Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2021/01482

 

 

 

 

 

 

 

 

 

С ХХК, Б.О- нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2021/01260 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч С ХХК, Б.О- нарын хариуцагч П.О-д холбогдуулан гаргасан нэхэмжлэгч Б.О- нь зээлийн гэрээний үүрэгт 17 500 000 төгрөг, нэхэмжлэгч С ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 5 000 000 төгрөг тус тус гаргуулах үндсэн, 92 476 500 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч С.С, хариуцагч П.О-, хариуцагчийн өмгөөлөгч О.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.О- шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.О- нь анх П.О-тай 2015 онд эгчийнхээ С ХХК-ийн ломбарданд сууж байхдаа танилцсан. Тэрээр эхлээд жижиг зээлийг барьцаатай авдаг байж байгаад, явцын дунд бид дотно танилцсан. П.О- нь өөрийгөө цагдаа, өмгөөлөгч гэж хэлээд надад цэнхэр өнгийн үнэмлэх үзүүлсэн тул хуулийн хүн асуудалгүй байх гэж бодон түүнд итгээд барьцаагүй зээлийг, нэг сарын 4 хувийн хүүтэй өгч эхэлсэн. П.О- нь анхандаа ломбардаас авсан зээлээ асуудалгүй төлдөг байж байгаад надад үнэмлэх үзүүлснээсээ хойш хувиас минь барьцаагүй, гэрээгүй, баримтгүй зээлүүдийг олон удаа авсан. Би түүнд итгэж байсан тул тухай бүр өөрийн дэвтэр дээрээ авсан мөнгө болон өгсөн мөнгөний тооцоог бичиж явж байгаад 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр түүнээс авах мөнгөний үлдэгдлээ тооцож үзэхэд нийт 39 000 000 төгрөг болсон байсан. Ингээд 2018 оны эхээс хойш тэрээр зээлсэн мөнгөнийхөө хүүг ч өгөхөө больж худал ярин надаас зугтаах болсон. Ингээд миний бие түүнд өгсөн өмнөх бүх зээлээ нэмээд тооцоо нийлж өөрийн хар дэвтэртээ гарын үсэг зуруулж авсан. Түүнтэй гэрээ хийж, нотариатаар гэрчлүүлье, үлдэгдлээ баталгаажуулъя гэхээр үнэмлэхгүй байна, хөдөө явж байна, яаруу байна гэх мэтээр худал үнэн ярьж, зугтаагаад байсан болохоор арга буюу өөрт байдаг тооцооны дэвтэр дээрээ гарын үсэг зуруулж авдаг байсан. Хамгийн сүүлд П.О-тай 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар тооцоо нийлэхэд миний хувиасаа өгсөн зээл 21 200 000 төгрөг, ломбардаас 5 000 000 төгрөг нийт 26 200 000 төгрөгийн үлдэгдэлтэй гарч өөрөө хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Энэ үеэс эхлэн миний бие хариуцагчаас огт хүү тооцож аваагүй бөгөөд өгсөн мөнгө бүрийг нь үндсэн зээлээс хасаж тооцож байсан юм. Ингээд 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр, 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрүүдэд тооцоо нийлж 26 200 000 төгрөгөөс хасалт хийж явсаар 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр гэхэд 22 500 000 төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэлтэй болсон. Гэтэл үүнээс хойш надтай холбогддог байсан бүх утас, интернет хаягаа блоклож надаас харилцаагаа тасалсан. Миний бие П.О-аас 22 500 000 төгрөгийг шаардсан боловч үүнээс 5 000 000 төгрөг нь С ХХК-ийн авах ёстой мөнгө тул нэхэмжлэлийн шаардлагыг 5 000 000 төгрөгөөр багасгаж, 17 500 000 төгрөгийг хариуцагч П.