Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 183/ШШ2021/01260

 

 

 

2021 оны 06 сарын 10 өдөр Дугаар 183/ШШ2021/01260 Улаанбаатар хот  

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

       Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 00 дүгээр хороолол, 00-00 тоотод оршин суух, Ц овогт Б.О /РД:ЧК00000000/

       Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 00 дүгээр хороолол, 00-00 тоотод байрлах С.Г ХХК /РД:0000000/ нарын нэхэмжлэлтэй, 

      Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 7 дугаар хороо, Говийн байр, 0 тоотод оршин суух Б овогт П.О/РД:ЧЗ00000000/-д холбогдох,

     Нэхэмжлэгч Б.О зээлийн гэрээний үүрэгт 17,500,000 төгрөг , нэхэмжлэгч С.Г ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 5,000,000 төгрөг тус тус гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, 92,476,500 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Сансартуяа, хариуцагч П.О хариуцагчийн өмгөөлөгч О.О нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:  

Нэхэмжлэгч Б.О шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Миний бие Б.О нь анх П.О-тай 2015 онд эгчийнхээ С.Г ХХК-ийн ломбарданд сууж байхдаа танилцсан. Тэрээр эхлээд жижиг зээлийг барьцаатай авдаг байж байгаад, явцын дунд бид дотно танилцсан. П.О- нь өөрийгөө цагдаа, өмгөөлөгч гэж хэлээд надад цэнхэр өнгийн үнэмлэх үзүүлсэн тул "хуулийн хүн асуудалгүй байх гэж бодон түүнд итгээд барьцаагүй зээлийг, нэг сарын 4 хувийн хүүтэй өгч эхэлсэн. П.О- нь анхандаа ломбардаас авсан зээлээ асуудалгүй төлдөг байж байгаад надад үнэмлэх үзүүлснээсээ хойш хувиас минь барьцаагүй, гэрээгүй, баримтгүй зээлүүдийг олон удаа авсан. Би түүнд итгэж байсан тул тухай бүр өөрийн дэвтэр дээрээ авсан мөнгө болон өгсөн мөнгөний тооцоог бичиж явж байгаад 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр түүнээс авах мөнгөний үлдэгдлээ тооцож үзэхэд нийт 39,000,000 төгрөг болсон байсан. Ингээд 2018 оны эхээс хойш тэрээр зээлсэн мөнгөнийхөө хүүг ч өгөхөө больж худал ярин надаас зугтаах болсон. Ингээд миний бие түүнд өгсөн өмнөх бүх зээлээ нэмээд тооцоо нийлж өөрийн хар дэвтэртээ гарын үсэг зуруулж авсан. Түүнтэй гэрээ хийж, нотариатаар гэрчлүүлье, үлдэгдлээ баталгаажуулъя гэхээр үнэмлэхгүй байна, хөдөө явж байна, яаруу байна гэх мэтээр худал үнэн ярьж, зугтаагаад байсан болохоор арга буюу өөрт байдаг тооцооны дэвтэр дээрээ гарын үсэг зуруулж авдаг байсан. Хамгийн сүүлд П.О-тай 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар тооцоо нийлэхэд миний хувиасаа өгсөн зээл 21,200,000 төгрөг, ломбардаас 5,000,000 төгрөг нийт 26,200,000 төгрөгийн үлдэгдэлтэй гарч өөрөө хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Энэ үеэс эхлэн миний бие хариуцагчаас огт хүү тооцож аваагүй бөгөөд өгсөн мөнгө бүрийг нь үндсэн зээлээс хасаж тооцож байсан юм. Ингээд 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр, 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрүүдэд тооцоо нийлж 26,200,000 төгрөгөөс хасалт хийж явсаар 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр гэхэд 22,500,000 төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэлтэй болсон. Гэтэл үүнээс хойш надтай холбогддог байсан бүх утас, интернэт хаягаа блоклож надаас харилцаагаа тасалсан. Миний бие П.О-аас 22,500,000 төгрөгийг шаардсан боловч үүнээс 5,000,000 төгрөг ньС.Г ХХК-ийн авах ёстой мөнгө тул нэхэмжлэлийн шаардлагыг 5,000,000 төгрөгөөр багасгаж, 17,500,000 төгрөгийг хариуцагч П.О-аас нэхэмжилж байна... гэв.

