Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2021/01400

 

 

 

 

 

2021 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2021/01400

 

 

 

 

 

                                         Г.Цгийн нэхэмжлэлтэй

                                               иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 182/ШШ2021/01486 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г.Цгийн хариуцагч МК ХХК-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Ц, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Мөнхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Г.Ц 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр МК ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулж, борлуулалтын албанд мерчиндайзер буюу борлуулалтын бараа өрөлтийн ажилтнаар ажилд орсон. 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр ажилдаа ирээд хэрэггүй ажлаас халагдсан гэж мэдэгдсэн. МК ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн Б/041 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн ёс зүйн алдаа дутагдал гаргасан гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Нэхэмжлэгчийн 3 сарын цалин хөлс 2021 оны 1 дүгээр сард ажлын 21 хоногт авсан цалин 1 406 800 төгрөг, 2021 оны 2 дугаар сард ажлын 17 хоногт авсан цалин хөлс 1 254 800 төгрөг, 2021 оны 3 дугаар сард ажлын 22 хоногт авсан цалин хөлс 1 218 200 төгрөг, нийт ажлын 60 хоногт авсан цалин хөлс 3 879 800 төгрөг, 3 сарын дундаж цалин хөлс 1 293 267 төгрөг, 1 хоногийн 64 663 төгрөг болно. Иймд нэхэмжлэгчийг МК ХХК-ийн борлуулалтын албанд мерчиндайзерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж өгнө үү гэжээ.

 Хариуцагчийн тайлбарт: Г.Ц 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс МК ХХК-ийн борлуулалтын албанд худалдааны төлөөлөгчөөр, 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс сүлжээ сувгийн мерчиндайзер албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан. Г.Ц нь өөрийн шууд удирдлага болох сүлжээ суваг хариуцсан сувгийн менежер Ц.Цээлжийн амралттай, чөлөөтэй байх үед буцаалтын бүртгэл хийх шалтгаанаар компьютерийг нь асааж э-мэйлээс нь сүлжээ сувгийн ажилтнуудын цалингийн мэдээллийг олж аван компанийн нууцыг задруулж борлуулалтын албаны дарга Ц.Тд маргаан үүсгэсэн. Нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хууль, Байгууллагын нууцын тухай хуулийг зөрчсөн, хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил, сахилгын давтан зөрчил гаргасан тул хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан. Ажилтнуудын цалингийн мэдээлэл нь байгууллагын нууцад хамаарах бөгөөд энэ талаар хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч МК ХХК-д холбогдох урьд эрхэлж байсан борлуулалтын албанд мерчиндайзерын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгож, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 4 397 084 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.Цгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурджээ.