О-аас нэхэмжилж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч С ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О- нь шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр манай ажилтан Б.О- нь өөрийн танил гэх П.О-д 5 000 000 төгрөгийг 4 хувийн хүүтэй, барьцаагүй зээлдүүлсэн. Харин хариуцагч зээлийн төлөлтийг Б.О-гийн 5027612746 тоот дансанд сар бүр хүүний төлбөрт 200 000 төгрөгийг хийдэг байсан. Үүнээс хойш үндсэн зээл болон зээлийн хүүг 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдөр төлөөгүй. Ийнхүү манай ажилтан Б.О- нь П.О-аас авах хувийн авлагын тооцоондоо манай байгууллагын 5 000 000 төгрөгийг оруулж тооцоо нийлсэн байна. Иймд хариуцагчаас 5 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч П.О- шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2016 оноос 2017 оны хооронд Б.О-гийн мөнгийг өсгөж өгч хамтран ажилладаг байсан. Би Б.О-гээс мөнгө авахдаа дансаар авч буцааж өгөхдөө дансаар өгдөг байсан. Гэтэл Б.О- нь намайг залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн, надад залилуулчихсан гэж Цагдаагийн байгууллагад намайг гүтгэсэн гомдол гаргаж миний нэр төрд халдаж намайг хохироосон. Б.О-гийн нэхэмжилж буй нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Б.О-гээс миний дансруу шилжүүлсэн мөнгө нь 5015099177, 5020978842 данс руу орж ирсэн нийт дүн нь 115 257 000 төгрөг байдаг. Харин миний бие Б.О-гийн 5027612746, 5077465393 данс руу нийт 192 733 500 төгрөгийг шилжүүлсэн. Би Б.О-гийн нэхсэн мөнгийг ашигтай нь хамт шилжүүлдэг байсан. Б.О- нь надаар мөнгөө өсгүүлдэг байсан эцэст нь цагдаад хүртэл гүтгэж мэдүүлэг өгч танил талаараа хууль зөрчиж миний эрх, эрх чөлөө нэр хүндэд халдаж, гүтгэж намайг хохироож байсан. Б.О- нь намайг дарамталж миний засвар хийгдээд 12 000 000 төгрөгөөр зарагдах боломжтой машиныг минь хүртэл 3 000 000 төгрөгөөр зарж мөнгийг нь тус мөнгийг хүртэл надаас авсан. Цагдаад намайг илт гүтгэсэн мэдүүлэг өгч эрүүгийн хэрэгт тусгагдах үед дансны хуулга нэг бүрчлэн шүүж үзээд Б.О- рүү илүү мөнгө шилжүүлсэн гэдгийг хуулийн байгууллага тогтоосон. Б.О- нь 3 900 000 төгрөгийг над руу шилжүүлсэн гэдэг нь 2 дансанд орсон хуулгаар нотлогддоггүй. Харин би Б.О- рүү илүү мөнгө шилжүүлсэн байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч П.О- шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: Миний бие 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 5015099177, 5020978842 тоот дансаар Б.О-гээс нийт 115 257 000 төгрөгийг барьцаагүй, гэрээ байгуулалгүй зээлдэж авсан. Б.О- надад мөнгө зээлдүүлэх, би зээлдэж авсан мөнгөө буцаан өгөхдөө дандаа бэлэн бусаар өөр өөрсдийн дансаар шилжүүлдэг байсан. Миний бие Б.О-гээс дансаараа 115 257 000 төгрөг авч 192 733 500 төгрөгийг буцааж өгсөн нь 77 476 500 төгрөгөөр илүү өгсөн байна. Мөн миний бие 2017 онд хүүхдээ сургуульд суралцуулахаар хүүхдүүдийнхээ хамт Бүгд Найрамдах Солонгос улс руу явсан. Ингэж явахдаа Б.О-д итгэмжлэл өгч нотариатаар батлуулан өөрийн эзэмшлийн MITSUBISHI PAJERO маркийн 92-50 УНП дугаар бүхий алтан шаргал өнгийн автомашинаа тухайн үеийн буюу 2017 оны зах зээлийн үнийн ханшаар зарж борлуулаад мөнгийг нь надад өгөөрэй, өөр найдвартай хүн байхгүй байна гэж хэлээд Б.