Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 399

 

 

 

 

 

 

 

 

2020        05          26                                   2020/ШЦТ/399

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав, 

улсын яллагч Ц.Батбямба,

гэрч Г.Нэргүй

хохирогч Э.Одгэрэл,

шүүгдэгч Ш.Б, түүний өмгөөлөгч Ц.Оюунбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Ш.Б-д холбогдох эрүүгийн 2011 00550 0267 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1997 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Заамар суманд төрсөн, эрэгтэй, 22 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Хан баргуужин” ХХК-д зуучлагч ажилтай, ам бүл 4, аав, ээж, ах нарын хамт Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо, Монлаагийн 8-2 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

Боржигон овогтой Ш.Б, регистрийн дугаар /             /

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Ш.Б нь 2020 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 22 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Сурагчийн 48 дугаар гудамжны 1086 тоотод "үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын компаниа улсын бүртгэлд өөрийн нэр дээр бүртгүүлнэ, гар утас өгсөнгүй" гэх шалтгаанаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Э.Одгэрэлтэй маргалдан, улмаар түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь "баруун бугалга, шуу, зүүн шуу, бугуй, баруун зүүн тохой, зүүн шанаа, баруун, зүүн хацарт цус хуралт, баруун өвдөг, зүүн, баруун шилбэнд цус хуралт, зүүн бугуй, баруун өвдөг, баруун шилбэнд зөөлөн эдийн няцрал" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

мөн Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо, Мон лаа 8 дугаар гудамжны 2 тоотод 2019 оны 01 дүгээр сард, 2019 оны 03 дугаар сард, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутагт 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр, Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Сурагчийн 48 дугаар гудамжны 1086 тоотод 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 22 цагийн орчим хамтран амьдрагч буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай жирэмсэн хүн болох Э.Одгэрэлийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Ш.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Хохирогч бид хоёрын дунд яллах дүгнэлтэд заасанчлан байнга зодолдож байгаагүй. Залуу гэр бүл учраас хаяа хэрэлдэж, муудалцах үе байсан. Одгэрэлийг төрөхөөс нь өмнө болон төрсний дараа зодож байсан удаа байхгүй. Би өглөө ажилдаа яваад орой ирдэг байсан. Шөнө нь такси үйлчилгээнд явдаг. Одгэрэл төрсний дараа 7 хоног эмнэлэгт хэвтсэн. Би хүүхдээ эмнэлгээс гараад 3 хонож байхад нь огт гар хүрээгүй. Хүүхэд 4 сартай байхад нь зодсон гэдэг нь мөн худал. Хэрүүл гарахаар би Одгэрэлийн гар, бугалаганаас нь барихаар хөхөрдөг, түлхэхээр уначихдаг байсан. Унахаар хөл гар нь зулгардаг. Гэрч нарын мэдүүлэг дээрх шиг байнга зоддог зүйл байхгүй. 2019 оны 10 дугаар сард хүүхдийн толгой бариулахад айхтар зүйл болоогүй, ээж дээр очоод бариулчий гэснээс болоод л маргалдсан, автрбусны орчим хүмүүм хараад байхаар нь санаа зовоод холдсон.Аль болох ярьж тохироод хүүхдийн ирээдүйг бодоод хамт л байя гэдэг.Жирэмсэн байхад нь зодсон асуудал огт байхгүй.Анх бид хоёр 2015 оны 1 сард танилцсан.2017 оноос хойш гэрээр нь очдог болсон.2019.02.07-нд хүүхэд төрсөн.Бид хоёр гэр бүл мөн, миний хүүхэд, гэр бүлээ тэжээх гэж чадахаар хийсэн.Би архи уудаггүй.Би автобусны буудал дээр нэг удаа маргадсан, нөгөөх нь 2 дугаар сарын 16-нд болсон асуудал байгаа.Нэг ч удаа цагдаад өгч байгаагүй, цагдаад өгөхөөр ч зүйл болоогүй.Цаашдаа ирээдүйгээ бодоод л явна.Хүүхэд л өнчрөнө.Нэг нэгнийхээ алдааг ойлгоод бүтэн амьдрал үзүүлээд жаргалтай явна гэж бодож байгаа.Эхнэртэйгээ хэрүүл маргаан хийдэг байх тэрийгээ хүлээж байна.Жирэмсэн байхад нь зодсон асуудал огт байхгүй, гарыг нь тавиулаад л зугтдаг байсан.Тэр даруй уучлал гуйж байгаагүй миний буруу.  ..” гэв.

