бийг 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 123 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох нь хэсгийн 6-д заасан “Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар ялтан ...Г.С нарт оногдуулсан хорих ялыг тэнсэж, ялтан .............ыг 2 жил 6 сарын хугацаагаар ...хянан харгалзсугай” гэснийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар ...............ын энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 3 сарын хугацаагаар хорих ял, Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 123 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг 5 жил 3 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.С, Ц.Б нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Санждамбын цагдан хоригдсон 346 хоног, Ц.Бийн цагдан хоригдсон 519 хоногийг тус тус эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6  дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эрэгтэй хүний өвлийн куртик 1 ширхэг, эсгий түрийтэй хос гутал 1 ширхэг, цэнхэр өнгийн гялгар даавуун уут 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн Эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох Г.Санждамбын эзэмшлийн “Хьюндай Соната-2” маркийн 48-02 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг улсын орлогод оруулахаар зохих байгууллагад шилжүүлж, Г.С, Ц.Б нараас хохирогч нарт төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдаж, Г.Санждамбын төрсөн охин 4 настай Санждамба овогтой Анужин /УК13261329 регистрийн дугаартай/, 3 настай Санждамба овогтой Үүрийнцолмон /УК14312089 регистрийн дугаартай/ нарын хууль ёсны асран хамгаалагчийг зохих байгууллагаас тогтоох хүртэл тэдгээрийн авга эгч Дамдинсүрэн овогтой Чимэддолгор /ХК71100103 регистрийн дугаартай/-т асран хамгаалалтандаа байлгахыг түүнд даалгаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Г.С, Ц.Б нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.С, Ц.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Ц.Б гаргасан давж заалдах гомдолдоо: “Миний бие бусдад учруулсан хохирлоо бүгдийг бүрэн нөхөн төлсөн ба уг байдлыг минь анхан шатны шүүх харгалзан үзээгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлаагүй бөгөөд хохирол гомдолгүй, хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлан эрх зүйн болон хувийн байдлыг минь дээрдүүлж өгнө үү.” гэжээ.

 

Шүүгдэгч Г.С давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Уг хэрэгт холбогдож байгаа Ц.Б нь 2018 оны 1 дүгээр сарын 13-ны өглөө миний утас руу залгаж “Хөгшин нь мах зарах гэсэн юм аа Дэнжийн мянгийн зах хүргээд өгөөч” гэхээр нь би очиж авсан юм. Би тухайн үед тэр махыг хулгайн мах гэж мэдээгүй. Ц.Б ч надад энэ талаар хэлээгүй миний өөрийн мах гэсэн. Тэгтэл Ц.Б нь Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дамбадаржаагийн задгайд оршин суух иргэн С.Бямбасайханы 2 тооны адууг хулгайлаад бэлтгэсэн байсныг нь би мэдээгүй. Үүний дараа буюу 2018 оны 1 дүгээр сарын 14-ний орой Ц.Б манайд ирсэн ба шалтгаан нь Ц.Бийн 2 тооны даагийг би өөрийнхөө хашаандаа тэжээж байсан юм. Тэр үеэр Сүхбаатар дүүргийн цагдаа нар манайд ирж Ц.Бийг баривчлахдаа намайг хамтад нь авч явсан. Би тухайн үед юу болоод байгааг нь сайн ойлгож амжаагүй. Дараа нь байцаагч асууж тодруулахад нь хулгайн мах тээвэрлэснээ мэдсэн. Ц.Бийн талаар танилын төдий л хүн. ...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, маргах зүйл байхгүй. Хохирол төлбөрөө төлж барагдуулсан. Би 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хулгайлах гэмт хэрэгт холбогдсон. Хүдэрчулуунд учруулсан хохирлоо төлөөгүй байхдаа 2 жилийн хорих ял авсан. Түүнээс хойш 2017 оны 4 дүгээр сард Төв аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр орж ял шийтгэгдэн улмаар Өршөөлийн хуулиар өршөөгдөж 2 жил 6 сарын хугацаагаар тэнссэн. Гэтэл энэ хэрэгт шалгагдаж байхдаа Төв аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсаныг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 290 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 3 сарын хугацаагаар хорих ял, Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 123 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг 5 жил 3 сарын хугацаагаар тогтоосон. Иймд би Төв аймгийн Сум дундын шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 123 дугаартай шийтгэх тогтоолоор шийтгэгдсэн хэргийг шалгуулах хүсэлтэй байна.” гэв.