О-д итгэмжлэл өгч машинаа үлдээгээд явсан. Энэхүү автомашиныг Б.О-г худалдан борлуулсан эсэх талаар Тээврийн хэрэгслийн лавлагааг 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр авч үзэхэд Б.О- бусдад худалдан борлуулсан байсан. Б.О- чиний итгэмжлэлээр үлдээсэн машины гэж нэг ч төгрөг өгөөгүй, би ч энэ талаар асуугаагүй өдийг хүрсэн. Иймд миний бие Б.О-гээс зээлдэж авсан 115 257 000 төгрөгөөс буцааж өгсөн 192 733 500 төгрөгийн зөрүү 77 476 405 төгрөг, машины үнэ 15 000 000 төгрөг, нийт 92 476 500 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан бөгөөд машиныг 3 000 000 төгрөгөөр зарсан байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа 12 000 000 төгрөгөөр багасгаж 80 476 405 төгрөгийг нэхэмжлэгч Б.О-гээс нэхэмжилж байна гэжээ. Нэхэмжлэгч Б.О- сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Миний бие хариуцагчтай 2012 онд биш 2015 онд урт цагаанд байрлах ломбардад танилцаж байсан. Тэрээр ломбардаас хэд хэдэн удаа барьцаатай зээл авч, итгэл олон улмаар өөрийгөө цагдаагийн ажилтан, өмгөөлөгч хүн гэж үнэмлэх үзүүлсэн болохоор нь би итгээд барьцаагүй зээл өгдөг болсон. Үүнтэй холбоотойгоор тэрээр удаа дараа ломбардад ирж бэлэн мөнгө зээлээр олон удаа авдаг байсан болохыг гэрч С.Б- нотолсон юм. Сөрөг нэхэмжлэлд дурдагдаад буй 115 257 000 төгрөг бол зөвхөн данс хоорондын гүйлгээ бөгөөд үүнээс гадна бэлэн мөнгө их хэмжээгээр авч байсан учраас бидний хооронд тооцооны үлдэгдэл гарч ирсэн. Хариуцагч нь 115 257 000 төгрөг зээлж авснаас буцааж өгсөн 192 733 500 төгрөгийн зөрүү 77 476 500 төгрөгийг шаардаж байгаа нь ойлгомжгүй байна. Учир нь зөвхөн дансаар биш бэлнээр мөнгө зээлдэг байсан учраас дансны хуулганаас харахад буцааж өгсөн мөнгө нь авсан мөнгөнөөсөө илүү харагдаж байна. Түүнчлэн бидний хооронд өгсөн зээлтэй огт хамааралгүй мөнгийг тооцоондоо оруулсан байна. Дансны хуулганаас харахад 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 46 046 000 төгрөгийг миний данс руу хийсэн нь USD үнэ гэсэн утгатай байна. Тухайн үед миний бие бэлэн мөнгийг долларт шилжүүлэх шаардлагатай болоод байж байтал П.О- болон түүний нөхөр Д.С нар ирээд доллар аваад өгье гэж хэлсэн. Ингээд тэр хоёрт 100 000 000 төгрөг бэлнээр өгөөд доллар авахуулсан бөгөөд үүнээс үлдэгдэл мөнгийг миний данс руу буцааж хийсэн байх тул зээлийн тооцоололд орох ёсгүй. Мөн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн гүйлгээ болох 500 000 төгрөгийг 2 удаа орлогодсон байдаг. Энэ бүхнээс харахад бидний хооронд зээлийн үлдэгдэл байсан учраас л 2018 онд П.О- нь өөрийн гараар 2018 оны 6 дугаар сард багтааж 500 000 төгрөг дансаар хийнэ. Аль болох 23 000 000 төгрөгийг хурдан төлж барагдуулна хэмээн бичиж өгсөн. Энэ баталгаа гэх зүйлийнхээ дагуу хамгийн сүүлд 2018 оны 6 дугаар сард 500 000 төгрөгийг дансаар төлсөн. Үүнээс харахад хариуцагч нь надад өгөх өр төлбөртэй гэдгээ хүлээн зөвшөөрч байсан бөгөөд хэрэв надаас авлагатай бол ийм бичиг хийж өгөхгүй, бүр түүнийхээ дагуу нэмж мөнгө өгөхгүй байх байсан. 