Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2023/01964

 

2023 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2023/01964

 

Ш.Тын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 182/ШШ2023/02310 дугаар шийдвэртэй,

 

Ш.Тын нэхэмжлэлтэй,

“констракшн” ХХК, “М” ХХК-д тус тус холбогдох,

 

Үл хөдлөх эд хөрөнгийг гэрээнд заасан үнээр өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээг Ш.Тын нэр дээр гаргуулах, улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг бүрдүүлж өгөхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагч “констракшн” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Отгонбаатар, хариуцагч “констракшн” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Нэргүй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Ш.Т нь Баянзүрх дүүргийн 5 дугаар xopoo, Поларис апартмент 1, С блок, 1 дүгээр орц, -, -од байрлах, 57.44 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг худалдаж авахаар 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр “констракшн” ХХК-тай орон сууц захиалгаар бариулах гэрээг байгуулсан. Уг орон сууцны 1 м.кв-ыг 1,300,000 төгрөг буюу нийт 74,672,000 төгрөгөөр худалдаж авахаар харилцан тохиролцсон ба орон сууцны үнийг гэрээ байгуулсан өдрөө “констракшн” ХХК-ийн “Голомт банк” ХК дахь 1205150191 тоот дансанд урьдчилгаа 40,000,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 34,672,000 төгрөгийг 12 сарын хугацаанд хэсэгчлэн төлж, төлбөрийг 100 хувь барагдуулсан.

Гэрээний дагуу дээрх орон сууц нь 2021 оны 2 дугаар улиралд ашиглалтад орох ёстой байсан боловч өнөөдрийг хүртэл ашиглалтад орсон эсэх, улсын комисс хүлээн авсан эсэх нь тодорхойгүй байна.

1.2. 2022 оны 03 дугаар сарын сүүлээр “констракшн” ХХК-аас орон сууцны 1 м.кв-ын үнийг 1,800,000 төгрөг болгосон, үнийн өсөлтийг зөвшөөрөхгүй бол гэрээг цуцлахыг албан ёсоор мэдэгдэж байна гэсэн талуудын хооронд байгуулсан “Орон сууцны захиалгаар бариулах гэрээ”-г илтэд зөрчсөн мэдэгдэл ирүүлсэнд 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр үндэслэлгүйгээр үнэ нэмснийг зөвшөөрөх боломжгүй талаар хариу өгсөн. Гэвч хариу огт өгөөгүй ба очиж уулзаад “эгч нь тэтгэврийн хүн, нэмж мөнгө төлж яагаад ч чадахгүй” гэхээр “тэр ямар хамаатай юм, мөнгөө нэмж төл, охин чинь Солонгост байдаг биздээ” гэсэн хариу өгдөг.

“констракшн” ХХК-тай байгуулсан “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-ний 1.4-т “Орон сууцны нийт үнэ 74,672,000 төгрөг”, 4.2.4-т “Гэрээ хүчин төгөлдөр үйлчилж байх хугацаанд гэрээний үнэд өөрчлөлт оруулахгүй байх” гэж заасан.

1.3. Хариуцагч “констракшн” ХХК нь Ш.Тын үл хөдлөх эд хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх эрхийг ноцтойгоор зөрчсөнөөс гадна цаашид орон сууцны түлхүүрийг гардаж авах, өмчлөгчөөр тогтоогдох, үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтуудыг гаргуулж авах зэрэг эрхийг зөрчих нөхцөлийг үүсгэж байна. Энэхүү эрхээ иргэн хүн шүүхээс өөр байгууллагаар хамгаалуулах ямар ч боломжгүй юм.

Энэхүү гэрээнд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.4 дэх хэсэгт зааснаар худалдах,худалдан авах гэрээний зохицуулалт үйлчилнэ гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн хувьд Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1 дэх хэсэгт зааснаар орон сууцыг өмчлөлдөө авахаар шаардах давуу эрхтэй. Нэмэгдүүлсэн шаардлагын хувьд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу тухай үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой баримт бичгийг гүйцэтгэгч захиалагчид шилжүүлэх үүрэгтэй. Мөн гэрээнд зааснаар баримт бичгийг гаргаж өгөх үүрэгтэй

Барилгын материалын үнэ 40-50 хувь өссөн учраас орон сууцны үнээ нэмэх болсон гэдэг. Гэтэл гэрээнд ямар ч тохиолдолд орон сууцны үнийг нэмэхгүй гэж зааж өгсөн учир нэхэмжлэгчийн мэдэгдэл үндэслэлгүй. Тухайн орон сууцыг “М” ХХК барьсан. Ажил гүйцэтгэх гэрээний дагуу бартераар уг орон сууцыг хариуцагчид өгсөн талаарх тайлбараа ирүүлсэн.

