Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 182/ШШ2021/00723

 

                                                      

 

 

 

 

 

                                     2021         03          30

          182/ШШ2021/00723

   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд явуулж

 

Нэхэмжлэгч: Б.А

 

Хариуцагч: “ЭТТ” ХК

 

ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ч, Ц.С, М.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.А нь 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс анх “ЭТТ” ХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдлын мэргэжилтэн албан тушаалд ажиллаж байгаад 2020 оны 07 сарын 01-ний өдрөөс 2020/С-439 тоот хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулсан байна. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж байгаагүй болно.

“ЭТТ” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Б/674 дугаар тушаалаар Б.Атай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан бөгөөд 2020 оны 07 сарын 23-ны өдөр тушаалыг танилцуулсан болно. “ЭТТ” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Б/674 дугаар тушаалын үндэслэх хэсэгт “...Компанийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3, “ЭТТ” ХК-ийн дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.5.3, 9.5.6, Хөдөлмөрийн дотоод журмын 2.5, 3.12, 4.1.2, 4.1.4, 5.2.1, 5.2.12, 8.1.3, 8.3.13, Б.Атай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3.1.7, 4.1.3, 4.4.1, 4.4.11 дэх заалтыг тус тус үндэслэн салбарт ээлжийн ажилтай байх хугацаандаа 2020 оны 07 дугаар сарын 11-ний өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн, хэрэглэсэн үедээ ажлын байранд ирсэн ноцтой зөрчил гаргасан тул түүнтэй байгуулсан хөдөлөмөрийн гэрээг 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөр тасалбар болгон цуцалж, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсугай” гэсэн.

Тухайн үед “ЭТТ” ХК нь хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасныг тогтоохдоо ажилтнуудаас тайлбар, мэдүүлэг авсан байдаг. Б.А тухайн өдөр өөрийн шууд удирдлагаас чөлөө авсан бөгөөд түүнийг албадан ажлын байран дээр ирүүлсэн нь зөрчлийг үгүйсгэх нөхцөл юм. Хариуцагч нэхэмжлэгчийг 2020 оны 07 дугаар сарын 11-ний өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн, хэрэглэсэн үедээ ажлын байранд ирсэн гэсэн атал болж буй үйл явдал нь 07 дугаар сарын 12-ны өдөр болоод байгаа. Аын согтуурлын зэрэг тогтоох ажиллагаа, хийсэн сорил зэрэг нь компанийн согтууруулах ундаа, мансууруулах бодис хориглох журмыг зөрчсөн. Ашигласан багаж нь баталгаажуулалтанд ороогүй, сорилоор тогтоогдсон түвшингүүд зөрүүтэй. Тэр өдөр ажиллаж, цалин хөлсөө авсан байдаг. Мөн хотхоны журмаар харуул согтууруулах ундаа хэрэглэсэн бол нэвтрүүлэхгүй байх ёстой. Нэхэмжлэгч тэр өдөр шууд удирдлагаасаа чөлөө авсан байдаг. Ажилтны Ёс зүйн дүрэм гэж байдаг юм билээ. Түүгээр ажилтны сахилгын зөрчлийг хорооны гишүүд авч үзэх байчтал энэ журам хангагдаагүй байдаг. Иймд Аыг хууль зүйн үндэслэлгүйгээр ажлаас халсан гэж үзэж урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоолгох, 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс өнөөдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч нар шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Б.А нь салбарт ээлжийн ажилтай байх хугацаандаа 2020 оны 07 дугаар сарын 11-ний өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн, хэрэглэсэн үедээ ажлын байранд ирсэн ноцтой зөрчил гаргасныг үндэслэн “ЭТТ” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Б/674 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг 2020 оны 07 сарын 20-ны өдрөөр тасалбар болгон цуцалж, ажлаас халах сахилгын шийтгэлийг оногдуулсан. Мөн өдрөөр ажил хүлээлцэх хуудсаар Б.А нь ажлаа хүлээлгэн өгсөн.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан...” гэж, мөн зохигчдын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 4.4 дүгээр хэсэгт заасан “дор дурдсан нөхцлийг ноцтой зөрчилд тооцон, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлана”, 4.4.11-д “ажлын болон ажлын бус цагаар ажлын байранд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэх, хэрэглэсэн үедээ ирэх,...” бол ноцтой зөрчилд тооцоно гэж заасныг үндэслэн сахилгын шийтгэл оногдуулсан.