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хариуцагч нь өөрийнхөө хүслээр 92-50 УНП улсын дугаартай Miysubishi Pajero машин болон 57-19 УБТ Toyota prius машинаа надад өрөндөө өгөхийн тулд захиран зарцуулах эрх бүхий итгэмжлэл хийж өгсөн. Бидний тохиролцоогоор тухайн машинуудыг зараад өрөндөө суутгах байсан юм. Учир нь тухайн үед надад нийт 29 200 000 төгрөгийн өртэй байсан. Үүнээс 5 000 000 төгрөг нь ломбардын зээл болно. Ингээд уг тохиролцооны дагуу 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр иргэн Ц.О гэх хүнд 92-50 УНП улсын дугаартай Miysubishi Pajero машиныг нь 3 350 000 төгрөгөөр худалдсан. Тухайн үед машиныг хэдэн төгрөгөөр зарах талаар зөвшөөрлийг хариуцагчаас авч худалдаж, худалдсан 3 350 000 төгрөгөөс 3 000 000 төгрөгийг өрнөөсөө хасаж, үлдэгдэл 350 000 төгрөгийг П.О-ын дансанд хийсэн. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.4, 75 дугаар зүйлийн 75.2.1, 281 дүгээр зүйлийн 281.1, дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.О-гийн 17 500 000 төгрөг, С ХХК-ийн 5 000 000 төгрөг тус тус гаргуулах үндсэн нэхэмжлэлийг, хариуцагч П.О-ын 77 476 405 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Б.О-гээс 3,000,000 төгрөгийг гаргуулж хариуцагч П.О-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгчийн 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр төлсөн 270 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.О-гээс сөрөг нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 100 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.О-гээс улсын тэмдэгтийн хураамжид 62 950 төгрөг /сөрөг нэхэмжлэлийн 3 000 000 төгрөг ногдох/-ийг гаргуулж улсын төсөвт оруулах, хариуцагч П.О-аас улсын тэмдэгтийн хураамжид 445 332 төгрөг /545 332-100 000/-ийг гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч С.С давж заалдах гомдолдоо: ... Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Анхан шатны шүүх нь энэхүү хэргийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлээс 3 000 000 төгрөгийг хангаж шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг дараах байдлаар хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнээгүйгээс шийдвэр нь бүхэлдээ үндэслэл бүхий биш болсон. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хэргийн 16 дахь талд авагдсан нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд тооцоо хийгдэж, хариуцагч хүлээн зөвшөөрөн гарын үсэг зурсан байдаг бөгөөд гарын үсгийн хувьд талууд маргадаггүй. Энэ нь хариуцагч тал нэхэмжлэгч нарт төлөх өр төлбөр байгаа гэдгийг илэрхийлдэг нотлох баримт юм. Түүнчлэн талуудын хооронд өр авлагын асуудал үүсэхэд нэхэмжлэгч өөрийн хар дэвтэрт тэмдэглэхээс гадна хариуцагчтай гар утасны мессэж болон фэйсбүүк чат зэргээр харилцаж тооцоо нийлдэг байсан. Нэхэмжлэгчийн зүгээс энэ бүх баримтад үзлэг хийлгэж, хэрэгт нотлох баримтаар өгсөн байдаг. Энэхүү үзлэг хийсэн баримтууд нь хариуцагч өөрийн өр төлбөрийн үлдэгдлийг хүлээн зөвшөөрч тооцооллыг хийн үлдэгдэл мөнгөний үнийн дүнг бичиж явуулсан байдаг бөгөөд