1.4. Иймд Ш.Тыг Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Поларис апартмент 1, С блок, 1 орц, - -од байрлах, 57.44 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг гэрээнд заасан үнээр өмчлөх эрхтэй болохыг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг Ш.Тын нэр дээр гаргаж, улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг бүрдүүлж өгөхийг хариуцагч нарт даалгаж өгнө үү.

 

2. Хариуцагч “констракшн” ХХК-ийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Тус маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг “констракшн” ХХК нь өөр захиалагчид худалдсан учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

2.2. Хариуцагч “констракшн” ХХК нь захиалагч “М” ХХК-ийн захиалгаар Поларис апартмент 1, 2 төслийн угсралт, цонх, дотор цахилгааны ажлыг гэрээгээр хийж гүйцэтгэн ажлын хөлсөндөө бартераар байрууд авч, тус байрандаа гэрээт ажлыг хийж гүйцэтгэхэд шаардлагатай бараа материал, ажиллах хүчээ цалинжуулах зорилгоор худалдаж борлуулсан.

2.3. 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 22 дугаар Орон сууц захиалгаар бариулах гэрээг байгуулсан. Тус гэрээний 2.1.1-д 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2021 оны 1 дүгээр улирал хүртэл байгуулагдсан боловч гэрээний хугацаа дууссан учир гэрээ цуцлагдаж байгаа талаар, мөн тус гэрээний үнийн дүн болох 1 м.кв-ыг 1,300,000 төгрөгөөр худалдан  боломжгүй талаар мэдэгдэж, манай компаниас 50 хувийг хариуцаж, захиалагч нарт үнийг 1,800,000 болгох саналыг албан ёсоор тавьсан. Учир нь Ковид-19 өвчний тархалтаас үүдэлтэй бараа материалын түүхий эдийн үнэ өссөнтэй холбоотойгоор 1 м.кв-ын үнэ 2,200,000-2,300,000 төгрөг болгох төсөвт тооцоо гарсан тул нэмэхээс өөр аргагүй нөхцөл байдал үүссэн.

2.4. Тус гэрээний 2.1.1-д заасан үндэслэлээр гэрээг сунгах болон цааш нь үргэлжлүүлэх талаар захиалагч нарыг дуудаж уулзсан. Зарим захиалагчид гэрээний үнийн дүнд өөрчлөлт оруулж, гэрээний хугацааг сунгасан. Нэхэмжлэгч Солонгос улсад байдаг охин руугаа ярья гэж хугацаа алдсан. Та тохиролцож гэрээний хугацаагаа сунгахгүй тохиолдолд өөр захиалагчид орон сууцыг зарахаас өөр аргагүй талаар мэдэгдэж байсан.

2.5. “констракшн” ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд нь А.И байдаг. Гэтэл нэхэмжлэгчийн гэрээг ерөнхий захирал Г.Г баталсан байдаг. Манай компанийн тамга, тэмдэг дарагдсан боловч хэн дарсан нь тодорхойгүй.

 

3. Хариуцагч “М” ХХК-ийн татгалзал, тайлбарын агуулга:

3.1. Нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Поларис апартмет-1 хотхоны С блок, 1 орц, -, -од байрлах, 57.44 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц нь 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн П2-А-АГГ-20/21 дугаартай “Цонх угсралтын ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу “констракшн” ХХК-ийн өмч бөгөөд дээрх гэрээгээр маргаан бүхий орон сууцыг захиран зарцуулах эрхтэй байна.

3.2. Ш.Т нь дээрх орон сууцтай холбоотой манай байгууллагатай “Орон сууцзахиалан бариулах гэрээ” болон бусад гэрээг байгуулаагүй, мөн “констракшн” ХХК нь манай байгууллагатай байгуулсан гэрээний дагуу маргаан бүхий орон сууцны өмчлөгч тул ашиглалтад орсны дараа улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбогдох бичиг баримтыг гаргаж өгөх боломжгүй байна.

