Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2022/01786

 

2022 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2022/01786

 

 

“ТБ*” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч С.Энхбаяр, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2022/01757 дугаар шийдвэртэй,

 

“ТБ*” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Ү.У*, Б.Ж* нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 70,906,409 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хулан, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Мягмарцэрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Зээлдэгч Ү.У*, Б.Ж* нар нь 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 105200468510 тоот зээлийн болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, сарын 2.5 хувь, жилийн 30 хувийн хүүтэйгээр 35,000,000 төгрөгийг Хэрэглээний зээл зориулалтаар авч, зээлийн барьцаанд улсын бүртгэлийн Ү-2101011299 дугаарт бүртгэгдсэн Орхон аймгийн Баян-Өндөр сум 1 дүгээр баг, Зэст 1 дүгээр хороолол, 19 дүгээр байр, 00* тоот хаягт байрлах 29 м.кв талбайтай хоёр өрөө орон сууц барьцаалсан.

1.2. Зээлдэгч Ү.У*, Б.Ж* нар нь зээл авснаас хойш үндсэн зээлд 7,462,482.76 төгрөг, үндсэн хүүнд 2,386,464.56 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 9,750.68 төгрөг, нийт 9,858,698 төгрөг төлсөн байна.

Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 27,537,517.24 төгрөг, үндсэн хүү 32,649,293.32 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,902,364.62 төгрөг, нийт 64,089,175.18 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Банкны зүгээс зээлдэгчтэй удаа дараа уулзаж зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг шаардаж 2017 оны 07 дугаар сарын 25, 2017 оны 09 дүгээр сарын 05, 2017 оны 09 дүгээр сарын 15, 2017 оны 10 дугаар сарын 19, 2017 оны 10 дугаар сарын 26, 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрүүдэд зээл төлөх тухай мэдэгдэл, шаардлага хүргүүлж зээл төлөх тодорхой хугацаа өгсөн боловч зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ эс биелүүлсэн бөгөөд 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс хойш зээлийн төлөлт хийгээгүй байна.

1.3. Иймд зээлдэгч Ү.У*, Б.Ж* нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 64,089,175 төгрөгийг гаргуулж, 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 105200468510 тоот үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээний дагуу барьцаанд байгаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.

1.4. Нэхэмжлэлийн шаардлагыг 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс тус оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл үндсэн хүү 5,685,556.18 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,131,577.89 төгрөг, нийт 6,817,234.07 төгрөгөөр нэмэгдүүлж байна.

 

2. Хариуцагч нарын татгалзал, тайлбарын агуулга: Тус дүүргийн шүүхэд ТБ*ны нэхэмжлэлтэй хэрэгт Ү.У* болон Б.Ж* нарт холбогдох нэхэмжлэлийн үндсэн тайлбар болон төлбөрийг хүлээн зөвшөөрч, хүүгийн төлбөр болох 32,649,293 төгрөг, мөн нэмэгдүүлсэн хүү, алданги зэргийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

 

3. Гуравдагч этгээд Г.Д-ийн гаргасан тайлбарын агуулга: Орхон аймгийн Баян-Өндөр сум Зэст баг, 1 дүгээр хороолол, 19 дүгээр байр, 00* тоот, 29 м.кв хоёр өрөө байр нь Ш.Д- миний эзэмшдэг байр юм. Энэ байрыг охин Б.Ж*ын нөхөр Ү.У* нар нь өөрийн хэрэгцээнд хэрэглэх зорилгоор банкны барьцаанд 2017 оны 03 дугаар сарын 16-нд тавьж хэрэглээний зээл авахад нь итгэмжлэл өгсөн нь үнэн. Авсан зээлээс авч хэрэглээгүй. Шүүх хуралд биеэр оролцохгүй.

 

4. Гуравдагч этгээд Б.Э-ийн гаргасан тайлбарын агуулга: Миний бие Б.Э- нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн 1 дүгээр хороолол, 19 дүгээр байр, 00* тоотын хоёр өрөө орон сууцны хамтран өмчлөгч бөгөөд дүү Б.Ж*, нөхөр Ү.У* хоёрт өрхийн хэрэглээнд хэрэглэх зорилгоор зээл авахад итгэмжлэл өгсөн нь үнэн болно. Дүү Б.Ж* нөхөр Ү.У* хоёр нь 2017 оны 03 дугаар сарын 16-нд зээл авсан ба авсан зээлээс авч хэрэглээгүй болно. Иймд шүүх хуралд биеэр оролцохгүй болно.

