Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 948

 

                                                       Ш.Б-д холбогдох

                                                 эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Б.Зориг, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Батбямба,

шүүгдэгч Ш.Б, түүний өмгөөлөгч Ц.Оюунбаатар,   

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 2020/ШЦТ/399 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ц.Батбямбын бичсэн 2020 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 39 дугаартай прокурорын эсэргүүцэл, шүүгдэгч Ш.Б, түүний өмгөөлөгч Ц.Оюунбаатар нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор Ш.Б-д холбогдох эрүүгийн 2011 00550 0267 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Ш-н Б, 19... оны .. дугаар сарын ..-ны өдөр .... аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Х б” ХХК-д зуучлагч ажилтай, ам бүл 4, эцэг, эх, ах нарын хамт ................ тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: .............../;  

Ш.Б нь Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, ......... тоотод 2020 оны 2 дугаар сарын 16-ны орой 22 цагийн орчим “үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын компаниа улсын бүртгэлд өөрийн нэр дээр бүртгүүлнэ, гар утас өгсөнгүй” гэх шалтгаанаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Э.О-тэй маргалдан, улмаар түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь баруун бугалга, шуу, зүүн шуу, бугуй, баруун зүүн тохой, зүүн шанаа, баруун, зүүн хацарт цус хуралт, баруун өвдөг, зүүн, баруун шилбэнд цус хуралт, зүүн бугуй, баруун өвдөг, баруун шилбэнд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

мөн Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо, .............. тоотод 2019 оны 1 дүгээр сард, 2019 оны 3 дугаар сард Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг 2019 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр, Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, ................... тоотод 2020 оны 2 дугаар сарын 16-ны орой 22 цагийн орчим хамтран амьдрагч буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай жирэмсэн хүн болох Э.О-г байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Ш.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос Ш.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн шинжгүй тул хэрэгсэхгүй болгож, Ш.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ш.Б-д 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 Прокурор Ц.Батбямба бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүх Ш.Б-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ш.Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн үйлдлийг хэрэгсэхгүй болгож ... шийдвэрлэжээ.

Гэтэл шүүх дүгнэлт хийхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж дүгнэлээ. Мөн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянах шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ гэж зөрүүтэй, ойлгомжгүй дүгнэлт хийжээ.

Шүүхээс 2015 оны Эрүүгийн хуульд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг, гэр бүлийн хүчирхийллийг байнга үйлдсэн үндэслэлээр хэргийг давхар зүйлчлэх тохиолдолд тухайн үйлдлийг хэзээ, хаана, ямар хэлбэрээр, 3 ба түүнээс дээш удаа үйлдсэнийг хөдөлбөргүй тогтоосон байх бөгөөд хавтаст хэрэгт авагдсан баримтаар жирэмсэн эмэгтэй хүнийг байнга зодсон гэх үйлдэл хэргийн бодит байдал, үйл баримттай тохирохгүй байна.

Шүүгдэгч Ш.Б нь хохирогч Э.О-г хамгийн сүүлд 2020 оны 2 дугаар сарын 16-ны өдөр зодох явцдаа эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцэж байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлтэд тайлбар гаргахдаа “хохирогчийн 3 үйлдэл нотлогдож байна. Ахуйн шинжтэй 3 маргааныг нотоллоо. Энэ хүний эрүүл мэндэд хохирол учирсан байна. Гэрч, хохирогч, шүүгдэгчийн мэдүүлгээс үзэхэд прокурорын 211 дугаартай яллах дүгнэлтэд нэгээс бусад тохиолдол нотлогдохгүй байна гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан зодсон гэх нотолгоо алга. Харин зодолдсон байна. Өөрөөр хэлбэл, 2019 оны 1 дүгээр сар, 3 дугаар сар, 2019 оны 11 дүгээр сарын гэмт хэрэг нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэж байна. Харин 2020 оны 2 дугаар сарын 6-ны өдөр болсон асуудал Зөрчлийн тухай хуулиар шийдэх ёстой гэж үзэж байна. Гэмтэл зайлшгүй шаарддаг, нэг ч шууд харсан гэрч байхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн үндэслэлгүй тайлбар гаргадаг.