Нэхэмжлэгч Г.Ц, өмгөөлөгч С.Чинбат нарын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх хэргийг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь шударгаар шийдвэрлэх ёстой. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ ажилтан Г.Ц нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчиж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан ноцтой зөрчил гаргасан болох нь компанийн нууц задруулсан асуудлыг хэлэлцэх комиссын хурлын тэмдэглэл, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч нарын мэдүүлэг, нууцын баталгааны хуудас, зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул МК ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн Б-041 дугаартай тушаал үндэслэлтэй гэж дүгнэсэн. МК ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 3-т хөдөлмөрийн гэрээ байгуулах, цуцлах талаар  3.10-т “гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 37, 39, 40-р зүйлд заасны дагуу ажил олгогчийн санаачилгаар цуцалсан тохиолдолд шууд удирдлагын тодорхойлолт, комиссын дүгнэлт, шийдвэрээр, бусад үндэслэлээр цуцалж буй тохиолдолд ажилтны өргөдлийг үндэслэнэ." гэж заасан. Гэтэл шүүх хуралд оролцсон гэрч Ц.Ц, Ц.Т нар Г.Цгийн асуудлыг 3-р сарын менежментийн хурлаар авч хэлэлцсэн бид аман тодорхойлолт гаргаж өгсөн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Компанийн нууц задруулсан асуудал хэлэлцэх комиссын хурлын тэмдэглэлд ХНМ Б.Золжаргал За тэгвэл миний бодлоор арга хэмжээ авах нь зөв гэж бодож байна. Гэхдээ 3-р сарын менежментийн хурлаар хэлэлцүүлэх саналтай байна” гэж, СМ Ц.Ц Би санал нэгтэй байна. гэж, БАД Ц.Т Ойлголлоо. Би бас тэр нь зөв байх гэж бодож байна. гэж 3 хүн санал нэгтэй шийдвэр гаргасан. Уг менежментийн хурал 3-р сард болсон эсэх, хурлын тэмдэглэл, хурлаас гарсан шийдвэр хэрэгт байхгүй, хурал хийгээгүй болохыг нотолно. Нэхэмжлэгчийн шууд удирдлага буюу Ц.Ц, Ц.Т нарын нэхэмжлэгчийг ажлаас халах тухай тодорхойлолт хэрэгт байхгүй. Гэтэл шүүх хуралдаагүй хурлыг хуралдсан болгож, хурлаас шийдвэр гарсан болгож, шууд удирдлагын аман тодорхойлолт гэх зүйлийг үнэлж хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан. Г.Цтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний 10.3-т Хөдөлмөрийн тухай хуульд заасан ноцтой зөрчилд тооцож, аль нэг ноцтой зөрчил гаргасан тохиолдолд ажилтны хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар шууд цуцлахаар талууд тохиролцсон. Хөдөлмөрийн гэрээний 10.3.1-10.3.29 дэх хэсэгт заасан ноцтой зөрчлийн аль заалтыг нэхэмжлэгч зөрчсөн, ямар баримтаар тогтоогдож байгаа талаар шүүх дүгнэлт хийгээгүй хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан. Ажлаас чөлөөлөх тушаалд хөдөлмөрийн дотоод журмын 3.12.5 дах заалтыг баримталсан. Хөдөлмөрийн дотоод журмын 3-т хөдөлмөрийн гэрээ байгуулах, цуцлахын 3.12.5-д хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан, үүнд нийт 11 заалтыг нэг бүрчлэн заасан бөгөөд уг заалтуудын алийг нь Г.Ц зөрчсөн болох, ажлаас халах тушаалд заасан компанийн нууцад хамаарах ажилтны цалин хөлсний мэдээллийг зөвшөөрөлгүй харсан, түүнд үндэслэн маргаан гаргасан гэх заалт байсан эсэхийг шүүх анхаарч үзээгүй.  хөдөлмөрийн гэрээний 7-д Нууц хадгалах талаар заасан бөгөөд нэхэмжлэгчийг 7.3, 7.4 дэх заалтыг зөрчсөн гэж үзэж 7.8-д заасны дагуу ажлаас халсан нь зөв гэж шүүх дүгнэсэнд гомдолтой байна. Хөдөлмөрийн гэрээний 11 дэх хэсэг “хариуцлага, сахилгын шийтгэлийн 11.7-д ажилтан энэхүү гэрээний 7.1-7.4 дэх заалтууд тэдгээрт заасан нөхцөл шаардлагыг биелүүлээгүй, аль нэгийг зөрчсөн тохиолдолд ажилтны 1 сарын үндсэн цалинг 20 дахин нэмэгдүүлсэн хэмжээтэй тэнцэх торгууль ногдуулна. Энэ заалтыг ажилтан нэг бүрчлэн уншиж танилцаж хүлээн зөвшөөрсөн болно. Ажилтан Г.Ц гэж гарын үсгээ зурсан. Уг заалтаар Г.Цг торгох ёстой байхад шууд хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчилд тооцож хөдөлмөрийн гэрээг цуцласан нь Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Мөн ажлаас чөлөөлөх тушаалд нууц хадгалах гэрээний 3.2.1-р заалтыг баримталсан. Гэтэл Г.Ц нууц хадгалах гэрээг байгуулаагүй, хэрэгт нууц хадгалах гэрээ байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэгчийг МК ХХК-ийн мерчиндайзерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 4 397 084 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул шийдвэрийг хэвээр үлдээв.

            Нэхэмжлэгч Г.Ц хариуцагч МК ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

            Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасан журмын дагуу үнэлж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч МК ХХК-д  2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс мерчиндайзераар ажиллаж байгаад тус компанийн гүйцэтгэх захирлын 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн Б-041 дугаар тушаалаар “компанийн нууцад хамаарах ажилтны цалин хөлсний мэдээллийг зөвшөөрөлгүй харж, түүнд үндэслэн маргаан гаргасан тул хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтойгоор зөрчсөн ёс зүйн алдаа дутагдал гаргасан” гэх үндэслэлээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байна. /хх3-7, 35-39/

Ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон дээрх тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Хөдөлмөрийн дотоод журмын 3.12.5, Хөдөлмөрийн гэрээний 7.3, 7.4, 7.8, Нууц хадгалах гэрээний 3.2.1 дэх заалтуудыг тус тус үндэслэжээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “Г.Ц нь өөрийн шууд удирдлага болох сүлжээ суваг хариуцсан сувгийн менежер Ц.Цээлжийн амралттай, чөлөөтэй байх үед буцаалтын бүртгэл хийх шалтгаанаар компьютерийг нь асааж э-мэйлээс нь сүлжээ, сувгийн ажилтнуудын цалингийн мэдээллийг олж аван компанийн нууцыг задруулж борлуулалтын албаны дарга Ц.Ттэй маргаан үүсгэж, хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил, сахилгын давтан зөрчил гаргасан тул хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан” гэх тайлбар гаргасныг нэхэмжлэгч няцаагаагүй.  