Дээрх маргаан нь “констракшн” ХХК болон Ш.Т нарын хооронд байгуулсан Орон сууц захиалан бариулах гэрээний маргаан тул “М” ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд В.Хгийн гаргасан татгалзал, тайлбарын агуулга:

4.1. Миний бие хариуцагчтай 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 01 дугаартай “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-г хийсэн бөгөөд тус гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцох аливаа эрх зүйн үндэслэл байхгүй. Миний бие тус гэрээг байгуулах үедээ нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд байгуулсан гэрээний талаар огт мэдээгүй бөгөөд мэдэх ч боломжгүй байсан. Энэ талаар “констракшн” ХХК нь ямар нэгэн зүйл хэлээгүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмнөх гэрээг нь хүчингүй болсон байсан гэж тайлбарладаг.

4.2. Миний бие дээрх хүчин төгөлдөр гэрээгээр хүлээсэн үүргээ 100 хувь биелүүлж, тус орон сууцны хууль ёсны өмчлөгч болсон. Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар миний бие орон сууцны өмчлөх эрхийг шударгаар олж авсан.

Иймд орон сууцны хууль ёсны өмчлөгчийн эрхийг хамгаалж, нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Анхан шатны шүүхийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш.Тыг Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Поларис апартмент 1, С блок, 1 орц, - -од байрлах, 57.44 м.кв талбай бүхий, 2 өрөө орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг тогтоож, орон сууцыг ашиглалтад орсны дараа үл хөдлөх эд хөрөнгө бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтуудыг нэхэмжлэгч Ш.Тод хүлээлгэж өгөхийг хариуцагч “констракшн” ХХК-д даалгаж, хариуцагч “М” ХХК-д холбогдох нэхэмжлэгч Ш.Тын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ш.Тоос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 601,510 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “констракшн” ХХК-аас 601,510 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ш.Тод олгож шийдвэрлэжээ.

 

6. Хариуцагч “констракшн” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

6.1. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийн хууль зүйн үндэслэлээ Худалдах, худалдан авах гэрээний зохицуулалт гэж үзэж маргасан байхад шүүх Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний зохицуулалтын маргаан гэж үзэж шийдвэрлэсэн нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрээ гаргаагүй гэж үзэхээр байна. Маргааны үйл баримтад дүн шинжилгээ хийхдээ нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, шаардах эрх нь хуулийн ямар зүйл заалтаар үүссэн талаар нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн тайлбар зэргийг харгалзан үзэлгүй шийдвэрээ гаргасан. Иргэний шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь зохигчийн тэгш эрхийн зарчимд үндэслэж явагддаг, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ өөрөө тодорхойлож хуулийн зүйл заалтаар шаардах эрх нь үүссэн талаараа шүүх хуралд мэтгэлцэх зарчмын хүрээнд мэтгэлцдэг.

6.2. Хариуцагч нь гэрээний хүчин төгөлдөр байдалд маргадаг. Стандарт бус нөхцөлтэй гэрээ, “констракшн” ХХК-ийг төлөөлөн гүйцэтгэх захирал А.И итгэмжлэлгүйгээр гэрээ байгуулах эрхтэй байдаг. Хариуцагч мэтгэлцээний явцад А.И гэрээ байгуулаагүй, Г.Г гэдэг хүн гэрээ байгуулсан байна гэж маргадаг. Шүүхийн хариуцагчийг нотлох үүргээ гүйцэтгээгүй гэж үзсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаас нотлох баримтаар “констракшн” ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбарыг гаргаж өгсөн. Хариуцагч нь тайлбар татгалзлаа нотлох баримттай гаргасан гэж үзэж байна.

6.3. Гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөж шийдвэрээ гаргасан.

 

7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

7.1. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан гэж үзэж байна. Хуульд зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн авсан тохиолдолд улсын бүртгэлд бүртгүүлэх зохицуулалттай. Гэтэл тухайн үл хөдлөх эд хөрөнгийг бүртгүүлэх боломжгүй байсан бөгөөд уг үл хөдлөх эд хөрөнгө баригдаж байсан.

7.2. Анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасны дагуу ажил гүйцэтгэх гэрээ гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Мөн Г.Г нь компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч бөгөөд эрх бүхий албан тушаалтан байдаг. Гэтэл Г.Гантулгын нэр бүхий гарын үсгийн ард гарын үсэг зурснаар дүгнэхэд гүйцэтгэх А.Иийн шүүхэд ирүүлсэн итгэмжлэл, бусад мэдэгдэх хуудас зэрэгтэй тохирч байна. Тухайн гэрээнд “констракшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.И өөрөө гарын үсэг зурсан байдаг.