энэ нь нэхэмжлэгчийн хар дэвтэрт бичигдсэн үнийн дүн, огноотой яг цав таардаг. Үүнээс харахад хариуцагч би тооцоолол хийдэггүй, түүнд итгээд гарын үсэг зурчихдаг байсан гэх тайлбар нь үгүйсгэгдэж байна. Өөрөөр хэлбэл тооцооны үлдэгдлийг хариуцагч өөрөө бодож тооцоолол хийдэг байсан болох нь тодорхой харагдаж байна. Түүнчлэн хариуцагч нэхэмжлэгчээс нэг ч удаа бэлэн мөнгө авч байгаагүй гэж тайлбарладаг боловч түүнийг удаа дараа бэлэн мөнгө авч байсан болохыг гэрч мэдүүлдэг. Гэтэл шүүх зөвхөн банкан дахь гүйлгээний үнийн дүнгээр талуудын хооронд үүссэн харилцаанд дүгнэлт хийж байгаа нь үндэслэлгүй бөгөөд нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэлэлгүй зөвхөн нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэхэд хүргэж байна. Шийдвэрт гэрчийн мэдүүлэг болон утсанд хийсэн үзлэг, тооцоо нийлсэн баримтыг үнэлээгүй талаар дурдсан байдаг боловч энэ нь ойлгомжгүй, эргэлзээ төрүүлдэг. Учир нь гэрч С.Б- нь хариуцагчийн тайлбарыг үгүйсгэдэг, гэрч Энхжаргал нь талуудад зээлийн харилцаанаас өөр харилцаа байдаг болохыг, түүнээс авсан зээлээ буцаан төлсөн болохыг тус тус гэрчилдэг бөгөөд шүүхээс цор ганц нотлох баримтаар үнэлээд байгаа банкны дансны хуулгаар гэрчийн мэдүүлгүүд давхар нотлогддог болно. Үүнээс гадна шүүхийн үнэлээгүй орхигдуулсан 1 нотлох баримт нь хариуцагчийн өөрийн гараар бичиж өгсөн 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн гар бичмэл байдаг бөгөөд хэрэв хариуцагч өр төлбөргүй байсан бол энэхүү бичигт дурдсаны дагуу 500.000 төгрөгийг дансаар шилжүүлэхгүй байх байсан бөгөөд энэ нь мөн л банкны дансны гүйлгээгээр нотлогддог баримт юм. Энэ мэтчилэн нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн бүхий л баримтууд нь хариуцагч нь нэхэмжлэгч талд өглөгтэй болохыг давхар нотолсоор байдаг бөгөөд шүүхээс ямар ч үндэслэлгүйгээр уг баримтуудыг үнэлсэнгүй. Шүүхээс нэхэмжлэгч талыг шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаад үүнээс хойш 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл зээлийн хүү болох 200.000 төгрөгийг тухайн сарынхаа 2-ны өдөр болгон төлдөг байжээ. Ингээд 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр тооцоо нийлэхдээ өөрийн ажилтан Б.О-гээрээ дамжуулан түүний хувийн тооцоонд оруулан 5 000 000 төгрөгийн үндсэн зээлийг авахаар болсон бөгөөд хүүг зогсоосон болно. Үүнээс хойш 2018 оны 12 дугаар сард Б.О- нь хариуцагчид холбогдуулан цагдаад өргөдөл гаргасан бөгөөд тухайн үед Сэлэнгэ Грөв ХХК-ны 5 000 000 төгрөгийг мөн л оруулан өргөдөл гаргасан байх боловч энэхүү хэрэг нь 2020 оны 6 дугаар сард хаагдаж, иргэний шүүхэд 2020.8 дугаар сард хандсан байна. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.7 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч хүү төлсөөр ирсэн бөгөөд 2018 оны 6 дугаар сарын 25-ны баталгаа гэх баримт үйлдэхдээ ломбардын 5 000 000 төгрөгийг мөн л оролцуулан тооцож байсан юм. С ХХК-ны зүгээс шаардах эрхээ өөрийн ажилтан Б.О-гээр дамжуулан байнга хэрэгжүүлж ирсэн байна. Шүүх бодит байдлыг зориуд хариуцагч талд ашигтай байхаар тайлбарласан байна. Бид 5 000 000 төгрөгийг нэхэмжлэхдээ Б.