Компанийн нууц задруулсан зөрчил нэхэмжлэгч гаргасан болох нь гэрч МК ХХК-ийн борлуулалтын албаны сувгийн менежер Ц.Ц, борлуулалтын албаны дарга Ц.Т нарын мэдүүлэг, Ц.Цийн t... и-мэйл хаягт 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл,  2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн компанийн нууц задруулсан асуудал хэлэлцэх комиссын хурлын тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх ба  уг үйлдэл нь хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах ноцтой зөрчилд хамаарч байна.  /хх74-82, 103-109/

Учир нь зохигчид Хөдөлмөрийн гэрээний 10.3-т ноцтой зөрчлийг нэрлэн заасан бөгөөд 10.3.7 дахь хэсэгт заасан “компани хамт олон болон үйлчлүүлэгч, харилцагчийн хувийн нууцыг задруулсан” зөрчлийг нэхэмжлэгч гаргасан гэж үзэх үндэслэлтэй. Тодруулбал, Хөдөлмөрийн гэрээний 7.4, 7.8-д “ажилтны цалин хөлс, шагнал урамшуулал, нөхөн олговортой холбоотой мэдээлэл нь компанийн нууцад хамаарах”, “ямар ч нөхцөлд энэ талаар байгууллагын бусад ажилтнууд болон бусад хөндлөнгийн этгээдэд мэдээллэхийг хориглох”, “хэрвээ ажилтан дээрх зүйл, заалтуудыг зөрчвөл ажил олгогчийн зүгээс сахилгын шийтгэл ногдуулах, ажлаас халах, түүнчлэн учирсан хохирлоо шүүхийн журмаар нэхэмжлэх эрхтэй” байхаар заажээ.

Хариуцагч байгууллага нь дээрх гэрээний үүргийг биелүүлэх, хэрэв зөрчсөн нөхцөлд хүлээх хариуцлагыг анхааруулан сануулж, санамж бичиг болон нууцын баталгаанд гарын үсэг зуруулсан. Нууцын журмын хавсралт №2-ын нууцын баталгааг нэхэмжлэгч нь 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр гаргаж “ ... компанид ажиллах хугацаанд мэдсэн, үзэж сонссон компанийн талаарх мэдээ, мэдээлэл .., МГнууцын зааварт тусгагдсан нууц гэж үзсэн аливаа мэдээ, мэдээлэл,  өөрийн цалингийн хэмжээ, бичиг баримт, компьютерийн сүлжээ, түүний нууцлал, сүлжээн дэх мэдээлэл ... баримт бичиг, үйл ажиллагааны нууцыг төрийн эрх бүхий байгууллагаас хуульд заасан нөхцөл журмын дагуу шаардсанаас бусад тохиолдолд хэнд ч задруулахгүй чандлан сахиж хамгаалах үүрэг хүлээсэн байна. /хх41-42/ Дээрх нь Байгууллагын нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2, 5 дугаар зүйлийн 1, З дугаар зүйлийн 2, Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 21 дүгээр зүйлийн 21.6 дахь хэсэгт заасантай нийцсэн.  

Хариуцагч компанийн гүйцэтгэх захирлын 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн Б-237 дугаар тушаалаар нэхэмжлэгч Г.Цд 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан зөрчил гаргасан гэх үндэслэлээр сануулах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан байх ба нэхэмжлэгч нь уг тушаалд гомдол гаргаагүй болно. /хх30/ Дээр дурдсан нөхцөл байдлуудыг харьцуулан дүгнэхэд ажил олгогчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцална” гэж заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгчийн “менежментийн хурал 3-р сард болсон талаар нотлох баримтгүй, хөдөлмөрийн гэрээ болон дотоод журамд нэрлэн заасан ноцтой зөрчлийн алийг нь зөрчсөн, уг зөрчил ямар баримтаар нотлогдож байгаа талаар дүгнэлт хийгээгүй, нууц хадгалах гэрээ хариуцагчтай байгуулаагүй, сахилгын шийтгэлийг шат дарааллан аваагүй хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь буруу гэх гомдлыг хангах үндэслэлгүй байна. Хэдийгээр хэрэгт маргаан бүхий асуудлыг байгууллагын 3-р сарын менежментийн хурлаар хэлэлцсэн тухай баримт авагдаагүй боловч нэхэмжлэгчид өмнө нь сахилгын шийтгэл ногдуулж байсан, тэрээр нууцын баталгаа, санамжид гарын үсэг зурж баталгаажуулсан, хөдөлмөрийн гэрээний 10.3.7 дахь хэсэгт заасан ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах хэмжээний ноцтой зөрчлийг гаргасан болох нь хэрэгт авагдсан бусад баримтуудаар хангалттай тогтоогджээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 182/ШШ2021/01486 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                        ШҮҮГЧИД                                Д.НЯМБАЗАР

 

                                                                                         А.МӨНХЗУЛ