Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 183/ШШ2021/01111

 

 

2021 оны 05 сарын 21 өдөр Дугаар 183/ШШ2021/01111 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, бага тойруу, өөрийн байранд байрлах Т.Б ХХК /РД:0000000/-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Махатма Ганди гудамж, Рапид харш, Хурд хороолол, 00 дүгээр байр, 000 тоотод оршин суух, Д овогт Ү.У /РД:ФА00000000/;

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Махатма Ганди гудамж, Рапид харш, Хурд хороолол, 00дүгээр байр, 000 тоотод оршин суух, Х овогт Б.Э /РД:ФА00000000/ нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 64,089,175.18 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.М нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Зээлдэгч Ү.У, Б.Э нар нь 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдөр дугаар 000000000000 тоот зээлийн болон үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж сарын 2,50 хувь, жилийн 30 хувийн хүүтэйгээр 35,000,000 төгрөгийг хэрэглээний зээлийн зориулалтаар зээлсэн. Мөн 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 000000000000 тоот үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж зээлийн барьцаанд улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэгдсэн Орхон аймгийн Баян-Өндөр сум 1 дүгээр баг, Зэст 1 хороолол, 00 дүгээр байр, 00 тоот хаягт байрлах 29 м.кв талбайтай хоёр өрөө орон сууц барьцаалсан.

Зээлдэгч Ү.У, Б.Э нар нь зээл авснаас хойш үндсэн зээлд 7,462,482.76 төгрөг, үндсэн хүүнд 2,386,464.56 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 9,750.68 төгрөг, нийт 9,858,698.00 төгрөг төлсөн байна.

Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 27,537,517.00төгрөг, үндсэн хүү 32,649,293.32 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,902,364.62 төгрөг, нийт 64,089,175.18 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Банкны зүгээс зээлдэгчтэй удаа дараа уулзаж зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг шаардаж 2017 оны 7 дугаар сарын 25, 2017 оны 9 дүгээр сарын 05, 2017 оны 9 дүгээр сарын 15, 2017 оны 10 дугаар сарын 26, 2017 оны 10 дугаар сарын 19, 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрүүдэд зээл төлөх тухай мэдэгдэл, шаардлага хүргүүлж зээл төлөх тодорхой хугацаа өгсөн боловч зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ эс биелүүлсэн бөгөөд 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс хойш зээлийн төлөлт хийгээгүй байна.

Иймд зээлдэгч Ү.У, Б.Э нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 64,089,175.18 төгрөгийг гаргуулж,барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулан холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэж өгнө үү ... гэв.

Хариуцагч Ү.У, Б.Э нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Нэхэмжлэлийн үндсэн төлбөрийг хүлээн зөвшөөрч, хүүгийн төлбөр 32,649,293.2 төгрөг, мөн нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй . Учир нь нэхэмжлэгч зээлийн гэрээний хугацаа дууссан, үүргийн зөрчил 2017 онд үүссэн байхад зөрчлийг арилгахаар шүүхэд хандаагүй, хуулиар хугацаа зогсохгүй гэсэн давуу байдлаа ашиглаж өнөөдрийг хүртэлх хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилж зээлдэгч нарын эдийн засгийн байдлыг хэт дордуулж байна. Нэхэмжлэгч нар зээлийн гэрээний дагуу нийт 35,000,000 төгрөгийг зээлсэн, банканд нийт 9,858,698 төгрөгийг төлсөн байхад одоо нийт 64,089,175 төгрөг нэхэмжилж байгаа нь зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нь зээлдэгч нарын эрх ашигт илтэд хохиролтой байна. Шударга ёсны үүднээс үндсэн зээлийн үлдэгдэл, хүү, нэмэгдүүлсэн хүүд үл маргах журмаар 41,400,000 төгрөгийг төлөх саналтай байна. Барьцааны гэрээний эд хөрөнгийн өмчлөгч нарт холбогдуулж нэхэмжлэгч шаардлага гаргаагүй байх тул барьцааны гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй ... гэв.

Шүүх зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.БХХК-иас хариуцагч Ү.У, Б.Э нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 64,089,175.18 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч болон хариуцагч Ү.У, Б.Э нар 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдөр №000000000000 дугаар Зээлийн гэрээ байгуулж, 35,000,000 төгрөгийг 2 жил буюу 00сарын хугацаатай, сарын 2,5 хувийн, жилийн 30 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүү нь Зээлийн хүүгийн 20 хувь байхаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан байх бөгөөд зохигчдын хооронд байгуулсан энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 451.2.-т Хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ гэж тус тус заасантай нийцсэн хүчин төгөлдөр зээлийн гэрээ байна. /х.х-ийн 12-14 хуудас/

Хариуцагч Ү.У, Б.Э нар 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Ш.М-д хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхийг олгож, итгэмжлэл олгосон байна. /х.х-ийн 54 хуудас/

Дээрх итгэмжлэлийг үндэслэн хариуцагч нарыг төлөөлөн Ш.М хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, тэдний нэрийн өмнөөс шүүхэд тайлбар гаргасан гэж шүүх үзнэ. Иймээс хариуцагч нар зээлийн гэрээний зүйл болох 35,000,000 төгрөгийг авсан, энэ талаар маргаагүй байна.