О-гийн хувийн тооцоондоо оруулж нэхэж байсан болохоос биш хувийн тооцоонд оруулан суутгаж авсан зүйл огтхон ч байхгүй. Дээрх бүхнээс харахад Сэлэнгэ Грөв ХХК-ны шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан байх тул, уг хугацаа дуусаагүй, шүүхийн шийдвэрт дурдсанаар хөөн хэлэлцэх хугацааг сэргээх шалтгаан ч байхгүй болно. Автомашиныг ямар зорилгоор, Б.О-д итгэмжлэл хийн үлдээсэн болохыг талууд тайлбарладаг бөгөөд энэ тал дээр талууд маргадаггүй. Мөн уг автомашиныг хэдэн төгрөгөөр худалдах болон, аль хэсгийг өрөндөө суутгах, аль хэсгийг өөртөө шилжүүлэх гэх мэт бүхий л үйлдэл зөвхөн хариуцагчийн хүсэл зоригийн үүднээс хийгдсэн зүйл болно. Гэтэл шүүх үйл баримтыг зөвхөн итгэмжлэл, төлөөлөгч болон төлөөлүүлэгчийн үүднээс авч үзэн ойлгомжгүй дүгнэлт хийсэн. Талуудын аль аль нь зээлийн гэрээний төлөлттэй холбоотой тухайн машин зарагдсан хэмээн тайлбарлаж байхад энэ бүх тайлбар болон маргаагүй үйл баримтыг анхаарч үзэлгүйгээр хэрэгт хамааралгүй үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаад байгаа нь шүүх нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Эрх зүйн онолын хувьд авч үзвэл итгэмжлэл гэдэг нь нэг талын хүсэл зоригийг илэрхийлсэн хэлцэл юм. Үүнээс үзэхэд хариуцагчийн хүсэл зориг нь өр төлбөртөө машин шилжүүлэх зорилготой байсан бөгөөд тэрээр яаралтай гадаад явах болсон тул өөрөө машинаа худалдаж амжилгүй Б.О-д итгэмжлэл хийж үлдээсэн байдаг. Б.О- нь хариуцагчийн хүсэлтийн дагуу машиныг худалдаж, мөн л түүний зөвшөөрлөөр 3 000 000 төгрөгийг өрөндөө суутгаж авсан зэрэг нь нэг талын хэлцэл үндсэн зорилгодоо хүрсэн гэх үйл баримт тогтоогдохоор байна. Энэ бүх үйл баримтуудыг нотлох баримт нь талуудын Фейсбүүк чатад үзлэг хийсэн баримтаар нотлогдоно. Үүнээс харахад Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.3 дахь хэсэгт заасны дагуу төлөөлөгч болох Б.О- нь төлөөлүүлэгч болох П.О-ын эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцүүлэн буюу түүний хүсэлтээр машиныг нь худалдаж, түүний зөвшөөрлөөр өрөндөө суутган авсан нь хариуцагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцүүлээгүй гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул төлөөлөгч үүргээ биелүүлээгүй гэж дүгнэсэн шийдвэр үндэслэлгүй байна. Түүнчлэн шүүхээс хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргах шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааг орхигдуулсан. Дээрх 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн итгэмжлэлийн дагуу 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр тухайн автомашиныг худалдсан бөгөөд хэрэв хариуцагч уг машины мөнгийг буцаан авах эрхтэй гэж үзсэн бол Иргэний Хуулийн 75 дугаар зүйлийн 75.1.2-т заасны дагуу 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн дотор шаардах эрхээ хэрэгжүүлэх байсан. Энэ хооронд ямар нэг байдлаар шаардаагүй бөгөөд сөрөг нэхэмжлэлийг 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр буюу хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа гаргасан байгаа нь ямар нэг хүндэтгэн үзэх шалтгаангүй байна.

