Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 788

 

      2020        06           18                                           2020/ДШМ/788

Х.Ч, М.Э нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Гантулгабат,

өсвөр насны шүүгдэгч Х.Ч, М.Э нарын өмгөөлөгч Д.Батсүх,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 865 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ц.Гантулгабатын  бичсэн 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 45 дугаартай эсэргүүцлээр Х.Ч, М.Э нарт холбогдох эрүүгийн 1906069640941 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. ..........................., 2002 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, “Монгол Тэмүүлэл” ерөнхий боловсролын сургуулийн 12А ангид сурдаг, ам бүл 3, эцэг эхийн хамт Баянхонгор аймгийн Баянхонгор сум, 1 дүгээр баг, Номгон 108 дугаар байрны 32 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 101 дүгээр байрны 2-53 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД:..................../;

2. ............................, 2002 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, “Монгол Тэмүүлэл” ерөнхий боловсролын сургуулийн 12А ангид сурдаг, ам бүл 6, эцэг, эх, ах, дүү нарын хамт Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэрийн гудамж, 26а байрны 805 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:............................./;

Өсвөр насны шүүгдэгч Х.Ч, М.Э нар нь бүлэглэн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хохирогч Б.Содбилэгтэй маргалдсаны улмаас биед нь халдаж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Х.Ч, М.Э нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Өсвөр насны шүүгдэгч ......................, .......................... нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Х.Ч, М.Энх- Учрал нарыг 120 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч Х.Ч, М.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 120 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас тус бүр чөлөөлж, хэргийн учир өсвөр насны шүүгдэгч Х.Ч, М.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжпэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Х.Ч, М.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Прокурор Ц.Гантулгабат бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь бичиглэлийн хувьд тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхыг шаарддаг. Гэтэл шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Х.Ч, М.Э нарыг 120 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй” гэж дурдсан нь хуулийн дээрх шаардлагыг хангаагүй гэж дүгнэх үндэслэлтэй байна. Учир нь, шүүхээс хэд хэдэн шүүгдэгч нарт холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэж, тэдгээрт Эрүүгийн хуульд заасан ял оногдуулахдаа шүүгдэгч тус бүрийн тухайд Эрүүгийн хуульд заасан аль ялыг, хэрхэн оногдуулсан болох нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байх учиртай бөгөөд энэхүү шаардлага нь цаашлаад шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахад онцгой ач холбогдолтой юм. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтуудад заасны дагуу Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 865 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...Х.Ч, М.Э нарыг...” гэснийг “...Х.Ч, М.Э нар тус бүрийг...” гэж, эсхүл “...ялаар шийтгэсүгэй.” гэсний ард “тус бүр” гэж нэмж, “...ялаар тус бүр шийтгэсүгэй” гэж өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.

 

Өсвөр насны шүүгдэгч Х.Ч, М.Э нарын өмгөөлөгч Д.Батсүх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 865 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын агуулгад өөрчлөлт оруулахаар эсэргүүцэл бичсэн байна. Үүнийг үг, үсэг, техникийн шинжтэй алдаа гэж үзэж байх тул шүүхээс залруулах боломжтой гэж үзэж байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай нотолсон, мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд оролцогчдын эрхийг хасаж хязгаарласан, бусад байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

 

Өсвөр насны шүүгдэгч Х.Ч, М.Э нар нь бүлэглэн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хохирогч Б.Содбилэгтэй маргалдсаны улмаас биед нь халдаж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