 

Шүүгдэгч Г.Санждамбын өмгөөлөгч Д.Гомбо тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлын тухайд, шүүгдэгч Г.Сд 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр 3 жилийн хугацаагаар хорих ял сонсгож 2 жил 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан. Тухайн үедээ Өршөөлийн хуульд хамрагдсан. Энэ талаараа ярьж байх шиг байна. Шүүгдэгч нь гэм буруу дээрээ маргахгүй гэдгээ илэрхийлдэг. Гэмт үйлдэлдээ үнэлэлт дүгнэлт хийх тухайд, урьд олон удаа ял шийтгүүлсэн бөгөөд хуульд заасны дагуу ялаа эдэлж суллагдсан. Урьд өмнө үйлдсэн хэргүүдийн улмаас учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулж байгаагүй. Харин энэ удаагийн үйлдлийн улмаас учирсан хохирлоо бүрэн төлж барагдуулснаас үзэхэд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт үйлдэлдээ гэмшиж байгааг харуулж байна гэж ойлгож байна. Тэнссэн хугацааг сэргээсэнтэй холбоотойгоор 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр 2002 оны Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар тэнссэн. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа буюу оногдуулсан ялыг бүрэн эдэлж дуусахын өмнө гэмт хэрэг шинээр үйлдэж шийтгүүлж байгаа бол шүүхийн сүүлчийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр өмнөх шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулснаас эдлээгүй үлдсэн ялыг бүгдийг буюу заримыг нэмж нэгтгэн уг этгээдийн биечлэн эдлэх ялыг тогтооно” гэж хуульчилсан. Шүүхээр шийтгүүлэхээс өмнө тэнсэнгийн хугацаа дууссан тохиолдолд боломжтой гэж үзэж байна. Иймд тэнссэн хугацааг сэргээснийг өөрчлөлт оруулж, хүчингүй болгож өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Ц.Бийн өмгөөлөгч Ц.Шийтэрчулуун тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний үйлчлүүлэгч хоёр удаагийн үйлдлээр дөрвөн тооны бод хулгайлсан. Гэм буруу дээр маргаагүй, хохирлыг төлж барагдуулсан. Нийт 20 сар цагдан хоригдсон. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Бийг 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэснийг хүлээн зөвшөөрч байсан. Гэтэл шүүгдэгч Г.Санждамбын давж заалдах гомдлоос болоод хянан магадланд орох эрхээ эдэлж чадалгүй явж байна. Иймд эдэлсэн ялд нь тохируулан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

 

Прокурор П.Эрдэнэбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Ц.Б, Г.С нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргаагүй. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 290 дугаартай шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Өөр тусгайлан гаргах санал байхгүй.” гэв.

                                                                                              

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Г.С нь Ц.Бтэй бүлэглэн, машин механизм ашиглаж 2018 оны 1 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Дамбадаржаагийн задгайд оршин суух иргэн С.Бямбасайханы хурдан удмын 2 тооны адууг хулгайлж, 53.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

үргэлжилсэн үйлдлээр Ч.Мөнгөншагайтай бүлэглэн, машин механизм ашиглаж 2018 оны 8 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр “Хуандайн” ам гэх газраас Э.Алтангэрэлийн 2 тооны үхрийг хулгайлж, 3.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

үргэлжилсэн үйлдлээр Ч.Мөнгөншагайтай бүлэглэн, машин механизм ашиглаж 2018 оны 9 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр “Баянгийн даваа” гэх газарт Г.Батсүхийн 1 тооны улаан халтар зүсмийн үнээг хулгайлж, 1.400.000 төгрөгийн хохирол учруулсан,

үргэлжилсэн үйлдлээр Ч.Мөнгөншагайтай бүлэглэн, машин механизм ашиглаж 2018 оны 10 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Т.Пагмын 1 тооны үхрийг хулгайлж, 750.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэж, нийт 4 удаагийн үйлдлээр бусдад 58.150.000 төгрөгийн хохирол учруулсан,

Ц.Б нь Г.Стай бүлэглэн, машин механизм ашиглаж 2018 оны 1 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Дамбадаржаагийн задгайд оршин суух иргэн С.Бямбасайханы хурдан удмын 2 тооны адууг хулгайлж, 53.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

үргэлжилсэн үйлдлээр Д.Гантөмөртэй бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Шивээ багийн нутаг дэвсгэр “Урт сайр” гэх нэртэй газраас иргэн Д.Баасанбаярын халзан цоохор зүсмийн 1 тооны шар эр үхэр, С.Баянмөнхийн шар цоохор зүсмийн 1 тооны сувай үнээг хулгайлж, 1.950.000 төгрөгийн буюу нийт 2 удаагийн үйлдлээр бусдад 54.950.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч С.Бямбасайханы “...2018 оны 1 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 1 цаг 30 минутын үед Сүхбаатар дүүргийн 19 хороо, Гоодойн зуслангийн задгай тоотод байрлах адууны зүчээнээс хүрэн зүсмийн өсгий цагаан 6 настай хүрэн морь, хүрэн зүсмийн 6 настай азарга алдагдаж, нядлагдсан байсан. ...” /1хх 56-59/,

