Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 183/ШШ2021/01244

 

 

2021 оны 06 сарын 04 өдөр Дугаар 183/ШШ2021/01244 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, 0 дугаар хороолол, 00дугаар байр, 00 тоотод оршин суух Б овогт Ц.Э /РД:УХ00000000/-ын нэхэмжлэлтэй, 

Хариуцагч Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, өөрийн байранд байрлах, Х.А.А.Д.С.А.А-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж, ээлжийн амралтын олговор 1,226,520 төгрөг гаргуулах тухай  иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч Ц.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Миний бие Ц.Э нь 2020 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албаны Хууль, Эрсдэлийн удирдлагын газарт Хуулийн ахлах мэргэжилтнээр ажилд орсон. Гэнэт аравдугаар сарын цалин 211,000 дутуу орсныг лавлахад 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн огноотойгоор А-00 дугаартай Зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тушаалаар Ахлах мэргэжилтний албан тушаалаас чөлөөлж, мэргэжилтний албан тушаалд шилжүүлсэн байсан. Энэ талаар ажил олгогчоос надад огт урьдчилан мэдэгдээгүй бөгөөд 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилж өгөхийг хүссэн өргөдөл өгөхөд буцаан томилох боломжгүй. Өр барагдуулалт хариуцсан мэргэжилтнээр ажил гэх хариуг 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр өгсөн. Тус тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт зааснаар 30 хоногийн өмнө нийт ажилтнуудад мэдэгдэх үүрэгтэй боловч огт мэдэгдээгүй, 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн огноотой боловч 10 сарын сүүлээр нөхөн гаргасан, мөн А-00 дугаартай тушаалыг надад гардуулаагүй болно. Миний бие тус шүүхэд 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр ажлаас буруу шилжүүлсэн асуудлаар нэхэмжлэл гаргасан бөгөөд уг хэргийг хянан шийдвэрлэх хугацаанд Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албаны гүйцэтгэх захирлын Б-00 дугаартай 2020 оны 12 сарын 00-ний өдрийн тушаалаар тус байгууллагын Хууль, эрсдэлийн удирдлагын газрын ахлах мэргэжилтний албан тушаалаас чөлөөлсөн байна. Уг тушаал гарсныг надад огт мэдэгдээгүй, ахлах мэргэжилтний орон тоо хасагдаагүй байхад, орон тоо хасагдсан үндэслэлээр ажлаас халсан буруу байна. Ажлаас халсан тушаалыг 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хариуцагчаас гардуулж өгсөн. Иймд урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж, 2020 оны 10 дугаар сарын дутуу цалин 211,000 төгрөг, ээлжийн амралтын олговорт 1,226,520 төгрөгийг гаргуулж өгнө үү ... гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүхэд гаргасан хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Тус сангийн Хууль эрсдэлийн удирдлагын газрын Авлага барагдуулалт хариуцсан мэргэжилтэн Ц.Э-ийг 2020 оны 4 дүгээр сарын 06-ны Б/00 тоот Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албаны захирлын тушаалаар Хуулийн ахлах мэргэжилтнээр томилсны дагуу ажиллаж байсан болно.

Ингээд 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Б-00 тоот Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын тушаал гарч Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албаны зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн баталсан ба уг тушаалаар Хууль эрсдэлийн удирдлагын газрын Хуулийн ахлах мэргэжилтний орон тоог хассан. Энэ дагуу Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албаны захирлын тушаал 2020 оны 12 дугаар сарын 00-ны өдөр Ц.Э-ийг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай тушаал гарч ээлжийн амралт болон 2 сарын цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгохоор болсон.

Ц.Э нь 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 10 дугаар сарын дутуу цалин 211,000 төгрөг, 2 сарын цалинтай тэнцэх тэтгэмж 2,912,000 төгрөг болон амралтын ажлын 18 хоногийн мөнгийг тус тус бодож олгосон тохиолдолд өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтэй байна гэж өргөдөл гаргасан байна.

Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албаны захирлын 2020 оны 12 дугаар сарын 00-ний өдөр тушаал нь хөдөлмөрийн хууль, Хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ зэргийг зөрчөөгүй үндэслэл бүхий гаргасан тушаал гэж үзэж байгаа юм.

