Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 182/ШШ2021/01486

 

    2021        07          08

               182/ШШ2021/01486

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:  Г.Ц нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: М ХХК-д холбогдох

 

Урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгож, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Ц, түүний өмгөөлөгч С.Чинбат, хариуцагчийн төлөөлөгч Ц.Мөнхбат, гэрч Ц.Ц, Ц.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Г.Ц шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр М ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулж, борлуулалтын албанд мерчиндайзер буюу борлуулалтын бараа өрөлтийн ажилтнаар ажилд орсон. Ажиллаж байх хугацаандаа хөдөлмөрийн сахилгын шийтгэл хүлээж байгаагүй. Гэтэл 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр борлуулалтын албаны сүлжээ хариуцсан менежер н.Ц утсаар ярьж маргаашаас ажилдаа ирээд хэрэггүй чи ажлаас халагдсан гэж мэдэгдсэн. М ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Б/041 тушаалаар хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтойгоор зөрчсөн ёс зүйн алдаа дутагдал гаргасан гэж хөдөлмөрийн гэрээг цуцалсан тухай тушаалыг би тэр өдөртөө хүлээж авсан. Намайг хөдөлмөрийн тухай хууль зөрчиж ажлаас халсанд миний бие гомдолтой байна. Миний сүүлийн 3 сарын цалин хөлс 2021 оны 01 дүгээр сард ажилласан хоног 21 ажлын хоногт авсан цалин хөлс 1,406,800 төгрөг, 2021 оны 02 дугаар сард ажилласан 17 ажлын хоногт авсан цалин хөлс 1,254,800 төгрөг, 2021 оны 03 дугаар сард ажилласан 22 хоногт авсан цалин хөлс нь 1,218,200 төгрөг, нийт ажлын 60 хоногт авсан цалин хөлс 3,879,800 төгрөг, 3 сарын дундаж цалин хөлс 1,293,267 төгрөг, 1 хоногийн дундаж цалин хөлс 64,663 төгрөг болно. Иймд Г.Ц намайг М ХХК-ийн борлуулалтын албанд мерчиндайзер ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч М ХХК шүүхэд болон төлөөлөгч Ц.Мөнхбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Ц нь 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс М ХХК-ийн борлуулалтын албанд худалдааны төлөөлөгчийн албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан. 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс Сүлжээ сувгийн мерчиндайзер албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан. Г.Ц нь шууд удирдлага болох Сүлжээ суваг хариуцсан сувгийн менежер Ц.Цийг ээлжийн амралттай, чөлөөтэй байх үед буцаалтын бүртгэл хийх шалтгаанаар компьютерийг нь асааж мейлээс нь Сүлжээ сувгийн ажилтнуудын цалингийн мэдээллийг олж авч, компанийн нууцыг задруулж борлуулалтын албаны дарга Ц.Тд маргаан үүсгэсэн. Г.Ц нь Хөдөлмөрийн тухай хууль, Байгууллагын нууцын тухай хуулийг зөрчсөн, хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан, мөн сахилгын давтан зөрчил гаргасан тул хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан. Ажилтан нь хөдөлмөрийн гэрээнд байгууллагын нууцад хамаарах мэдээллийг задруулахыг хориглосон. Хэрэв хөдөлмөрийн гэрээний энэхүү үүргээ зөрчвөл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил болохоор хөдөлмөрийн гэрээнд тусгасан. Ажилтнуудын цалингийн мэдээлэл нь байгууллагын нууцад хамаарах мэдээлэл бөгөөд энэ талаар хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

 

Шүүхийн хэлэлцүүлэг болон зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад

       ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Г.Ц нь хариуцагч М ХХК-д холбогдуулан борлуулалтын албанд мерчиндайзерын ажилд эгүүлэн тогтоож, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн б/237 тоот тушаалыг надад танилцуулаагүй гэж тайлбарлав.