Хохирогч Э.Одгэрэл нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Төрсний дараа маргалдаж, нэг нэгнээ түлхэх удаа байсан. Жирэмсэн байх үед намайг зодсон зүйл байхгүй. 11 дүгээр сарын 06-ны өдөр болсон үйл явдлуудыг санаж байна. Намайг хичээлд явахаас өмнө хүүхдийнхээ толгойг бариулна гэж байсан. Намайг хичээлээ тарсны дараа чи хамт яваад хэрэггүй гэж хэлсэн. Би хүүхдээ авах гэж булаацалдсан. 02 дугаар сарын 16-ны өдөр компани байгуулаад компанийг хэний нэр дээр шилжүүлэх талаар маргалдсан. Би явуулахгүй гэж зууралдаад тэгээд Ш.Б миний зуурсан гар руу цохиж, түлхсэн. Жирэмсэн байхад гарнаас барьж, түлхсэн. Зодож байсан удаа байхгүй. Өшиглөсөн гэдэг бол жирэмсний дараа болсон асуудал.Ялихгүй асуудлаас болж ийм зүйл болсон.Одоо бол бид хоёр салсан байгаа.Ийм хэрүүл маргаантай байгаа учраас.Өмнө нь цагдаа шүүх гэж явж байгаагүй. Миний биед хохиролтой зүйл болоогүй учраас Ш.Б уурлахаараа хэл амаар доромжилдог. Би өөрийг нь түлхдэг байсан.Намайг түлхүүлэхгүй гээд атгадаг байсан. Тэхээр нь би зөрүүлээд зодолддог. Надад одоо нэхэмжлэх зүйл болон гомдол санал байхгүй...” гэв.

Гэрч Г.Нэргүй шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Одгэрэл бол манай бэр, манай хоёр эвтай л байдаг.Хэрүүл шуугиан байдаггүй.Энэ хоёр 2 талд л байж байгаад хүүхдээ төрүүлсэн.Бид нарын зүгээс ву ч байхгүй.Ер нь голдуу манайд л байдаг байсан. Жирэмсэн байхад нь ерөөсөө тийм юм болоогүй.11,6-нд хүүхдээ толгойг нь бариулах гээд цаг авчихсан байсан.Одгэрэл Ш.Бтэй зууралдаад байхаар нь би явчихсан. Мэдэх юм бол алга, манайд бол огт тийм юм болж байгаагүй. Одгэрэл ээж ганцаараа байгаа гээд л ээжрүүгээ явдаг гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Хохирогч Э.Одгэрэл нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Ш.Бийн найзууддаа зээлүүлсэн 100.000 төгрөгөөс болж Ш.Б бид хоёр маргалдсан. Ш.Б үл хөдлөх хөрөнгө зуучлалын газар зуучлагч хийдэг бөгөөд би түүнд хүний өмнөөс ажил хийж байхаар өөрсдөө энэ чиглэлээр компани байгуулаад ашгаа өөрсдөө авъя гэдэг санал тавьсан. Энэ компаниа миний нэр дээр бүртгүүлэх талаар ярьж байгаад маргалдсан. Ш.Б гэртээ ирэхгүй 10 гаран хоногоор юу хийсэн нь мэдэгдэхгүй яваад байдаг, үр хүүхэддээ анхаарал халамж тавихгүй болохоор би түүнд чиний араас нэхэл, дагал болж явмааргүй байгаа тул энэ байгуулах компаниа миний нэр дээр байгуул гэж ярилцсан чинь Ш.Б намайг орхиж явах гээд зугтаад гүйхээр нь би түүнийг явуулахгүй гэж араас нь хөөцөлдөж байгаад барьж авсан чинь намайг хашаа руу нуруугаар тулгаж хоолойноос боож шахаад “чамайг алсан ч яадаг юм гичий минь” гээд миний толгой руу гарынхаа нударгаар 1 удаа цохисон. Тэгээд зам руу чулуу шидэж машин ончих гээд, мөн жолооч нартай нь маргалдах гээд байхаар нь түүнд намайг уучлаарай, би хэрэггүй зүйл ярьсан байна гээд түүний куртикнаас зуураад тавихгүй тайвшруулах гээд байж байсан чинь халаас хэсэг нь жаахан урагдсан чинь миний гарын тавиулах гээд гараараа цохиод байсан. Энэ үед би түүнтэй зууралдаж байгаад газар унасан. Маргаан арай гайгүй болоод хамтдаа гэр лүүгээ явж байхдаа би түүнээс яагаад ингэж муухай уурлаад байгаа талаар ярилцаад гэртээ орж ирсэн. Ш.Б гар утсаа аваад гэрээс гарч явах гээд байхаар нь би гар утсыг нь булааж авах гэтэл миний гарыг гараараа 2-3 удаа цохиод, намайг тавихгүй байсан чинь хурууг мушгиж, гар хазсан. Ш.Б миний баруун шанаа руу гараараа 1 удаа цохиод, духны зүүн хэсэгт 2-3 удаа гараараа цохисон. Намайг жирэмсэн байхад нэлээн том гэдэстэй болчихсон байхад Ш.Б намайг гуя руу өшиглөж зодож байсан. Дараа нь манай охин 4 сартай байсан буюу 2019 оны 3 дугаар сарын орчим миний толгой, чих рүү гараараа цохиж байсан. Миний биеийн зүүн шанаа орчим хөхөрч байсан. 2019 оны 8 дугаар сард Чингэлтэйд байх манай гэрт байх хугацаанд миний гар, хөл рүү цохиж зодож байсан. Энэ үед миний гар хөл хөхөрч байсан бөгөөд 2 өдрийн дараа манай ах Сумьябазар харж мэдсэн. 2019 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр хүүхдийн толгой хөдөлсөн байна гээд надтай хамт явж толгойг нь бариулна гэсэн боловч намайг явахгүй гээд ... би хүүхдээ авах гэтэл надад өгөхгүй ээждээ өгч машинаас буулгаж явуулчихаад намайг машинтайгаа авч яваад зурагт орчим байх нэг гудамжинд авч очоод машинаас үстэж буулгаж байгаад гараараа бие рүү цохиж, хөлөөрөө гуя, өвдөг, нурууруу өшиглөөд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/,