2020 оны 12 дугаар сарын 00-ний өдөр тушаал гарснаас хойш ажилдаа ирэлгүй ажлаа хаяад явсан ба 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр гаргаж өгч байсан хүсэлтийнх нь дагуу тэтгэмж олгохоор гарсан тушаал гарсаар байтал нэхэмжлэл гаргасан нь ойлгомжгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү ... гэжээ.

Шүүх зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Э нь хариуцагч Хөдөө, аж ахуйг дэмжих сангийн ажлын албанд холбогдуулан

-       Хууль, эрсдэлийн удирдлагын газрын ахлах мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах, 2020 оны 10 сарын дутуу цалин 211,000 төгрөг гаргуулах шаардлагыг 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр анх шүүхэд гаргаж,

-       Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр, 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдөр тус тус нэхэмжлэлийн шаардлагаа Хөдөө, аж ахуйг дэмжих сангийн ажлын албаны захирлын 2020 оны 12 дугаар сарын 00-ний өдрийн Б/00 дугаар тушаалаар буруу халсан тул Хууль, эрсдэлийн удирдлагын газрын ахлах мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ээлжийн амралтын олговорт 1,226,520 төгрөг гаргуулахаар ихэсгэсэн байна.

Нэхэмжлэгч Ц.Э ... Хууль, эрсдэлийн удирдлагын газрын ахлах мэргэжилтний ажил албан тушаалаас чөлөөлж Хууль, эрсдэлийн удирдлагын газрын мэргэжилтний албан тушаалд томилж шилжүүлэх тухай ажилтанд мэдэгдээгүй, мэргэжилтний албан тушаалд шилжүүлснийг зөвшөөрөхгүй үндэслэлийг тайлбарлан өөр ажилд буруу шилжүүлсэнтэй холбогдуулан Хууль, эрсдэлийн удирдлагын газрын ахлах мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах, 2020 оны 10 сарын дутуу цалин 211,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн үндэслэлээр Хууль, эрсдэлийн удирдлагын газрын ахлах мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ээлжийн амралтын олговорт 1,226,520 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна... гэж тайлбарладаг.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албаны зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай Б-00 тоот тушаалыг баталж, тушаалын 1 дүгээр хавсралтаар Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албаны төвийн албан тушаалын ангилал, орон тоог нийт 72 ажилтантайгаар баталсан байна. /х.х-ийн 66-68 хуудас/

Дээрх тушаалыг үндэслэн Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албаны захирал 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай А/00 тоот тушаалыг баталж, тушаалын нэгдүгээр хавсралтаар чөлөөлөгдөх албан хаагчдын нэрсийг, Хууль, эрсдэлийн удирдлагын газар Хууль, хуулийн хэрэгжилт хариуцсан менежер Т.Т, ахлах мэргэжилтэн Ц.Э гэж, тушаалын хоёрдугаар хавсралтаар ажиллах албан хаагчдын нэрсийг Хууль, эрсдэлийн удирдлагын газар ахлах мэргэжилтэн Т.Т, мэргэжилтэн Ц.Э гэж тус тус баталсан байна. /х.х-ийн 71-72, 76 хуудас /

Хариуцагч Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албаны захирлын 2020 оны А/00 тоот тушаалаар Хууль, эрсдэлийн удирдлагын газрын Хууль, хуулийн хэрэгжилт хариуцсан менежерийн албан тушаал хасагдаж, харин ахлах мэргэжилтний ажлын байр хадгалагдан, уг ажлын байранд Т.Т томилогдсон болох нь тушаалын хуулбараар тогтоогдож байна.

Мөн Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албаны захирлын 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А/00 тоот тушаалын гуравдугаар хавсралтаар албан тушаалын цалингийн хэмжээг баталж, ахлах мэргэжилтний цалин 1,225,000 төгрөг, мэргэжилтний цалин 1,025,000 төгрөгөөр тус тус баталж, нэхэмжлэгч Ц.Э ахлах мэргэжилтнээр ажиллаж байх хугацаанд буюу 2020 оны 9 сард нэг сарын цалин 1,467,000 төгрөг, харин мэргэжилтнээр томилогдсон 2020 оны 10 сард нэг сарын цалин 1,256,000 төгрөг ажил олгогчоос олгосон, ажилд буруу шилжүүлсний улмаас ажилтны цалин буурсан болох нь нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар тогтоогдож байна. / х.х-ийн 41, 80 хуудас/