Нэхэмжлэгч С.Г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О нь шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр манай ажилтан Б.О нь өөрийн танил гэх П.О-д 5,000,000 төгрөгийг 4 хувийн хүүтэй, барьцаагүй зээлдүүлсэн. Харин хариуцагч зээлийн төлөлтийг Б.Огийн 0000000000 тоот дансанд сар бүр хүүний төлбөрт 200,000 төгрөгийг хийдэг байсан. Үүнээс хойш үндсэн зээл болон зээлийн хүүг 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдөр төлөөгүй. Ийнхүү манай ажилтан Б.О нь П.О-аас авах хувийн авлагын тооцоондоо манай байгууллагын 5,000,000 төгрөгийг оруулж тооцоо нийлсэн байна. Иймд хариуцагчаас 5,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү ... гэв.

Хариуцагч Б.О шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Миний бие 2016 оноос 2017 оны хооронд Б.Огийн мөнгийг өсгөж өгч хамтран ажилладаг байсан. Би Б.Огээс мөнгө авахдаа дансаар авч буцааж өгөхдөө дансаар өгдөг байсан. Гэтэл Б.О нь намайг залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн, надад залилуулчихсан гэж Цагдаагийн байгууллагад намайг гүтгэсэн гомдол гаргаж миний нэр төрд халдаж намайг хохироосон. Б.Огийн нэхэмжилж буй нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Б.О-гээс миний дансруу шилжүүлсэн мөнгө нь 0000000000, 0000000000данс руу орж ирсэн нийт дүн нь 115,257,000 төгрөг байдаг. Харин миний бие Б.Огийн 0000000000, 0000000000 данс руу нийт 192,733,500 төгрөгийг шилжүүлсэн. Би Б.О-гийн нэхсэн мөнгийг ашигтай нь хамт шилжүүлдэг байсан. Б.О нь надаар мөнгөө өсгүүлдэг байсан эцэст нь цагдаад хүртэл гүтгэж мэдүүлэг өгч танил талаараа хууль зөрчиж миний эрх, эрх чөлөө нэр хүндэд халдаж, гүтгэж намайг хохироож байсан. Б.О нь намайг дарамталж миний засвар хийгдээд 12,000,000 төгрөгөөр зарагдах боломжтой машиныг минь хүртэл 3,000,000 төгрөгөөр зарж мөнгийг нь тус мөнгийг хүртэл надаас авсан. Цагдаад намайг илт гүтгэсэн мэдүүлэг өгч эрүүгийн хэрэгт тусгагдах үед дансны хуулга нэг бүрчлэн шүүж үзээд Б.О рүү илүү мөнгө шилжүүлсэн гэдгийг хуулийн байгууллага тогтоосон. Б.О нь 3,900,000 төгрөгийг над руу шилжүүлсэн гэдэг нь 2 дансанд орсон хуулгаар нотлогддоггүй. Харин би Б.О рүү илүү мөнгө шилжүүлсэн байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй ... гэжээ.

Хариуцагч П.О- шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа:... Миний бие 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 0000000000, 0000000000тоот дансаар Б.О-гээс нийт 115,257,000 төгрөгийг барьцаагүй, гэрээ байгуулалгүй зээлдэж авсан. Б.О надад мөнгө зээлдүүлэх, би зээлдэж авсан мөнгөө буцаан өгөхдөө дандаа бэлэн бусаар өөр өөрсдийн дансаар шилжүүлдэг байсан.

Миний бие Б.О-гээс дансаараа 115,257,000 төгрөг авч 192,733,500 төгрөгийг буцааж өгсөн нь 77,476,500 төгрөгөөр илүү өгсөн байна. Мөн миний бие 2017 онд хүүхдээ сургуульд суралцуулахаар хүүхдүүдийнхээ хамт Бүгд Найрамдах Солонгос улс руу явсан. Ингэж явахдаа Б.Од итгэмжлэл өгч нотариатаар батлуулан өөрийн эзэмшлийн MITSUBISHI PAJERO маркийн 00-00 УНП дугаар бүхий алтан шаргал өнгийн автомашинаа тухайн үеийн буюу 2017 оны зах зээлийн үнийн ханшаар зарж борлуулаад мөнгийг нь надад өгөөрэй, өөр найдвартай хүн байхгүй байна гэж хэлээд Б.Од итгэмжлэл өгч машинаа үлдээгээд явсан. Энэхүү автомашиныг Б.Ог худалдан борлуулсан эсэх талаар Тээврийн хэрэгслийн лавлагааг 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр авч үзэхэд Б.О бусдад худалдан борлуулсан байсан. Б.О чиний итгэмжлэлээр үлдээсэн машины гэж нэг ч төгрөг өгөөгүй, би ч энэ талаар асуугаагүй өдийг хүрсэн. Иймд миний бие Б.Огээс зээлдэж авсан 115,257,000 төгрөгөөс буцааж өгсөн 192,733,500 төгрөгийн зөрүү 77,476,405 төгрөг, машины үнэ 15,000,00 төгрөг, нийт 92,476,500 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан бөгөөд машиныг 3,000,000 төгрөгөөр зарсан байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа 12,000,000 төгрөгөөр багасгаж 80,476,405 төгрөгийг нэхэмжлэгч Б.Огээс нэхэмжилж байна... гэв