Шүүгдэгч Ш.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдсэн үйлдлийг буюу байнгын шинжтэй гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг 3 удаа зодож, эрх чөлөөнд нь халдсан үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл бус гэж хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй, өмгөөлөгч 3 үйлдэл нотлогдсон, сүүлийн үйлдэл нь зөрчлийн шинжтэй үйлдэл гэж тайлбар гаргасан.

Шүүгдэгчийн 3 үйлдэл нотлогдсон юм бол түүний 2 үйлдэл нь юу юм, мөн хүчирхийллийн үндсэн шинж болох байнгын буюу 3 ба түүнээс дээш удаагийн үйлдэл нотлогдсон байтал шүүх болон шүүгдэгчийн өмгөөлөгч хууль зүйн дүгнэлт хийхдээ зөрүүтэй байдлаар, ойлгомжгүй дүгнэлт хийсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна, мөн хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх гэснийг ноцтой зөрчсөн үндэслэлд хамаарч байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэрэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

      Шүүгдэгч Ш.Б, түүний өмгөөлөгч Ц.Оюунбаатар нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “...Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргаж байна.

Эхнэр Э.О бид залуу гэр бүл бөгөөд 2019 оны 2 дугаар сарын 7-ны өдөр охинтой болсон. Залуу хүмүүс нялх хүүхэдтэй, тогтмол орлогогүй амьдралын хүндрэл бэрхшээл тулгарч, ажил амьдралын ахуйн шинжтэй маргаан гарах үе байдаг.

Энэ нь зарим тохиолдолд биенийгээ түлхэх, О-г цохиж зодохоор нь зогсоох, болиулах гэж гарыг шуугаар атгах, түлхэх явдал байсан боловч эрх чөлөөнд нь халдаж зодож байгаагүй юм. Төрсний дараа эхнэр сэтгэл санааны цочролд орсон, байнга уурлаж хэрүүл хийж маргаан үүсгэж, үүнийг нь сөрж маргадаг миний ч буруу байдаг. Би архи, дарс огт хэрэглэдэггүй, гадуур явдаггүй, үр хүүхэд, гэр орноо л гэж зүтгэдэг залуу хүн. ...

2020 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Э.О-г зодож хөнгөн гэмтэл учруулсан Эрүүгийн хэргийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсныг хянуулахаар давж заалдах гомдол гаргаж байна.

Чухамдаа энэ өдрийн орой болсон явдал нь Ш.Б би эхнэртээ “хүний компанид ажиллах ашиггүй юм, өдөр шөнөгүй зүтгээд хэдхэн төгрөг авдаг, тэр нь хүрэлцэхгүй юм. Хувийн компани байгуулаад орлогоо өөртөө авдаг болъё” гэж ярьсан, мөрөөдлөө хэлсэн юм. Гэтэл Э.О тэр компаниа миний нэр дээр байгуул, чи 100.000 төгрөг хүнд зээлүүлээд аваагүй гээд хэрүүл хийгээд л цохиж зодоод эхэлсэн. Би нэг ч удаа гар хүрээгүй, хоёр шуунаас нь бариад л, эсвэл өөрөөсөө холдуулж түлхэж байсан. Би О-г түлхэхэд, бас бугуй гарыг нь хөдөлгөөнгүй барихад шалбарсан, зөөлөн эдийн няцрал гэмтэл үүссэн гэсэн дүгнэлт гарсан, үүнийг зөвшөөрч байгаа, өөр ямар нэг юм огт болоогүй.

Э.О өөрөө намайг тасралтгүй цохиж, зодож байсан, үүнийгээ тэр зөвшөөрдөг. Аливаа хэрүүл маргааныг Э.О эхэлдэг, цохьдог, зоддог, зууралддаг, би түүнийг зогсоох гэж оролддог.

Э.О шүүхэд “зодож байсан удаа байхгүй, миний биед хохиролтой зүйл болоогүй ... Надад одоо нэхэмжлэх зүйл болон гомдол санал байхгүй” гэж мэдүүлсэн. Ш.Б-н үйлдэлд Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй бөгөөд харин Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад заасан хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн гэх заалтыг давах шатны шүүх анхааралдаа авахыг хүсэж байна.