Иймээс Хууль, эрсдэлийн удирдлагын газрын ахлах мэргэжилтний ажлын байр үгүй болоогүй байхад хариуцагч бүтэц, орон тоог шинэчлэн батлахдаа Ц.Э-ий ажлын байранд Т.Т-ийг томилон, мэргэжилтнээр Ц.Э-ийг томилж, ажилтны зөвшөөрөлгүйгээр, ахлах мэргэжилтний ажил, албан тушаалаас Ц.Э-ийг чөлөөлж, мэргэжилтний ажилд шилжүүлэн томилсон нь хуульд нийцээгүй байна.

Өөрөөр хэлбэл ажил олгогч ажилтны ажлын байр хадгалагдаж байхад ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцлахад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлийг баримтлах бөгөөд ажилтны ажлын байр хадгалагдаж байгаа нөхцөлд түүнийг өөр ажилд шилжүүлэх бол ажилтантай заавал харилцан тохиролцож, хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулж, хөдөлмөрийн харилцааг хуульд нийцүүлнэ. Тиймээс ажилтан буюу нэхэмжлэгч Ц.Э-ийг өөр ажилд буруу шилжүүлсэн байна гэж шүүх дүгнэлээ.

Хөдөө, аж ахуйг дэмжих сангийн ажлын албаны захирлын 2020 оны 12 дугаар сарын 00-ний өдрийн Энхтүвшинийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай Б/00 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 00 дугаар зүйлийн 00.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5, 42 дугаар зүйлийн 42.1, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Б/00 дүгээр тушаал, Хөдөө, аж ахуйг дэмжих сангийн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.3.1.12-т заасныг тус тус үндэслэн Хууль, эрсдэлийн удирдлагын газрын Ахлах мэргэжилтний орон тоо хасагдсан тул Ц.Э 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. /х.х- 48 дугаар хуудас/

Нэхэмжлэгч ажлаас чөлөөлсөн тухай 2020 оны 12 дугаар сарын 00-ний өдрийн Б/00 дүгээр тушаалыг 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдөр ажил олгогчоос хүлээн авсан, хариуцагч ажлаас халсан тушаалыг нэхэмжлэгчид 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдөр гардуулсан, буруу халсан талаарх гомдлоо тус шүүхэд 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дах хэсэгт заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг /нэг сар/ хэтрүүлээгүй, энэ тухайд талууд маргаагүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д орон тоо хасагдсан гэдэгт хариуцагч Хөдөө, аж ахуйг дэмжих сангийн ажлын албаны зохион байгуулалтын бүтцээс Хууль, эрсдэлийн удирдлагын газрын ахлах мэргэжилтний ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлгох бөгөөд энэ тохиолдолд ажил олгогч буюу хариуцагч зөвхөн хасагдсан орон тооны ажлын байранд ажиллаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцална.

Тэгвэл хариуцагч Хөдөө, аж ахуйг дэмжих сангийн ажлын алба нь Хууль, эрсдэлийн удирдлагын газрын ахлах мэргэжилтний ажил, албан тушаалын ажлын байр 2020 оны А/00 тушаалын дагуу шинэ бүтцээр хэвээр хадгалагдаж байхад нэхэмжлэгчийг ажилд буруу шилжүүлж, мөн нэхэмжлэгчийг үүрэгт ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцээгүй байх тул Ц.Э-ийг ажилд эгүүлэн тогтоож, ажилд буруу шилжүүлсний улмаас дутуу олгосон цалин, ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулах нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгчийн ажилд буруу шилжүүлсний улмаас дутуу олгосон цалин 200,000 /1,225,000-1,025,000/ төгрөг, /х.х-ийн 80 хуудас/, ажилгүй байсан 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх дундаж цалинг тооцохдоо түүний нийгмийн даатгалын 000083048 тоот дэвтрийн бичилтийг үндэслэн Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 00 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7-ын А-д зааснаар тооцвол нэг сарын дундаж цалин 1,393,000 төгрөг /1,456,000+ 1,467,000+1,256,000=4,179,000:3=1,393,000 төгрөг/ байх тул түүний ажилгүй байсан хугацааны ажлын нийт 006 хоногийн цалин 9,459,486 төгрөгийг /1,393,000 : 21,5 хоног=00,791 төгрөг, 006 хоног х 00,791 төгрөг=9,459,486/ хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, ажилд буруу шилжүүлсэн цалин гаргуулах шаардлагаас 11,000 /211,000 - 200,000 =11,000/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хариуцагч нэхэмжлэгчийг өөр ажилд буруу шилжүүлсний улмаас ажилтныг буюу нэхэмжлэгчийн ажил үүргийг гүйцэтгүүлээгүй байх тул тухайн үеийн цалин хөлстэй тэнцэх олговрыг ажил олгогчоос гаргуулахаар Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан тул ажилгүй байсан хугацааны олговрыг шүүх 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тооцсон болно.