Нэхэмжлэгч Б.О сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: ... Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Миний бие хариуцагчтай 2012 онд биш 2015 онд урт цагаанд байрлах ломбардад танилцаж байсан. Тэрээр ломбардаас хэд хэдэн удаа барьцаатай зээл авч, итгэл олон улмаар өөрийгөө цагдаагийн ажилтан, өмгөөлөгч хүн гэж үнэмлэх үзүүлсэн болохоор нь би итгээд барьцаагүй зээл өгдөг болсон. Үүнтэй холбоотойгоор тэрээр удаа дараа ломбардад ирж бэлэн мөнгө зээлээр олон удаа авдаг байсан болохыг гэрч С.Бямбасүрэн нотолсон юм. Сөрөг нэхэмжлэлд дурдагдаад буй 115,257,000 төгрөг бол зөвхөн данс хоорондын гүйлгээ бөгөөд үүнээс гадна бэлэн мөнгө их хэмжээгээр авч байсан учраас бидний хооронд тооцооны үлдэгдэл гарч ирсэн. Хариуцагч нь 115,257,000 төгрөг зээлж авснаас буцааж өгсөн 192,733,500 төгрөгийн зөрүү 77,476,500 төгрөгийг шаардаж байгаа нь ойлгомжгүй байна. Учир нь зөвхөн дансаар биш бэлнээр мөнгө зээлдэг байсан учраас дансны хуулганаас харахад буцааж өгсөн мөнгө нь авсан мөнгөнөөсөө илүү харагдаж байна. Түүнчлэн бидний хооронд өгсөн зээлтэй огт хамааралгүй мөнгийг тооцоондоо оруулсан байна. Дансны хуулганаас харахад 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 46,046,000 төгрөгийг миний данс руу хийсэн нь USD үнэ гэсэн утгатай байна. Тухайн үед миний бие бэлэн мөнгийг долларт шилжүүлэх шаардлагатай болоод байж байтал П.О- болон түүний нөхөр Д.С нар ирээд доллар аваад өгье гэж хэлсэн. Ингээд тэр хоёрт 100,000,000 төгрөг бэлнээр өгөөд доллар авхуулсан бөгөөд үүнээс үлдэгдэл мөнгийг миний данс руу буцааж хийсэн байх тул зээлийн тооцоололд орох ёсгүй. Мөн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн гүйлгээ болох 500,000 төгрөгийг 2 удаа орлогодсон байдаг. Энэ бүхнээс харахад бидний хооронд зээлийн үлдэгдэл байсан учраас л 2018 онд П.О- нь өөрийн гараар 2018 оны 6 дугаар сард багтааж 500,000 төгрөг дансаар хийнэ. Аль болох 23,000,000 төгрөгийг хурдан төлж барагдуулна хэмээн бичиж өгсөн. Энэ баталгаа гэх зүйлийнхээ дагуу хамгийн сүүлд 2018 оны 6 дугаар сард 500,000 төгрөгийг дансаар төлсөн. Үүнээс харахад хариуцагч нь надад өгөх өр төлбөртэй гэдгээ хүлээн зөвшөөрч байсан бөгөөд хэрэв надаас авлагатай бол ийм бичиг хийж өгөхгүй, бүр түүнийхээ дагуу нэмж мөнгө өгөхгүй байх байсан.