 

Б.А нь “ЭТТ” ХК-ийн Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь уурхайн салбарт ажиллаж байхдаа ноцтой зөрчил буюу улаан бүс буюу ногооны хүлэмжид ажлын цагаар цугларч, хорхог хийж идэн, согтууруулах ундааны зүйл хэрэглээд, тэндээсээ үргэлжлүүлэн нэр бүхий хүмүүсийн хамт улаан бүсээс зөвшөөрөлгүй гарч, орон нутагт суманд очин буудалд хоносон байдаг. 2020 оны 07 дугаар сарын 12-ны өглөө ажлын байранд ирэхдээ согтууруулах ундаа хэрэглэсэн байсан нь шалгалтаар илэрсэн. Согтуурлын зэрэг нь 0,52 гэж гарсан, өөрөө үүнийгээ хүлээн зөвшөөрсөн байдаг. Согтуурлын зэргийг нь холбогдох журмын дагуу өөрийн болон харуул хамгаалалтын компанийн багажаар тогтоосон, явцыг бичлэг хийж баталгаажуулсан. “ЭТТ” ХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 1.4-д “Төв оффис, уурхайн бүс, хотхон, амрах байр, спорт заал, агуулах, компанийн нэр дээр бүртгэлтэй болон гэрээт тээврийн хэрэгсэл ...зэрэг нь ажлын байранд тооцох”-оор заасан байдаг. Аын улаан бүсээс гарч явсан, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ажил үүргээ гүйцэтгэх гэж оролдсон байдлууд нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т ноцтой зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл болж байна. Иймд ажил олгогчийн 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Б/ 674 дугаар тушаал хууль зүйн үндэслэлтэй гарсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх нэхэмжлэл, Аыг ажилд томилох, ажлаас халах тухай “ЭТТ” ХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалууд, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, компанийн дүрэм, компанийн уурхайн хотхоны журам, согтууруулах ундаа, мансууруулах бодис хориглох журам, ажлын цаг ашиглалтын журам, согтуурлын зэрэг тогтоох сорил хийсэн тухай мэдэгдэл, ажилтны гаргасан зөрчилд сахилгын шийтгэл ногдуулахаар санал хүргүүлэх хуудас, сийдиний бичлэгт хийсэн үзлэгийн тэмдэглэл,  Тандартчилал, хэмжил зүйн газрын албан бичиг, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, гэрчийн мэдүүлгүүд болон бусад бичгийн баримтыг шинжлэн судлаад

 

                                             ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч “ЭТТ” ХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

 

Б.А нь 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс анх “ЭТТ” ХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдлын мэргэжилтэн албан тушаалд ажилласан ба ажил олгогчтой 2020 оны 07 сарын 01-ний өдрөөс 2020/С-439 тоот хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулсан байна. “ЭТТ” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Б/674 дугаар тушаалаар Аыг салбарт ээлжийн ажилтай байх хугацаандаа 2020 оны 07 дугаар сарын 11-ний өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн, хэрэглэсэн үедээ ажлын байранд ирсэн ноцтой зөрчил гаргасан гэж үзэн ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.13-ыг үндэслэн түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ.

 

Нэхэмжлэгч хариуцагч нь ажлаас үндэслэлгүй халсан гэж, хариуцагч нэхэмжлэгчийг хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргасан тул ажлаас халсан нь үндэслэлтэй гэж марган мэтгэлцэж байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан...” бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах, 131 дүгээр зүйлийн 131.1-т Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд ... 131.1.3.ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулна” гэж,  талуудын байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4.11-д “ажлын болон ажлын бус цагаар ажлын байранд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэх, хэрэглэсэн үедээ ирэх, ...” бол ноцтой зөрчилд тооцохоор тус тус заажээ.

 

2020 оны 07 дугаар сарын 11-ний өдөр “ЭТТ” ХК-ийн Өмнөговь аймаг дахь салбарын удирдлагын зүгээс улсын баяр наадмыг тэмдэглэхтэй холбоотойгоор хэлтсүүдэд мөнгө хуваарилан, ажилтнууд зохион байгуулалттайгаар хорхог хийж идэж, улмаар С.Ш, Б.А, Л нарын хэсэг нөхөд сумын Хүлэг гэх зочид буудалд очиж архи уусан, Б.А үүрийн үед буюу 07 дугаар сарын 12-ны өдрийн 04 цаг 30 минутын үед хотхондоо ирж амран, 09 цаг орчимд удирдлагаас дуудагдан ирж, согтуурлын зэргээ шалгуулсан байдлууд тогтоогдож байна.

 

Ажил олгогчийн зүгээс Аын согтуурлын зэргийг шалгаж, 0,52 гэж тодорхойлсон үзүүлэлт нь түүнийг ажилдаа согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ирсэн гэж үзэн сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл нь болсон байна. Хариуцагч Хөдөлмөрийн дотоод журмын 1.4-т зааснаар амрах байр нь ажлын байранд хамаардаг гэж тайлбарлах боловч ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ирсэн гэдэг нь ажилтан ажил үүргээ гүйцэтгэхтэй холбоотойгоор тайлбарлагдах учиртай юм.

 

Ажилтанд сахилгын шийтгэл ногдуулж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан ажил олгогчийн шийдвэр үндэслэлтэй шийдвэр болж чадаагүй байна. Ажил олгогчийн тушаалд заасан ажилтны зөрчлийн тухай заалт ойлгомжгүй, өөрөөр хэлбэл, ажилтан 2020 оны 07 дугаар сарын 11-ний өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн нь тогтоогддог ба согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ажлын байранд ирсэн гэх хугацаа нь 07 дугаар сарын 12-ны өдөр байна. Түүнчлэн нэхэмжлэгчийн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ажлын байранд ирсэн гэдэг нь тогтоогдохгүй байна. Ажилтан энэ өдөр ажилласан цагийн бүртгэлтэй, ажил олгогч цалин хөлсийг бүрэн олгосон байна.