насанд хүрээгүй хохирогч Б.Содбилэгийн “...2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 11 цагийн үед сургуулийн 4 дүгээр давхарт байж байтал 12 дугаар ангийн сурагч Энх-Учрал ах намайг “хөөе” гэж дуудахаар нь би тоглоод “хөөе” гэж хэлэхэд Энх-Учрал ах уурлаад “чи намайг хөөе гэж дууддаг хэн бэ” гэж хэлээд коридорын хана руу шахсан. Би Энх-Учрал ахыг түлхээд хажуугаар нь зөрөх гэхэд “орой ирж ах нартайгаа уулзаарай” гэж хэлсэн. ...Энх-Учрал гэнэт миний хувцаснаас бариад сэгсэрч эхлэхээр нь миний уур хүрч өөрийнх нь хувцаснаас бариад сэгсэрсэн. Хажуугаар Чинбат намайг бариад авахаар нь би буцаагаад Чинбатыг бариад авсан. Алекс бид нарыг салгах үед Энх-Учрал миний уруул хэсэгт нэг удаа цохисон. Уруулаас цус гарсан. ...Энх-Учрал миний шанаа хэсэгт нэг удаа цохихоор нь би буцаагаад духны хэсэгт 2 удаа цохисон. Бид хоёр ноцолдох явцдаа газарт унасан. Гэтэл хажуу талаас Чинбат миний нүүр хэсэгт нэг удаа дэвссэн. Тэр үед би дагзаараа газарт саваад манарсан. Миний толгой хэсэгт үргэлжлүүлээд хүн цохиод байсан ба би манарсан байсан учир сайн мэдэхгүй байна. ...” /хх 18-19/,

 

гэрч Б.Батхүүгийн “...Содбилэг, Энх-Учрал нар заамдалцсан зогсож байснаа бие биенийхээ нүүр хэсэгт хэд хэдэн удаа цохилцож байснаа газар унасан. Чинбат салгах гэхэд тэр хоёр салахгүй байсан учир Чинбат уурлаж Содбилэгийн нүүр рүү нэг удаа өшиглөсөн. ...” /хх 28-30/ гэх мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 14021 дугаартай “...Б.Содбилэгийн биед уруулд зөөлөн эдийн няцрал, уруулын салстад цус хуралт, язрал, дээд баруун 4 дүгээр шүдний үзүүрийн эмтрэл, дух, баруун хацарт зулгаралт, баруун нүдний доод зовхи, баруун хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, эрүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...” /хх 31/ гэх дүгнэлт зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогджээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох талуудын тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн өсвөр насны шүүгдэгч Х.Ч, М.Э нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

 

Өсвөр насны шүүгдэгч Х.Ч, М.Э нарын бүлэглэн насанд хүрээгүй хохирогч Б.Содбилэгийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж, мөн зүйлийн 1.1-д “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж тус тус хуульчилжээ.

            Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Х.Ч, М.Энх- Учрал нарыг 120 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч Х.Ч, М.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 120 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас тус бүр чөлөөлж шийдвэрлэснийг өсвөр насны шүүгдэгч нарт ял оногдуулахгүйгээр ялаас чөлөөлөх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах зорилгод нийцнэ гэж үзэн шийтгэх тогтоолын 2 дахь заалтыг хүчингүй болгож зохих өөрчлөлт оруулав.

 

            Шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахтай холбогдуулан прокурорын бичсэн “...шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...Х.Ч, М.Э нарыг...” гэснийг “...Х.Ч, М.Э нар тус бүрийг...” гэж, эсхүл “...ялаар шийтгэсүгэй.” гэсний ард “тус бүр” гэж нэмж, “...ялаар тус бүр шийтгэсүгэй” гэж өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

               Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 865 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгосугай.

 

2. Шийтгэх тогтоолын 3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч Х.Ч, М.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 120 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас тус бүр чөлөөлсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялаас өсвөр насны шүүгдэгч Х.Ч, М.Э нарыг тус тус чөлөөлсүгэй.” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж, прокурор Ц.Гантулгабатын бичсэн 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 45 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

                        ДАРГАЛАГЧ,

                        ШҮҮГЧ                                                Ц.ОЧ

 

ШҮҮГЧ                                                           Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

                                    ШҮҮГЧ                                                           Д.МЯГМАРЖАВ