Иймд хуулийг буруу тайлбарлан хэрэглэх, ёсгүй хуулийг хэрэглэж, хэрэглэх ёстой байсан хуулийг хэрэглээгүй анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хариуцагч П.О-ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримтыг үнэлэлгүйгээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасныг хэрэгт авагдсан баримтад үндэслэн залруулах боломжтой байна.

 

Нэхэмжлэгч Б.О- болон С ХХК нь хариуцагч П.О-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 22 500 000 төгрөг гаргуулахаар шаардсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 17 500 000 төгрөг болгон багасгасан, зээлийн гэрээний үүрэгт 5 000 000 төгрөгийн шаардлагыг гаргажээ.

 

Хариуцагч П.О- дээрх нэхэмжлэлийн 2 шаардлагыг эс зөвшөөрч Б.О-гээс нийт 115 257 000 төгрөгийг шилжүүлэн авсан ч 192 733 000 төгрөгийг түүн рүү шилжүүлсэн, 80 476 500 төгрөгийг үндэслэлгүйгээр илүү шилжүүлсэн тул нэхэмжлэгч Б.О-гээс уг мөнгийг гаргуулна гэж сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

 

Шүүх талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтыг харьцуулан үнэлж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.

 

Хэрэгт баримтаар авагдсан Б.О-, П.О- нарын хооронд тодорхой хугацаанд банкны дансаар мөнгөн гүйлгээ хийгдсэн үйл баримт хэргийн 78-116 дугаар талд авагдсан Б.О-гийн ХААН банк дахь 5027612746 тоот дансны хуулгаар тогтоогдсон байна. Уг үйл баримтын талаар нэхэмжлэгч нь зээлдүүлсэн мөнгийг П.О-аас хүүгийн хамт буцаан төлсөн гүйлгээ гэж, хариуцагч П.О- нь хамтдаа бусдад мөнгө зээлж, бусдын зээлийг чөлөөлж, ашгаа хувааж хамтран ажиллаж Б.О-гээс орж ирсэн мөнгийг ашгийн хамт буцаан шилжүүлж байсан гүйлгээ гэж тус тус өөр өөрөөр тайлбарлажээ.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Б.О-гийн ХААН банк дахь 5027612746 тоот харилцах дансаас П.О-ын 502078842, 5015099177 тоот данс руу нийт 204 507 000 төгрөгийн гүйлгээ, П.О-ын дээрх данснаас Б.О-гийн данс руу нийт 232 932 500 төгрөгийн гүйлгээ хийгджээ. /1хх-178-116/

 

Нэхэмжлэгч нь 17 500 000 төгрөгийн шаардлагаа нотлох баримт гэж 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр П.О-тай тооцоо нийлж, өмнөх зээлийн төлбөрийн үлдэгдэл 39 000 000 төгрөг байгааг баталгаажуулсан, уг тооцооны дагуу төлөлт хийгдсэний үлдэгдэл нь 17 500 000 төгрөг гэх бичгийн баримтыг шүүхэд гаргасан боловч хариуцагч нь уг баримтад заасан 39 000 000 төгрөгийн зээлийн үлдэгдэл байгаа гэх үйл баримтыг зөвшөөрөхгүй, мөнгийг буцаан төлсөн гэж маргажээ .

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан баримтыг хариуцагч эсэргүүцсэн тул нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ буюу зээлийн гэрээ байгуулагдсан болохыг нотлох үүрэгтэй. Учир нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхэд талууд зөвшилцсөн тухай баримтаас гадна мөнгөн хөрөнгийг бодитой шилжүүлсэн гэх үйл баримт тогтоогдсон байх шаардлагатай. Гэвч нэхэмжлэгч нь 39 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй гэх зээлийн гэрээний үүрэгт мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн гэх үйл баримтыг баримтаар нотлоогүй байна. Тодруулбал, хэдэн төгрөгний зээлийг хэзээ, ямар нөхцөлтэйгээр зээлдэгчид шилжүүлсэн гэдэг нь тодорхой бус байх тул зээлийн гэрээ байгуулагдсанд тооцох үндэслэлгүй бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэлээ баримтаар нотлоогүй гэж дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсгийг зөв хэрэглэжээ.

 

Мөн нэхэмжлэгч С ХХК-ийн 5 000 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгосон нь зөв болно. Хэрэгт авагдсан ломбардын гэрээний хуудас /хх1-5/ гэх бичгийн баримтаас үзвэл 5 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай 4 хувийн хүүтэй зээлдүүлсэн, гэрээг бичгээр сунгасан баримтгүй, харин Б.О-гийн дансанд /хх1-7-76/ 957 дугаар гэрээний төлбөр буюу ломбардын хүү гэх утгаар 2017 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр хүртэл нийт 3 480 000 төгрөг төлөгджээ.

 

Дээрхээс үзвэл гэрээг бичгээр сунгаагүй байх тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар 2015 оны 11 дүгээр сарын 2-ноос хойш хүү шаардах эрх үүсээгүй бөгөөд дээрх төлөлтийг үндсэн зээлд тооцож, үлдэгдлийг шаардах боломжтой боловч, 2017 оны 4 дүгээр сард төлөлт хийснээс хойш гэрээний үүргийг зээлдэгчээс шаардсан баримтгүй байна. Иймд Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.2.1-д заасан гэрээний үүргийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзсэн нь хууль зөрчөөгүй байна.

 

Хариуцагчийн Б.О-гээс 80 476 405 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлээс шүүх 77 476 405 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо хийсэн дүгнэлт үндэслэл бүхий байна.