 

5. Гуравдагч этгээд Б.ЭА-ын гаргасан тайлбарын агуулга: Миний бие Б.ЭА- нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн 1 дүгээр хороолол, 19 дүгээр байр, 00* тоот, 29 м.кв, хоёр өрөө орон сууцны хамтран өмчлөгч бөгөөд дүү Б.Ж* нөхөр Ү.У* хоёрт өрхийн хэрэгцээнд хэрэглэх зорилгоор зээл авахад итгэмжлэл өгсөн нь үнэн болно. Дүү Б.Ж* нөхөр Ү.У* хоёр нь 2017 оны 03 дугаар сарын 16-нд зээл авсан ба авсан зээлээс авч хэрэглээгүй болно. Иймд шүүх хуралд биеэр оролцохгүй гэжээ.

 

6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ү.У*, Б.Ж* нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 53,558,853 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “ТБ*” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 17,347,556 төгрөгийг, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “ТБ*” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 672,622 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ү.У*, Б.Ж* нараас 425,744 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ТБ*” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

7.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулинд нэхэмжлэгч хариуцагчаа өөрөө сонгох эрхтэй байхаар хуульчилсан. Гэтэл банкны энэ эрхэнд бүдүүлгээр халдаж, гуравдагч этгээдийг хариуцагч байх мэтээр хэргийг шийдвэрлэж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд гомдолтой байна.

7.2. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 1379 магадлалаар “Барьцаа хөрөнгийн Өмчлөгч гуравдагч этгээдүүдтэй холбоотой ажиллагаа хийгээгүй, тэдгээрийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой” гэж анхан шатны шүүхэд хэргийг буцаасан.

7.3. Дээрх нэр бүхий өмчлөгч нар барьцаа хөрөнгийг зээлийн барьцаанд бариулах, гэрээний үүргийн гүйцэтгэл хангуулах зорилгоор 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн итгэмжлэлээр Б.Ж*д дээрх эрхийг олгосон байдаг. Барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө байж болохыг Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3 дугаар зүйлд хуульчилсан байна.

7.4. Банкнаас барьцаа хөрөнгийн өмчлөгч Г.Д-, Б.ЭА-, Б.Э- нарыг гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлтийг гаргасан. Уг хүсэлтийг шийдвэрлэж, дээрх өмчлөгч нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцуулсан боловч хариуцагч биш учраас тэдгээрийн өмчлөлийн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахгүй гэж анхан шатны шүүхээс үзсэн. Барьцаа хөрөнгийг захиран зарцуулах эрх итгэмжлэлийн үндсэн дээр үүсч байгаа бөгөөд итгэмжлэлийн хугацаа дуусгавар болсноор итгэмжлэлд заасан үйлдэл дуусгавар болох эрх зүйн зохицуулалт үгүй билээ.

7.5. Мөн шүүхийн шийдвэрт Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт заасныг баримтлан нийт хүүгийн 40 хувь болох 17,347,556 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Зээлийн хүүнээс ямар үндэслэлээр 40 хувийг нь хасч байгаа нь ойлгомжгүй, үндэслэлгүй байна.

Дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахал зээлдэгчийн үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлсөн, түүнтэй холбоотой ямар баримтыг үндэслэн хүүнээс хасч байгаагаа үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй. Хэрэгт авагдсан зээл хүүний тооцооны хуудаснаас харахад зээлдэгч 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1,0 сая төгрөгийн зээл төлсөн, 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс хойш огт хүүгийн төлөлт хийгээгүй байхад Ковид-19 цар тахалтай холбон тайлбарласан нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

7.6. Нэхэмжлэгч 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүхийн шийдвэр 2021 оны 05 дугаар сард гарсан бөгөөд Банкны нэхэмжлэлийн дагуу уг хэрэг маргаан өнөөдөр шийдвэрлэгдээд дууссан байх ёстой атал анхан шатны шүүхийн шүүгчийн хайхрамжгүй, хяналтгүй үйлдэл, шүүгчийн туслахын хэнэггүй байдал зэргээс болж маш их хугацаа алдсан нь зээлдэгчийг эрсдэлт нөхцөл байдалд оруулсан гэж үзэж болно. Энгийн жишээ дурдахад шүүх хурлын дараа зөвхөн нэхэмжлэгч талдаа мэдэгдэж, хариуцагч талдаа хэлэхгүйгээр хурлаа зарладаг, үүнийг нь шүүгч ч өөрөө мэдээгүй сууж байдаг, анз, хүү, хариуцагч, гуравдагч этгээд, бусдын өмчлөлийн хөрөнгийг хэрхэн яаж барьцаалах эрх зүйн зохицуулалт, тэдгээрийн ялгааг ч ойлгоогүй, ийм шүүхийн байгууллага, шүүгчээр хэрэг маргааныг хянан шийдвэрлүүлж, асар их цаг хугацааг анхан шатны шүүх дээр алдаж байгаадаа гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрээр хэрэгсэхгүй болгосон 17,347,556 төгрөгийг банкинд олгох, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү.