 

Хариуцагч М ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, ажилтан Г.Ц шууд удирдлага болох Сүлжээ хариуцсан сувгийн менежер Ц.Цийг ээлжийн амралттай байх үед нь Сүлжээ сувгийн ажилтнуудын цалингийн мэдээллийг олж авч, компанийн нууцыг задруулж зөрчил гаргасан, 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн б/237 тоот тушаалаар сануулах сахилгын шийтгэл ногдуулсан тул давтан зөрчил гаргасан гэж маргаж байна.

 

Ажил  олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.12.5, Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйл 7.3, 7.4.5, 7.4, 7.8 дахь заалтууд, Нууц хадгалах гэрээний 3.2.1 дэх заалтыг үндэслэн борлуулалтын албанд мерчиндайзер Г.Ц нь компанийн нууцад хамаарах, ажилтны цалин хөлсний мэдээллийг зөвшөөрөлгүй харж, түүнд үндэслэн маргаан гаргасан. Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтойгоор зөрчсөн ёс зүйн алдаа дутагдал гаргасан тул 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөр тасалбар болгон ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан болох нь зохигчдын тайлбар, 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Б/041 тоот тушаал зэргээр тогтоогдож байна.

 

Ажилтан Г.Ц нь 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс М ХХК-ийн борлуулалтын албанд мерчиндайзерын ажилд томилогдон, Хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байжээ. /хх-ийн  34-40 тал/

 

Ажил олгогч ажилтны хооронд байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.3-т “Компанийн нууцад хамаарах мэдээллүүд нь компанид үр өгөөж өгөх, эсвэл байгууллагын зорилго чиглэлд нийцэхээс бусдаар компанийн хөгжлийн загвар, бүтээгдэхүүн, үйлчилгээ, компанийн менежментийн аргачлал, маркетингийн төлөвлөгөө, санхүүгийн байдал, хамтрагчид, гадаад, дотоод түншүүд, үйлчлүүлэгчдийн нэр хаяг, утас, тэдэнтэй байгуулах гэж буй гэрээ, хэлэлцээрийн явцтай холбоотой мэдээ, баримт материал, төсөл, байгуулсан гэрээ, хэлэлцээр, үндсэн ба эргэлтийн хөрөнгө, орлого, зарлага, кассын гүйлгээ, ашгийн түвшин, хөрөнгө оруулалтын хэмжээ, эх үүсвэр, нийтэд зарлагдаагүй байгаа төлөвлөгдөж буй шинэ үйлчилгээ болон түүнтэй холбоотой мэдээ материал, үйлчилгээний үнэ тариф, үнийн өөрчлөлт, цалин хөлс, компьютерийн нууц түлхүүр, код зэрэг мэдээллүүд байх ба аливаа гуравдагч этгээдэд мэдээлэх, хувилж тараах, ил гаргах, байгууллагын эсрэг ашиглахыг хориглоно гэж, 7.4-т Ажилтны цалин хөлс, шагнал урамшуулал, нөхөн олговортой холбоотой мэдээлэл нь компанийн нууцад хамаарах ба ямар ч нөхцөлд энэ талаар байгууллагын бусад ажилтнууд болон бусад хөндлөнгийн этгээдэд мэдээлэхийг хориглоно гэж, 7.8-т Хэрвээ ажилтан дээрх зүйл, заалтуудыг зөрчвөл ажил олгогчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хууль, Байгууллагын нууцын тухай хууль, Хөдөлмөрийн дотоод журам болон Нууцын журамд заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулах, ажлаас халах, түүнчлэн учирсан хохирлоо шүүхийн журмаар нэхэмжлэх эрхтэй гэж  Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг үндэслэн ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заажээ.

 

Байгууллагын нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн З дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хамаарах нууцыг байгууллага өөрөө тогтооно” гэж, 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Байгууллагын нууц нь тухайн байгууллагын хамгаалалтад байна. Байгууллага нь нууцаа хамгаалах журмыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн өөрөө тогтоож мөрдөнө” гэж заасан зохицуулалттай Хөдөлмөрийн гэрээний зүйл заалт нийцсэн байна.