Харин хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.М ... хариуцагч нар 2017 оноос зээлийн гэрээний үүргийн зөрчил гаргаж эхэлсэн, зээлийн гэрээний хугацаа 2019 оны 3 сард дууссан байхад шүүхэд шаардах эрхээ нэхэмжлэгч хэрэгжүүлээгүйгээс зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү хэт өндөр тооцсон нь зээлдэгч нарт илтэд хохиролтой тогтоогдсон байх тул хүү, нэмэгдүүлсэн хүүг багасгах, барьцааны гэрээний дагуу өмчлөгч нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй тул уг шаардлагыг зөвшөөрөхгүй... гэж маргаж байна.

Нэхэмжлэгч Т.Б ХХК-иас 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хариуцагч Ү.У, Б.Э нартай байгуулсан зээлийн гэрээгээр 35,000,000 төгрөгийг 2 жилийн хугацаанд, жилийн 30 хувийн, гэрээний хугацаанд нийт 60 хувийн хүү, тооцож авахаар тохиролцож зээлийн гэрээ байгуулсан байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-д хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно гэж тус тус заажээ. Зээлийн гэрээний дагуу 27,537,517.00төгрөгийн үндсэн үүрэг үлдсэн бөгөөд уг үүрэгт тооцож хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 36,551,657.94 төгрөгийг нэхэмжилсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ илт их тогтоогдсон байна гэж шүүх дүгнэлээ.

Зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн хүүд зээлдэгч нар нийт 9,392,293 төгрөг төлөх үүрэгтэйгээс 2,386,464.56 төгрөгийн хүүгийн үүргийг банканд төлсөн ба 7,005,829 төгрөгийн хүүгийн үүрэг гэрээний дагуу үлдсэн байна. /х.х-ийн 14 хуудас/

Иймээс нийт 36,551,657.94 төгрөгийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ нь илт их тогтоогдсон байх тул хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг 21,551,658 төгрөгөөр багасгаж, хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 15,000,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 000000000000 дугаартай барьцааны гэрээгээр эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 1-р баг, Зэст 1 хороолол 19 байр, 20 тоотод байрлах, орон сууцны зориулалттай, хоёр өрөө орон сууцыг барьцаалж, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. /х.х-ийн 15-16 хуудас/

Барьцааны зүйл болох эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 1-р баг, Зэст 1 хороолол 19 байр, 20 тоотод байрлах, орон сууцны зориулалттай, хоёр өрөө орон сууцны өмчлөгч нь Монгол Улсын иргэн Хэрдэг овгийн Бөхнуур Энхжаргал, Хэрдэг овгийн Гэндэн Дашдэжид, Хэрдэг овгийн Бөхнуур Энх-Алдар, Хэрдэг овгийн Бөхнуур Энхцэцэг нарын дөрвөн иргэний өмч болох нь үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. /х.х-ийн 30 хуудас/

Нэхэмжлэгч нь өмчлөгч нараас 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдөр хариуцагч Б.Эд итгэмжлэл олгосон тул уг итгэмжлэлийн дагуу барьцааны гэрээгээр барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-000000000 дугаартай, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 1-р баг, Зэст 1 хороолол 00 байр, 00 тоотод байрлах, орон сууцны зориулалттай, хоёр өрөө орон сууцаар зээлийн гэрээний үүргийг хангуулахаар шаардаж байна гэж тайлбарладаг.

Өмчлөгч Г.Д, Б.Э, Б.Э нараас 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хариуцагч Б.Эд олгосон итгэмжлэлд ... итгэмжлэл олгосон өдрөөс эхлэн 3 жилийн хугацаанд хүчинтэй бөгөөд итгэмжлэлийн хугацаанд гуравдагч этгээдэд шилжүүлэх эрхгүйгээр олгосон болно гэж заасан байх тул гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрх олгосон итгэмжлэлийн хугацаа 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдөр дууссан байна. Иймээс өмчлөгч нараас хариуцагч Б.Э-д олгосон эрх дуусгавар болсон байх тул барьцааны гэрээний үүргийг зөвхөн Б.Э-аас нэхэмжлэгч шаардах эрхгүй болжээ.

Иймд зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 27,537,517.00төгрөг, хүү, нэмэгдүүлсэн хүү 15,000,000 төгрөг нийт 42,537,517.00төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 21,551,658 төгрөг, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг тус тус хангахгүй орхиж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь барьцааны гэрээний дагуу хариуцагч нараа зөв тодорхойлон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргахад уг шийдвэр саад болохгүй болохыг дурдвал зохино.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 232 дугаар зүйлийн 282.8, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ү.У, Б.Э нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 42,537,517.00төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Б ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 21,551,658 төгрөг, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр төлсөн 478,396 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ү.У, Б.Э нараас 370,638 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Б ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

ШҮҮГЧ             Ц.ОЮУНБИЛЭГ