 

8. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

8.1. Б.Ж*, Ү.У* нар нь зээл авсан.

8.2. Иргэний хуулийн 67 дугаар зүйлийн 67.2.6-д зааснаар бүрэн эрх хэрэгжүүлэх хугацаа дуусгавар болох итгэмжлэлийг үндэслэж, барьцаа дуусгавар болох үүргийн гүйцэтгэлийг шаардсан.

Анхан шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий зөв дүгнэлт хийсэн. Өөрөөр хэлбэл, барьцаа гаргуулах хөрөнгийн үүргийн гүйцэтгэлийг хэрэгжүүлэх эрх нь итгэмжлэлийн үндсэн дээр үүссэн тохиолдолд итгэмжлэлийн хугацаа дууссанаар уг эрх нь Иргэний хуулийн 67 дугаар зүйлийн 67.2.6-т зааснаар хангагдах боломжгүй.

Тухайн хэрэг нь 2 дахь удаагаа давж заалдах шатны шүүхээр орж байгаа бөгөөд 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 01379 тоот магадлалаар барьцаа хөрөнгийн бусад өмчлөгч нарын эрх ашиг нь хөндөгдсөн тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахад хэргийг эцэслэн шийдвэрлэхэд ач холбогдолтой байна гэж дүгнэсэн.

Шүүх бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдтэй холбогдох асуудлыг үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлэхгүй буюу барьцаагаар хангуулах үүргийн гүйцэтгэлийг гуравдагч этгээдүүдэд үүрэг гүйцэтгэхээр даалгах боломжгүй нөхцөл байдлыг зөв тодорхойлсон. Иймд итгэмжлэлийн талаар заагдсан төлөөлөл дуусгавар болох хуульд заагдсан үндэслэл

8.3. Анхан шатны шүүх дүгнэлт гаргахдаа Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт зааснаар хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэсэн. Тухайн үед дэлхийн нийтийг хамарсан цар тахлын нөхцөл байдлыг дурдаж шийдвэрлэсэн. Энэ нь хуулийг буруу хэрэглэсэн болон хууль зөрчсөн үндэслэл болохгүй. Хугацаа хэтрүүлсэн нь хариуцагч нарын буруутай үйлдлээс болсон гэж дүгнэх үндэслэлгүй. Өмнө нь хэлэлцэгдсэн давж заалдах шатны шүүхээс банкны өөрийнх нь хийх ажиллагаануудын зохих ажиллагааг зааж өгсөн байхад хэрэгжүүлээгүй атлаа түүнтэй холбоотой анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэрэг хянаж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах эрх хэмжээний хүрээнд хууль хэрэглээ болон дүгнэлтийн алдааг залруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.   

 

2. Нэхэмжлэгч “ТБ*” ХХК нь хариуцагч Ү.У*, Б.Ж* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 70,906,409 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар зээлийн үндсэн төлбөрийг зөвшөөрч, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

3. “ТБ*” ХХК нь Ү.У*, Б.Ж* нартай 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 35,000,000 төгрөгийг, 24 сарын хугацаатай, сарын 2,5 хувийн, жилийн 30 хувийн хүүтэй зээлдүүлэх, нэмэгдүүлсэн хүү нь зээлийн хүүгийн 20 хувь байхаар харилцан тохиролцсон, тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр, зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн талаарх тохиролцоо мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт нийцсэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

4. Зээлийн гэрээний хугацаа дууссан, зээлдэгч нар үндсэн зээл 27,537,517 төгрөгийг төлөөгүй талаар талууд маргаагүй тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нараас үндсэн зээлд 27,537,517 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор анхан шатны шүүх зөв шийдвэрлэжээ.

 

5.1. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт ”Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй” гэж заасныг буруу тайлбарлан хэрэглэжээ. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ 24 сарын хугацаагаар байгуулагдсан тул 2019 оны 03 дугаар сарын 16-ны өдөр дуусгавар болсон байна. Анхан шатны шүүхээс нийтэд илэрхий үйл баримт гэж дүгнэсэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 213 улсад халдвар бүртгэгдсэн байдал, Монгол Улсад 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Ковид-19 халдварын анхны тохиолдолд бүртгэгдсэн байдал нь 2019 оны 03 дугаар сарын 16-ны өдөр зээлийг бүрэн төлж дуусгавар болгох гэрээний үүргийг хариуцагч нар гүйцэтгэх боломжгүй болоход хэрхэн нөлөөлсөн байдал тодорхойгүй, цаг хугацааны хувьд хамааралгүй байна.

