Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2021/01216

 

 

 

 

 

 

 

 

 

“Х” СӨХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ш.Оюунханд, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2021/01245 дугаар шийдвэртэй “Х” СӨХ-ны нэхэмжлэлтэй С.Мулд холбогдох дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний зардалд 1,796,160 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Номин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай “Х” СӨХ нь 2012 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр үүсгэн байгуулагдаж, мөн өдрийн хурлын 12/01 тоот шийдвэрээр сууц өмчлөгчдийн дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт хамгаалалт, засвар үйлчилгээний зардалд cap бүр 95,280 төгрөг төлөхөөр шийдвэрлэсэн. Энэхүү үйлчилгээний төлбөрийн хэмжээ, үнийн тариф нь нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн засварын зардалд 1 м.кв 150 төгрөг, лифт 8,250 төгрөг, харуул хамгаалалт 32,500 төгрөг, цэвэрлэгээ-12,750 төгрөг, хог-4,680 төгрөг, цалин хөлс-18,500 төгрөг байхаар тохиролцсон. Гэтэл тус 46Б байрны 01 тоотод оршин суугч С.Мул нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2019 оны 09 сараас хойш өнөөдрийг хүртэлх нийт 19 сарын хугацаанд дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний төлбөр болох 1,796,160 төгрөгийг төлөлгүй байна. Холбооноос сууц өмчлөгч Н.Мөнхзулд cap бүр төлбөр төлөх талаар байнга сануулж, 46Б байрны үүд, оршин суугчийн орон сууцны хаалган дээр мэдэгдэх хуудсыг наах, утсаар мэдэгдэх зэргээр байнга шаардсаар ирсэн. Иймд хариуцагч Н.Мөнхзулаас 1,796,160 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч “Х” СӨХ-ны нэхэмжилж байгаа СӨХ-ны төлбөр болох 1,796,160 төгрөгийг өгөхгүй байгаа шалтгаан нь орцны хог, гадна хог, цэвэрлэгээ маш муу байгаатай холбоотой. Манай хотхоны 200 гаруй оршин суугч бүгд сууц өмчлөгчдийн холбоог татан буулгах талаар тэмцэж, ихэнх айл нь төлбөрөө өгөхгүй байгаа. Мөн манай байрыг 179 м.кв-аар бодож төлбөрөө 2013 оноос хойш 8 жил гаран хугацаанд төлбөрөө тооцож авч байсан бөгөөд бодит байдал дээр орон сууц 150.6 м.кв байх туд илүү 28.6 м.кв-ын хөлс бодож авсан байдаг.

Тиймээс өдийг хүртэл илүү төлсөн төлбөрийг хасуулж, 2021 оны 04 сарын байдлаар сууц өмчлөгчдийн холбоонд 600,000 төгрөгийн өртэй гэж үзэж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасныг баримтлан С.Мулд холбогдох Дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний зардалд 1,796,160 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Х” Сууц Өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгчийн 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдөр төлсөн 43,688.56 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хариуцагч өөрөө сайн дурын үндсэн дээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, СӨХ-ны төлбөр төлөх үүрэгтэй болохоо илэрхийлсэн тайлбарыг огт үнэлж дүгнэлгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчимд нийцэхгүй шийдвэр гаргасан.

Хариуцагч С.Мул нь Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу, Блю скай хотхоны 46Б байрны 01 тоотын өмчлөгч биш учир СӨХ-ны төлбөр төлөхгүй гэж огт маргаагүй бөгөөд харин 2013 оноос хойш тухайн орон сууцанд амьдарч байгаа, СӨХ-ны үйлчилгээ муу, мөн хураамж тооцох орон сууцны талбайн хэмжээг 179 м.кв-аар буюу 28.6 м.кв-аар илүү тооцож байсан, илүү тооцсон төлбөр байгаа бол хасуулж үлдсэн хэмжээгээр төлбөр төлөх болохоо хүлээн зөвшөөрдөг.

Нэхэмжлэгч талаас СӨХ-ны төлбөрийг м.кв-ын зөрүүгүйгээр тооцож байгааг нотлох зорилгоор Хан-Уул дүүрэг дэх Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн хэлтсээс тухайн орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбарыг гаргуулсан ба уг нотлох баримтаар орон сууцны талбайн хэмжээ 179 м.кв болох нь тогтоогдсон. Орон сууцны өмчлөгчөөр Франц улсын иргэн Апексис Луис Ад бүртгэлтэй байсан нь хариуцагч С.Мул орон сууцны төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлээгүйтэй холбоотой бөгөөд энэ нь тус орон сууцанд 2013 оноос хойш өнөөдрийг хүртэл амьдарсаар байгаа, СӨХ-ны үйлчилгээг тасралтгүй авдаг оршин суугчийг СӨХ-ны төлбөрөөс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж үзэж байна.

Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийг орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний зардлыг сууц өмчлөгчөөр бүртгэлтэй Франц улсын иргэн АМА Адаас шаард гэж шийдвэрлэсэн нь орон сууцаа С.Мулд худалдаж төлбөрөө бүрэн авч чадахгүй байгаа Монгол Улсад оршин суудаггүй гадаад улсын иргэнийг өөрийн огт амьдардаггүй орон сууцны СӨХ-ны төлбөрийг хүртэл төлөх үүрэгтэй гэж эрх ашгийг нь илтэд дордуулж, хохироосон шийдвэр болсон.

Хариуцагч С.Мул нь өөрөө СӨХ-ны бүртгэлд Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу, Блю скай хотхоны 46Б байрны 01 тоотын өмчлөгч гэж бүртгүүлсэн, тус орон сууцанд 2013 оноос хойш амьдарч СӨХ-ны үйлчилгээг авч байгаатайгаа огт маргадаггүй. Нэгэнт хариуцагч нь тухайн сууцанд амьдарч, орон сууцны өмчлөгч болохоо СӨХ-ны төлбөр төлөх болохоо хүлээн зөвшөөрч байгаа нөхцөлд Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3, Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасныг баримтлан С.Мулаас СӨХ-ны төлбөрийг гаргуулж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжпэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч “Х” СӨХ хариуцагч С.Мулд холбогдуулан дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний зардалд 1,796,160 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нэхэмжлэлээс 600,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо Х цогцолбор /17021/, Зайсангийн тойруу 46б байрны 1 тоот орон сууцад С.Мул оршин суудаг талаар талууд маргаагүй боловч уг орон сууц нь үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн 2011 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 000163482 тоот гэрчилгээгээр Франц улсын иргэн АМА Адын өмчлөлийн эд хөрөнгө байна.  /хх48/

Хариуцагч С.Мул уг орон сууцыг өмчлөгч эсхүл эзэмшигч болохыг тодорхойлж, нэхэмжлэгч нь зардал шаардах эрхтэй эсэхийг дүгнэх байтал талуудын маргаагүй баримтад дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь талуудын зарчимд нийцэхгүй байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасан хууль буруу тайлбарлан хэрэглэсэн ба давж заалдах шатны шүүхээс шийдвэрт өөрчлөлт оруулах боломжгүй байх тул мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд нь буцаах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2021/01245 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43,800 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                А.МӨНХЗУЛ

 

                                          ШҮҮГЧИД                                Ш.ОЮУНХАНД

 

                                                                                            Э.ЗОЛЗАЯА