 

Тус шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 182З2021/05103 дугаар шүүгчийн захирамжид зааснаар ажилтан [email protected] гэх имэйл хаягт үзлэг хийхэд “...2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр ирсэн цалингийн мэдээлэл гэх 5 ширхэг 2021.03.05-ны 03:02 цагт Мөнхзул Сэмжид, Ц Цэдэн-Иш, Мягмарсүрэн Пүрэвжав, Номин-Эрдэнэ Батчулуун, Цолмон Ганбаатарын цалингийн мэдээлэл ирсэн” болох нь  2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Г.Ц шүүх хуралдааны үед “Ц.Цийн компьютероос өөрийн цалингийн мэдээллийг хэвлэж авсан. Борлуулалтын албаны дарга Ц.Т цалин өөр байгааг яаж мэдсэн гэж асуусаар байгаад П.Мягмарсүрэнгийн цалинг харсныг хэлүүлчихсэн” гэж тайлбарлав.

Гэрч Ц.Ц шүүх хуралдаанд “03 дугаар сарын 09-ний өдөр би амралтаа аваад Булган аймаг руу явсан, ...би хувийн компьютер дээр мерчендайзер хугацааны бүртгэл хийдэг болохоор итгэлцлийн үүднээс бид нар нэг баг учраас нууц кодоо хэлдэг. Бүгд мэдэхгүй. Г.Ц, Мөнхзул хоёр мэднэ. Бусад нь мэдэхгүйгэх мэдүүлэг өгсөн ба ажилтан Г.Ц шууд удирдлага болох Сүлжээ хариуцсан сувгийн менежер Ц.Цийг ээлжийн амралттай байх үед нь Сүлжээ сувгийн ажилтнуудын цалингийн мэдээллийг олж авч, компанийн нууцыг задруулсан үйл баримт тогтоогдсон гэж үзлээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт “Ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд дор дурдсан хэлбэрийн сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна”, 131.1.1 дэх заалтанд сануулах, 131.1.2 дахь заалтанд үндсэн цалинг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах, 131.1.3 дахь заалтанд ажлаас халах гэж заажээ.

 

Ажил олгогч нь ажилтан Г.Цг 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн б/237 тоот тушаалаар 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан зөрчил гаргасан тул сануулах шийтгэл ногдуулсан /хх-ийн 29 тал/ байх ба уг тушаалд ажилтан гомдол гаргаагүй байна.

 

Хариуцагчийн төлөөлөгч нь ажилтан Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан ба дээрх 2 үндэслэлийн аль аль нь тохирч байгаа гэж мэтгэлцэв.

 

Ажилтан Г.Ц нь Хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн дотоод журам зөрчиж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт ноцтой зөрчил гаргасан болох нь Компанийн нууц задруулсан асуудлыг хэлэлцэх комиссын хурлын тэмдэглэл, Үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч нарын мэдүүлэг, Нууцын баталгааны хуудас, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байх тул М ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Б/041 тоот тушаал үндэслэлтэй /хх-ийн 64-65 тал/ байна.

 

Иймд урьд эрхэлж байсан борлуулалтын албанд мерчиндайзерын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 4,397,084 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.Цгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

 

            Нэхэмжлэгч Г.Ц нь 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт /сард 1,293,267 төгрөг:21,5=өдөрт 60,152 төгрөг х 68 өдөр/ 4,397,084 төгрөгийг шаардсан тооцоолол гаргасан гэж тайлбарласан болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:  

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч М ХХК-д холбогдох урьд эрхэлж байсан борлуулалтын албанд мерчиндайзерын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгож, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 4,397,084 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.Цгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дах заалтанд заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Н.НАРАНГЭРЭЛ