Гэрч Д.Энхтуяа нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2020 оны 02 дугаар сарын 16-ны орой гэртээ охин Одгэрэл, хүргэн Ш.Б, зээгийн охин нарын хамт байхад Одгэрэлийн цуглуулж байсан мөнгөнөөс 200.000 төгрөгийг Ш.Б аваад найздаа зээлдүүлсэн бөгөөд түүнийгээ эргүүлж төлөхгүй удлаа гэх шалтгаанаар Ш.Б, Одгэрэл нар жаахан маргалдаж байгаад намжсан. Ш.Б, Одгэрэл нар хамт 22 цагийн орчим дэлгүүр лүү ундаанд гараад явсан. Ш.Б нэлээн уурлаж бухимдсан байдалтай амьсгаадсан орж ирсэн. Би яасан талаар түүнээс асуухад Одгэрэл бид хоёр компанийн ажлаас болоод маргалдаад гэхээр нь гайгүй юу гэсэн чинь зүгээрээ одоо араас ирэх байх гэж хэлээд гэрт 30 орчим минут болсон боловч Одгэрэл ирэхгүй байсан тул Ш.Б нь Одгэрэлийг аваад ирье гээд буцаад гарсан. Би яасан юм бол гэж бодоод араас нь цонхоор харсан чинь харанхуй гудамжинд Ш.Б, Одгэрэл нар маргалдаад би харахад татаж, чангаагаад түлхэж ноцолдоод байх шиг харагдсан. Түүнээс хойш бараг 1 цаг орчмын дараа Ш.Б амьсгаадсан, куртика нь урагдсан орж ирсэн. Араас нь манай охин Одгэрэл үс толгой нь сэгсийсэн , куртика нь багахан газар урагдсан, духны зүүн дээд хэсэгт бага зэрэг хавдсан, зүүн шанаа орчим нь улайсан орж ирсэн. Ш.Б гар утсаа цэнэглэх гэсэн чинь Одгэрэл чи гар утсаа цэнэглэж яах гээд байгаа юм бэ гэсэн чинь чамд ямар хамаатай юм бэ гээд Ш.Б Одгэрэлийн ороолтоор хоолойг нь боогоод ноцолдож байгаад хоёулаа орон дээр унасан. Одгэрэл хаалган дээр очоод түүнийг гаргахгүй гээд маргалдаж байтал Ш.Б Одгэрэлийн хацар луу нэг удаа алгадсан. Өмнө нь манай охин төрөхөөсөө 20 орчим хоногийн өмнө гэртээ ирсэн бөгөөд түүний баруун хөлийн гуя орчим хөхөрсөн байсан. Ш.Б өшиглөсөн гэж байсан. Мөн зээ охин төрөөд 10 гаран хоноод байж байхад би Одгэрэлийн байсан хадамынд очсон чинь гэр бүлийн уур амьсгал жаахан таарамжгүй байсан. Одгэрэл надад гэртээ харимаар байна гэхээр нь яасан гэхэд Ш.Бэд зодуулсан гэж байсан. Сүүлд нь зээг 7 орчим сартай байхад 2019 оны 10 дугаар сарын орчим энэ хоёр хүүхдээ булаацалдаж байгаад манай охиныг Ш.Б зодсон байсан. Тухайн үед манай охины хацар, шанаа, хөл гар нь хөхөрсөн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/,