Хөдөө, аж ахуйг дэмжих сангийн ажлын албаны Хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.3.2-д Шинээр ажилд орсон албан хаагчид 8 сараас доошгүй хугацааны дараа ээлжийн амралт олгоно. Ээлжийн амралтын хоорондох хугацаа 6 сар байна гэж заажээ. /х.х-ийн 35 хуудас/

Нэхэмжлэгч Ц.Э Хөдөө, аж ахуйг дэмжих сангийн ажлын албанд 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр ажилд орж, түүнийг 2020 оны 12 дугаар сарын 00-ний өдөр үүрэгт ажлаас нь хариуцагч чөлөөлсөн байх тул Хөдөө, аж ахуйг дэмжих сангийн ажлын албаны Хөдөлмөрийн дотоод журамд зааснаар ээлжийн амралт авах эрх нэхэмжлэгчид нээгдсэн байх тул ээлжийн амралтын олговрыг ажилтны тухайн ажлын жилийн дундаж цалин хөлсний хэмжээгээр тооцож 1,206,540 /нийт олгосон цалин 9,920,420 төгрөг : 008 ажлын хоног =67,030 төгрөг 67,030 х 18 хоног= 1,206,540 / төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх 00,980 /1,226,520 -1,206,540/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. /х.х-ийн 41 хуудас/

Нэхэмжлэгч нь нийт 8 жил 3 сар ажилласан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1.5-д зааснаар 3 хоногийн нэмэгдэл амралтыг тооцож амралтын хоногийг нийт 18 хоногоор шүүх тооцсон болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй, 46.2-т ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй гэж тус тус заасан. Иймээс хариуцагч Хөдөө, аж ахуйг дэмжих сангийн ажлын албанд нэхэмжлэгч Ц.Эий нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй байна.

Иймд дээрхийг нэгтгэн дүгнэвэл Ц.Эийг Хууль, эрсдэлийн удирдлагын газрын ахлах мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилд буруу шилжүүлсний улмаас дутуу олгосон цалин, ажилгүй байсан хугацааны олговор, ээлжийн амралтын олговор нийт 10,866,026 төгрөг /9,459,486+200,000+1,206,540/-ийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгч Ц.Эий нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас 30,980 /11,000+00,980/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 69 дүгээр зүйлийн 69.1, 00 дугаар зүйлийн 00.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Ц.Э-ийг Хөдөө, аж ахуйг дэмжих сангийн ажлын албаны хууль эрсдэл, өрийн удирдлагын газрын ахлах мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилд буруу шилжүүлсний улмаас дутуу олгосон цалин, ажилгүй байсан хугацааны олговор, ээлжийн амралтын олговор нийт 10,866,026 төгрөгийг хариуцагч Хөдөө, аж ахуйг дэмжих сангийн ажлын албанаас гаргуулж нэхэмжлэгч Ц.Э-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 30,980 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.ХӨДӨ

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг даатгуулагчийн төлбөл зохих Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлж, энэ талаар нэхэмжлэгч Ц.Э-ий нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Х.А.А.Д.С.А.Адаалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д заасныг баримтлан хариуцагч Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албанаас улсын тэмдэгтийн хураамжид 188,806 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дүгээр зүйлийн 100.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 00 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

ШҮҮГЧ                   Ц.ОЮУНБИЛЭГ