Залуу гэр бүлийн хоорондын зөрчил, маргааныг хэт нэг талыг барьж, эрүүгийн ноцтой гэмт хэрэг болгож, элэг бүтэн гэр бүлийн цаашдын хувь заяаг хүндрүүлэхгүй, гэр бүл салгахгүй, үр хүүхдийг өнчрүүлэхгүй байх асуудал амин чухал гэдгийг анхаарч, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байдлыг нягтлан үзэж хэрэгсэхгүй болгож өгнө үү. Ш.Б, Э.О нарын маргаан нь гэр бүлийн дотоод зөрчил бөгөөд одоогоор хэн хэн нь ажилгүй банкны их хэмжээний зээлтэй, түүнийгээ төлөх гэж цагийн ажил хийж өдөр хоног өнгөрөөж байгаа. Эхнэр, үр хүүхдээ хоолтой байлгахын төлөө зүтгэж байхад 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх нь амьдралд нь хүндээр тусч, амьдралын орлого, хоол ундаар хангах чадваргүй болж ноцтой хүндрэлд орох аюултай юм. Иймд Ш.Б-н үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй болохыг судлан тогтоож хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Ш.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Э.О бид хамт амьдарч байгаа. Өмнө хэрүүл маргаан болоход зодож байсан асуудал гаргаж байгаагүй. Би эхнэрээ дарамталж зодож байгаагүй. ...” гэв.

Шүүгдэгч Ш.Б-н өмгөөлөгч Ц.Оюунбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Энэ залуу гэр бүл 2019 онд хүүхэдтэй болсон. Хүүхдээ асрах хамгаалах үйлдлээс болж хоорондоо зөрчил маргаан гарсан. Нэг удаагийн үйлдлээс болж цагдаад хандсан байсан. Гэхдээ үүнийг гэмт хэрэг биш гэж үзэж байна. Үйлдэл болгонд хохирогч маргаан үүсгэдэг. Шүүгдэгч Ш.Б нь архи уудаггүй, гэртээ маргаан үүсгэдэггүй. “Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын компаниа улсын бүртгэлд өөрийн нэр дээр бүртгүүлнэ” гэх асуудлаас болж маргалдсан. Хэрэг гарахад хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн. Хохирогч Э.О нь буруутайгаа ойлгосон. Энэ залуу гэр бүлийг авраач гэж шүүх бүрэлдэхүүнээс хүсэж байна. ...” гэв.

 

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар прокурорын эсэргүүцэл болон шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын хамтран гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч Ш.Б-д холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Ш.Б нь Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, ............. тоотод 2020 оны 2 дугаар сарын 16-ны орой 22 цагийн орчим “үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын компаниа улсын бүртгэлд өөрийн нэр дээр бүртгүүлнэ, гар утас өгсөнгүй” гэх шалтгаанаар Э.О-тэй маргалдан, зодож, эрүүл мэндэд нь баруун бугалга, шуу, зүүн шуу, бугуй, баруун зүүн тохой, зүүн шанаа, баруун, зүүн хацарт цус хуралт, баруун өвдөг, зүүн, баруун шилбэнд цус хуралт, зүүн бугуй, баруун өвдөг, баруун шилбэнд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хохирогч Э.О-н “... Тухайн өдөр би Ш.Б-н найздаа зээлүүлсэн 100.000 төгрөгөөс болж бид хоёр маргалдсан. Мөн Ш.Б үл хөдлөх хөрөнгө зуучлалын газар зуучлагч хийдэг бөгөөд би түүнд “хүний өмнөөс ажил хийж байхаар өөрсдөө энэ чиглэлээрээ компани байгуулаад ашгаа өөрсөө авъя” гэдэг саналт тавьсан. Энэ компаниа миний нэр дээр бүртгүүлэх талаар ярьж байгаад бид хоёр маргалдсан. ... Дэлгүүрээс ундаа авчихаад гэр лүүгээ харих замдаа дахин компанийн нэрийг хэн дээр бүртгүүлэх талаар ярьж байгаад маргалдсан. Ш.Б компаниа өөрийнхөө нэр дээр байгуулна гээд байхаар нь би уурлаад явахгүй гээд тэр доороо суугаад үлдсэн чинь Ш.Б намайг орхиод ганцаараа явсан. ... Ш.Б намайг орхиж явах гээд зугтаад гүйхээр нь би түүнийг явуулахгүй гэж араас хөөцөлдөж байгаад барьж авсан чинь намайг хашаа руу нуруугаар тулгаж хоолойноос боож шахаад “чамайг алсан ч яадаг юм” гээд миний толгой руу гараараа нэг удаа цохисон. ... Би түүний куртикнээс зуураад тавихгүй тайвшруулах гээд байж байсан чинь халаасны хэсэг нь жаахан урагдчихсан чинь миний гарыг тавиулах гээд миний гар луу цохиод байсан. ... Энэ үед би түүнтэй зууралдаж байгаад газар унасан. ... Ш.Б гар утсаа аваад гэрээс гарч явах гээд байхаар нь би гар утсыг нь булааж авах гэтэл миний гарыг гараараа 2-3 удаа цохиод намайг тавихгүй байсан чинь хуруу мушгиж, гарыг хазсан. Би гар утсыг нь өгөхгүй бол Ш.Б явахгүй юм байна гэж бодоод гар утастай нь зууралдаад байсан чинь Ш.Б миний баруун шанаа руу гараараа нэг удаа цохиод духны зүүн хэсэгт 2-3 удаа гараараа цохисон. ...” /хх 16-17/,