Гэрч Г.Нэргүй нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 10 дугаар сарын дундуур нэг өдөр Одгэрэл хичээлтэй байсан бөгөөд Ш.Б хүүхдээ Чингэлтэйд харж байсан. Орой нь Одгэрэл хүүхдээ ирж авсан бөгөөд энэ үед Одгэрэлийн шанааны орчим хөхөрсөн харагдаж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,

Гэрч Б.Сумъяабазар нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Одгэрэл над руу хамгийн анх 2018 оны 04 дүгээр сарын орчим утсаар ярьж уйлаад “ ахаа та намайг ирээд авчихаач” гээд байхаар нь баруун салаанд байх Ш.Б-ийн гэрээс нь очиж авч байхад Одгэрэлийн аль нэг гар нь бугуй орчимдоо улайчихсан харагдаж байсан. Тухайн үед нь Ш.Б-ийн аавтай энэ талаар хэлж яриад Одгэрэлийг аваад гэрт нь хүргэж өгч байсан. Дараа нь 2019 оны 11 дүгээр сарын орчим би Одгэрэлтэй утсаар ярьж байгаад түүний хүүхдийг эргэх гээд очтол Одгэрэлийн аль нэг гар нь бугуйн дээрээ хөхөрсөн байдалтай харагдаж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн шинжээчийн 2754 дугаартай “...Э.Одгэрэлийн биед баруун бугалга, шуу, зүүн шуу, бугуй, баруун зүүн тохой, зүүн шанаа, баруун, зүүн хацарт цус хуралт, баруун өвдөг, зүүн, баруун шилбэнд цус хуралт, зүүн бугуй, баруун өвдөг, баруун шилбэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 35-36 дугаар хуудас/,

Шүүгдэгч Ш.Б нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “..2020 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Одгэрэл бид хоёр дэлгүүр лүү хамт явж байгаад замдаа маргалдаад гэртээ орохгүй гээд үлдэхээр нь би гэртээ орчихоод буцаж гарч ирээд түүнийг аргадаж байгаад гэртээ оруулах гэтэл гэрлүүгээ түрүүлээд явахаар нь би араас нь орно гэж бодоод байж байтал буцаж ирээд надтай маргалдаад хэрүүл хийгээд байхаар нь би явах гэтэл намайг явуулахгүй гээд надтай ноцолдоод байхаар нь түүний гарыг тавиулах гэж гар луу нь гараараа хэд хэдэн удаа цохиж тавиулсан. Энэ үед өөрөөсөө холдуулах гэж түлхэж унагаасан. Одгэрэл намайг явуулахгүй гээд гар утас авах гээд надтай зууралдаад байхаар нь би өөрөө холдуулах гэж түлхсэн чинь над руу дайраад байхаар нь түүний нүүр лүү гараараа цохисон. 2019 оны 01 дүгээр сард хэдний өдөр гэдгийг нь сайн санахгүй байна. Одгэрэл бид хоёр маргалдаж байгаад би түүний гараас нь хүчтэй атгаснаас болоод түүний гарын бугуй орчим улайж, хөхөрсөн байсан. 2019 оны 03 дугаар сард хүүхэд төрсний дараа юу болсон талаар санахгүй байна, хэрүүл маргаан хийж байсан боловч түүнийг цохиж зодож байсан эсэхийг санахгүй байна. 2019 оны 11 дүгээр сард хүүхдийн тархи хөдөлснөөс болоод түүнийг бариачид бариулах гэж явахдаа маргалдаж байгаад Одгэрэл надаас хүүхэд булаацалдаж над руу дайрч ... би түүнийг машинаараа зурагтын орчим гудамжинд авч очиж машинаасаа буулгаж, түүнээс холдож явах гээд түүнийг машинаас буулгах гэтэл буухгүй байхаар нь хүчээр татаж буулгаад, түлхэж унагааж байсан. Намайг хөдлөөд явах гэтэл машинаас зуураад салахгүй байхаар нь түүний гар, хөл рүү гараараа хэд хэдэн удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 дугаар хуудас/,

Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 60-66 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 50/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 45/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 46/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх 47/, гэрлэл бүртгэлгүй тухай лавлагаа /хх 48/, шүүгдэгчийн ажлын газрын тодорхойлолт /хх 49/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ш.Б нь 2020 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 22 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Сурагчийн 48 дугаар гудамжны 1086 тоотод "үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын компаниа улсын бүртгэлд өөрийн нэр дээр бүртгүүлнэ, гар утас өгсөнгүй" гэх шалтгаанаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Э.Одгэрэлтэй маргалдан, улмаар түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь "баруун бугалга, шуу, зүүн шуу, бугуй, баруун зүүн тохой, зүүн шанаа, баруун, зүүн хацарт цус хуралт, баруун өвдөг, зүүн, баруун шилбэнд цус хуралт, зүүн бугуй, баруун өвдөг, баруун шилбэнд зөөлөн эдийн няцрал" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Э.Одгэрэлийн “...Ш.Б-ийн найзууддаа зээлүүлсэн 100.000 төгрөгөөс болж Ш.Б бид хоёр маргалдсан. Ш.Б үл хөдлөх хөрөнгө зуучлалын газар зуучлагч хийдэг бөгөөд би түүнд хүний өмнөөс ажил хийж байхаар өөрсдөө энэ чиглэлээр компани байгуулаад ашгаа өөрсдөө авъя гэдэг санал тавьсан. Энэ компаниа миний нэр дээр бүртгүүлэх талаар ярьж байгаад маргалдсан. Ш.Б гэртээ ирэхгүй 10 гаран хоногоор юу хийсэн нь мэдэгдэхгүй яваад байдаг, үр хүүхэддээ анхаарал халамж тавихгүй болохоор би түүнд чиний араас нэхэл, дагал болж явмааргүй байгаа тул энэ байгуулах компаниа миний нэр дээр байгуул гэж ярилцсан чинь Ш.Б намайг орхиж явах гээд зугтаад гүйхээр нь би түүнийг явуулахгүй гэж араас нь хөөцөлдөж байгаад барьж авсан чинь намайг хашаа руу нуруугаар тулгаж хоолойноос боож шахаад “чамайг алсан ч яадаг юм гичий минь” гээд миний толгой руу гарынхаа нударгаар 1 удаа цохисон. Тэгээд зам руу чулуу шидэж машин ончих гээд, мөн жолооч нартай нь маргалдах гээд байхаар нь түүнд намайг уучлаарай, би хэрэггүй зүйл ярьсан байна гээд түүний куртикнаас зуураад тавихгүй тайвшруулах гээд байж байсан чинь халаас хэсэг нь жаахан урагдсан чинь миний гарын тавиулах гээд гараараа цохиод байсан. Энэ үед би түүнтэй зууралдаж байгаад газар унасан. Маргаан арай гайгүй болоод хамтдаа гэр лүүгээ явж байхдаа би түүнээс яагаад ингэж муухай уурлаад байгаа талаар ярилцаад гэртээ орж ирсэн. Ш.Б гар утсаа аваад гэрээс гарч явах гээд байхаар нь би гар утсыг нь булааж авах гэтэл миний гарыг гараараа 2-3 удаа цохиод, намайг тавихгүй байсан чинь хурууг мушгиж, гар хазсан. Ш.Б миний баруун шанаа руу гараараа 1 удаа цохиод, духны зүүн хэсэгт 2-3 удаа гараараа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/,

