Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2024/00011

 

 Т-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батзориг, Н.Баярмаа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 182/ШШ2023/02310 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 210/МА2023/01964 дүгээр магадлалтай,

Т-ын нэхэмжлэлтэй,

Х  ХХК, М  ХХК-д холбогдох

Орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулахад шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж өгөхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, түүний өмгөөлөгч О.Т нарын гаргасан хяналтын гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөлөөгч Б.А

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Т-ын нэхэмжлэлтэй, Х  ХХК, М  ХХК-д тус тус холбогдуулан Баянзүрх дүүргийн 5-р хороо, Поларис апартмент-1, С блок, 1-р орц, 9 давхар, 000  тоот хаягт байрлах орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулахад шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж өгөхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

2. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.08.10-ны өдрийн 182/ШШ2023/02310 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т-ыг Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Поларис апартмент 1, С блок, 1 орц, 9 давхар 000  тоотод байрлах, 57,44 м.кв талбай бүхий, 2 өрөө орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг тогтоож, орон сууцыг ашиглалтад орсны дараа үл хөдлөх эд хөрөнгө бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтуудыг нэхэмжлэгч Т-од хүлээлгэж өгөхийг хариуцагч Х  ХХК-д даалгаж, хариуцагч М  ХХК-д холбогдох нэхэмжлэгч Т-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Т-оос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 601,510 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х  ХХК-аас 601,510 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т-од олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.11.10-ны өдрийн 210/МА2023/01964 дүгээр магадлалаар  Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.08.10-ны өдрийн 182/ШШ2023/02310 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул Х  ХХК, М  ХХК-д тус тус холбогдох Баянзүрх дүүргийн 5 дугаар xopoo, Поларис апартмент 1, С блок, 1 дүгээр орц, 9 давхар, 000  тоотод байрлах, 57,44 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг гэрээнд заасан үнээр өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээг Т-ын нэр дээр гаргуулах, улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг бүрдүүлж өгөхийг даалгах тухай нэхэмжлэгч Т-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Х  ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 531,310 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, түүний өмгөөлөгч О.Т нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

4.1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх Т-ыг Баянзүрх дүүргийн 5-р хороо, Поларис апартмент 1, С блок, 1 орц, 9 давхар 000  тоотод байрлах, 57,44 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг тогтоож, орон сууцыг ашиглалтад орсны дараа үл хөдлөх эд хөрөнгө бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтуудыг нэхэмжлэгч Т-од хүлээлгэж өгөхийг хариуцагч Х  ХХК-д даалгаж ...” шийдвэрлэсэн. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Х  ХХК-д холбогдох Баянзүрх дүүргийн 5-р хороо, Поларис апартмент 1, С блок, 1-р орц, 9 давхар, 000  тоотод байрлах, 57,44 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг гэрээнд заасан үнээр өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох, Т-ын нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулах, улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг бүрдүүлж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

4.2.Гэвч анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа Баянзүрх дүүргийн 5-р хороо, Поларис апартмент 1, С блок, 1 орц, 9 давхар 000  тоот хаягт байрлах, 57,44 м.кв талбай бүхий, 2 өрөө орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг тогтоож, орон сууцыг ашиглалтад орсны дараа үл хөдлөх эд хөрөнгө бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг Т-од хүлээлгэж өгөхийг “ТХ констракшн ХХК-д даалгах гэж тодруулсныг давж заалдах шатны шүүх анхаараагүй, нэхэмжлэлийн гурван шаардлага байгаа мэт дүгнэсэн. Нэхэмжлэгч эхний шаардлагадаа улсын тэмдэгтийн хураамжид 531,310 төгрөгийг, 2 дахь шаардлагадаа 70,200 төгрөг  төлж зөвхөн 2 шаардлага гаргасан.