Өмнөх тохиолдлуудад Ш.Б намайг хэрэлдэж байхдаа намайг элдэв муухайгаар хэлж хараахаар нь би ч өөдөөс нь хэрэлдэж харааж байгаад бид хоёр хоёулаа бие биенээ харааж хэрэлдэж байгаад уураа барьж дийлэхгүй бие биенээ цохидог байсан. Тухайн үед бид хоёр биед хоёуланд нь бага сага зулгарах, хөхрөх гэмтэл учирдаг байсан боловч хоорондоо удалгүй эвлэрчихдэг байсан болохоор хэн хэндээ гомдол гаргадаггүй байсан. ...” /хх 18-19/,  

Гэрч Д.Э-н “... 2020 оны 2 дугаар сарын 16-ны орой гэртээ охин Э.О, хүргэн Ш.Б, зээ охин нарын хамт байж байхад Ш.О-н цуглуулж байсан мөнгөнөөс 200.000 төгрөгийг Ш.Б аваад найздаа зээлүүлсэн, түүнийгээ эргүүлж өгөхгүй удлаа гэх шалтгаанаар Ш.Б, Э.О нар жаахан маргалдаж байгаад намжиж гайгүй болсон. ... Орой Ш.Б, Э.О нар хамт дэлгүүр лүү ундаанд явсан. Би зээ охиноо хараад байж байтал Ш.Б нэлээд уурлаж бухимдсан байдалтай, амьсгаадчихсан орж ирсэн. Би яасан талаар түүнээс асуухад “Э.О бид хоёр компанийн ажлаас болж маргалдаад” гэхээр нь гайгүй юу гэсэн чинь “зүгээрээ одоо араас ирэх байх” гэж хэлээд гэрт 30 орчим минут болсон боловч Э.О ирэхгүй байсан тул Ш.Б Э.О-г аваад ирье гээд буцаад гарсан. Тэгэхээр нь би яасан юм бол гээд гараас нь цонхоор харсан чинь харанхуй гудамжны гэрэлд Ш.Б, Э.О нар маргалдаад бие биенээ татаж чангаагаад түлхэж ноцолдоод байх шиг харагдсан. Бие биенээ гэмтээчих вий гэж айж байсан. ... Хэсэг ноцолдож байгаад хоёулаа цаашаа явчихсан болохоор харагдахаа больсон. Түүнээс хойш бараг 1 цагийн дараа Ш.Б амьсгаадчихсан, куртик нь урагдчихсан орж ирсэн. Араас нь манай охин Э.О үс толгой нь сэгсийчихсэн, куртик нь багахан газар урагдчихсан орж ирсэн. Ш.Б гар утсаа цэнэглэх гэсэн чинь Э.О “чи гар утсаа цэнэглэж яах гээд байгаа юм бэ” гэсэн “чамд ямар хамаатай юм бэ” гээд Ш.Б Э.О-н ороолтоор хоолойг нь боогоод ноцолдож байгаад хоёулаа орон дээр унасан бөгөөд Э.О Ш.Б-н куртикнээс зууралдсан чинь Ш.Б нүүр лүү нь алгаараа түлхсэн. Ингээд хэсэг хугацаанд арай гайгүй болоод байж байтал Ш.Б гэрт тамхи татаж тайвширмаар байна гэхээр нь би түүнд гэрт тамхи татаж болохгүй гэсэн чинь гадаа гарч татлаа гэхэд Э.О хаалган дээр очоод түүнийг гаргахгүй гээд маргалдаж байтал Ш.Б Э.О-н хацар луу нь нэг удаа алгадсан. ...” /хх 26-27/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Э.О-н биед баруун бугалга, шуу, зүүн шуу, бугуй, баруун зүүн тохой, зүүн шанаа, баруун, зүүн хацарт цус хуралт, баруун өвдөг, зүүн, баруун шилбэнд цус хуралт, зүүн бугуй, баруун өвдөг, баруун шилбэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэх 2754 дугаартай дүгнэлт /хх 35-36/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хоорондоо ноцтой зөрүүгүй, уг нотлох баримтуудыг үндэслэн гэмт хэргийн үйл баримтыг тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Чингэлтэй дүүргийн прокуророос Ш.Б-г 2020 оны 2 дугаар сарын 16-ны орой 22 цагийн орчим “үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын компаниа улсын бүртгэлд өөрийн нэр дээр бүртгүүлнэ, гар утас өгсөнгүй” гэх шалтгаанаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Э.О-тэй маргалдан, улмаар түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