 

Б.О-д буцааж шилжүүлсэн мөнгө нь түүнээс шилжиж орж ирсэн мөнгөн дүнгээс 77 476 405 төгрөгөөр илүү байгаа гэж тайлбарласан ч энэ нь баримтаар нотлогдоогүйгээс гадна бид хамтдаа бусдад мөнгө зээлж, бусдын зээлийг чөлөөлж, ашгаа хувааж хамтарч ажиллаж байсан, Б.О-гээс орж ирсэн мөнгийг ашгийн хамт тухай бүр буцаан шилжүүлж байсан гэсэн тайлбарыг П.О- өөрөө гаргасан. Иймд шүүх хариуцагчийн Б.О-д шилжүүлсэн мөнгийг нэхэмжлэгчийн өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэсэн, үүрэг дуусгавар болсон гэж дүгнэн хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-т заасанд нийцнэ.

 

Харин автомашины үнэ 3 000 000 төгрөгийг П.О-д шилжүүлэх үүргээ биелүүлээгүй гэж шүүх дүгнэхдээ уг маргааны үйл баримтад хамаарах хэрэгт авагдсан баримтыг үнэлээгүй нь буруу.

 

Хариуцагч П.О- нь 2017 оны 6 дугаар сарын 2-ны өдөр өөрийн өмчлөлийн 9250 УНП улсын дугаартай, Мицүбиши Пажеро маркийн автомашиныг бусдад худалдах, арилжих, бэлэглэх, барьцаанд тавих, нэр шилжүүлэх, гэрээнд төлөөлөх, гарын үсэг зурах, төлбөр тооцоог хүлээн авах, уг асуудлаар эрх бүхий байгууллагад төлөөлөх эрхийг Б.О-д 3 жилийн хугацаатай олгосон итгэмжлэл хэрэгт авагдсан, уг итгэмжлэлийг Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсэгт заасан хүчин төгөлдөр итгэмжлэл болох талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ. /хх2-7/

 

Дээрх итгэмжлэлээр олгогдсон эрхийн дагуу Б.О- Мицүбиши Пажеро маркийн автомашиныг 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн автомашин худалдах, худалдан авах гэрээгээр Ц.О-т 3 500 000 төгрөгөөр худалдсан гэрээ болон энэ тухайгаа П.О-д мэдэгдсэн Б.О-гийн Ogo Batsukh мессенжерийн хаяг дахь зурвасаар харилцсан мэдээлэлд шүүхээс үзлэг хийж баримтжуулсан баримт хэрэгт авагджээ.

 

Хэрэгт авагдсан дээрх бичгийн баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 51 дүгээр зүйлд заасан нотлох баримтын шаардлага хангасан, үнэлэх боломжтой талуудын хооронд харилцсан зурвас байх бөгөөд П.О- нь автомашиныг 3 500 000 төгрөгөөр худалдахыг зөвшөөрч, 3 000 000 төгрөгийг авлагадаа суутга, 350 000 төгрөгийг нь найзынхаа данс руу шилжүүлээрэй гэж зөвшөөрсөн нь тэмдэглэгдсэн байна. /хх1-136/

 

Иймд хариуцагчийн хүсэл зоригийн илэрхийллээр 3 000 000 төгрөгийг өрөндөө суутгуулахыг зөвшөөрсөн гэж үзэх тул нэхэмжлэгчээс хариуцагчийн хэлсний дагуу 3 000 000 төгрөгийг авч үлдсэн нь Иргэний хуулийн 400 дугаар зүйлийн 400.1 дэх хэсэгт даалгавар гүйцэтгэгч даалгаврыг даалгавар өгөгчийн зааврын дагуу гүйцэтгэх үүрэгтэй гэж заасанд нийцсэн байна. Иймд анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 3 000 000 төгрөгийг хангаж шийдвэрлэснийг хүчингүй болгож, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ. Нэхэмжлэгчийн энэ талаарх давж заалдах гомдол үндэслэлтэй.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг болон хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2021/01260 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэг, 400 дугаар зүйлийн 400.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.О-гийн 17 500 000 төгрөгийн, Сэлэнгэ грөв ХХК-ийн 5 000 000 төгрөгийн, хариуцагч П.О-ын 80 476 405 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 333 400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

 

А.ОТГОНЦЭЦЭГ