Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2021/01414

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.Энгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2021/01244 дугаар шийдвэртэй, Ц.Энгийн нэхэмжлэлтэй, Х албанд холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн төлүүлэх, холбогдох дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах, ээлжийн амралтын олговор 1,226,520 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Эн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баяраа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц. Энхтүвшин би 2020 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албаны Хууль, Эрсдэлийн удирдлагын газарт Хуулийн ахлах мэргэжилтнээр ажилд орсон. Гэтэл 2020 оны 10 сарын цалин 211,000 төгрөг дутуу орсон бөгөөд энэ талаар лавлахад 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлах А-14 дугаар тушаалаар намайг ахлах мэргэжилтний албан тушаалаас чөлөөлж, мэргэжилтний албан тушаалд шилжүүлсэн байсан.

Ажил олгогчоос надад өөр албан тушаалд шилжүүлсэн талаар урьдчилан мэдэгдээгүй бөгөөд 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилж өгөхийг хүссэн өргөдөл өгөхөд 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр буцаан томилох боломжгүй, өр барагдуулалт хариуцсан мэргэжилтнээр ажилла гэсэн хариуг өгсөн.

Уг тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт зааснаар 30 хоногийн өмнө нийт ажилтнуудад мэдэгдэх үүрэгтэй боловч огт мэдэгдээгүй, тушаал 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн огноотой боловч 10 дугаар сарын сүүлээр нөхөн гаргасан, мөн тушаалыг надад гардуулаагүй болно.

Миний бие шүүхэд 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр ажилд буруу шилжүүлсэн асуудлаар нэхэмжлэл гаргасан бөгөөд уг хэргийг хянан шийдвэрлэх хугацаанд Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албаны гүйцэтгэх захирлын 2020 оны 12 сарын 14-ний өдрийн Б-64 тоот тушаалаар намайг тус байгууллагын Хууль, эрсдэлийн удирдлагын газрын ахлах мэргэжилтний албан тушаалаас чөлөөлсөн ба энэ тушаал гарсныг надад огт мэдэгдээгүй. Ахлах мэргэжилтний орон тоо хасагдаагүй байхад орон тоо хасагдсан үндэслэлээр ажлаас халсан буруу.

Ажлаас халсан Б/64 тоот тушаалыг 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хариуцагчаас надад гардуулж өгсөн. Иймд урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж, 2020 оны 10 дугаар сарын дутуу цалин 211,000 төгрөг, ээлжийн амралтын олговорт 1,226,520 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Энийг Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албаны захирлын 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Б/38 тоот тушаалаар Хуулийн ахлах мэргэжилтнээр томилсон.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Б-19 тоот тушаал гарч Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албаны зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн баталсан ба уг тушаалаар Хууль, эрсдэлийн удирдлагын газрын хуулийн ахлах мэргэжилтний орон тоог хассан. Энэ дагуу Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албаны захирлын 2020 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн тушаалаар Ц.Энг үүрэгт ажлаас нь чөлөөлж, ээлжийн амралт болон 2 сарын цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгохоор болсон.

Ц.Эн нь 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр “10 дугаар сарын дутуу цалин 211,000 төгрөг, 2 сарын цалинтай тэнцэх тэтгэмж 2,912,000 төгрөг болон амралтын ажлын 18 хоногийн мөнгийг тус тус бодож олгосон тохиолдолд өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтэй байна” гэж өргөдөл гаргасан. Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албаны захирлын 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн тушаал нь Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээг зөрчөөгүй, үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна.