хохирогч Д.Баасанбаярын “...2018 оны 10 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Урт сайр гэх газраас 2 тооны үхэр алга болсон байсан. 2018 оны 10 дугаар сарын 15-ны өглөө Дулмаа гэх хүн над руу “Урт сайр гэх газарт Саруул гэх хүний өвөлжөөны хашааны урд жалганд 2 тооны үхэр нядлаад махыг нь аваад толгой, арьс, цувдаа нь үлдсэн байна” гэж ярьсан. Ямар зүстэй адуу байна гэж асуухад “нэг нь том шар, нөгөө нь жижиг үхэр байна” гэсэн. Би гараад үхрүүдээ бүртгэтэл манай халзан цоохор шар мөн байсан. Нөгөө үхэр нь манай хүргэн ах Баянмөнхийн үхэр байсан. ...” /2хх 109-112/,

хохирогч С.Баянмөнхийн “...2018 оны 10 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Их-Уул сумын нутаг Урт сайр гэх газраас миний цоохор зүсмийн сувай үнээ бэлчээрээсээ алга болсон. 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр би хадам талын дүү Баасанбаярын заасан газарт очиж үзтэл миний цоохор зүсмийн сувай үнээг нядлаад цувдай болон толгой, арьс нь үлдсэн байсан. ...” /2хх 116-119/,

хохирогч Г.Батсүхийн “...Манай мал Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Баянгийн ам гэх газарт байдаг. 2018 оны 9 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө манай улаан халтар зүсмийн нас гүйцэж яваа үнээг гэрийн урд байдаг жалганд нядлаад арьс, толгой, 4 ширхэг шийр гэдэс дотрыг нь үлдээгээд махыг нь хулгайлаад аваад явсан байсан. ...” /3хх 57-58/,

хохирогч Т.Пагмын “...Манай туслах малчин Буяа гэх залуу манай 16 тооны үхрийг Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, Бага булгийн амны Хүрэн толгойн энгэр гэх газарт малладаг. 2018 оны 10 дугаар сарын 23-ны өглөө 9 цаг 40 минутын үед Буяа хүрэн зүстэй үхэр алга болчихсон байна хулгайч авсан байх гэж ярьсан. Би Буяатай уулзаад үхэр нядалсан газар руу очиход манай 4 настай хүрэн зүсмийн бөөр алаг мухар эр үхрийг бэлчээрт нядлаад толгой, 4 ширхэг шийр, арьсыг нь үлдээгээд гэдэс дотор болон махыг нь аваад явсан байсан. ...” /3хх 129-132/,

хохирогч Э.Алтангэрэлийн “...2018 оны 8 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө манайхаас хойд зүгт 2-3 км зайд модон дотор манай 2 сувай үнээг нядлаад арьс, толгой, 4 шийрийг үлдээгээд гэдэс дотор болон махыг нь машинд ачаад явсан байсныг манай урд айлын Мөнхөө гэх залуу адуундаа явж байхдаа хараад манай нөхөрт ирж хэлсэн. Би хулгайд алдсан 2 үхрээ нийт 4.000.000 төгрөгөөр үнэлж байна. ...” /3хх 178-179/,

гэрч Д.Гомбосүрэнгийн “...2018 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 01 цагийн үед нэмж 2 адуу авчирсан. 2019 оны 1 дүгээр сарын 13-ны өглөө 07 цагт босоод тэжээлийг нь өгөхөөр очиход 2 адуу нь алга болсон байсан. Би Бямбасайхан гэх эзэнд нь 2 адуу алга болсон байна гэж хэлээд ойр орчмоор хайсан. Хашаанаас 1 км орчим байх 100 модны рашааны орчимд адууны сэвс, 2 ширхэг толгой, 2 ширхэг арьс, 8 ширхэг шийр байсан. ...” /1хх 62-64/,

гэрч Л.Наранцэцэгийн “...Би он сараа сайн санахгүй байна. Өглөө 07 цаг 30 минутын орчимд үл таних хүн ирээд “адууны мах авах уу” гэхээр нь би зөвшөөрөөд хоёр адууны мах авсан. 309 килограмм мах 4100 төгрөгөөр бодож 1.265.000 төгрөг өгсөн. ...” /1хх 67-69/,

