Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 183/ШШ2021/01245

 

 

 

2021 оны 06 сарын 04 өдөр Дугаар 183/ШШ2021/01245 Улаанбаатар хот

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу, Blue sky хотхон, өөрийн байранд байрлах, Х.Т СӨХ /РД:0000000/-ын нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу, Blue sky хотхон, 00Б байр, 00 тоотод оршин суух, Б овогт С.М /РД:ЕЭ00000000/-д холбогдох,

Дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний зардалд 1,796,160 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Манай Х.ТСӨХ нь 2012 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр үүсгэн байгуулагдаж, мөн өдрийн хурлын 00/00 тоот шийдвэрээр сууц өмчлөгчдийн дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт хамгаалалт, засвар үйлчилгээний зардалд cap бүр 95,280 төгрөг төлөхөөр шийдвэрлэсэн. Энэхүү үйлчилгээний төлбөрийн хэмжээ, үнийн тариф нь нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн засварын зардалд 1м2-150 төгрөг, лифт-8250, харуул хамгаалалт 32,500 төгрөг, цэвэрлэгээ-12,750 төгрөг, хог-4,680 төгрөг, цалин хөлс-18,500 төгрөг болно. Гэтэл тус 00Б байрны 00 тоотод оршин суугч С.М нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2019 оны 9 дүгээр сараас хойш өнөөдрийг хүртэлх нийт 19 сарын хугацаанд дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний төлбөр болох 1,796,160 төгрөгийг төлөлгүй, хохироосоор байна. Холбооноос сууц өмчлөгч Н.М-д cap бүр төлбөр төлөх талаар байнга сануулж, 46Б байрны үүд, оршин суугчийн орон сууцны хаалган дээр мэдэгдэх хуудсыг наах, утсаар мэдэгдэх зэргээр байнга шаардсаар ирсэн. Иймд хариуцагчН.Маас 1,796,160 төгрөгийг гаргуулж өгнө үү ... гэв.

Хариуцагч С.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... Нэхэмжлэгч Х.Т СӨХ-ийн нэхэмжилж байгаа СӨХ-ийн төлбөр болох 1,796,160 төгрөгийг өгөхгүй байгаа шалтгаан нь орцны хог, гадна хог, цэвэрлэгээ маш муу болохоор өгөхгүй. Манай хотхоны 200 гаруй оршин суугч бүгд сууц өмчлөгчдийн холбоог татан буулгах талаар тэмцээд ихэнх айл нь өгөхгүй байгаа. Мөн манай байр 179 метр квадратаар бодож төлбөрөө 2013 оноос хойш 8 жил гаран хугацаанд төлбөрөө тооцож авч байсан бөгөөд үнэн хэрэгтээ 150.6 метр квадрат манай байрнаас илүү 28.6 метр квадратын хөлс илүү бодож авч байсныг мэдээд байгаа билээ. Тиймээс өдийг хүртэл хуримтлагдан илүү төлсөн мөнгөө хасуулаад одоо 2021 оны 4 сарын байдлаар сууц өмчлөгчдийн холбоонд 600,000 орчим төгрөгийн өртэй гэж үзэж байна ... гэжээ.

          Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад           

                                                                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хариуцагч С.М-д холбогдуулан Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо Х.Т цогцолбор /17021/, Зайсангийн тойруу 00б байрны 0 тоот орон сууцны Дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний зардалд 1,796,160 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг нэхэмжлэгч Х.Т СӨХ шүүхэд гаргажээ.

Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-д нийтийн зориулалттай орон сууцны нэг байшинд хоёр буюу түүнээс дээш өрх сууц өмчлөгч болсон тохиолдолд дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, орон сууцны ашиглалтыг хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор сууц өмчлөгчдийн холбоог байгуулна , мөн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө., Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т зааснаар сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардлыг Сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй гэж тус тус заасан байна.

Тус шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 0000 дугаар захирамжийн дагуу Хан-Уул дүүрэг дэх Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн хэлтсээс Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо Х.Т цогцолбор /17021/, Зайсангийн тойруу 00б байрны 0 тоот орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбарыг гаргуулсан бөгөөд уг орон сууцны өмчлөгч нь Франц улсын иргэн А.Л.Рболох нь тогтоогдож байна. /х.х-ийн 48 хуудас/

Х.Т СӨХ нь дээрх хуульд зааснаар Хан-Уул дүүрэг дэх Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн хэлтсээс Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо Х.Тцогцолбор /17021/, Зайсангийн тойруу 46б байрны 1 тоот орон сууцны Дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний зардлыг сууц өмчлөгч болох Франц улсын иргэн А.Л.Р шаардах эрхтэй байна.

Иймд нэхэмжлэгч хариуцах ёсгүй этгээд буюу сууц өмчлөгч биш С.Маас Хан-Уул дүүрэг дэх Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн хэлтсээс Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо Х.Т цогцолбор /17021/, Зайсангийн тойруу 00б байрны 0 Мтоот орон сууцны Дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний зардалд 1,796,160 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь: 

1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасныг баримтлан С.М-д холбогдох Дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний зардалд 1,796,160 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Х.Т СӨХ-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгчийн 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдөр төлсөн 43,688.56 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай

 

 

ШҮҮГЧ           Ц.ОЮУНБИЛЭГ