2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр тушаал гарснаас хойш ажилтан ажилдаа ирэлгүй ажлаа хаяад явсан ба 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр гаргаж өгч байсан хүсэлтийнх нь дагуу тэтгэмж олгохоор гарсан тушаал гарсаар байтал нэхэмжлэл гаргасан нь ойлгомжгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 69 дүгээр зүйлийн 69.1, 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Ц.Энийг Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албаны хууль эрсдэл, өрийн удирдлагын газрын ахлах мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилд буруу шилжүүлсний улмаас дутуу олгосон цалин, ажилгүй байсан хугацааны олговор, ээлжийн амралтын олговор нийт 10,866,026 төгрөгийг хариуцагч Х албанаас гаргуулж нэхэмжлэгч Ц.Энд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 30,980 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг даатгуулагчийн төлбөл зохих Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлж, энэ талаар нэхэмжлэгч Ц.Эний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албанд даалгаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Б-19 тоот тушаал гарч Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албаны зохион байгуулалтын бүтэц, орон тоог баталсан, уг тушаалаар Хууль, эрсдэлийн удирдлагын газрын хуулийн ахлах мэргэжилтний орон тоог хассан ба уг тушаалыг үндэслэн Ц.Энг үүрэгт ажлаас чөлөөлсөн.

Ц.Эн нь 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр “10 дугаар сарын дутуу цалин 211,000 төгрөг, 2 сарын цалинтай тэнцэх тэтгэмж 2,912,000 төгрөг болон амралтын ажлын 18 хоногийн мөнгийг тус тус бодож олгосон тохиолдолд өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтэй байна” гэсэн түүний хүсэлт гаргасан ба уг хүсэлтийг харгалзан үзэж 2 сарын цалин хөлстэй тэнцэх тэтгэмж болон дутуу амралтын мөнгийг бодож олгохоор шийдвэрлэсэн. Гэвч Ц.Эн нь уг тушаал гарснаас хойш ажлаа хаяж явсан ба ажил хүлээлгэж өгөөгүй.

Эдгээр нөхцөл байдлуудыг анхан шатны шүүх харгалзан үзэлгүй хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Ц.Эн нь хариуцагч Х албанд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн төлүүлэх, холбогдох дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах, ээлжийн амралтын олговор 1,226,520 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Ц.Эн нь Х албанд хуулийн ахлах мэргэжилтнээр 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан талаар талууд маргаагүй. /хх33-36/

 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Б-19 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албаны зохион байгуулалт, бүтцийг, 2 дугаар хавсралтаар Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албаны төвийн албан тушаалын ангилал, орон тоог нийт 72 ажилтантай байхаар баталсан байна. /хх66-68/

 

Уг тушаалыг үндэслэн Х албаны захирлын 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А/14 тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар зохион байгуулалтын бүтэц, орон тооны дагуу чөлөөлөгдөх албан хаагчдын нэрсийг батлахад Ц.Энг Хууль, эрсдэлийн удирдлагын газрын ахлах мэргэжилтний ажил, албан тушаалаас чөлөөлсөн, 2 дугаар хавсралтаар шинэчилсэн зохион байгуулалтын бүтэц, орон тооны дагуу ажиллах албан хаагчдын нэрсийг батлахад Ц.Энг Хууль, эрсдэл, өрийн удирдлагын газрын мэргэжилтнээр томилжээ. /хх71-78/

 

Шинэчилсэн бүтцээр Хууль, эрсдэлийн удирдлагын газрын нэрийг Хууль, эрсдэл, өрийн удирдлагын газар гэж өөрчилсөн боловч уг газрын ахлах мэргэжилтний ажлын байр хэвээр байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан үндэслэл ажилтан Ц.Энгийн хувьд үгүйсгээгүй байна. Хариуцагч байгууллага бүтэц, орон тоог шинэчлэн баталж, ажилтныг томилохдоо Хууль, эрсдэл, өрийн удирдлагын газрын ахлах мэргэжилтний ажлын байранд Т.Төгөлдөрийг томилжээ. Иймд ажил олгогч нь ажилтан Ц.Энг өөр ажилд буруу шилжүүлсэн гэж анхан шатны шүүхийн зөв дүгнэжээ.

