Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 865

 

 

                                                                                                                      

 

 

 

 

   2020        05         08                                    2020/ШЦТ/865    

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч Ц.Гантулгабат,   

Нарийн бичгийн дарга Г.Хулан,

Өсвөр насны шүүгдэгч Х.Ч, түүний  хууль ёсны төлөөлөгч Х.Чинзоригт,

Өсвөр насны шүүгдэгч М.Э, түүний хууль ёсны төлөөлөгч Д.Алтанчимэг, тэдгээрийн өмгөөлөгч Д.Батсүх нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн өсвөр насны шүүгдэгч Х.Ч, М.Э нарт холбогдох 1906 06964 0941 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Өсвөр насны шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Х. Ч.

 

М. Э,

 

Холбогдсон хэргийн талаар:

Өсвөр насны шүүгдэгч Х.Ч, М.Э нар бүлэглэн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хохирогч Б.Содбилэгтэй маргалдсаны улмаас биед нь халдаж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

        ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалхад өсвөр насны шүүгдэгч Х.Ч, М.Э нар нь бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт үйлдсэн болох нь:

 

Насанд хүрээгүй хохирогч Б.Содбилэгийн мөрдөн байцаалтад өгсөн:

“2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 11 цагийн үед сургуулийн 4 дүгээр давхарт байж байтал 12 дугаар ангийн сурагч Э ах намайг “хөөе” гэж дуудахаар нь би тоглоод “хөөе” гэж хэлэхэд Э ах урлаад “чи намайг хөөе гэж дууддаг хэн бэ” гэж хэлээд намайг коридорын хана руу шахсан. Би Э ахыг түлхээд хажуугаар нь зөрөх гэхэд “орой ирж ах нартайгаа уулзаарай” гэж хэлсэн. Өдөр хичээл завсарлаад байж байх үед Х.Ч, М.Э ах нар намайг 3 давхарын ариун цэврийн өрөөнд дуудахаар нь очиход Х.Ч, М.Э нар байсан бөгөөд нэг нь надад “чи муу бацаан хөөрөөд байгаарай” гэж хэлэхээр нь хажуугаар нь гарахад М.Э ах хашаад явуулахгүй байсан ба “хөөе, чи сонсож бай, чиний барилддаг чинь хамаагүй шүү, чи ганц цохилт даахгүй шүү, бид хоёроос уучлалт гуйгаад гар” гэж хэлэхээр нь уучлалт гуйсан. Тэр үед гаднаас Алекс орж ирсэн... М.Э гэнэт миний хувцаснаас бариад сэгсэрч эхлэхээр нь миний уур хүрч, өөрийнх нь хувцаснаас бариад сэгсэрсэн. Хажуугаар Ч намайг бариад авахаар нь би буцаагаад Чыг бариад авсан. Алекс бид нарыг салгасан ба салгах үед М.Э миний уруул хэсэгт нэг удаа цохисон. Уруулаас цус гарсан. ...Удалгүй ангийнхаа хүүхдүүдтэй дэлгүүрт байх үед Э орж ирээд “би чиний нүдэнд багтаад байвал одоо гар ир, одоо л энэ асуудлыг дуусгая” гэж хэлэхээр нь би “хэрэггүй” гэж хэлсэн. Ингээд би Этай хамт гарсан бөгөөд тэдний ангийн хүүхдүүд, манай ангийн хүүхдүүд бүгдээрээ хамт сагсны талбайн хажуугийн саданд очсон. Э бид хоёр зодолдсон бөгөөд Э миний шанаа хэсэгт нэг удаа цохихоор нь би буцаагаад духны хэсэгт 2 удаа цохисон. Бид хоёр ноцолдох явцдаа газарт унасан. Гэтэл хажуу талаас Ч миний нүүр хэсэгт нэг удаа дэвссэн. Тэр үед би дагзаараа газарт саваад манарсан. Миний толгой хэсэгт үргэлжлүүлээд хүн цохиод байсан ба би манарсан байсан учир сайн мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/,

 

Гэрч Б.Батхүүгийн мөрдөн байцаалтад өгсөн:

“Хичээл тараад Х.Ч, М.Э нар болон бусад хүүхдийн хамт “Чухаг” хүнсний дэлгүүр дотор байж байх үед гаднаас Содбилэг орж ирсэн. Э, Содбилэг нар хэрэлдэж, маргалдаад хоорондоо зодолдохоор болж хүрээлэнгийн хашаа руу явсан. Тухайн үед би дэлгүүрт үлдсэн бөгөөд 2-3 минутын дараа очиход Содбилэг, Э нар заамдалцсан зогсож байснаа бие биенийхээ нүүр хэсэгт хэд хэдэн удаа цохилцож байснаа газар унасан. Ч салгах гэхэд тэр хоёр салахгүй байсан учир Ч уурлаж Содбилэгийн нүүр лүү нэг удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-30/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 14021 дугаартай:

“Б.Содбилэгийн биед уруулд зөөлөн эдийн няцрал, уруулын салстад цус хуралт, язрал, дээд баруун 4-р шүдний үзүүрийн эмтрэл, дух, баруун хацарт зулгаралт, баруун нүдний доод зовхи, баруун хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, эрүүнд цус хурал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 31/,

 

Өсвөр насны шүүгдэгч Х.Чын мөрдөн байцаалтад өгсөн:

“...Би Э, Батхүү, Энэрэл болон 10 дугаар ангийн хүүхдүүдийн  хамт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хашаанд ороход Э 10 дугаар ангийн сурагч Содоо гэх хүүхэдтэй зодолдож эхэлсэн. Би тэр хоёрыг салгасан ба тухайн үед 10 дугаар ангийн хүүхдүүд хараад зогсож байсан. Зодооны дараа Эын духны баруун талын хэсэгт хавдаад хөхөрсөн байсан. Содоогийн нүүрийг би хараагүй...” гэх мэдүүлэг /хх-ий 11-12/,

 

Өсвөр насны шүүгдэгч М.Эын мөрдөн байцаалтад өгсөн:

“...Хүүхдүүд тойроод Содбилэг бид хоёр зодолдохоор болсон. Содбилэг баруун гараараа намайг цохих оролдлого хийхээр нь би хажуу тийшээ бултаад Содбилэгийг зүүн гараараа баруун шанаан тус газарт нэг удаа цохисон. Содбилэг намайг барьж аваад баруун гараараа бугуйлдан боож, нүүр лүү 3-4 удаа цохисон. намайг газарт унахад миний дээр гарч суусан ба би босоод Содбилэгийн малгайтай цамцны малгайнаас татаж нүүрийг нь таглаж байгаад зүүн мөр рүү нь нэг удаа өшиглөсөн. Би өшиглөсөн эрчиндээ газарт унаад Содбилэгтэй ноцолдож, бие биенээ хэд хэдэн удаа цохисон. Хааашаа нь яаж цохисон эсэхээ санахгүй байна. Хажуугаас хүүхдүүд орж ирээд салгасан ба би Содбилэгт хандаж “одоо болсон уу” гэж хэлээд яваад өгсөн. Ард хүүхдүүд шуугилдаад үлдсэн. Дараа нь надад ангийн хүүхдүүд “Ч Содбилэгийн нүүр рүү нэг удаа өшиглөөд, нүүрэн дээр нь тамхи унтраах гэж байх үед хүүхдүүд болиулсан” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ий 21-23/,

 

-зөрчлийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 06/ зэрэг нотлох баримтаар тогтоогдлоо.  

 

Хавтаст хэргээс: Х.Чын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 37/, бусад хувийн байдлыг тодорхойлох баримт /хх-ийн 40-47/, М.Эын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 50/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 52/, бусад хувийн байдлыг тодорхойлох баримт /хх-ийн 54-60/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

Хохирогч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.

 

Өсвөр насны шүүгдэгч Х.Ч, М.Э нар бүлэглэн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хохирогч Б.Содбилэгтэй маргалдсаны улмаас биед нь халдаж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн насанд хүрээгүй хохирогч, гэрч, өсвөр насны шүүгдэгч нарын дээрх мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдлоо. 

 

Нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож өсвөр насны шүүгдэгч Х.Ч, М.Э нар нь бүлэглэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна.

 

Өсвөр насны шүүгдэгч Х.Ч, М.Э нарыг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 250.000 төгрөг нэхэмжилж нотлох баримтыг хэрэгт хавсаргасан байна. Уг хохиролыг өсвөр насны шүүгдэгч нар төлж барагдуулсан, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй болжээ.

 

Шүүх өсвөр насны шүүгдэгч нарт ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа учирсан хохирлыг нөхөн төлсөнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

 

Өсвөр насны шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохиролын хэмжээ, хохиролыг төлж барагдуулсан байдал, хувийн байдал, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл зэргийг харгалзан ялаас чөлөөлөхөөр шийдвэрлэв.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, өсвөр насны шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

        ТОГТООХ нь:

 

            1. Өсвөр насны шүүгдэгч М овогт Х Ч, Ш овогт М-ын Э нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Х.Ч, М.Э нарыг 120 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч Х.Ч, М.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 120 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас тус бүр чөлөөлсүгэй.

4. Хэргийн учир өсвөр насны шүүгдэгч Х.Ч, М.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Х.Ч, М.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, өсвөр насны шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Н.БААСАНБАТ