мөн Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо, ......... тоотод 2019 оны 1 дүгээр сард, 2019 оны 3 дугаар сард Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг 2019 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр, Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, ......... тоотод 2020 оны 2 дугаар сарын 16-ны орой 22 цагийн орчим хамтран амьдрагч буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай жирэмсэн хүн болох Э.О-г байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Ш.Б-г хамтран амьдрагч буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай жирэмсэн хүн болох Э.О-г байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Иймд прокурор Ц.Батбямбын бичсэн “... Шүүгдэгч Ш.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдсэн үйлдлийг буюу байнгын шинжтэй гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг 3 удаа зодож, эрх чөлөөнд нь халдсан үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл бус гэж хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй ...” гэсэн эсэргүүцэл хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Харин анхан шатны шүүх Ш.Б-г гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Э.О-тэй маргалдсаны улмаас түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар зүйлчлэн шийдвэрлэж, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Тодруулбал, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл нь ямар тохиолдолд гэмт хэрэгт тооцогдохыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан ...үйлдэл нь байнгын шинжтэй” гэж хуульчилж тогтоосон бөгөөд дээрх үйлдлийн улмаас ямар нэгэн хохирол, гэмтэл учирсан байхыг шаарддаг.

Мөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн объектив тал буюу гадаад илрэх шинж нь хохирогчийг байнга бие махбод, сэтгэл санаа, эдийн засаг, бэлгийн хүчирхийлэлд оруулж, зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдах үйлдлээр тодорхойлогдох бөгөөд гэр бүл доторх харилцаанд нэг тал нь хэт давамгайлах байдлаар нэг нь нэгнийхээ эрх чөлөөнд халдаж, сэтгэл санаа, эдийн засаг, бие махбод, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон байхыг ойлгоно.  

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд шүүгдэгч Ш.Б, хохирогч Э.О нь нарын хооронд гэр бүлийн талаарх хоёр талын таарамжгүй харилцаа үүссэний улмаас хоёулаа бие биенээ харилцан цохилцож цаашлаад нэгнийхээ биед хөнгөн хохирол учруулсан хэргийн үйл баримт хөдөлбөргүй тогтоогдлоо.

Ш.Б нь хамтран амьдрагч Э.О-г зодож гэмтэл учруулах болсон шалтгаан нь хувийн таарамжгүй байдлын улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь баримтаар тогтоогдсон, харин Ш.Б нь хамтран амьдрагч Э.О-г байнгын шинжтэй бие махбод болон сэтгэл санааны хүчирхийлэл үзүүлж, Э.О нь сэтгэл санаа, эдийн засаг, бие махбод, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон, хохирч байсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хуулийн “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг” гэсэн Арван нэгдүгээр бүлэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан ба шүүгдэгч Ш.Б-н хохирогч Э.О-г зодсон нэг удаагийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймээс прокуророос шүүгдэгч Ш.Б-д “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, түүнд уг зүйл, хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж үзлээ.