Иймд гэрээгээр тогтоогдсон хугацаанд үүргээ гүйцэтгэх боломжгүй, хугацаа хэтрэхэд хүргэсэн гэх нөхцөл байдал хариуцагч нарт үүсээгүй гэж үзнэ.  

 

5.2. Түүнчлэн, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” 183 тоот тогтоолын 8-д “банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооноос иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн хугацааг зээлдэгчийн хүсэлтийг харгалзан нэмэгдүүлсэн хүү, торгууль, алданги тооцохгүйгээр зээлдэгчид ямар нэгэн дарамт үүсгэхгүй байхаар төлбөрийн чадварт нь нийцүүлэн гэрээнд өөрчлөлт оруулах зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэх” гэж заасан бөгөөд зээлийн гэрээний хугацаа дууссан ч үүргээ гүйцэтгээгүй хариуцагч нарын хувьд банкинд хандаж хүсэлт гаргах эрхийг хязгаарлаагүй. Хариуцагч нараас холбогдох хүсэлтийг гаргасан талаар баримт хэрэгт авагдаагүй байх тул тэдгээр гэрээгээр тогтоосон хугацаанд үүргээ гүйцэтгээгүй, үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэнэ.

 

5.3. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй тул хэтэрсэн хугацааны хүү төлөх үүрэгтэй. Түүнчлэн, Монгол Улсын дээд шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “Иргэний хуулийн 44, 45, 46 дугаар бүлэг, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 53 дугаар тогтоолын 2.4-т “Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасан "зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү…төлөх үүрэгтэй" гэдэг нь зээлдэгч гэрээний дагуу авсан зээлээ гэрээнд заасан хугацаандаа буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд зээлийн төлөгдөөгүй үлдсэн хэмжээнд ногдох хүүг түүний төлөх хүртэл хугацаанд нөхөн төлөхийг хэлнэ” гэжээ.

Иймд хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт 38,334,849 /32,649,293+5,685,556/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй. Энэ үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын энэ хэсгийг хангаж шийдвэрлэлээ.  

 

6. Харин Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” 183 тоот тогтоолын 8-д заасан үндэслэлээр нэмэгдүүлсэн хүүд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

7.1. “ТБ*” ХХК болон Ү.У*, Б.Ж* нарын хооронд 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Барьцааны гэрээ байгуулж, Б.Ж*, Г.Д-, Б.ЭА-, Б.Э- нарын өмчлөлийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын 1 дүгээр баг Зэст 1 хороолол 19 дүгээр байр 00* тоот 2 өрөө орон сууцыг барьцаалсан байна.

 

7.2. Г.Д-, Б.ЭА-, Б.Э- нар Д.Ж*д 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр олгосон итгэмжлэлд дурдсан орон сууцыг зээлийн барьцаанд бариулах, зээлийн болон барьцааны гэрээнд төлөөлж гарын үсэг зурах эрхийг олгожээ.  Гэрээ байгуулах эрх, гэрээнд гарын үсэг зурах эрхийг олгосон нь төлөөллийг хэрэгжүүлж буй болохоос төлөөлөгчийг барьцааны гэрээний барьцаалуулагч тал гэж тодорхойлохгүй юм.

 

7.3. Барьцаалуулагч нарыг нэхэмжлэгч нь хариуцагчаар тодорхойлоогүй тул анхан шатны шүүх холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт зааснаар шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсгийг баримтлаагүй байгааг залруулав.

Хариуцагч Д.Ж* нь бусад барьцаалуулагч болох Г.Д-, Б.ЭА-, Б.Э- нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч болохын хувьд төлөөлөхгүй юм.

 

7.4. Түүнчлэн Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хамтран үүрэг гүйцэтгэгч нарын аль нэгээс нь өөрийн үзэмжээр гэрээний үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардах эрхтэй боловч барьцааны зүйл нь 4 иргэний дундын өмчлөлийн орон сууц болохын хувьд үл хуваагдах шинжтэй гэж үзэж, уг шаардлагыг нэг үүрэг гүйцэтгэгч болох Д.Ж*д холбогдуулан шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэлээ.   

Барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотойгоор өмчлөгч нарт холбогдуулан нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүй. 

8. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн      167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2022/01757 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “222 дугаар зүйлийн 222.2” гэснийг хасч, “53,558,853” гэснийг 65,872,366” гэж, “17,347,556” гэснийг “5,034,043” гэж тус тус өөрчилж, “барьцаа хөрөнгөөр” гэдгийн өмнө “Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар Ү.У*, Б.Ж* нарт холбогдох” гэж нэмж оруулж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтад “425,744” гэснийг “487,312” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.   

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “ТБ*” ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 314,888 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ч.ЦЭНД

                                           

         ШҮҮГЧИД                                 С.ЭНХБАЯР

                                                                                             

Э.ЗОЛЗАЯА