4.3. Давж заалдах шатны шүүх орон сууцны барилга бүрэн баригдаж ашиглалтад ороогүй байна гэж дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо нэхэмжлэгчээс тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлага нь бүрэн баригдаж дууссан барилгад гэрчилгээ гаргуулах бус гэдгийг анхаарч үзээгүй. Учир нь “нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дээрх орон сууцыг гэрээнд заасан үнээр өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох” агуулгатай.

Барилгын компаниуд нэг орон сууцыг олон этгээдэд худалдаж бусдыг хохироож байна. Маргааны зүйл болох орон сууцанд 2023 оны 11 сарын 06-ны өдрөөс барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комисс ажиллаж, 2023.11.22-ны өдөр улсын комисс хүлээн авч ашиглалтад орсон.

Давж заалдах шатны шүүх “Орон сууцны барилга баригдаж дууссаны дараа гэрээний зүйл болох орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхтэй холбоотой нэхэмжлэл гаргах, улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэл хийлгэхэд энэ шийдвэр саад болохгүй болно” гэж дүгнэсэн боловч Т- дахин нэхэмжлэл гаргаж хохирох нөхцөл үүсгэсэн. Хариуцагч энэ хугацааг ашиглан орон сууцыг бусдад худалдаж болзошгүй. Тухайлбал, Т-оос өөр нэхэмжлэгч нарын хэрэг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад орон сууцны барилга ашиглалтад орсон гэх шалтгаанаар давхар гэрээ хийж, орон сууцанд орох ёсгүй айлуудыг оруулсан.

Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.11.10-ны өдрийн 210/МА2023/1964 дугаар магадлалыг хүчингүйд тооцож, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.08.10-ны өдрийн 182/ШШ2023/02310 дугаар шийдвэрийг хэвээр өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, түүний өмгөөлөгч О.Т нарын хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т тус тус заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023.12.26-ны өдрийн 001/ШХТ2023/00046 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

ХЯНАВАЛ:

6. Нэхэмжлэгч Т- нь хариуцагч Х  ХХК болон М  ХХК-д тус тус холбогдуулан Орон сууц захиалгаар бариулах гэрээний дагуу Баянзүрх дүүргийн 5-р хороо, Поларис апартмент-1, С блок, 1-р орц, 9 давхар, 000  тоот хаягт байрлах орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулахад шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж өгөхийг даалгуулах нэхэмжлэл гаргасан ба үндэслэлээ “...орон сууцны үнийг төлж барагдуулсан. Хариуцагч барилгын материалын үнэ 40-50 хувь өссөн учраас орон сууцны үнээ нэмэх болсон гэж мэдэгдсэн. Гэтэл гэрээнд ямар ч тохиолдолд орон сууцны үнийг нэмэхгүй гэж заасан.  Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1 дэх хэсэгт зааснаар орон сууцыг өмчлөлдөө авахаар шаардах давуу эрхтэй, үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой баримт бичгийг гүйцэтгэгч захиалагчид шилжүүлэх үүрэгтэй, барилгыг М  ХХК гүйцэтгэж байгаа тул үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулахад шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж өгөхийг хариуцагч нарт даалгаж өгнө үү гэж тайлбарласан,

Хариуцагч Х  ХХК нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “... Ковид-19 цар тахлын улмаас барилгын материалын үнэ нэмэгдсэн, нэхэмжлэгч гэрээний үнэд өөрчлөлт оруулах саналыг зөвшөөрөөгүй тул орон сууцыг бусдад худалдсан” гэж маргасан бол хариуцагч М  ХХК “... Цонх угсралтын ажил гүйцэтгэх гэрээний хөлсөнд маргааны зүйл болох орон сууцыг Х  ХХК-д шилжүүлсэн, Т-той гэрээ байгуулаагүй” гэж татгалзсан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд В.Хандсүрэн бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож, хариуцагч Х  ХХК-ийн татгалзлыг дэмжсэн тайлбар гаргажээ.

7. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ “... Х  ХХК болон Т- нарын хооронд Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, захиалагч Т- орон сууцны үнийг бүрэн төлсөн, хариуцагч Х  ХХК орон сууцны 1 м.кв талбайн үнийг 1,800,000 төгрөг болгон нэмэгдүүлэх саналыг нэхэмжлэгч Т- зөвшөөрөөгүйгээс гэрээний үнэ хэвээр үлдсэн, харилцан тохиролцоонд хүрээгүй нь гэрээг цуцлах үндэслэл болохгүй, хариуцагч Х  ХХК үл хөдлөх эд хөрөнгийг захиалагчийн өмчлөлд шилжүүлэхэд шаардагдах баримт бичгийг нэхэмжлэгч Т-од гаргаж өгөх үүрэгтэй…” гэсэн дүгнэлт хийсэн.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “... орон сууцны барилга бүрэн баригдаж ашиглалтад ороогүй, өмчлөх эрхийг бүртгэсэн талаар баримтгүйгээс гадна ирээдүйд бий болох эд хөрөнгө байна. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3 дахь хэсэгт  зааснаар ажил гүйцэтгэгч орон сууцны барилгыг барьж, бодитоор бий болоогүй тохиолдолд орон сууц захиалагчийн өмчлөлд шилжүүлэх боломжгүй” гэж үзжээ.

8. Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн, давж заалдах шатны шүүх нотлох баримт үнэлэх үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлээгүй тухай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдол нь үндэслэлтэй байх тул магадлалыг хүчингүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

9. Хэргийн баримтаас үзэхэд Х  ХХК болон Т- нарын хооронд 2019.12.02-ны өдөр Орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулагдаж, гүйцэтгэгч Х  ХХК нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт “Поларис апартмент-1” хотхоны С блок, 9 давхар, 000  тоот хаягт байрлах 57,44 м.кв орон сууцыг 2021 оны 1-р улиралд барьж ашиглалтад оруулах, захиалагч Т- нь 1 м.кв талбайг 1,300,000 төгрөгөөр тооцож 74,672,000 төгрөгөөс урьдчилгаа 40,000,000 төгрөгийг бэлнээр төлж, үлдэгдэл 34,672,000 төгрөгийг 1 жилийн хугацаанд сар бүр төлөх хуваарийг тохиролцжэ

10.1. Нэхэмжлэгч Т- орон сууцны урьдчилгаа төлбөр 40,000,000 төгрөгийг бэлнээр төлж, үлдэгдэл 34,672,000 төгрөгийг 2019.12.23-ны өдрөөс 2021.01.20-ны өдрийг хүртэлх хугацаанд бүрэн төлж үүргээ биелүүлсэн бол хариуцагч Х  ХХК гэрээнд заасан 2021 оны 1-р улиралд орон сууцыг барьж ашиглалтад оруулах үүргээ биелүүлээгүй байна.

  10.2. Хариуцагч Х  ХХК нь 2022.03.01-ний өдрийн 22/01 дугаар албан бичгээр “...Ковид-19 цар тахлын улмаас бараа материал, түүхий эдийн үнэ 43-50 хувиар өссөнтэй холбоотой гэрээний үнийн дүнд өөрчлөлт оруулан 1 м.кв-ын үнийг 1,800,000 төгрөг болсон... байрны үнийн өсөлтийг захиалагч нь хүлээн зөвшөөрөхгүй бол гэрээ цуцлах...” талаар  Т-од  мэдэгдэл хүргүүлсэн.  Т- энэхүү саналыг хүлээн зөвшөөрөхгүй талаар “...сар болгон төлөлтөө хийж дуусаад байраа хүлээж байгаа,...нэмэгдэл үнийг хүлээн зөвшөөрч чадахгүй...” гэж 2022.04.11-ний өдөр Х  ХХК-д бичгээр хариу хүргүүлжээ.

10.3. Хариуцагч Х  ХХК нь гуравдагч этгээд В-тэй2022.02.26-ны өдөр Орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулж, “Поларис апартмент-1” хотхоны С блок, 9 давхар, 000  тоот хаягт байрлах 57,44 м.кв орон сууцыг түүний өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон, В.Хандсүрэн нь 97,000,000 төгрөгийг Х  ХХК-д  төлсөн баримт хэрэгт авагдсан байна.