2. 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хариуцагч нь өөрийнхөө хүслээр 00-00 УНП улсын дугаартай Miysubishi Pajero машин болон 00-00УБТ Toyota prius машинаа надад өрөндөө өгөхийн тулд захиран зарцуулах эрх бүхий итгэмжлэл хийж өгсөн. Бидний тохиролцоогоор тухайн машинуудыг зараад өрөндөө суутгах байсан юм. Учир нь тухайн үед надад нийт 29,200,000 төгрөгийн өртэй байсан. /Үүнээс 5,000,000 төгрөг нь ломбардын зээл болно. Ингээд уг тохиролцооны дагуу 2017 оны 6 дугаар сарын 09-нд иргэн Ц.О гэх хүнд 00-00 УНП улсын дугаартай Miysubishi Pajero машиныг нь 3,350,000 төгрөгөөр худалдсан. Тухайн үед машиныг хэдэн төгрөгөөр зарах талаар зөвшөөрлийг хариуцагчаас авч худалдаж, худалдсан 3,350,000 төгрөгөөс 3,000,000 төгрөгийг өрнөөсөө хасаж, үлдэгдэл 350,000 төгрөгийг П.О-ын дансанд хийсэн. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй ... гэв.

      Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад           

                                                                                                            ҮНДЭСЛЭХ нь: 

    Нэхэмжлэгч Б.О хариуцагч П.О-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 22,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 17,500,000 төгрөг гаргуулах,

     Нэхэмжлэгч С.Г ХХК хариуцагч П.О-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,000,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийг,

   Хариуцагч П.О- нэхэмжлэгч Б.Од холбогдуулан 92,476,500 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа 12,000,000 төгрөгөөр багасгаж үлдэх 80,476,500 төгрөг гаргуулах сөрөг шаардлагыг шүүхэд тус тус гаргажээ.

  Шүүх хуралданаар хэргийг хянан хэлэлцэх явцад гаргасан нэхэмжлэгч нарын нэхэмжлэл, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэл, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч нарын үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

  Нэхэмжлэгч Б.О нь ...Бид хамтарч ажилладаг байгаагүй. 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс өмнөх зээлийн харилцааг тодорхой сайн мэдэхгүй. Хариуцагчид итгээд найзын хувьд мөнгө зээлээд явж байсан. Яг хэдэн төгрөгийг хэзээ зээлсэн, хүүгийн хэмжээг тайлбарлах боломжгүй. Хариуцагч П.О-тай 2016.07.26-ны өдөр хоёр тал тооцоо нийлж, хариуцагч нь 39,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр гарын үсэг зурж, тооцоо нийлсэн. Уг тооцооны дагуу нэхэмжлэгч 2016.08.05-ны өдөр 5,000,000 төгрөг төлж, үлдэгдэл 34,000,000 төгрөг үлдсэн,

2016.08.10-ны өдөр бэлнээр 5,000,000 төгрөг зээлсэн, үлдэгдэл 39,000,000 төгрөг үлдсэн,

2016.08.23-ны өдөр 8,000,000 төгрөг, 2016.09.11-ний өдөр 6,000,000 төгрөг, 2016.10.13-ны өдөр 1,500,000 төгрөг, 2016.12.09-ний өдөр 3,000,000 төгрөг, 2016.12.26-ны өдөр 500,000 төгрөг, 2017 оны 4 сард 1,200,000 төгрөг, 2017.05.24-ны өдөр 100,000 төгрөг тус тус төлж, үлдэгдэл 18,700,000 төгрөг үлдсэн,

Мөн 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Солонгос явна гээд хариуцагч бэлнээр 700,000 төгрөг, дансаар 300,000 төгрөг нийт 1,000,000 төгрөг зээлсэн. үлдэгдэл 19,700,000 /18,700,000+1,000,000/ төгрөг үлдсэн,

Хариуцагчийн өмчлөлийн хоёр машин зарахаар хариуцагч П.О- надад итгэмжлэл үлдээсэн. Итгэмжлэлийн дагуу миний бие Пажеро маркийн машиныг нь 3,350,000 төгрөгөөр худалдаж, хариуцагч П.О-д 350,000 төгрөгийг шилжүүлж, үлдэх 3,000,000 төгрөгийг өрнөөсөө хасаж 16,700,000 /19,700,000-3,000,000/ төгрөг үлдсэн,

Отгонжаргалын зөвшөөрлөөр 2016.05.04-ний өдөр Э. гэх хүнд 5,000,000 төгрөг зээлсэн. Уг 5,000,000 төгрөгийн зээлийн хүү, үндсэн төлбөрт 750,000 төгрөгийг хариуцагч П.О- төлж, үлдэгдэл нь 4,500,000 төгрөг нийт 21,200,000 /16,700,000+4,500,000/ төгрөг үлдсэн,