гэрч Д.Баасанжавын “...2018 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 09 цагаас 10 цагийн хооронд “Далай ээж” захын үүдэнд зогсож байтал “Тоёота пробокс” маркийн хар өнгийн 20-51 гэсэн улсын дугаартай автомашинтай явж байсан хүмүүсээс мах худалдаж авсан. Би “гарал үүслийн бичиг байна уу” гэж асуутал том биетэй өндөр бүдүүн ойролцоогоор 55-56 орчим насны эрэгтэй нь “би гарал үүслийн бичгийг авчираад өгнө” гэж хэлэхээр нь хулгайн мах байж магадгүй гэж бодоод өөрийнхөө гар утсаар тухайн автомашины зураг болон улсын дугаарыг дарж авсан. ...” /2хх 121-123/,

гэрч Ч.Мөнгөншагайгийн “...Тэгээд Санждамба ах машинаасаа цагаан өнгийн урт мяндсан уяа гаргаж ирээд модны захад бэлчиж байсан 7-8 үхэрнээс нэг хар зүсмийн, нөгөө нь хар хүрэн зүсмийн 2 тооны нас гүйцсэн бүдүүн үнээ бугуйлдаж аваад модон дотор нядлаад арьс, толгой, 4 ширхэг шийр, гэдэс дотрыг нь үлдээгээд махыг нь ачаад ирсэн замаараа буцсан. ...” /3хх 135-137/,

гэрч Д.Чинбатын “...Бид 2 машинтай Санждамбын гэрийн араар уул даваад ертөнцийн зүгээр зүүн хойд зүгт хөдөө хээр гараад модтой уулын дунд 10 орчим үхэр байснаас хар, хүрэн зүсмийн 2 үхрийг Санждамба бугуйлдаж аваад модон дотроо нугасалж янзалсан. Арьс, шир, толгой, гэдсийг нь үлдээгээд зөвхөн махыг нь авсан. 800.000 төгрөг болсон гээд Санждамба надад 200.000 төгрөг өгсөн. ...” /3хх 183/ гэх мэдүүлгүүд,

хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 7-26, 2хх 212-216, 3хх 118-121, 156-163/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1хх 28-29/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх 217-227, 3хх 169-173/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3хх 122-126, 164-168/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад тулгуурлаж, шүүгдэгч Г.С, Ц.Б нарыг бүлэглэн, бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэнээс гадна тэдний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Сд 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар, Ц.Бөд 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Г.Санждамбын энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 3 сарын хугацаагаар хорих ял, Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 123 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг 5 жил 3 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн нь шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх тул “...хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн шүүгдэгч Г.С, Ц.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

Шүүгдэгч Г.С, Ц.Б нар нь өмнө нь энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан бөгөөд дахин гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал нь тэдний засрал хүмүүжлийг олоогүй байдлыг илтгэж байх бөгөөд анхан шатны шүүх тэдэнд тухайн зүйл хэсэгт заасан төрөл хэмжээний дотор ял шийтгэл оногдуулсан нь тохирсон байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж заажээ.

 

2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “бүлэглэж”, “машин механизм ашиглаж” гэсэн хүндрүүлэх шинжүүдийг гэмт хэрэгт нэмж тооцохоор болсон нь шүүгдэгч нарын хувьд эрх зүйн байдал нь хүндрэхээр байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлд заасан “гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлох”, 1.9 дүгээр зүйлд заасан “эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй байх” хуулийн заалтыг хэрэглэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт 2020 оны 2 дугаар сарын 26-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн байхад анхан шатны шүүх дээрх асуудалд хууль зүйн дүгнэлт хийгээгүй байгааг дурдав.

 

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9, 6.10 дугаар зүйлүүдэд хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулан, баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцохоор заасан бөгөөд шүүгдэгч Г.С нь урьд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж 2 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 123 дугаартай шийтгэх тогтоол гарах хүртэл 180 хоног цагдан хоригдсон хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцоогүй байгааг энэхүү магадлалаар зөвтгөн тооцож өөрчлөхөөр тогтов.

 

Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 болон 6 дахь заалтад зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Г.С, Ц.Б нарын гаргасан “ял шийтгэлийг хөнгөрүүлэх” талаар гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 290 дугаартай шийтгэх тогтоолын 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Санждамбыг 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Бийг 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Санждамбыг 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар, Ц.Бийг 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй” гэж,

 

6 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Санждамбын цагдан хоригдсон 346 хоног, Ц.Бийн цагдан хоригдсон 519 хоногийг тус тус эдлэх ялд оруулан тооцсугай” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Санждамбын цагдан хоригдсон 526 хоног, Ц.Бийн цагдан хоригдсон 519 хоногийг тус тус эдлэх ялд оруулан тооцсугай” гэж тус тус өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.С, Ц.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 ДАРГАЛАГЧ,

                         ШҮҮГЧ                                                        Ц.ОЧ

 ШҮҮГЧ                                                        Ш.БАТ-ЭРДЭНЭ

 ШҮҮГЧ                                                         Д.МЯГМАРЖАВ