Түүнчлэн Аын согтуурлын байдлыг шалгах ажиллагаа журамд заасны дагуу явагдсан гэж үзэх боломжгүй байна. Стандартчилал, хэмжил зүйн газрын 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 10/896 дугаар албан бичгээр ЭТТ компанийн Алкотест 6810 загварын AREB-1684 сериал дугаартай согтуурлын түвшин тогтоогч хэмжих хэрэгсэл нь 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр баталгаажуулалтанд хамруулан гэрчилгээ олгогдсон ба энэ хэрэгслийг 2019-2020 оны 10 сар хүртэл улсын шалгалт баталгаажуулалтанд хамруулах хүсэлтийг байгууллагаас ирүүлээгүй тухай болон Стандартчилал, хэмжил зүйн газрын даргын 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/384 дүгээр тушаалаар согтуурлын түвшин тогтоогчийн баталгаажуулалт хоорондын хугацааг 6 сараар тогтоосон тухай тодорхойлж шүүхэд ирүүлсэн байна.

 

ЭТТ компанид мөрддөг Согтууруулах ундаа, мансууруулах бодис хориглох журам-ын 3.1, 4.1.7, 4.3.3-т зааснаар согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг Монгол улсад хэрэглэхийг эрх бүхий байгууллагаас зөвшөөрөгдсөн зориулалтын багаж болох Алколайзераар үлээлгэх сорил хийлгэн шалгах, сорил эхлэхийн өмнө сонгосон 2 гэрчээр багажийг үлээлгэж хэвийн ажиллагаатай байгаа эсэхийг шалгах, сорилыг эхний, давтан, батлах гэсэн 3 шатлалтай гүйцэтгэх, сорил хоорондын хугацаа 10-аас багагүй минут байх байтал энэ нь мөрдөгдсөн байдал харагдахгүй байна. Хариуцагч өөрийн багажаар эхний сорилыг Б.А дээр хийхэд согтуурлын түвшин 0,52 гэж гарсан, дараагийн сорилуудыг харуул хамгаалалтын компани болох Чин хутаг өндөр компанийн багажаар хийж үзэхэд согтуурлын түвшин 0,69, 0,63 гарсан гэж тайлбарлах боловч Чин хутаг өндөр компанийн багаж нь Монгол улсад хэрэглэхийг эрх бүхий байгууллагаас зөвшөөрөгдсөн зориулалтын багажид орох эсэх нь тодорхойгүй, түүнчлэн сүүлийн багажаар хэмжсэн хэмжилт 0,069, 0,063 гэж гарсан байсан нь шалгалтын явцыг бичсэн бичлэгт хийсэн шүүхийн үзлэгээр тогтоогдож байна. Сорилын заалтууд илтэд зөрүүтэй байна.

 

Хариуцагч нэхэмжлэгчийг согтуурлын зэргийг зөвшөөрсөн гэх боловч тухайн үед Аын бичсэн бичигт “...согтуурлын зэрэг шалгасан. Хэвийн байсан. 0,52” гэж бичсэн нь тэр өөрийн согтуурал, согтуурлын зэргийг хүлээн зөвшөөрснийг илэрхийлэхгүй байна. Мөн компанийн уурхайн хотхоны ажиллах журмын 4.1.5-д Согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн аливаа этгээдийг хотхонд нэвтрүүлэхгүй гэсэн заалтыг харуулын ажилтан хэрхэн мөрдсөн нь тодорхойгүй байна. Дээрх үндэслэлүүдээр хариуцагч нэхэмжлэгчийг ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн байна гэж дүгнэв.

 

Аыг “ЭТТ“ ХК-ийн Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн Хөдөлмөрийн аюулгүй байдлын мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж шийдвэрлэв. Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг ажлаас чөлөөлөгдсөн 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон тус шүүхийн шийдвэр гарсан буюу 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаагаар тооцоход ажлын 181 өдөр байна. Хэрэгт авагдсан нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаанд бичигдсэн Аын сүүлийн 3 сарын цалингийн дунджаар 1 сарын цалин хөлсний дунджийг үндэслэн тооцоход (4,140,648.33+2,912,944.11+3,726,325.13):3=3,593,305.86 төгрөг байх ба ажилгүй байсан хугацааны олговор 29,563,107 төгрөг болж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

   ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Аыг “ЭТТ” ХК-ийн Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн Хөдөлмөрийн аюулгүй байдлын мэргэжилтний ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч “ЭТТ” ХК-аас 29,563,107 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Ад олгосугай. 

 

3. Б.Ад олгох ёстой 29,563,107 төгрөгөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, татварыг тооцон төлж, дэвтэрт нь бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтыг баримтлан хариуцагч “ЭТТ” ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 305,766 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногт гардан авах үүрэгтэй ба гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ                                        С. БУД