Хариуцагч 2017.07.25-ны өдөр 1,200,000 төгрөг, 2017.08.21-ний өдөр 1,000,000 төгрөг, 2017.10.31-ний өдөр 500,000 төгрөг, 2017.11.09-ны өдөр 100,000 төгрөг, 2017.11.28-ний өдөр 400,000 төгрөг, 2018.06.28-ны өдөр 500,000 төгрөг тус тус төлж, үлдэх 17,500,000 төгрөгийг нэхэмжилж байна ... гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч С.Г ХХК нь ... хариуцагчид 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 5,000,000 төгрөг зээлсэн. Уг төлбөрийг нэхэмжлэгч Б.О өөрийн хувийн зээлийн тооцоондоо суутгаж авсан байх тул хариуцагч П.О-аас 5,000,000 төгрөгийг нэхэмжилж байна... гэж тайлбарладаг.

Хариуцагч П.О- нь ... нэхэмжлэгч өөрөө нягтлан санхүүгийн мэргэжилтэй хүн. Нэхэмжлэгчийг мэргэжлийн хүний хувьд, найзын хувьд итгэж, тооцоо нийлсэн гэх баримтад би ямар ч тооцоо нийлэхгүйгээр гарын үсэг зурсан, гарын үсэг нь миний гарын үсэг маргахгүй. Бид хоёр 2015 оноос хамтарч зээл чөлөөлдөг ажил хийдэг байсан ба ашгаа хувааж авдаг байсан. Отгонсүрэн мөнгөө дандаа миний дансаар шилжүүлдэг байсан бөгөөд би хүү, ашиг, үндсэн зээл мөнгөний хамт буцаагаад дор бүр нь нэхэмжлэгчийн дансанд шилжүүлж байсан. Миний хувьд 5,000,000 төгрөгийг хувьдаа зээлсэн, бусад зээл гэх мөнгө нь нэхэмжлэгч надаар дамжуулан бусдын зээл чөлөөлж, бусдад зээл олгосон мөнгө юм. Дансны тооцоогоо би тулгаж хийгээгүй, нэхэмжлэгчид итгэж баримтад гарын үсэг зурсан тул уг тооцоо нийлсэн гэх баримтын дагуу нэхэмжилж байгаа нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Өөрийн зээлсэн 5,000,000 төгрөгийн хүүд тооцож 2015.12.02-ны өдөр 200,000 төгрөг, 2016.01.04-ний өдөр 200,000 төгрөг, 2016.02.02-ны өдөр 200,000 төгрөг, 2016.03.03-ны өдөр 200,000 төгрөг хүүд нийт 800,000 төгрөг төлж, үндсэн зээл 5,000,000 төгрөгийг 2016.03.14-ний өдөр дансаар тус тус төлсөн. Нэхэмжлэгчээс 2016.05.04-ний өдөр 5,000,000 төгрөгийг 5 хувийн хүүтэй авч Э.д зээлүүлсэн бөгөөд уг зээлийн хүүд 2016.06.03-ны өдөр 250,000 төгрөг, 2016.07.06-ны өдөр 250,000 төгрөг, 2016.08.06-ны өдөр 250,000 төгрөг, 2016.09.06-ны өдөр 250,000 төгрөг, 2016.10.06-ны өдөр 250,000 төгрөг, 2016.11.07-ны өдөр 250,000 төгрөг, 2016.12.09-ний өдөр 250,000 төгрөг хүүд нийт 1,750,000 төгрөгийг, үндсэн төлбөрөөс 2016.12.09-ний өдөр 3,250,000 төгрөг, 2017.01.08-ны өдөр 250,000 төгрөг, 2017.04.05-ны өдөр 250,000 төгрөг, 2017.04.12-ны өдөр 750,000 төгрөг, 2017.02.07-ны өдөр 250,000 төгрөг, Хас банканд төлсөн 250,000 төгрөг гээд нийт үндсэн төлбөрийн 5,000,000 төгрөг, хүү 1,750,000 төгрөг нийт 6,750,000 төгрөгийг Э.ын зээлсэн төлбөрийг нэхэмжлэгч О дансанд шилжүүлж, төлж барагдуулсан. Нэхэмжлэгч нягтлан хүн тул мөнгөө дансаар шилжүүлдэг байсан бөгөөд миний данс руу нэхэмжлэгч нийт 115,257,000 төгрөгийг шилжүүлж, би буцаагаад нэхэмжлэгчийн данс руу 192,733,500 төгрөгийг шилжүүлсэн, дансны тулгалтаар нэхэмжлэгчид өгөх тооцоо байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй... гэж маргадаг.