 

Нэхэмжлэгч нь 2020 оны 10 дугаар сарын дутуу олгосон цалинг Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт “ажилтны цалин хөлсийг хийснээр, цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгоно” гэж зааснаар шаардах эрхтэй ба анхан шатны шүүх дутуу олгосон цалин хөлсийг Х албаны захирлын А/14 тоот тушаалын 3 дугаар хавсралтыг үндэслэн 200,000 /1,225,000-1,025,000/ төгрөгөөр тооцож, уг шаардлагаас 11,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв юм. /хх 80/

 

Түүнчлэн хариуцагч байгууллага нь А/14 тоот тушаалаар ажилтныг өөр ажил, албан тушаалд шилжүүлсэн атлаа дахин 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Б/64 дугаар тушаал гаргаж өмнөх ажлын байр болох Хууль, эрсдэлийн удирдлагын газрын ахлах мэргэжилтний орон тоо хасагдсан гэх үндэслэлийг зааж Ц.Энг 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь ойлгомжгүй болжээ. /хх 102/ Өөрөөр хэлбэл, ажилтныг өмнөх албан тушаалаас нь 2 удаа чөлөөлсөн алдаатай шийдвэр гаргасан байна.

 

Х албаны захирлын 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/64 тоот тушаалыг хууль бус, ажилтныг үүрэгт ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцээгүй гэж анхан шатны шүүх дүгнэж, Ц.Энг тус байгууллагын Хууль, эрсдэл, өрийн удирдлагын газрын ахлах мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн нь зөв боловч шийдвэрийн тогтоох хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1 дэх хэсэгт заасныг баримталсан нь хууль хэрэглээний хувьд алдаатай болсныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой.

 

Иймд Ц.Энг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны олговрыг шаардах эрхтэй. Анхан шатны шүүх Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журамд зааснаар ажилтаны нийгмийн даатгалын дэвтрийн бичилтийг үндэслэн нэг сарын дундаж цалин хөлсийг 1,393,000 /1,456,000+ 1,467,000+1,256,000=4,179,000:3=1,393,000 төгрөг/ төгрөгөөр тооцож, ажилгүй байсан хугацааг 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх ажлын 146 хоногоор тогтоож, Ц.Энгийн ажилгүй байсан хугацааны олговрыг нийт 9,459,486 /1,393,000 : 21,5 хоног=64,791 төгрөг, 146 хоног х 64,791 төгрөг/ төгрөгөөр тогтоосон нь зөв болжээ.

 

Иймд Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албаас нийт 9,659,486 /9,459,486 + 200,000/ төгрөгийг гаргуулж Ц.Энд олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхийг даалгаж шийдвэрлэх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 69 дугаар зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасантай нийцнэ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт “Ажилтанд ээлжийн амралтын хугацаанд ээлжийн амралтын олговор олгоно” гэж, мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт “Ажилтанд жил бүр ээлжийн амралт олгож биеэр эдлүүлнэ. Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтанд мөнгөн урамшуулал олгож болно...” гэж тус тус заажээ. Нэхэмжлэгч нь ээлжийн амралтаа эдлээгүй байхад хөдөлмөрийн маргаан үүссэн ба улмаар түүний урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоох хүртэл хугацааны олговрыг гаргуулж шийдвэрлэсэн тул ээлжийн амралтын олговрыг нөхөн гаргуулах үндэслэлгүй юм.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2021/01244 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын “128 дугаар зүйлийн 128.1,” гэснийг “128 дугаар зүйлийн 128.1.2,” гэж, “10,866,026 төгрөгийг” гэснийг “9,659,486 төгрөгийг” гэж, “30,980 төгрөгийг” гэснийг “1,237,520 төгрөгт холбогдох хэсгийг” гэж өөрчилж,

 3 дахь заалтын “188,806 төгрөгийг” гэснийг “169,502 төгрөгийг” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч Х алба нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                          ШҮҮГЧИД                                Ш.ОЮУНХАНД

 

                                                                                            Э.ЗОЛЗАЯА