7.3. Гуравдагч этгээдийн зүгээс давж заалдах гомдол гаргаагүй учраас үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “констракшн” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор хязгаарлалгүй бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч Ш.Т нь хариуцагч “констракшн” ХХК, “М” ХХК-д тус тус холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийг гэрээнд заасан үнээр өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээг Ш.Тын нэр дээр гаргуулах, улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг бүрдүүлж өгөхийг хариуцагч нарт даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

3. “констракшн” ХХК болон Ш.Т нарын хооронд 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр “Орон сууц захиалгаар бариулах гэрээ” байгуулагдаж, уг гэрээгээр “констракшн” ХХК нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Поларис апартмент-1” хотхоны П-1, С блок, 1 дүгээр орц, -, -од байрлах 57,44 м.кв бүхий 2 өрөө орон сууцыг барьж ашиглалтад оруулж, захиалагчийн өмчлөлд шилжүүлэх, Ш.Т нь 1 м.кв талбайн үнийг 1,300,000 төгрөөр тооцон нийт 74,672,000 төгрөг төлөхөөр үүргийг тус тус хүлээсэн байна.

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа гэж тодорхойлсныг буруутгах боломжгүй байх бөгөөд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.

4. Нэхэмжлэгч Ш.Т нь 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 74,672,000 төгрөгийг хариуцагчид төлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн талаар талууд маргаагүй.

 

5. Хариуцагч “констракшн” ХХК нь 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдөр В.Хтэй Орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулсан, уг гэрээгээр “констракшн” ХХК маргаан бүхий орон сууцыг В.Хгийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээж, В.Х гэрээний үнэд 97,000,000 төгрөгийг төлсөн болох нь “Хаан банк” ХХК-ийн шилжүүлгийн баримтаар тогтоогдсон.

 

6. Цаг хугацааны хувьд нэхэмжлэгч Ш.Т нь маргаан бүхий орон сууцыг өмчлөлд шилжүүлэх гэрээг гуравдагч этгээд болох В.Хгээс өмнө олж авсан байгааг дурдах нь зүйтэй.

 

7. Маргаан бүхий орон сууц баригдаж дуусаагүй, улсын комисст хүлээлгэн өгөх боломжгүй байгаа, өмчлөх эрх улсын бүртгэлд бүртгэгдээгүй болох талаархи хариуцагч “констракшн” ХХК-ийн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбараас дүгнэвэл маргаан бүхий орон сууцны барилга бүрэн баригдаж ашиглалтад ороогүй байна. 

Түүнчлэн уг барилгын өмчлөх эрхийг бүртгэсэн талаар баримтгүйгээс гадна ирээдүйд бий болох эд хөрөнгө байна. Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3 дахь хэсэгт зааснаар ажил гүйцэтгэгч орон сууцны барилгыг барьж орон сууцыг бодитоор бий болгоогүй тохиолдолд орон сууцыг захиалагчийн өмчлөлд шилжүүлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.   

 

8. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч Ш.Т болон хариуцагч “М” ХХК-ийн хооронд гэрээний үүргийн харилцаа үүсээгүй байгааг дурдах нь зүйтэй.

 

9. Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, “констракшн” ХХК, “М” ХХК-д тус тус холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.  

 

10. Орон сууцны барилга баригдаж дууссны дараа гэрээний зүйл болох орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхтэй холбоотой нэхэмжлэл гаргах, улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэл хийлгэхэд энэ шийдвэр саад болохгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 182/ШШ2023/02310 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул “констракшн” ХХК, “М” ХХК-д тус тус холбогдох Баянзүрх дүүргийн 5 дугаар xopoo, Поларис апартмент 1, С блок, 1 дүгээр орц, -, -од байрлах, 57.44 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг гэрээнд заасан үнээр өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээг Ш.Тын нэр дээр гаргуулах, улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг бүрдүүлж өгөхийг даалгах тухай нэхэмжлэгч Ш.Тын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “констракшн” ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 531,310 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Г.ДАВААДОРЖ

 

          ШҮҮГЧ                                      Э.ЗОЛЗАЯА