Хэрэгт авагдсан 2017 оны 7 дугаар сарын 25 гэсэн бичиглэлтэй баримтад 24,000,000 төгрөг 2017 оны 9 дүгээр сарын 06-нд тооцоо нийлэв гэсэн бичиглэлтэй гарын үсэг зурсан, 23,400,000 төгрөг 2017 оны 11 сарын 27-нд гэсэн бичиглэлтэй гарын үсэг зурсан, уг баримтад зурсан гарын үсгийг хариуцагч П.О- би зурсан, гарын үсэг зурсанд маргахгүй гэж шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлаж, /х.х-ийн 16 хуудас/ энэхүү баримтыг нэхэмжлэгч Б.О үндэслэн, зээлийн гэрээний үүрэгт хариуцагчаас 17,500,000 төгрөгийг шаардаж байна.

Харин хариуцагч П.О- дээрх баримтад гарын үсэг зурсан нь үнэн боловч нэхэмжлэгч Б.О нь тооцооллыг үнэн зөв хийгээгүй баримтад гарын үсэг зуруулсан тул уг тооцооллын дагуу нэхэмжилж байгаа шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байх тул шүүх уг тооцоо нийлсэн гэх баримтыг үнэн зөв эргэлзээгүй гэж шууд үнэлэх үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ, 40.2-д Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлнэ гэж заажээ.

Нэхэмжлэгч Б.О хариуцагч П.О- нарын хоорондын банк дах харилцах дансаар 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрүүдийн хооронд олон удаагийн гүйлгээ хийгдсэн байх ба хавтаст хэргийн 16 дугаар хуудаст авагдсан 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 39,000,000 төгрөгийн зээлийн тооцооны үлдэгдэл үүссэн талаар нэхэмжлэгч Б.О шүүхэд тайлбарлаж чадахгүй байх тул шүүх талуудын хооронд банк дах дансны нийт гүйлгээнд тулгалт хийж, нотлох баримтыг үнэлж талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаанд дүгнэлт хийх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ гэж заасан. Хариуцагч П.О- бид бусдад мөнгө зээлж, бусдын зээлийг чөлөөлж, ашгаа хувааж хамтарч ажиллаж байсан, нэхэмжлэгч Б.О бид хамтарч ажиллаагүй гэж тайлбарладаг бөгөөд талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаа нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан гэрээний шинжийн бүрэлдэхүүнийг хангаагүй байх тул зохигчдын хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа үүсээгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан. Нэгдүгээр хавтаст хэргийн 75-113 хуудаст авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч Б.О-гийн банк дах данснаас хариуцагч П.О-ын банк дах данс руу нийт 204,507,000 төгрөг нэхэмжлэгч хариуцагч руу шилжүүлсэн, хариуцагч П.О-аас нэхэмжлэгч Б.О-гийн данс руу буцаагаад нийт 232,932,500 төгрөгийн гүйлгээ хийгдсэн талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаа Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасантай нийцэж байна.

Дээрх Б.О-гийн дансны хуулгаар хариуцагч П.О- нэхэмжлэгчид зээлийн гэрээний үүрэг биелүүлэх үүрэг үүссэн болох нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Б.Огийн зээлийн гэрээний үүрэгт хариуцагчаас нэхэмжилсэн 17,500,000 төгрөгийн шаардлагыг шүүх нотлох баримтаар тогтоогдоогүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч С.Г ХХК нь хариуцагч П.О-аас зээлийн гэрээний үүрэгт 5,000,000 төгрөгийг нэхэмжилж байх бөгөөд уг 5,000,000 төгрөгийг авсан талаар хариуцагч маргаагүй байна.

Сэлэнгэгрөв ХХК нь барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг болох нь улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. /1х.х-ийн 118 хуудас/

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч С.Г ХХК болон хариуцагч П.О- нар 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр №000 дугаар Зээлийн гэрээ байгуулж, 5,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй байхаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан байх бөгөөд зохигчдын хооронд байгуулсан энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.5-д Хуульд өөрөөр заагаагүй бол барьцаалан зээлдэх газраас олгох зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж заасантай нийцсэн хүчин төгөлдөр зээлийн гэрээ байна. /1х.х-ийн 5 хуудас/