11. Хариуцагч М  ХХК нь хариуцагч Х  ХХК-тай байгуулсан 2020.03.18-ны өдрийн Цонх угсралтын ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлын хөлсөнд маргааны зүйл болох орон сууцыг Х  ХХК-д шилжүүлсэн, Х  ХХК нь Т-той гэрээ байгуулсан талаар талууд маргаагүй, харин Ковид-19 цар тахлын нөлөөгөөр барилгын материалын үнэ нэмэгдсэн үндэслэлээр гэрээнд өөрчлөлт ороогүй бол хариуцагч Х  ХХК гэрээг цуцлах эрхтэй эсэх, орон сууцны талаар сүүлд гэрээ байгуулсан гуравдагч этгээдийн эрх хамгаалагдах эсэх нь маргааны зүйл болжээ.  

12. Гэрээ байгуулах үед орон сууцны барилгын ажил эхлээгүй байсан бөгөөд  орон сууцыг хариуцагч нар тодорхой хугацааны дараа барьж дуусган нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцсон гэрээний агуулга, хэрэгжсэн байдлаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.

13. Хариуцагч Х  ХХК-ийн Т-од хүргүүлсэн 2022.03.01-ний өдрийн 22/01 дугаар албан бичиг болон шүүхэд гаргасан түүний хариу тайлбарын агуулгаас үзэхэд тэрээр Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1 дэх хэсэгт зааснаар ... өөрчлөгдсөн нөхцөл байдалд нийцүүлэхийг шаардах, мөн хуулийн  220.4 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзах эрхтэй байж болно.

14. Гэвч хариуцагч Х  ХХК нь гэрээ байгуулах үндэслэл болсон нөхцөл байдал гэрээ байгуулсны дараа илтэд өөрчлөгдсөн буюу Ковид-19 цар тахлын улмаас тухайн орон сууцны 1 м.кв талбайг 1,800,000 төгрөг болгон нэмэгдүүлэх бодит нөхцөл байдал үүссэн, үнэ нэмэхгүйгээр хариуцагч гэрээний үүргийг биелүүлэх боломжгүй болсон гэх тайлбараа нотолсон ямар нэгэн нотлох баримтыг шүүхэд  гаргаж өгөөгүй байна.

Гэрээ байгуулах үеийн үнэ тогтоосон нөхцөл байдал гэрээ хэрэгжих явцад бодитоор өөрчлөгдсөн буюу орон сууц барихад шаардлагатай бараа материалын үнэ өссөнтэй холбоотой нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. 

15. Түүнчлэн, хариуцагч Х  ХХК нь Т-той байгуулсан гэрээг цуцлаагүй байхдаа  буюу 2022.02.26-ны өдөр гуравдагч этгээд В-тэй Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний 1.4, 4.2.6-д “гүйцэтгэгч тал гэрээний зүйлийг гуравдагч этгээдэд худалдахгүй” байх үүргээ зөрчиж, 2022.03.01-ний өдөр гэрээний үнийн дүнд өөрчлөлт оруулах, эсхүл гэрээг цуцлах талаар мэдэгдэл хүргүүлжээ.

16. Дээрх байдлаас үзэхэд анхан шатны шүүх хариуцагч Х  ХХК нь тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, хариуцагчийн тайлбар нотлогдоогүй гэж дүгнэсэн нь  үндэслэлтэй.

17. Хариуцагч Х  ХХК нь нэхэмжлэгч Т-той байгуулсан Орон сууц захиалгаар бариулах гэрээг хууль болон гэрээнд заасан үндэслэл, журмын дагуу цуцалж дуусгавар болгоогүй атлаа гуравдагч этгээдтэй дахин гэрээ байгуулсан талаар тогтоолын 13.2.-т дүгнэсэн.

18. Хэдийгээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.4, 250 дугаар зүйлийн 250.1-т тус тус зааснаар худалдагч нэг эд хөрөнгийг хэд хэдэн этгээдэд худалдсан бол уг эд хөрөнгийг хамгийн түрүүнд эзэмшилдээ авсан худалдан авагч давуу эрхтэй байж болох боловч гуравдагч этгээд В-гийндавуу эрх хамгаалагдахгүй байна.

19. Учир нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүх хуралдаанд “... нэхэмжлэгчид орон сууцыг гуравдагч этгээдэд худалдах талаар мэдэгдэж байсан ... гуравдагч этгээдэд ч тухайн орон сууц маргаантай талаар мэдэгдэж байсан...” гэсэн тайлбар гаргаснаас үзэхэд В.Хандсүрэн Х  ХХК-тай гэрээ байгуулах үед тухайн орон сууцтай холбоотой маргааны талаар мэдэж байсан гэж үзнэ.

20. Иймд гуравдагч этгээд В-гийн хувьд Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар өмчлөх эрх хамгаалагдахгүй, мөн хуулийн 250 дугаар зүйлийн 250.1-т заасан давуу эрхийн зохицуулалтанд хамаарахгүй болно.  Энэ тухай анхан шатны шүүхийн дүгнэлт хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэгдсэн ба анхан шатны шүүхийн шийдвэрт гуравдагч этгээд давж заалдах гомдол гаргаагүй байна.

21. Давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтын талаар болон хариуцагч татгалзлаа нотлох үүргээ биелүүлээгүй байдалд хуульд нийцсэн дүгнэлт хийгээгүй, ажлын үр дүн бодитоор бий болж, хариуцагч тал орон сууцны барилгыг 2023 оны 9 дүгээр сард ашиглалтанд оруулах талаар тайлбарласан байхад нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт  заасныг зөрчсөн тул магадлалыг хүчингүй болгов.

22. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааны үйл баримтыг тогтоохдоо хэргийн оролцогчийн гаргаж өгсөн нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, тухайн хэрэгт ач холбогдолтой эргэлзээгүй талаас нь үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байхаас гадна тухайн маргаанд хэрэглэвэл зохих Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

23. Харин хариуцагч М  ХХК нь Х  ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу маргааны зүйл болох орон сууцыг шилжүүлэн өгсөн боловч тухайн барилгын ерөнхий гүйцэтгэгчийн хувьд нэхэмжлэлийн 2 дахь шаардлага буюу үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулахад шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж өгөхийг даалгуулах шаардлагатай холбоотойгоор нэхэмжлэгч хамтран хариуцагчаар оролцуулсан нь үндэслэлтэй байхад түүнд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь буруу байх тул залруулав.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж магадлалыг хүчингүй болгож, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 210/МА2023/01964 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 182/ШШ2023/02310 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар Т-ыг Баянзүрх дүүрэг, 5-р хороо,  “Поларис апартмент-1”, С блок, 1-р орц, 9 давхар, 000  тоот хаягт байрлах 57,44 м.кв 2 өрөө орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгө бүртгүүлэхтэй холбоотой  бичиг баримтуудыг нэхэмжлэгч Т-од хүлээлгэж өгөхийг хариуцагч Х  ХХК, М  ХХК-д тус тус даалгасугай” гэж,

2 дахь заалтын “... хариуцагч Х  ХХК-аас 601,510 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т-од олгосугай” гэснийг “хариуцагч Х  ХХК-аас 531,310 төгрөг, хариуцагч Х  ХХК, М  ХХК-аас 70,200 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Т-од олгосугай”  гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Т-ын 2023.12.11-ний өдөр урьдчилан төлсөн 601,510 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Н.БАТЧИМЭГ

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                 Г.АЛТАНЧИМЭГ                       

      ШҮҮГЧИД                                                Н.БАТЗОРИГ

                                                                          Н.БАЯРМАА

                                                                        Д.ЦОЛМОН