гэрч Д.Энхтуяагийн “...Ш.Б, Одгэрэл нар хамт 22 цагийн орчим дэлгүүр лүү ундаанд гараад явсан. Ш.Б нэлээн уурлаж бухимдсан байдалтай амьсгаадсан орж ирсэн. Би яасан талаар түүнээс асуухад Одгэрэл бид хоёр компанийн ажлаас болоод маргалдаад гэхээр нь гайгүй юу гэсэн чинь зүгээрээ одоо араас ирэх байх гэж хэлээд гэрт 30 орчим минут болсон боловч Одгэрэл ирэхгүй байсан тул Ш.Б нь Одгэрэлийг аваад ирье гээд буцаад гарсан. Би яасан юм бол гэж бодоод араас нь цонхоор харсан чинь харанхуй гудамжинд Ш.Б, Одгэрэл нар маргалдаад би харахад татаж, чангаагаад түлхэж ноцолдоод байх шиг харагдсан. Түүнээс хойш бараг 1 цаг орчмын дараа Ш.Б амьсгаадсан, куртика нь урагдсан орж ирсэн. Араас нь манай охин Одгэрэл үс толгой нь сэгсийсэн , куртика нь багахан газар урагдсан, духны зүүн дээд хэсэгт бага зэрэг хавдсан, зүүн шанаа орчим нь улайсан орж ирсэн. Ш.Б гар утсаа цэнэглэх гэсэн чинь Одгэрэл чи гар утсаа цэнэглэж яах гээд байгаа юм бэ гэсэн чинь чамд ямар хамаатай юм бэ гээд Ш.Б Одгэрэлийн ороолтоор хоолойг нь боогоод ноцолдож байгаад хоёулаа орон дээр унасан. Одгэрэл хаалган дээр очоод түүнийг гаргахгүй гээд маргалдаж байтал Ш.Б Одгэрэлийн хацар луу нэг удаа алгадсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/,

гэрч Г.Нэргүйгийн “...2019 оны 10 дугаар сарын дундуур нэг өдөр Одгэрэл хичээлтэй байсан бөгөөд Ш.Б хүүхдээ Чингэлтэйд харж байсан. Орой нь Одгэрэл хүүхдээ ирж авсан бөгөөд энэ үед Одгэрэлийн шанааны орчим хөхөрсөн харагдаж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,

 Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн шинжээчийн 2754 дугаартай “...Э.Одгэрэлийн биед баруун бугалга, шуу, зүүн шуу, бугуй, баруун зүүн тохой, зүүн шанаа, баруун, зүүн хацарт цус хуралт, баруун өвдөг, зүүн, баруун шилбэнд цус хуралт, зүүн бугуй, баруун өвдөг, баруун шилбэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 35-36 дугаар хуудас/,

 шүүгдэгч Ш.Б-ийн “...би явах гэтэл намайг явуулахгүй гээд надтай ноцолдоод байхаар нь түүний гарыг тавиулах гэж гар луу нь гараараа хэд хэдэн удаа цохиж тавиулсан. Энэ үед өөрөөсөө холдуулах гэж түлхэж унагаасан. Одгэрэл намайг явуулахгүй гээд гар утас авах гээд надтай зууралдаад байхаар нь би өөрөө холдуулах гэж түлхсэн чинь над руу дайраад байхаар нь түүний нүүр лүү гараараа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Ш.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Харин Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын талаар гаргасан санал, дүгнэлтэндээ: Шүүгдэгч Ш.Б-ийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Одгэрэлийн эрх чөлөөнд халдаж хөнгөн хохирол санаатай учруулсан нь шинжээчийн дүгнэлт, хохирогчийн мэдүүлэг, гэрч Энхтуяагийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул гэм буруутайд тооцуулах, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо, Мон лаа 8 дугаар гудамжны 2 тоотод 2019 оны 01 дүгээр сард, 2019 оны 03 дугаар сард, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутагт 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр, Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Сурагчийн 48 дугаар гудамжны 1086 тоотод 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 22 цагийн орчим хамтран амьдрагч буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай жирэмсэн хүн болох Э.Одгэрэлийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн нь хохирогч Э.Одгэрэл, гэрч Г.Нэргүй, Сумьяабазар мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байх тул гэм буруутайд тус тус тооцуулах,

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтэнд тайлбар гаргахдаа-Хохирогчийн 3 үйлдэл нотлогдож байна. 2019 оны 1 дүгээр сард жирэмсэн байхдаа гэдгийг үгүйсгэж байна. Бусад 3 ахуйн шинжтэй маргааныг бол нотоллоо. Энэ хүний эрүүл мэндэд хохирол учирсан байна. Санаатай хохирол учруулсан нь шинжээчийн дүгнэлт, гэрч, хохирогчийн өөрхийнх нь мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үйл баримт тогтоогдож байна. Дараагийн 3 үйлдлийг хохирогч мэдүүлсэн. Нэргүй, Сумьяабазар нарын мэдүүлгээр тогтоогоод байна. 1 мэдүүлсэн үйлдлээсээ буцлаа. Байнгын шинжтэй үйлдэл нь хохирол учирсан байхыг шаардахгүй, байнгын шинжтэй л үйлдэл байгаа.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан ерөнхий ангийн зарчмын дагуу 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн үйлдлээс болоод өмнөх үйлдлүүдийг холбож өгч байгаа юм.

Шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд шүүгдэгч Ш.Б-ийг тооцсон тул энэ талаар эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтэндээ 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх санал, дүгнэлт гаргасан болно.

Харин шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь гэм буруу маргаж, цагаатгах байр сууринаас шүүх хуралдаанд оролцож санал, дүгнэлтээ гаргасан болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: Гэрчийн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээс үзэхэд прокурорын 211 яллах дүгнэлтэнд нэгээс бусад тохиолдол нотлогдохгүй байна гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй, давхар зүйлчилсэн байна. 2-3 зүйл анги давхар зүйлчлэх ёсгүй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1 дэх заалтад заасан зодсон гэх нотолгоо алга. Харин зодоллсон байна. Энийг хохирогч өөрөө хэлж байна. Өмнө нь нэг ч удаа цагдаад хандаж байгаагүй. Гэрч Нэргүй сая нотоллоо. Өөрөөр хэлвэл 2019 оны 01 дүгээр сар, 03 дугаар сар, 2019 оны 11 дүгээр сарын гэмт хэрэг нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэж байна. Харин 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдөр болсон асуудал зөрчлийн тухай хуулиар шийдэгдэх ёстой гэж үзэж байна. Гэмтэл зайлшгүй шаарддаг. Нэг ч шууд харсан гэрч байхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүхээс 2015 оны Эрүүгийн хуульд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг, гэр бүлийн хүчирхийллийг байнга үйлдсэн үндэслэлээр хэргийг давхар зүйлчлэх тохиолдолд тухайн үйлдлийг хэзээ, хаана, ямар хэлбэрээр, 3 ба түүнээс дээш удаа үйлдснийг хөдөлбөргүй тогтоосон байх бөгөөд хавтаст хэрэгт авагдсан баримтаар жирэмсэн эмэгтэй хүнийг байнга зодсон гэх үйлдэл нь хэргийн бодить байдал, үйл баримттай тохирохгүй байна.

Өөрөөр хэлвэл Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо, Мон лаа 8 дугаар гудамжны 2 тоотод 2019 оны 01 дүгээр сард, 2019 оны 03 дугаар сард, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутагт 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр, Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Сурагчийн 48 дугаар гудамжны 1086 тоотод 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 22 цагийн орчим хамтран амьдрагч буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай жирэмсэн хүн болох Э.Одгэрэлийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх боловч шүүх хуралдаанд оролцсон хохирогч үгүйсгэсэн мэдүүлэг өгсөн, мөн хохирогч Ш.Одгэрэл нь 2019 оны 02 дугаар сарын 7 нд хүүхдээ төрүүлсэн байх тул шүүгдэгчийг  2019 оны 3 сард жирэмсэн хүнийг байнга зодсон, 2019 оны 11 сарын 06-нд зодсон гэх асуудал нь тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Мөн Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг нь гэр бүлийн хамаарал бүхий этгээдийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан шинжтэй байдаг. Шүүгдэгч Ш.Б нь хохирогч Э.Одгэрэлийг хамгийн сүүлд 2020 оны 02 дугаар сарын 16-нд зодох явцдаа эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт: “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэгт тооцно.” гэсэн байх тул шүүгдэгч Ш.Б-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулахдаа дээрхи Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хэсгийг журамлах нь зүйтэй бөгөөд үүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой гэж шүүх үзэв

Шүүх шүүгдэгч Ш.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 /долоон зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв. 

Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх, болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлав.

Шүүгдэгч Ш.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй тул бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Боржигон овогтой Ш.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн шинжгүй тул хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Боржигон овогтой Ш.Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б-д 700 /долоон зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

5. Шүүгдэгч Ш.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч тэдгээрийн өмгөөлөгч, өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.РЕНЧЕНХОРОЛ