Нэхэмжлэгч Б.О нь С.Г ХХК-ийн ажилтан байсан үйл баримтын талаар зохигчид маргаагүй бөгөөд хариуцагч П.О- ломбардын хүү, орлогод 3,480,000 төгрөг төлж байсан тооцооллыг нэхэмжлэгч Б.О шүүхэд тайлбарлаж тооцооллыг ирүүлсэн тайлбар /1х.х-ийн 71-74 хуудас/ нэхэмжлэгч Б.О-гийн дансны хуулгаар, мөн С.Г ХХК-ийн 000 дугаар гэрээний хуудаст тооцож авч байсан тэмдэглэл авагдсан байх тул хариуцагч зээлийн гэрээний төлбөр төлөх үүргээ бүхэлд биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-д Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ.Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан бөгөөдС.Г ХХК болон хариуцагч П.О- нар 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр №000 дугаар Зээлийн гэрээгээр 5,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлүүлэхээр тохиролцсон, гэрээний хугацааг нэхэмжлэгчС.Г ХХК сунгаагүй байна Уг гэрээний дагуу С.Г ХХК нь 1 сарын хүү 200,000 төгрөг хариуцагчаас авах эрхтэй ба үлдэх 3,280,000 төгрөг төлсөн үүргийг үндсэн төлбөрөөс хасах хууль зүйн зохицуулалттай байх тул хариуцагч нэхэмжлэгчид үлдэх 1,720,000 төгрөгийг төлөх үүрэг үлдсэн байна.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж заасан бөгөөд нэхэмжлэгч С.Г ХХК нь 2015 оны 000 дугаар зээлийн гэрээний үүргийн зөрчил шаардах эрхийн хуульд заасан хугацаа дууссан, хөөн хэлэлцэх хугацааг сэргээх хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдохгүй байх тул шүүхС.Г ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 5,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд

Хариуцагч П.О- нэхэмжлэгч Б.Огээс 92,476,500 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч машиныг 3,000,000 төгрөгөөр худалдсан нь худалдах, худалдан авах гэрээгээр тогтоогдож байх тул машины үнэд 15,000,000 төгрөг нэхэмжилснээс 12,000,000 төгрөгийг хасаж, нэхэмжлэлийн шаардлагаа 12,000,000 төгрөгөөр багасгажээ. Иймээс нэхэмжлэгч Б.О-д илүү шилжүүлсэн зөрүү 77,476,405 төгрөг, машины үнэ 3,000,000 төгрөг нийт 80,476,405 төгрөгийг нэхэмжлэгч Б.О-гээс сөрөг нэхэмжлэлээр нэхэмжилж байна.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Б.Огийн банк дах данснаас хариуцагч П.О-ын банк дах данс руу нийт 204,507,000 төгрөг нэхэмжлэгч хариуцагч руу шилжүүлсэн, хариуцагч П.О-аас нэхэмжлэгч Б.О-гийн данс руу буцаагаад нийт 232,932,500 төгрөгийн гүйлгээ хийгдсэн нь нэхэмжлэгч Б.О-гийн тайлбар, тооцоолол, дансны хуулгаар тогтоогддог. / 1х.х-ийн 75-113 хуудас/

Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн бол үүрэг дуусгавар болохоор заажээ. Хариуцагч П.О- нэхэмжлэгч Б.Огээс мөнгө авч, бусдад хүүтэй зээлдэг, мөн бусдын зээл чөлөөлж ашгаа хуваадаг байсан, нэхэмжлэгчээс авсан мөнгийг хүү, ашгийн хамт нэхэмжлэгчийн дансанд шилжүүлдэг байсан гэж тайлбарладаг бөгөөд хариуцагчийн энэ тайлбар нэхэмжлэгчийн дансны хуулгаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ

Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д Хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон бол хэлцэл хийсэн гэж үзнэ. Мөн хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор шударгаар гүйцэтгэнэ, 13 дугаар зүйлийн 13.1-д Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ гэж заасан бөгөөд хариуцагч нэхэмжлэгч Б.О-гээс тухай бүр нь мөнгө авч, бусдад зээлүүлж хүү, ашгийн хамт төлж байсан нь үүргээ шударгаар биелүүлж, хариуцагч П.О- нэхэмжлэгчид буцаан үндсэн мөнгө, хүү, ашгийг төлж байсан тул Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн өмнө хүлээсэн хариуцагчийн үүрэг дуусгавар болж байсан байна гэж шүүх дүгнэсэн тул илүү шилжүүлсэн зөрүү 77,476,405 төгрөг гаргуулах сөрөг шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Мицүбиши Пажеро маркийн, 0000 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч нь хариуцагч П.О- байсан болох 2015 оны 8 дугаар сарын 07-ны өдөр олгосон, 00000000 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. /2х.х-ийн 8 хуудасны ар нүүр/

Хариуцагч П.О- нь 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр өөрийн өмчлөлийн 0000 УНП улсын дугаартай, Мицүбиши Пажеро маркийн, 00000000 гэрчилгээний дугаартай тээврийн хэрэгслийг бусдад худалдах, арилжих, бэлэглэх, барьцаанд тавих, нэр шилжүүлэх, гэрээнд төлөөлөх, гарын үсэг зурах, төлбөр тооцоог хүлээн авах, уг асуудлаар эрх бүхий байгууллагад төлөөлөх бүхий эрхийг 3 жилийн хугацаатай, нэхэмжлэгч Б.Од олгосон итгэмжлэл Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-д заасан хүчин төгөлдөр итгэмжлэл байна. /2 х.х-ийн 7 хуудас/

Дээрх итгэмжлэлийг үндэслэн нэхэмжлэгч Б.О хариуцагч П.О-ын өмчлөлийн 0000 УНП улсын дугаартай, Мицүбиши Пажеро маркийн тээврийн хэрэгслийг Ц.От 3,500,000 төгрөгөөр худалдсан болох нь 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн автомашин худалдах, худалдан авах гэрээний хуулбараар тогтоогдож байна. /2х.х-ийн 8 хуудас/

Уг автомашин худалдах, худалдан авах гэрээний дагуу нэхэмжлэгч Б.О 3,500,000 төгрөгийг худалдан авагч Ц.Огээс авсан, 350,000 төгрөгийг хариуцагч П.О-д шилжүүлсэн талаар маргаагүй бөгөөд уг үйл баримт зохигчдын тайлбар, дансны хуулгаар тус тус тогтоогдож байна. /1х.х-ийн 102 хуудас/

Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.3-т Төлөөлөгч нь бүрэн эрхээ шударгаар, төлөөлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцүүлэн хэрэгжүүлэх үүрэгтэй, 63.4-т Энэ хуулийн 63.3-т заасан үүргээ биелүүлээгүйгээс төлөөлөгчид учирсан гэм хорыг төлөөлөгч хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан байна. Нэхэмжлэгч Б.О итгэмжлэлийн дагуу тээврийн хэрэгслийг худалдах эрх олгосон үүргээ биелүүлсэн боловч уг тээврийн хэрэгслийг худалдан борлуулснаас олсон орлого болох мөнгийг хөрөнгийг тээврийн хэрэгслийн өмчлөгч буюу хариуцагч П.О-д шилжүүлэх үүргээ биелүүлээгүй байна.

Иймд хариуцагч автомашин худалдан борлуулсны үнэд 3,000,000 төгрөг шаардсан сөрөг шаардлагыг хангаж, нэхэмжлэгч Б.Огээс 3,000,000 төгрөг гаргуулж хариуцагчид олгож шийдвэрлэлээ.

Шүүх тооцоо нийлсэн гэх 1 хавтаст хэргийн 16 хуудаст авагдсан баримтыг нотлох баримтаар үнэлээгүй тул уг тооцооны дагуу харилцсан утсанд хийсэн үзлэгийг, мөн гэрчүүдийн мэдүүлэг хэрэгт ач холбогдолтой үйл баримтыг гэрчлээгүй, гэрчүүдийн мэдүүлэг давхар баримтаар тогтоогдохгүй байх тул эдгээр баримтыг нотлох баримтаар тус тус шүүх үнэлэх үндэслэлгүй болохыг тайлбарлавал зохино.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь: 

1. Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.4, 75 дугаар зүйлийн 75.2.1, 281 дүгээр зүйлийн 281.1, дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.О-гийн 17,500,000 төгрөг, С.Г ХХК-ийн 5,000,000 төгрөг тус тус гаргуулах үндсэн нэхэмжлэлийг, хариуцагч П.О-ын 77,476,405 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Б.О-гээс 3,000,000 төгрөгийг гаргуулж хариуцагч П.О-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгчийн 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр төлсөн 270,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.О-гээс сөрөг нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 100,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.О-гээс улсын тэмдэгтийн хураамжид 62,950 төгрөг /сөрөг нэхэмжлэлийн 3,000,000 төгрөг ногдох/-ийг гаргуулж улсын төсөвт оруулах, хариуцагч П.О-аас улсын тэмдэгтийн хураамжид 445,332 төгрөг /545,332-100,000/-ийг гаргуулж улсын төсөвт оруулсугай

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

 

 

ШҮҮГЧ                           Ц.ОЮУНБИЛЭГ